Гурван жилийн өмнө Туул голын эрэг хавиар бургасаар овоохой бариад хог түүж амьдардаг хүмүүсийг сурвалжилж явахад нэг их аз жаргалтай гэр бүлтэй таарч билээ. Жил дараалсан улаан цурав гурван хүүхэдтэй залуухан эр эм хоёр нар сар гэрэлтсэн овоохойд амьдран суудаг байлаа. Нөхөр нь өглөө бүр хот руу явж орон сууцны айлуудын гаднах хог ухаж архины шил, ундааны лаазхан түүж, цамаан нэгнийх нь хаясан гутал хувцсыг өөд нь татаж жаргах нартай уралдан гэртээ ирнэ. Эхнэр нь гурван нялхаа харах тул гадагшаа явж чадахгүй өнжинө. Нөхрийгөө орой ирэхэд нь мөлжүүргүй яс буцалгаж гаргасан усан шөлөн дээрээ бараг тоолчихмоор будаа хаясан хоолшуу юмаа ихэд нандигнан хоёр гардан барина.
Тэдний амьдрал бусдынхаа л адил өлөн зэлмэн тарчигхан байлаа. Намрын зэвэргэн салхи овоохойных нь цоорхой бүрээр хүүгэж, хүүхдүүдийнх нь хошуу, гар ув улаан болчихсон байх атлаа тэднийх шиг жаргалтай гэр бүл байгаагүй л юм. Эхнэр нөхөр хоёрын хэн хэндээ илгээх хайр шингэсэн дулаан харц, бие биеэ “хайр аа” хэмээн дуудах намуухан хоолой, хүүхдийн цовоо цолгиун инээд гээд тэр ядуу гэр бүлийг баян болгож байсан аз жаргал, хайр дурлалыг мартаагүй л явна. Энэ бяцхан түүхийг эргэн дурсахын учир гэвэл төрийн өндөр дээд албан тушаалд бялуурч, эрх мэдэл, мөнгө төгрөгөөр үл дутах атлаа гэр бүлийн аз жаргалыг үл эдлэгчид олон болсонд эмзэглэх болсных билээ. Үүний нэг тод жишээ гэвэл Ерөнхий сайд С.Баяр гуай. Хэдэн жилийн өмнө түүний “Дөч гарсан хойно мэндэлсэн хэнз охин маань Хулан бид хоёрт ихийг ойлгуулсан” гэсэн нэгэн ярилцлагыг уншаад их л ухаантай хүн юм гэж бодож байлаа. Өмнөх гэр бүлээ орхисон хэдий ч удаах нь бүтэлтэй байж аз жаргалтай амьдарч байгаа хүн алийг тэр гэхэв. Гэтэл Ерөнхий сайд мөн л хэнз охиноо орхиж түүнд амьдрал хувь заяагаа даатгасан бүсгүйгээс салав. Түүнээс хойш гоонь эрийн амьдралаар амьдарч эхэлсэн билээ. С.Баярт албан тушаал мөнгө төгрөг дутаагүй. Бас үнэнч, урвагч нөхдөөр бас дутаагүй. Эр хүнийг мөнгөтэй чадалтай явахын цагт дэнгийн эрвээхэй адил эргэлдэх гоо бүсгүйчүүд мэдээж олон. Нэгэнт л сахил хүртчихээгүйгээс хойш түүний амьдралд хэдэн хэдэн бүсгүй байгаа л дуулддаг. Гэхдээ тэднээс чинь ядарч туйлдаад ирэхийн цагт хөлсийг чинь арчиж, өндөр албан тушаалаа өгөхийн цагт үнэнч үлдэх нь хэд вэ. Улс төрийн хов жив хэрүүл маргаан, албан тушаалын наймаа шантааж гээд олон заваан юмнаас холдохын тулд архи уухад л хангалттай юу. Эсвэл гэр бүлийн аз жаргал улс төрөөс хямдхан гэж үү. Үгүй дээ, амьдралын утга учир огт өөр билээ. Жирийн хүмүүс орой ажлаа тараад гэрээдээ яардаг бол эрхэм Ерөнхий сайд аль нэг ресторан эсвэл дараагийн нууц уулзалт руугаа явдаг гэж байгаа. Түүний сайн найзын бичсэнээр машиндаа хүйтэн ундаа ууж гамбургер идсэн болоод давхиад байдаг бололтой. Жар дөхсөн насандаа ийм амьдралаар амьдрах сайхан уу.
УИХ-ын дарга эрхэм Д.Дэмбэрэл бас өтөл насандаа ач шигээ бүсгүйтэй дэр нэгтгэж хэнз үрийн зулай үнэрлэсэн л дуулддаг. Өдгөө тэднийдээ амьдарч байгаа ч гэх. Насны нар хэвийсэн хойноо нандин дурлалтай учирч жаахан бүсгүйтэй ханилсан байж мэдэх л юм. УИХ-ын гишүүн Д.Батбаяр бас эхнэрээсээ салж гоонь эрийн замыг сонгосон гэсэн. Ямартай ч тэднийг шууд буруутгах гэсэнгүй. Гагцхүү улс орныг толгойлж яваа эрхмүүд хувийнхаа амьдралаар ч болов үлгэр жишээ үзүүлж чадахгүй байгаа нь харамсалтай. Төрийн өндөрлөгүүдийн гэр бүлийн асуудал ард түмний сонирхох гол юмны нэг бол яагаад бараг бүгд шахуу ийм сонин гэр бүлийн харилцаатай эрхмүүнд тэнд сонгогдоод байгаа нь анхаарал татаж байна. Бодвол С.Баяр өөрөөсөө олны анхаарлыг холдуулах гэсэндээ л Д.Дэмбэрэл гишүүнийг санал болгоо болов уу гэсэн хардлага ч дуулдах боллоо. Монголчууд гэр бүлдээ үнэнч, элгэмсүү хүнээр төрөө бариулсаар ирсэн түүхтэй. Тийм ч болоод “гэрээ засаад төрөө зас” гэсэн үгтэй болсон биз. Гэр орондоо тайван сайхан амьдралтай, гэр бүлдээ хайртай хүмүүс ямагт инээмсэглэж, бусдыг өршөөж, сэтгэлдээ гэрэл гэгээтэй зүйл бодож явдаг билээ. Тиймгүй бол ямагт хор найруулж, бусдад өс санаж, хэн нэгнийг гутаан доромжлон, хамт ажиллагсдынхаа нэр сүрийг гутаахын тулд хов хутгаж байдаг нь нууц биш. Сэтгэлд нар байхгүй бол тулганд яаж гал байхав.
Түүн лүгээ өдөржин ажилдаа дарагдан, сонин хэвлэлийнхэнд шүүмжлүүлж, элдэв амбицтангуудтай хэл амаа ололцох гэж хичээж ядарсаар орой гэртээ ирэхэд дулаахан харцаар илбэх ханийн сэтгэл, өвөр дээр нь эрхлэх үр хүүхэд үгүй бол цээжинд хурсан тэр их хилэн, цөхрөлөө яаж тайлах билээ. Тэгээд тэр их хуралдсан стресстэйгээ улс орныг удирдахаар сайн л байхгүй нь лавтай.
Улс төрд хүчээ сорьж яваа хүмүүс гэр бүлдээ бараг анхаарал тавьдаггүй гэж дуулдах л юм. Хүнийг ямар амьдарч, хэр хүн явсан гэдгийг үр хүүхэд ач гуч нь л үнэнийг хэлнэ үү гэхээс төрийн ордонд өлгөгдөх амьгүй зураг юу өгүүлж чадах вэ. Тиймээс гэр бүлийн аз жаргал улс төрөөс үнэтэй юм шүү дээ.
SOURCE: dailynews.mn
1 Comment
tiim shuu. ger bulee gej