Үнсэх үйлдэл хүмүүсийг зэрлэг байх үед тэдэнд давс үгүйлэгдсэнээс үүдэлтэй болов уу гэсэн таамаглал байдаг. Тэгээд л биенээ долоосон байж болох. Үнсэхээр хүний сэтгэлийн хийгээд биеийн хүч чадал нөгөө хүнд шилждэг гэдэгт эртний хүмүүс итгэдэг байжээ гэсэн таамаглал ч бий. Бидний өвөг дээдэс дотно хүмүүс, гэр бүлийнхнээ төдийгүй, хажуугаараа өнгөрч яваа хүмүүсийг тэр бүү хэл, малыг ч үнсдэг байж. Малын духан дээр үнсвэл үхлээс аварна гэж ч үздэг байв. Харин энэ эх захгүй гэмээр үнсэлтүүд дундад зуунд алга болжээ. Үнсэх нь нэлээн ангич маягтай болж эхэлсэн байна.
Тухайлбал, адил зиндааны хүнийг уруул дээр нь, эрхэм хүндтэй хүмүүсийн бол гарыг нь, дээд давхаргынхны өвдгийг, лам хуваргын хөлийн тавхайг үнсдэг байжээ. Эр хүн аль нэг эмэгтэйг олны нүдэн дээр үнссэн бол түүнтэйгээ заавал гэрлэдэг байсан гэнэ. Тэгээд ч шалиглах зорилгоор үнсэлдэхийг католик шашны сүм хийд хамгийн их нүгэл гэж үзэх болов. XVII зуунд тарваган тахал, галзуу, тэмбүү өвчин ихэд тархаж байсан ч Европ дахинд хүмүүс шуналтайяа үнсэлдэх болсон байлаа.
Африкчуудыг хамгийн их үнсэлддэг гэж үздэг. “Ярих үед сүнс нь амаар нь гараад явчихдаг” гэж шашин нь номлодгоос сүнсээ алдчихгүйн тулд дуугарахгүй байх үүднээс мэдрэмтгий, памбагар уруултай Африк хүүхнүүд үнсэлдэхийг эрхэмлэдэг аж. Номхон далайд байдаг нэг арал дээр оршин суугчидтай харьцуулбал африк хүүхнүүдийг азтай улс гэж хэлж болмоор. Тэр арлынхан XVIII зуун хүртэл буюу европчууд тэнд очтол үнсэлдэх гэдгийг мэддэггүй байв. Нигерийн омгууд хийгээд Хятад, Японд олны өмнө үнсэлдэхийг өнөөдөр ч гэсэн ёс журам зөрчсөн явдал гэж үзсээр байгаа. Полинезчууд, эскимосчууд ерөөс үнсэлцдэггүй. Хайртай сайн байгаагаа тэд хамраараа шүргэлцэж илэрхийлдэг.
Энэтхэгийн зүүн өмнөд нутгийнхан үнсэлдэхийн оронд хайртай хүнийхээ хацарт хамраа нааж, гүнзгий амьсгаа авдаг. Хайр дур нь хүрч байгаагаа папуачууд сормуусыг нь шүдээрээ тасдаж илэрхийлдэг бол Балинезид сэтгэлтэй хүнээ үнэрлэдэг байна. Энэ үедээ залуу /бүсгүй/ руугаа налж аяархан хөдөлнө.
Хэрэв судалгааны байгууллагын мэдээнд итгэх юм бол хамгийн нялуун үндэстэн нь германчууд аж. Тэд өдөрт дунджаар хоёроос гурван удаа бие биенийхээ хацар дээр үнсч, нэгээс гурван удаа шуналтай гэгч нь үнсэлцдэг байна. Озолцох арга барилын талаар хамгийн дэлгэрэнгүй сайн өгүүлсэн бүтээл гэж одоо хэр нь эртний Энэтхэгийн “Камасутра”-г үзсээр байна. Харин Америкт бол Уильям Кейний “Үнсэх урлаг” гэдэг лекц олны сонирхол татаж байна. Лекцэндээ өгүүлсэн үнсэх урлагийн хүчээр 1000 хүүхний толгойг эргүүлсэн гэж Кейн ярьдаг. Энэ нь үнэн худлыг бүү мэд, гэхдээ л зарим нэг арга нь үнэхээр сонирхол татам.
Үнсэх нь эмчилгээний чанартай
Хүний хэл, уруул дээр мэдрэлийн олон сая цэг байх бөгөөд тэдгээрийг өдөөх нь мансуурлын байдлыг бий болгох бөгөөд үнсэлдэгчийнхээ талаар тодорхой сэтгэгдэлтэй болоход нь шүлсний найрлагад байдаг бодис тусалдаг. Үнсэлцэх үед дунджаар долоон мг өөх тос, 0,7 мг уураг, 0,45 мг давс, бага зэрэг гянт болд, алт, түүнчлэн 200 орчим янз бүрийн бактери амнаас аманд дамждаг. Тархи зохих дүгнэлт гаргахад энэ бүхэн хангалттай. Хүмүүсийн шүлсэн дэх бактерийн 80 хувь нь адил. 20 хувь нь өөр өөр байдаг.
Үнсэлцэх үед эдгээр бактери амнаас ам руу дамжихдаа дархлалын системд хүч нэмж, эсрэг биетийн үржих нөхцлийг бий болгож, микроорганизмуудыг идэвхжүүлдэг. Үнсэхийг байгалийн өвөрмөц маягийн цэвэрлэгч гэж шүдний эмч нар нэрлэдэг. Үр ашиг нь шүдний пааланг хамгаалдаг бохьтой дүйцнэ. Учир нь шүлсний найрлагад кальци, фосфор болон шүдний пааланд сайн нөлөөтэй бодисууд байдаг аж.
Тачъяадан үнсэлцэх дуртай хүмүүсийн буйл өвчлөх нь бага байдаг. Товчдоо бол үнсэлцэх нь өвчин намдаах, тайвшруулах үйлчилгээтэй морфиныг бага тунгаар ууснаас илүү үр дүнтэй байдаг.
Түүнээс гадна шуналтай үнсэлцэх нь нүүрний үрчлээг багасгахад нөлөөлдөг. Лос-Анжелесийн судлаачдын үзэж буйгаар үнсэлцэх үед нүүрний 30 булчин чангардаг байна. Ийм дасгал сургуулийн ачаар нүүрний арьс тэнийж зөөлөн болно. Хүн жирийн үед минутад 20 удаа амьсгаа авдаг байсан бол үнсэлцэх үед 60 удаа авна. Зүрхний цохилт минутад эрэгтэй хүнийх 110-120, эмэгтэй хүнийх 180 болтол хурдасна.
Ингэснээр хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгдэж ,цусны эргэлт сайжирна. Үнсэлцэх үед амьсгалаа түгжих нь организмд йогийн эмчилгээ шиг нөлөө үзүүлнэ. Нэг удаа үнсэлцэхдээ бид 12 килокалори зарцуулах бөгөөд өдөр болгон энэ маягаар байвал жилд биеийнхээ илүүдэл жингээс нэг кг-ыг хасч чадна. Амьдралынхаа туршид идэвхтэй үнсэлцсэн хүний өтлөх явц удаан байдгийг Канадын судлаачид нотолсон байна. Ийм хүмүүс бусдаасаа таван жилээр илүү насалдаг байна. Мөн цус, ходоод, цөсний өвчин тусах нь бага байдаг. Үнсэлцэх хэмээх үлэмж аятайхан энэ ажлын хүний биед үзүүлэх нөлөө нь ердөө мах, цусаар хязгаарлагдахгүй.
“Тоос сорогч”
Хамтрагчийнхаа санаа сэтгэл, дотоод ертөнцийг нь сорж авах гэж байгаа юм шигээр уруулыг хөхөх нь чухал. Ийм шуналтай үнсэлт удаан үргэлжилдэггүй ч онцгой сэрэл мэдрэмж өгнө. Уруулаа ядраад ирэхээр хүчийг нь алгуур сулруулна. Огцом зогсоовол чимээ гарч, үнсэл-цэж буй хүнээ айлгаж ичээхэд хүрнэ. Үнсэх үйлдлийг зөв зогсоовол үл мэдэг исгэрэх мэт чимээ гарах бөгөөд та сайхан мэдрэмж амсах болно.
“Яриа”
XV Людовик хааны ордонд ингэж үнсэлдэх явдал ихээхэн дэлгэрсэн байв. Сэтгэлтэй хүмүүс озолдож байхдаа шүлэг хэлж, магтаалын үг шивнэнэ. Одоо цагт ч энэ үйлдлийг хийхэд саад болох юмгүй, харин ч бие биеийнхээ соёлын түвшинг дээшлүүлнэ.
“Тагнуул”
Үүнийг шалиг нөхөртэй хүүхнүүд бодож олсон гэж үздэг. Нөхөр нь хэдий хэр пиво уув, түүний хажууд суусан эмэгтэй ямар үнэртэй ус түрхсэн байв, босс нь ямар тамхи татаж вэ гэдгийг ийм үнсэлтээр таамаглаж болдог гэдэг. Ийм нарийн, баялаг мэдээлэл олж авахын тулд нөгөө этгээдийнхээ биед уруулаа хүргэж, 2-3 секундэд хөдлөлгүй үнэрлэхдээ хэд хэдэн удаа амьсгал авна.
“Нойрсч буй гоо бүсгүй”
Үнсэх үйлдэл нь шуугиангүй орчин, нэлээд тэвчээр шаардана. Сэтгэлээ ханатал үнсч болно. Энэ үед үнсэлдэж буй хүмүүсийн чихэнд ямар нэг дуу чимээ гарвал их сайн гэж үздэг. Хамгийн “аюул”-тай нь энэ үед унтах хүсэл гэнэт төрдөг байна.
SOURCE: Mongolnews.mn
1 Comment
Zugeer l saihan unseltseh yumsan daa