Ямар гоё хувцаслаа вэ. Ямар гоё инээмсэглэдэг юм бэ. Ямар дажгүй биетэй залуу вэ. Ямар давгүй залуу вэ…Ямар…. Энэ залуутай яаж танилцах вэ…гэх мэт яриа өрнөөстэй. Эргэн эргэн хараастай, бас дурсан дурсан бодоостой….Дугаар нь хэд бол, яаж танилцах вэ…Үе тэнгийн хийгээд халуун дотно найз нарын маань эрчүүд сонжсон, сонирхсон яриа нэг иймэрхүү. Би ч гэсэн адилхан, чанарын ялгаагүй. Үйл явдлын өрнөл ч иймэрхүү. Эрчүүд ч гэсэн эсрэг хүйстнийхээ талаар иймэрхүү зүйлийг яриастай.
Дүрэлзэн буй гал дундуур ч алхаад гарчихмаар залуу насны хүсэл тэмүүлэл, ааг омог, хүсэл сонирхол бүхэн биднийг дээрх дүр зураг руу ямар ч чирэгдэл, гомдол, гуниггүйгээр хөтлөх үе бий. Харин энэ бүхний төлөөсөнд зарим нэг хүн сэтгэлээрээ, эрүүл мэндээрээ, амь насаараа төлбөр төлөх нь бий. “Энэ бүхэн ердөө л хувь тавилан байлаа” хэмээн тайтгарч болох ч чиний амьдрал ердөө л эм уухын тулд өдөр хоногийг өнгөрөөдөг болчихвол яах вэ. Хүн бүрийн тархи, зүрхэнд байдаг сайн сайхан хань ижилтэй, үр хүүхэдтэй, элбэг хангалуун амьдралын зураглалыг бодох эрхгүй тийм их үнэтэй төлбөрийг та төлөх хэрэгтэй гэдгийгээ мэдвэл та сэтгэл хангалуун байж чадах уу. Нөгөө л гоё залууг харж, хүсэл тачаалын галд автах хүсэл тань хэвээр байх уу…Харамсалтай нь, үгүй…ердөө л “Амьдрал ямар хатуу юм бэ” гэх богинохон хэрнээ, уй гунигтай, нулимстай өдөр хоног таныг угтана. Ийм амьдралаар та бидний дунд 40-ийн 40-н хүн амьдарч байна. Тэд бол ДОХ-ын вирусын халдвар тээгчид. ДОХ-ын халдвар тээгч нэг хүний ард 100 хүн байдаг гэдэг тандалтаар тооцвол хэдэн хүн байх вэ гэж бодохоос ч аймар.
Гэхдээ тэднийг гунигладаг байх, уйлдаг байх, шаналдаг байх гэдэг бодолд минь өчигдөр гэгээ орж ирлээ. Учир нь, долоон жилийн өмнө ДОХ-ын вирусын халдвар авсан нэгэн хүнтэй өчигдөр би уулзсан юм. /Нэрийг нь нууцлаад Батаа ах гэж нийтлэлд оруулья./ Уй гунигаа гээж зөвхөн “Би манлайлагч байх ёстой” гэж боддог хэмээн итгэл төгс ярилцаж суугаа Батаа ахыг хараад харамсмаар ч гэсэн хайрламаар, хүндэлмээр сэтгэгдэл төрлөө. Ийм дүгнэлт хийх болсон шалтгаанаа олон үгээр тайлбарлалгүйгээр түүний үгээр хүргэе.
“…Би долоон жилийн өмнө халдвар авсан гэдгээ мэдээд шууд л бүх зүйлээс зугатсан, гутарсан. Олон хоног архи уусан. Энэ олон хүний дундаас би яагаад ийм халдвар авчихав гэж бодохоор өөрийгөө болон өрөөл бусдыг үзэн ядаж байсан. Эцэс сүүлд нь би шартаад хэвтэж байхдаа өөрийгөө хүлээн зөвшөөрч, би нэгэнт энэ халдварыг авчихсан юм чинь одоо нийгэмд үйлчлэх хэрэгтэй гэдгээ ойлгосон. Зарим үед бурхан намайг чи хүмүүст үнэнийг хэл, тусла, цаг алдаж болохгүй гэж хэлсэн юм шиг санагддаг. Тэгээд л өнөөдөр бусдад туслаж, яаж энэ өвчнөөс хол байх вэ гэдэг тэр мэдлэгийг, мэдээллийг өгч, хүмүүст бэлгийн замын өвчний халдвар авахгүй байхын тулд яах ёстой вэ гэдгийг ойлгуулахын тулд ажиллаж байна. Хүмүүс өөрөө өөрийгөө хамгаалахын тулд юу хийх вэ гэдэгт нь би манлайлагч байх ёстой гэдгээ ойлгосон”. Батаа ах ийнхүү өөрийнхөө зорилгыг тодорхойлон амьдарч байна. Бид хоёрын ярилцлага дунд нэг онцлох өгүүлбэр байсан нь “Эм уухын тулд л амьдарч байна шүү дээ” гэх богинохон хэрнээ, хүнд өгүүлбэр байсан юм. Учир нь, тэд вирусын үйлчлэлийн эсрэг эмээ уухгүй бол амьдрах хоног хугацаа нь улам бүр цөөрнө. Өнөөдөр гэхэд л энэ вирусыг тээх болсноор, биеийнх нь эсэргүүцэл суларснаар бусад өвчин нь сэдэрч нас барсан монгол хүний тоо найм болжээ.
Тэр бүхэнд Батаа ах “Дараагийнх нь би шүү дээ” гэдэг бодолд ордог гэнэ. ДОХ-ын вирус халдварласны гол аймшиг нь энэ бөгөөд энэ талаар хангалттай олон тоо баримт, олон улсын жишээ бий. Тэр бүхнээс татгалзах учир нь “Би залуу хүн, бас сэтгүүлч хүн…Тэгээд ингэж ойлголоо” гэдэг гарчигт байгаа юм. Энэ бодол эцсийн дүнд та биднийг хүний дархлал хомсдолын вирусын халдвараас сэргийлэх, өөрийгөө хамгаалахыг анхааруулж байна. Энэ бол нэг дэх санаа.
Хоёр дахь нь, өнөөдөр Батаа ах ДОХ-ын вирус тээгч байж болно. Гэвч энэ нь Батаа ах хүн биш гэсэн үг биш. Түүнд амьдрах эрх бий. Тэр эрхийг бид “Энэ хүн аймаар ДОХ-той гэсэн ш дээ. Хол байгаарай” гэдэг үзэн ядалтаар хориглож болохгүй нь. Ингэж бодож суухад гурав дахь дүгнэлт орж ирсэн нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ДОХ-д хэрхэн ханддаг билээ гэх ажиллаж буй салбарынхаа тухай бодсон бодол.
Дүгнэлт нь тун харамсмаар. Өнөөдөр хэрэв ДОХ-ын 49 дэх тохиолдол илэрлээ гэхэд энэ мэдээлэл тухайн өдрийн сенсаци мэдээний тоонд орно. Гэхдээ анхны тохиолдлоос эхлээд арав гарах хүртэл гайхалтай “үнэ цэнэ”-тэй мэдээ байлаа. Харин одоо бол “Өө, за за дахиад нэг илэрчихсэн үү” гэх үл ойшоолт гарах болсон. Гэсэн ч “Хүүе ээ, ямар хүн юм бол. Гомо юу, биеэ үнэлэгч үү, гадаадад байсан юм уу”…гэх асуулт үргэлжилнэ. Эс бол бэлгэвчний тухай төлбөртэй сурталчилгаанд анхаарал хандуулна. Нөгөө л мөнгө…Уг нь Хүний дархлал хомсдлын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдлоос сэргийлэх тухай хууль тогтоомжид “Хэвлэл, мэдээллийн болон шашны байгууллага, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж нь хүний дархлал хомсдлын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдлоос сэргийлэх, тэмцэх талаар хүн амын дунд зохиох сургалт, сурталчилгааны ажилд оролцоно” гэсэн заалт бий. Гэтэл сэтгүүлч бид зөвхөн “хадаас мэдээ”-ний агуулгаар хандаж иржээ. Эс бол халдвар тээгчийг буруутгах, хэн гэдгийг нь олж мэдчихээд бусдад сонирхуулах…өнгө яас. Зорилго нь томорлоо томорлоо гэхэд зурагтаар гардаг бэлгэвчний төлбөртэй сурталчилгаа…
Тийм ээ, би залуу хүн. Бас сэтгүүлч. Бусад залуу бүсгүйчүүдийн адил эрчүүдийг сонждог, сонирхдог. Бусад сэтгүүлчдийн адил ДОХ-ын халдвар тээгчдийн тухай шинэ мэдээг бичиж л байсан. Мөн ДОХ-ын халдвар тээгчийг хүн гэдэг утгаар нь харах хүслээ хаа хол шидчихсэн нэгэн байсан ч байж мэднэ. Тэгвэл одоо өөрийгөө хамгаалах, өрөөл бусдыг халдвараас сэргийлэхэд туслах нь үүрэгтэй сэтгүүлч гэдгийг ойлголоо. Мөн хүн бүрт амьдрах итгэл юу юунаас ч илүү чухал гэдгийг, түүнийг нь би үзэгнийхээ үзүүрээр хугалж гишгэх эрхгүй гэдгээ ч ойлголоо. Бас би залуу хүн. Хэрэв өөрөө өөрийгөө энэ эрсдлээс хамгаалж чадвал, өөрийнхөө хайртай хүнийг ч хамгаалж чадна гэдгээ ойлголоо.
Тийм ээ, амьдрахын тулд тэмцэж байгаа, амьдрахын тулд гэрэл гэгээнд тэмүүлж байгаа тэдэнд урам өгье. Тэд халдвар авсныхаа төлөө суудлаа сольдог бус харин тань руу хашгирч, харааж загнасан бол бол суудлаас нь хөөгддөг байг. /Мартин Лютр Кингийн алдарт үгээс жишээ авчихлаа/ Хамгийн гол нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл “хадаас мэдээ”-ний төлөө, төлбөртэй сурталчилгааны төлөө ДОХ-ын сэдвийг сонирхдоггүй, сэтгүүлчид өөрийгөө тойроод гарах хувь тавилан мэт өрөөл бусдыг гадуурахдаггүй болчихвол зүгээрсэндээ. Энэ бүхний төгсгөлд үүнээс өөр үг хэлэх нь илүүц биз ээ.
Г.ОТГОНЖАРГАЛ
2 Comments
Энэ их эмзэг асуудал л даа. Би яг өөрийнхөө байр суурийг нуулгүй илэрхийлчих үү? Өнөөдөр монголд ДОХ-ын халдвар дандаа бэлгийн замаар тарж байгаа байх. Өвчний тархалт эхэн үедээ ингэж тардаг гэсэн. Харин тархалт нэмэгдээд газар аваад ирэхээрээ бэлгийн бус замаар: бохир тариур, цус гэх мэтээр бас тархаж эхэлдэг гэсэн. Тэгэхээр одоо халдвар авсан байгаа тэр хүмүүсийн ихэнх нь яахын аргагүй өөрсдийн буруугаас (замбараагүй бэлгийн хавьталт) ийм байдалд орж байна. Нийгмийн ёс суртахуун шалдаа бууж, наад зах нь л нэг нэгдээ үнэнч хавьтагчид байх гэсэн тэр сэтгэхүй дууны хурдаар арилж байгаа болохоор арга ч үгүй биз дээ. Гэхдээ халдвар авсан тэр хүмүүсийг үзэн ядах сэтгэхүй надад алга дөө.
teneg yanhan zail