Хүний нийгмийн хамгийн бараан гэж нэрлэж болох зүйл бол бид хэн нэгнээс эсвэл ямар нэгэн зүйлээс хараат байх явдал. Гэхдээ эд зүйлээс хараат байх нь хорогдох дээвэр, хоол унд, хүмүүстэй харилцах харилцаа, өөрийгөө хөгжүүлэх гэсэн зайлшгүй хэрэгцээнээс өөр. Энэ бол өнөөх хар тамхи, архи, мөрийтэй тоглоом мэтийн амьдралд хэрэгцээгүй зүйлс. Тэгвэл илүү хорон, том бага гэж ялгадагүй хүнээс хамаарах хараат байдал гэдэг юув?
Багшийнхаа аашилж загнадгаас нь эмээн өглөө цэцэрлэгтээ явахгүй гэж чарлах жаал хүүхэд, албан тушаалаа ашиглан охин нь баймаар нарийн бичиг хүүхнээ томилолтоор цуг хэд хоног явахыг шаардах шалиг дарга, хал цэргүүдэд дээрэлхүүлэх шинэ цэргүүд, хүүхдийнхээ хүсэл зоригийг харгалзалгүй мэргэжлийг нь өмнөөс сонгож өгөх эцэг эх, мэргэжил чадвараараа илүү ажилтанаа шахан зайлуулах гэсэн дарга нар, хүүхдийнхээ бие даах чадварыг хөгжүүлэлгүй бүх л зүйлд л өмнүүр нь гүйх ээж нар, урлаг бол шалиглал гэж үзэн эхнэртээ хориглох нөхөр гм юм.
Хараат байдлыг сэтгэл зүйн болоод материаллаг гэж хуваадаг. Энэ хоёроос материаллаг буюу эдийн засгийн хараат байдал нь хамгийн хүлцэшгүй нь юм. Үүнээс гарахын тулд бид яах ёстой вэ?
Юуны өмнө, золиос нарт нэг зарчим хамгийн тустай. Бие даахын тулд цус сорогч нарынхаа туслалцааг авахаас бүү ай.
Юм л бол нүд үзүүрлэн аашлах цэцэрлэгийн багшаа орилох үед амных нь хэмжээ, нүүрнийх нь өнгө зэрэг хэрхэн өөрчлөгдөж байгааг ажиглах даалгавар хүүхэддээ өг, мэдээжийн хэрэг өөр сайн цэцэрлэгт өгөх аргагүй бол шүү дээ. Ингэснээр хүүхэд юу хэлж байгааг нь анзаарахгүй, харин багш түүнийг дахин загнах хүсэл төрөх нь юу л бол (угтаа хүний нүд руу эгцлэн харах нь цаад хүнийг хэлж байгаа зүйлээ бодож эргэцүүлэхэд хүргэдэг). Нарийн бичгээ хоргоох шалиг даргадаа нэг бол томилолтоор явахдаа секс хийхгүй, харин яагаад гэдэг асуултад нь ДОХ, өөр бас бус бэлгийн замын өвчний шинжилгээ өгөх шаардлагатай байгаагаа мэдэгдэх юм уу даргынхаа маш хүндэтгэдэг тул хайр сэтгэлээ өгөлгүйгээр бэлгийн харьцаанд орох нь түүнийг доромжилсон хэрэг болох тул азнаж хүлээх хүсэлтэй байгаагаа шулуухан хэлчих. Хань ижлээсээ хараат бол хамаарлаас нь гар, ингэснээр гэр бүл доторх уур амьсгал сайжирч бүгд аз жаргалтай байна уу гэхээс яавч дордохгүй. Доод тушаалын ажилтанууд өөрөөс нь хэнч хийж чадахгүй тийм чадвар олох. Харин эцэг эхчүүд үр хүүхдийнхээ дургүй зүйлийг нь хийлгэж “битгий алаач” гэмээр байна. Лууванг төмс болгож ургуулаад нэмэргүй дэгээ.
Эцэст нь хэлэхэд цус сорогч нар маань бидний адил хүмүүс. Тэд эхээс төрөхдөө л цус сорогч болж төрөөгүй нь лав. Иймд тэдний сул талыг мэдэх нь хамгаас чухал. Харин ирээдүйд үр хүүхдээ ямар ч нөхцөлд хэн нэгний золионы хүн болгохгүй тулд нэг талаас эцэг эхчүүд үр хүүхдийнхээ итгэлт найз нөхөр, үлгэр дууриал бай, нөгөө талаас, үр хүүхдээ багаас сэтгэж боддог хүн болгон төлөвшүүл. Бодож сэтгэдэг хүн хаа ч явсан алзахгүй. Амьтад хүртэл зулзагатаа дутуу алсан хулгана, зурам өгч, амьдралын ухаанд сургадаг даа. Тэгээд бас мэргэжилийг нь төгс эзэмшүүл.
М.Е.Литвак “Үр хүүхдээ хүнд хэцүү үеэс хэрхэн гаргаж сургах вэ” нийтлэлээс