“Оюунаа хаалгаа онгойлгооч, хэнтэйгээ, банзалдаад хаалга тайлахгүй байгаа П… вэ, чамайг би ална даа” гэж хашгирах, хаалга балбах дуунаар зочин сэрээд, ухасхийн босов. Дахиад нөгөө зүүд. Зүрх нь хүчтэй цохилон, хөл нь салгалах тэрээр ингэж сэрсэн олон шөнийг доромжлол, хүчирхийлэл дунд өнгөрөөсөн юм. Зүрхний эм авч хэлэн дороо тавиад орондоо оров. Шоронд өнгөрүүлсэн хоёр жилийн хугацаанд энэ зүүдийг зүүдлэхгүй, тайван унтсан нэг ч шөнө байсангүй.
…18-хан настайдаа анх танилцаж, хайр сэтгэл, хорвоогийн хамаг сайхныг амласаар суусан нөхрийнх нь ааш зан нь хувирч, архи ууж эхлэжээ. Хэзээ мөдгүй төрөх гэж буй тулгар эхнэр, бяцхан охиноо орхиж хэд хоногоор архидаж алга болно. Ирэхээрээ агсам тавьж, зодож нүднэ. Амь гарах, бага бэртэхийн тулд хоёр хүүхдээ хөтлөөд зугтаах үе олон байлаа. Шүүхэд гомдол гаргахад нэг жилийн хугацаатай тусдаа амьдрахыг нөхөрт нь даалгасан шүүхийн шийдвэр гарчээ. Гэтэл нөхрийнх нь дарамт улам ихсэж, байгаа газар нь ирж, айлган сүрдүүлж, удаа дараа зодож, биед нь гэмтэл учруулсаар байв. Согтуу нөхрийг нь цагдаа барьж явах ч нэг хоноод л тавиад явуулчихна. Өглөө нь “Чи намайг барьж өглөө” гэж өширхөн дахиад зодно…
Шүүхээс хүчирхийлэл үйлдэгчийг тусдаа амьдрахыг даалгах шийдвэр гаргадаг ч уг шийдвэрийнхээ биелэлтийг хэнд хариуцуулснаа тодорхой заадаггүйгээс хүчирхийлэл үргэлжлэх, хохирогч давхар хохирох явдал үргэлжилсээр байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хохирогчийн эрхийн хамгаалалт шинэлэг зохицуулалттайгаар тусгагдсан ч амьдрал дээр хэрэгжихгүй байна.
ХОХИРЛОО ХОХИРЛООР БАРАГДУУЛНА
…Хүүгээ зургаан сартай болонгуут Оюунаа зах дээр наймаа хийж эхлэв. Нөхөр нь архи ууж, агсам согтуу тавьдаг, зоддог нь улам нэмэгдсээр л. Шөнө бүр архичин нөхөртөө зодуулж, хөх няц болсон хүн өглөө нь таван төгрөг олохын тулд ажилдаа ирнэ. Сүүлдээ ажил дээр нь ирж мөнгө нэхэж, хүмүүсийн дунд элдвээр доромжилж, зодно. Цагдаа ирж авч явах ч маргааш нь эрүүлжүүлэхээс өөрөө мөнгийг нь төлж гаргана. Өдөр хоног өнгөрөх тусам амьдрал нь тэсвэрлэшгүй болж байлаа. Нөхрөө эрүүлжүүлэх, баривчилгаа, албадан саатуулахаас авах, эргэх гэх мэтэд сард доод тал нь 50-70 мянган төгрөг зарцуулна. Амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр төр, эд хөрөнгө гээд олон зүйлээрээ хохирохын зэрэгцээ олсон хэдэн төгрөгөө хохирсныхоо төлбөрт өгсөөр, амьдрал нь улам доройтсоор байлаа…
“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” бие даасан хууль батлагдсанаас хойш дөрвөн жил өнгөрч байгаа ч шүүх, цагдаа дээр Захиргааны хариуцлагын тухай хуулийг данаар нь хэрэглэн, арга хэмжээ авах явдал түгээмэл байгаагийн тод жишээ энэ юм.
Хуульзүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 58/62 дугаар тушаалаар Эрүүлжүүлэх байрны үйлчилгээний хөлс үндсэн төлбөр 4150 төгрөг, нэмэгдэл үйлчилгээний төлбөртэйгөө нийлээд 7900 төгрөг болсон.
Ахуйн хүрээнд дахин эрүүлжүүлэгчид нийт эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн 27 орчим хувийг эзэлдэг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас удаа дараа баривчлагдаж байгаа хүмүүс нь нийт баривчлагсдын 20 хувийг эзэлж байна. ЦЕГ-ын даргын 2004 оны … тоот тушаалаар баривчлагдсан хоног, үйлчилгээний төрлөөс хамааран 8400-26900 төгрөгийг хураадаг байна.
Хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах бодлого барьдаггүйгээс гарч ирсний дараа үзүүлэх дарамтаас айсандаа баривчлагдсан хүмүүсийн 60 хувийнх нь ар гэрээс эргэлт ирдэг байна. Хүчирхийлэл үйлдэгчид баривчлах арга хэмжээ авахуулсан эмэгтэйчүүдийн 55 хувь нь 2-3 удаа эргэлт оруулж, дунджаар 20-70 мянган төгрөгийн зардал гаргасан гэсэн судалгаа гарчээ.
Yндсэн хуулийн “Гэм буруугийн төлөөх хариуцлагыг гэр бүлийн гишүүдэд нялзаахгүй” гэсэн заалтыг зөрчиж байгаа юм.
Ийнхүү гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид хуулийн байгууллагад хандсаныхаа төлөө эдийн засгийн хувьд давхар хохирол амсаж байна.
АРХИ АМЬДРАЛ, АЗ ЖАРГАЛЫГ ЗАЛГИЛСААР
…Нөхөр нь эрүүлдээ аргадаж, согтуудаа зодож, эвлэрч, уучилж амьдарсаар таван жил өнгөрчээ. Хэдэн сар хүн шиг амьдарсан нөхөр нь дахиад л архиа ууж, гэр орныхоо өнгөтэй өөдтэй бүхнийг зарж эхэлсэн тул Оюунаа аргагүйн эрхэнд хоёр хүүхдээ аваад ээж дээрээ очжээ. Гэр бүлээ цуцлуулахаар шүүхэд өргөдлөө өгсөн боловч нөхөр нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, архи уухаа больж, эхнэртээ халамжтай байна гэсэн учраас шүүх гурван сарын эвлэрэх хугацаа өгчээ. Нөхөр нь хамт амьдрах хугацаандаа гомдлоо татчих гэж ятгасаар хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Гэтэл байдал улам дордож, согтуудаа хүчээр бэлгийн харьцаанд орохыг шаардаж, дарамт хүчирхийлэл хэрээс хэтэрч байлаа…
Гэр бүлийн тухай хуулийн 14.4-т “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж, гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд, болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах”-аар заасан байдаг. Гэтэл шүүх энэ хэрэгт хайнга хандаж, байнгын хүчирхийлэл дарамтыг үл ойшоож, эвлэрэх хугацаа өгдөг нь хохирогчдыг улам хүнд байдалд оруулдаг. Хүчирхийлэгчтэй нэг гэрт амьдарч, санхүүгийн хувьд хараат байдаг нь эвлэрэх хугацаанд ямар нэг байдлаар гомдлыг татуулж, дахин өгөх боломжгүй байдалд хүргэдэг байна.
Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, эд хөрөнгийн талаар маргахгүй гэдэг шалтгаан нь нэхэмжлэгч амьдралын боломжтойдоо биш, хүчирхийлэл үйлдэгчийн дарамт, хонзогнолоос айснаас ямар нэгэн хамааралгүйгээр салах хүсэлтэй холбоотой байдаг ажээ.
ТЭВЧЭЭРИЙН ХYЛЭЭС ТАСРАХ МӨЧ
…Хэд хоног ирээгүй архичин нөхөр нь ирэх юм шиг санагдан Оюунаа унтаж үл чадна. Дөнгөж зүүрмэглэж байтал хөл дээрээ зогсож чадахгүй болтлоо согтсон нөхөр нь орилж хашгирсаар хаалга балбан орж ирлээ. “Өнөөдөр бүгдийг чинь алаад, дараа нь өөрийгөө ална” гэж үгийн зөрөөгүй үсдэж чирээд, зодож эхлэхэд энэ хүний гарт ингээд үхдэг байжээ гэх бодол төрсөн ч буланд нуугдан, уйлж суугаа хоёр хүүхдээ хараад шүд зуун өндийлөө. Нүдний үзүүрт нөхрөөсөө нууж ширээн доогуураа хийсэн хутга харагдаж, шүүрэн авсан юм…
“Хэдэн удаа яаж дүрснээ одоо ч санадаггүй. Нэг л мэдэхэд ийм явдал болсон байсан. Хэрвээ би түүнийг алаагүй бол тэр намайг алах байсан” гэж Оюунаа ярьдаг. Тэрээр Эрүүгийн хуулийн 91.1 буюу “бусдыг санаатай алах” гэсэн зүйл заалтаар 11 жилийн хорих ялаар шийтгэгдсэн юм.
Гэр бүлийн хүчирхийллийг орой нь ил харагддаг том мөсөн уултай зүйрлэдэг. Гэр бүлийн хүчирхийлэл эцэстээ тулахад хохирогч өөрийн амийг хорлох, эсвэл хүчирхийлэгчийг алах гэсэн хоёр сонголтод тулж ирсэн байдаг.
Эрүүгийн хуулийн 63-р зүйлд зааснаар “Хохирогчид хүчээр дарлагдсан буюу хүндээр доромжлогдсоноос санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үедээ бусдыг санаатай алсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалт байдаг ч энэ зүйлээр шийтгэгдсэн нэг л эмэгтэй хорих ял эдэлж байна.
2007 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд 281 эмэгтэй хорих ял эдэлж байгаагаас 29 эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдсэн гэмт хэрэгтээ ял эдэлж байна. Yүнээс 86 хувь нь ЭХ-ийн 91-р зүйл буюу “бусдыг санаатай алах” гэмт хэрэг үйлдэн 10-15 жилийн хорих ялаар шийтгэгдсэн байна.
ХОХИРОГСДЫН ЭРХИЙГ ХАМГААЛЬЯ
Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж зовлон, шаналал, доромжлолыг амсаж өдөр хоногийг өнгөрүүлж байгаа олон эмэгтэйчүүдийн нэг нь Оюунаа юм. Түүний туулсан амьдрал, амссан зовлон олон хүнийг бүү дайраасай. Yндсэн хууль зөрчсөн практикийг зогсоож, өөрчлөхгүй бол Оюунаа шиг олон эмэгтэйчүүд, хүүхдүүд гэр бүлийн хүчирхийллийн золиос болсоор байх болно. Монгол улсын хэмжээнд 20 шахам хууль, 20 гаруй бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд, Дээд шүүхийн тайлбар зэрэг эрх зүйн актуудад эмэгтэйчүүдийн эсрэг аливаа хүчирхийллийг таслан зогсоох тухай тусгасан байдаг.
2004 онд батлагдан, 2005 оноос хэрэгжиж эхэлсэн “Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль” нь түүнээс хойш дөрвөн жил болж байхад улсын хэмжээнд ердөө 20 шийдвэр гарсан нь энэ хуулийг амьдрал дээр хэрэглэхгүй байгааг илтгэнэ.
Хохирогчийг давхар хохироосон олон сөрөг үр нөлөөтэй асуудлыг цэгцэлж, иргэн хүнд Yндсэн хуулиар олгогдсон эрхийг нь хамгаалахсан.
Зууны мэдээ
6 Comments
Bvsgvichvvlee bvh irchvvd tiim bishiishde ta nar zarim nag sharas ni bolood bvgdiig ni vgvisgej bolohgvi zarim archagvi amitat l emegtee hvnd ter tusmaa hani ijildee gar hvrdeg bhgvi yu za za bye
shudarga bish shuuh bn. teneg mulguu arhichin ymnuud ur huuhed hani ijilee bas uuriiguu zovooj bhaar uhej bval taarna shuu dee
novshiin erchuudiig…
vneheer haramsaltai medeelel bna setgel ih ubduj bna bi bas iimerhvv amidralaar 10 jil amidarsan gehdee odoo salsan ene bvsgvin zoblong iim amidralaar amidarch vzsen hvn l sain oilgono ene l etsesiinh ni …geed salii gej boddog bolobch hvvhedee bodood chaddaggvi ym bilee… tiim hvmvvs niigemiin shaaruud bdag ym bvsgvichvvdee uurtuu itgeltee baij chadbal bolhgvi ym baihgvi shvv hamgiin gol ni ter… daraa ni boldoj baihad bi yamr teneg amidarch baibaa ter muugaas er ni aigaad baih zvil baihgvi bsan bna shvv gej boddog ym ta zorigtoi zub alham hiigeeree amjilt hvsie
te1 umnuud chin hetsuu sh tee ochnoon jil daramtalchihaad yagaad ehner n iim olon jil avdag baina ? ter chin ochnoon jil daramtluulchihaad daramtalsan etgeedee alsan baina sh tee huulindaa oorchlolt oruulmaar um
azgui gehed denduu azguima. ug ni odoo arhi uuj hiih yumgu yavdag hun hovor l bolmoor yum da. ehnertee gar hurdeg mulguu l er yum da bolku bol salchina l biz zaaval gar hureh hereg bgaa ch yum uu