Анхны болзоо ба секс

Болзох дургүй хэн байх билээ. Тэр дундаа анхны болзоо хамгийн сэтгэл догдлом байдаг гэдэгтэй бүгд санал нийлэх байх. Учир нь анхны тохиолдол ой санамжинд тод үлддэгийн дээр тэр хүнийг таньж мэдэх, өөрийнхөө талаар анхны сэтгэгдлийг төрүүлдэг хариуцлагатай үе. Харин анхны болзоондоо секс хийх нь зөв үү?
Мэдээж энэ асуултанд эрчүүд эмэгтэйчүүд өөр өөрөөр ханддаг. Нийгэм тэднийг өөр өөрөөр хүлээж авдаг учраас эрэгтэй хүн харьцангүй чөлөөтэй байх эрхтэй байхад эмэгтэй хүн энгэр чанга, журмыг сахих нь зүй гэж үздэг. Өөр бодолтой хүмүүс ч байх нь дамжиггүй.

Энэ талаар санал асуулганд хамрагдсан эрчүүд, эмэгтэйчүүдийн хариулт ч эрс өөр байжээ. Зарим эрчүүд, сексийг хэн хамаагүйтэй хийх хүсэл төрдөггүй учир, тэр залуугийн хүслийг хүндэтгэх хэрэгтэй гэсэн бол зарим нь секс бол спорт, зугаа учир харилцан ойлголцсон тохиолдолд хийхэд буруудах юмгүй гэжээ. Харин бүсгүйчүүд тэр хүний хүсч байгаа зүйл секс төдий байгаа тохиолдолд биелүүлж хэрхэвч болохгүй, дараа нь бүх зүйл төгсөнө гэдэг дээр олонхийн санал өгсөн байна.

Миний бодлоор энэ бол тийм, үгүй гэж хялбархан хариулах асуудал биш. Та ямар хүнтэй учирсан гэдгээс л шалтгаалах байх. Гэхдээ анхны удаа уулзаад энгэрээ нээх нь төдий л зөв шийд бус болов уу. Одоо таныг энхрий харцаар ширтэж буй эр нэг оронд орсон хойноо хөнгөн явдалтай бүсгүй гэж дүгнэж ч магадгүй. Эрчүүд гэдэг хүссэн зүйлээ авсан хойноо тэгж чармайж байгаагүй мэт зан гаргаж чадах улс. Ялангуяа согтуу үедээ сайн танихгүй хүнтэй харьцаанд орно гэдэг туйлын аюултай. Заримдаа эмэгтэйчүүд сексийг хэн нэгнийг эрхэндээ байлгах зэвсэг болгох буюу ухвар мөчид сүрдүүлгэ, ятгалганд автахдаа хийх нь бий. Гэхдээ үр дагаварыг нь бодолгүй том алхах хэрэггүй л болов уу.

Зун цаг ирлээ. Залуус болзож, зугаацан цэнгэдэг улирал. Бусад улиралд тэгдэггүй гэсэн үг биш л дээ. Таныг хэн нэгэн болзоонд урьж, эсвэл та таалсан хүнээ болзохоор урьсан бол дотно харьцаанд орох шийд гаргахаасаа өмнө бодно биз.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.