Азийн орнуудад 2000 гаруй Монгол эмэгтэй худалдагджээ

Манай улсад хүн худалдаалах гэмт хэрэг газар авч байгаа тухай сүүлийн үед их ярих боллоо. Хуульч, судлаачдын үзэж буйгаар ийм гэмт хэрэг үйлдэгч этгээдүүд нэгдсэн зохион байгуулалтад орж арга нь нарийсч хууль сахиулагчдаас нэг алхам түрүүнд яваа ажээ.

Тиймээс тагнуул цагдаагийн ажилтнууд худалдагдсан гэх охид эмэгтэйчүүдэд биеэ үнэлэгч биш хохирогч гэдэг үүднээс хандах ёстой ажээ. Хүчний байгууллагын ажилтнуудад хүний наймааны хэргийн талаар тодорхой ойлголт өгөх ёстой гэж олон улсын хүмүүнлэгийн байгууллагынхан ярьж байна. Дээрх байдлаас болж худалдагдсан, бэлгийн мөлжлөгт өртсөн охид эмэгтэйчүүд тусламж хүсдэггүй тул гэмт хэрэгтнүүд илрэхгүй, ийм гэмт хэрэг улам хүрээгээ тэлж байгаа ажээ. Монголчууд хятадуудтай нийлж хүн худалдаалдаг сүлжээ бий болж хэд хэдэн бүлэглэл үүссэн мэдээлэл бий. Гэвч тэднийг тагнуул цагдаагийн байгууллагынхан одоохондоо илрүүлж чадаагүй байна. БНХАУ-ын Засгийн газарт Монгол Улсын Гадаад хэргийн яам “Хүний наймаа, охид эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгөөр ашиглах гэмт хэрэгтэй тэмцэхэд хамтран ажиллаж, уг хэргийг таслан зогсоох талаар тусгай гэрээ” байгуулъя гэсэн санал тавьжээ.

Гэтэл тус улсын Засгийн газар “Манай хоёр орны харилцаа иж бүрэн түншлэлийн хэмжээнд бай¬гаа тул энэ талаар тусгайлан гэрээ хэлцэл хийхгүй” гэсэн хариу өгчээ. Бас гадаадад худалдахаас гадна дотооддоо биеийг нь хүчээр үнэлүүлэх хэрэг их гарч байгаа юм.

Хүмүүнлэгийн байгууллагын ажилтнуудын 2007 онд хийсэн судалгаагаар ЕБС-ийн зургаагаас дээш ангийн сурагч охидын 54 хувь нь бэлгийн мөлжлөгт өртсөн гэсэн дүн гарсан байна. Энэ талаархи хэд хэдэн баримт дурдъя.

-Сэтгэцийн өвчтэй, архичин эцэг эх нь 17 настай охиноо “Мөнгө ол” хэмээн дарамталж хүчээр биеийг нь үнэлүүлдэг байсан хэрэг гарсан. Тэд цагдаад баригдсаны дараа “Жирэмсэн л болохгүй бол энэ яадаг юм. Би хүүхдээ мэдэж байна” гэж байсан ажээ.

-Гудамжинд оройн цагаар ганцаараа явж байсан 17 охиныг хоёр хүн зочид буудал руу хүчээр чирж оруулсан байна. Тэдний өрөөнд бас нэг охин байжээ. Тэр хоёрыг cap гаруй хугацаанд тэнд түгжиж биеийг нь үнэлүүлдэг байсан байна. Нэг охин нь зугтахыг оролдсон учраас зодож байгаад хөлийг нь хугалсан аж. Хэрэв үйлчлүүлэгчтэй унтахгүй бол хоол өгөхгүй хэд хонуулдаг байжээ.

Дээрх хоёр хэрэг Улаанбаатар хотод өнгөрсөн жил гарсан юм. Үүнээс гадна Хятад, Макао, Хонг-Конг, Өмнөд Солонгос зэрэг Азийн оронд 2000 гаруй монгол эмэгтэй худалдагдсан гэсэн баримт бий. Гэвч энэ тоо бол судалгаагаар нарийвчлан тогтоогоогүй юм. Зарим эх сурвалжийн мэдээллээр бол 10 мянга байдаг гэж байгаа билээ. Хүмүүнлэгийн байгууллагын тусламжаар эх орондоо ирсэн зарим хүний ярианаас дор өгүүлье.

-Хятадад худалдагдсан 17 настай охины яриа. “Би найз хөвгүүнтэйгээ “Гадаа¬дад хямд зардлаар суралцуулна” гэсэн зарын дагуу ярьсан. Тэгээд нэг кафед уулзъя гээд очсон юм. Гэтэл тэр эгч эрэгтэй хүүхдийн бүртгэл дууссан. Гээд ганц намайг л бүртгэж авсан. Бид хоёр ярианд нь итгэсэн юм. Тэр эгч Хятадад хамгийн хямд зардлаар ажил хийгээд сурах сургууль байна гээд надаас гадна таван охиныг дагуулаад явсан. Хятадын хэд хэдэн хот дамжаад бүр өмнөд хэсэгт байдаг Ханьжу хотод очоод энд сургуульд оруулна гэж байгаад байрласан буудал, баар, сауны газартаа худалдаад алга болчихсон” гэв.

-Бидэнд өөрийн дураараа гадагшаа гарах эрх байдаггүй. Хэрэв гадагш гарах тохиолдолд цагийн хязгаартай харгалзагч дагаж гардаг байсан.

-Хятадын Эрээн хотод суугаа Консул “Хүйсийн тэгш эрхийн төв”-ийнхөнд ийн ярьжээ. Тэрээр “Энд монгол охид эмэгтэйчүүд олон байдаг. Тэд бүгд биеэ үнэлдэг. Яг хэдэн хүн байгаа бусдад худалдагдсан эсэхийг нь сайн мэдэхгүй. Ойролцоогоор 300 гаруй эмэгтэй бай¬гаа гэж тооцож байна” гэсэн байна.

Хүн худалдаалсан, охид, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашигласан гэмт хэрэгт монголчууд өрөөсгөл байдлаар хандаж буйг олон улсын болон төрийн бус байгууллагуудын хийсэн судалгаа нотлож байна. Сайн дураараа мөнгө олох зорилгоор биеэ үнэлэх, бусдын дарамтад орж бэлгийн мөлжлөгт өртсөн гэдгийг ялгаж салгаж өгөх хууль эрх зүйн орчин нь ч бүрдээгүй байдаг ажээ.

Эрүүгийн хууль, Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль зэрэг бусад холбогдох хууль тогтоомжид ийм төрлийн гэмт хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар заасан 33 заалт байдаг. Эдгээр хуулийн заалт нь амьдралд нийцэхгүй байна хэмээн олон хуульч, судлаач үздэг юм.

Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт оруулсан хэдий ч боловсронгуй болгож чадаа¬гүй ажээ. Тиймээс гэмт хэрэгтнүүд ял завшсаар л байгааг “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх Үндэсний зөвлөл”-ийн анхдугаар хуралдаанд оролцогчид хэлж байлаа. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлд “Хүн худалдсан буюу худалдан авсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурван зуугаас таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, “Бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцсон бүлэг үйлдсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, “Энэ хэргийг байнга үйлдсэн, хүнийг хил давуулан худалдсан, эсхүл зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл уг хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалт бий.

Энэ нь ийм гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд оноох ял хөнгөдөж байна хэмэээн үзэж байгаа юм. Учир нь, ийм байдалд орсон хүн амь насаа алдах, бие эрүүл мэндээрээ хохирох тохиолдол олон байдаг ажээ. Нөгөө талаар биеэ үнэлэгчийг хөлсөлж садар самуун явдал гаргаж байгаа хүмүүст хариуцлага тооцох дүрэм журам хууль тогтоомж байдаггүй гэнэ. Уг хуралд оролцогчид хүн худалдаалах гэмт хэргийн талаар тодорхой бүх үйлдлийг нарийвчлан заасан бие даасан хууль яаралтай гаргах шаардлагатай болсон тухай санал нэгдэж байсан юм.

Мөн садар самуун явдалтай тэмцэх тухай хуульд “Биеэ үнэлж явалдах нөхцөлөөр хангаж, зочид буудлын өрөө, гэр, орон сууц, тусгай байр, тээврийн хэрэгслээр зориуд үйлчилсэн, зуучилсан бол 35000-50000 хүртэл төгрөгөөр торгох, эсхүл 7-15 хоногийн хугацаагаар баривчлах, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-250000 хүртэл төгрөгөөр торгох буюу биеэ үнэлэх газрын зориулалтаар ашигласан зочид буудал, цэнгээний газрыг хаах, биеэ үнэлж явалдахад тээврийн хэрэгслээр зориуд үйлчилсэн бол тээврийн хэрэгслийг хураана” гэсэн заалтыг чангатгах ёстой болсон ажээ.

4 Comments

  1. GUNJEE says:

    MUUHAI YUM AA

  2. tuul says:

    mongo l oloj baival yaasan ch yaaxav gesen oroosgol bodoltoi negnii arga zalind xuurtxaa boliochee oxid busguichuul minee sonor sorgog baixgui bol buruu tiishee zamrax neee, xudaldagni gedeg chi yuu gesen ug vee, aimar yumaa.

  3. naimaachin No1 says:

    mongol eh ornoosoo urvagchid hohino

  4. TanuS says:

    Tenegiiin.. huuli tsaaatsad n shuud tsaaz zaah heregtei shd… Huuli togtoogchdooo!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.