Яагаад сексийг хүсдэггүй вэ?

Хэдэн жилийн өмнө эрдэмтэд сексийн дур хүсэл ямар байх нь хүний генд нь суусан байдаг хэмээн нотолдог байсан. Харин үүний шалтгааныг одоо арай өөрөөр тайлбарлах болсон байна. Юуны түрүүнд хүний эрүүл мэндтэй холбоотой гэнэ.

Гормон!

Сексийн хүсэл нь бэлгийн гормон буюу тестостероноос шууд хамааралтай байдаг аж. Хэрвээ тестостерон харьцангуй их бол сексийн илүү идэвхитэй амьдралтай байдаг. Нас ахих тусам хүний цусанд агуулагдах тестостероны хэмжээ буурч байдаг бөгөөд эрдэмтдийн гаргасан тооцоогоор жил тутам 1 – 2 хувиар багасч байдаг юм байна. Эрчүүдийн хувьд жаран нас хүртэл энэ үйл явц нь үл анзаарагдам явагддаг. Харин олон жилийн туршид алкоголийг хэтрүүлэн хэрэглэх эсвэл огцом их жин хасах, радио идэвхит цацраг бүхий эх үүсгүүрийн дэргэд байх, дааврын бэлдмэл хэрэглэх зэрэг тохиолдлуудад цусан дахь тестостероны хэмжээ буурдаг.

Өнөөг хүртэл энэ асуудлыг зөвхөн эрчүүдийн хувьд авч үздэг байсан. Харин сүүлийн үеийн судалгаагаар эмэгтэй хүний сексийн хүсэл эрчүүдтэй мөн адил тестостероноос хамааралтай болох нь тогтоогджээ. Гэхдээ эмэгтэй хүний гормон дааврын фон нь эрчүүдийнхтэй адил тийм тогтвортой байж чаддаггүй. Үүнд, жирэмслэлт, сарын тэмдэг үзэгдэх явдал, цэвэршилт хүчтэй нөлөөлдөг.

2005 онд Бостоны их сургуулийн хэсэг эрдэмтэд нэгэн шинэ нээлт хийсэн юм. Энэ нь жирэмслэхээс хамгаалах эмийг удаан хугацааны турш уухад эмэгтэй хүний цусанд тестостероныг саармагжуулах үйлчлэл бүхий бодис үүсдэг болохыг тогтоожээ. Ийм тохиолдолд жирэмслэлтийн эсрэг үйлчлэл бүхий эм уухаас бүрэн татгалзсан ч энэхүү саармагжих үйл явц үргэлжилсэн хэвээр байдаг аюултай аж. Энэ нь тухайн хүний хувьд сексийн дур хүсэл буурах хүсэлгүй болох гэсэн үг юм.

Гэхдээ дан ганц гормоны үйл ажиллагаатай холбон тайлбарлаж болохгүй. Архаг стресс, нойргүйдэл, удаан хугацаагаар хоолны дэг сахих, архаг хууч өвчин, ядаргаа зэргээс ч ихээхэн хамаарах гэнэ. Ялангуяа архаг өвчний эмчилгээнд зориулан уусан эм бэлдмэлүүд нь сексийн хүслийг бууруулах үйлчлэл үзүүлдэг. Үүнд, шээсний замын үрэвсэлт өвчнүүд, чихрийн шижин, даралт ихсэх өвчний үед уусан эм бэлдмэлүүд илүү хүчтэй нөлөөлдөг. Иймд эмчийн бичиж өгсөн эмийн зааврыг анхааралтай үзэж байх шаардлагатай байдаг.

Гэр бүлийн шалтгаанаас

Хэрвээ хүний эрүүл мэнд болон цусанд агуулагдах тестостероны түвшин хэвийн байгаа тохиолдолд сексийн хүсэлгүй болсон бол энэ нь гэр бүлийн харьцаатай шууд холбоотой. Сексологич эмч, сэтгэл зүйч Кульгавчук Евгений Александрович энэ талаар,

“ Сексийн хүсэлгүй болох нь сэтгэл зүйн шалтгаанаас үүсэлтэй байх тохиолдол элбэг байдаг. Тухайлбал, дадал заншил, бусадтай харьцуулах сэтгэлгээнээс ихээхэн хамаардаг. Сэтгэл догдлуулсан хайр сэтгэл нь хагас жилээс гурван жилийн хугацаатай үргэлжилдэг. Дараа нь энэ харьцаа аяндаа хөрдөг. Мөн хосууд нэг нэгийгээ бусадтай харьцуулан дүгнэх нь сексийн хүсэл буурахад сэтгэл зүйн талаас хүчтэй нөлөө үзүүлдэг гэж ярьж байна.

Сексологич эмчийн зөвлөж буйгаар бол сексийн хүсэл нь хүний эрүүл мэнд болон сэтгэл зүй, бие физиологийн онцлогоос шууд хамаардаг. Иймд сексийн хүсэлгүй болсон тохиолдолд асуудлыг амархан шийдэх боломжгүй байдаг. Энэ бүхэн амьдралын зөв хэв маяг, ажлын сайн нөхцөл, амралт, хангалттай нойр, биеийн хүчний ачааллыг байнга зөв хуваарилах гээд олон хүчин зүйлээс хамаарна. Иймд долоо хоног бүрт өөртөө зориулан тусгайлан “хувийн “ цагийг гаргаж байх хэрэгтэй. Сексийн амьдралаа хэвийн байлгахын тулд тодорхой цаг хугацаа болон хүч гаргах шаардлагатай болдог. Эрүүл, аз жаргалтай амьдралын нэг хэсэг нь сексийн зөв харьцаа байдаг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.