БЭЛГИЙН ГАЖ ЗАН ҮЙЛ /6 хэсэг/

Гиперсекшуалити

Гиперсекшуалити гэсэн нэрийн дор бэлгийн дур хүсэл нь ханадаггүй, “хэвийн хэмжээнээс хэтэрсэн” бэлгийн зан үйлийг (зөвхөн бэлгийн хавьтал бус) үйлдэх үзэгдлийг авч үздэг. Зарим эх сурвалжид энэ үзэгдлийг донжуанизм гэж ч нэрлэдэг. Дон Жуан гэдэг нь нэгэн шалиг эрийн тухай өгүүлдэг зохиолын гол баатрын нэрээс үүдэлтэй билээ. Энэ нь монголчуудын хормойн дон гэдэгтэй тохирох юм. Ийм дон эмэгтэйд тохиолдохыг нимфомани, эрэгтэйд сатириазиз гэж нэрлэдэг.

“Хэвийн хэмжээнээс хэтэрсэн” гэдгийг хаалтанд хийсний учир нь хүн хүний бэлгийн дур хүсэл, бэлгийн хавьтал үйлдэх давтамж харилцан адилгүй байдаг тул алийг нь хэвийн гэж үзэх нь нэг мөр шийдэгдээгүйтэй холбоотой юм. Гэр бүлийн хосын хувьд эхнэр нь хоногт хоёр удаа секс хийхийг хүсэхэд нэг хүнд нь энэ нь хэвийн байдлаас хэтэрсэн, нимфомани гэж хэлж болохоор байхад, өөр нэгэнд тийм эхнэртэй бол ямар сайхан юм бэ гэж санагдаж болох жишээтэй. Иймээс ч энэ нь ихээхэн маргаантай асуудал юм.

Гиперсекшуалитийн хүрээнд бэлгийн дур хүсэл нь ажил хийх, боловсрол эзэмших зэрэг бусад аливаа хүсэл сонирхлыг нь давамгайлсан тохиолдлыг авч үздэг. Үүний зэрэгцээ гипер-секшуалитийн нэгэн гол шинж нь ханашгүй бэлгийн дур хүсэл бөгөөд энэ нь сөрөг үр дагаварт хүргэж болохоор байхад ч үүнийгээ хянаж чадахгүй байх явдал юм. Мөн бэлгийн үйл ажиллагаанаас бүрэн сэтгэл ханаж чаддаггүй, дур ханахгүй байх зэрэг нь түгээмэл шинж билээ.

Зарим судлаач гиперсекшуалитийг тодорхойлох цэвэр тоон шалгуурыг бий болгохыг оролдсон байдаг. Тухайлбал, Кафка гэдэг судлаач хагас жилээс дээш хугацаанд долоо хоногт 7 ба түүнээс дээш удаа дур ханах тохиолдлыг гиперсекшуалити гэж үзэх шалгуурыг санал болгосон юм. Түүний судалгаанд 100 гаруй ийм эрчүүд хамрагдсан бөгөөд түүний тогтоосноор тэд дунджаар сүүлийн зургаан сарын хугацаанд долоо хоногт 7.4-8 удаа дур ханасан байжээ.

Мөн энэхүү зуршил нь 19-21 насны хооронд эхэлсэн тухай өгүүлсэн байдаг. Тэд өөрийгөө хангах, удаан хугацаанд наргиж цэнгэн завхайрах, порно кино үзэх зэргээр дур ханадаг гэжээ.

Гэвч энэхүү шалгуурыг эмэгтэйчүүдийн хувьд хэрэглэх боломжгүй юм. Учир нь хэзээ ч дур ханаж үзээгүй эмэгтэйчүүд байдаг. Гэтэл зарим нь бэлгийн хавьтал үйлдэх, гар хангалга хийх зэрэг бэлгийн сэдээлтийн явцад олон дахин дур ханах чадвартай байдаг.

Иймээс долоо хоногт дур ханах тоог шалгуур болгох нь эмэгтэйчүүдийн хувьд хэрэглэх боломжгүй юм.

SOURCE: Хүний бэлгийн амьдрал

1 Comment

  1. Batzzorig says:

    орчин үед донжуанизм, сатириазиз хоёрыг илүү ялгаж салгаж ойлгодог болсон байх шүү. дон жуан эрчүүд маш олон эмэгтэй партнер сольдог, бас эмэгтэйчүүдийг байлдан дагуулсны дараагаар сонирхол нь алга болдог. өөрөөр хэлбэл хаана ч байхгүй төгс секси эмэгтэй хайдаг боловч хэзээ ч олохгүй тул хайсаар байдаг гэж би ойлгодог. энэ нь хүний сэтгэл зүйтэй илүү холбоотой. харин бэлгийн хэт их дур хүсэл бол илүү физиологийн шинж чанартай. ингэхээр тодорхой ялгаатай гэж бодож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.