Хүний наймаа арилжааны хэлбэр рүүгээ орлоо

-21 настай өвөр монгол 18 настай монгол бүсгүйчүүд нийлж хил дамнуулан хүн худалдахыг завдлаа-

Б.Алтанзул зоволгүйгээр амархан мөнгөтэй болох арга хайж эхлэв. Бэлэн мөнгөтэй бол яаж өсгөх тухайгаа бодож болох сон. Харамсалтай нь ойр зуурын наймаа хийгээд арвижуулах мөнгө байсангүй. Гэнэт толгойд нь БНХАУ руу хүн худалдаалах бодол төрөв. Гэхдээ энэ ажлыг ган­цаараа яаж амжуулах вэ. Ингэхийн тулд БНХАУ-д танилтай байх хэрэгтэй. Зүгээр ч нэг танилаар тогтохгүй найдвартай хүн байх ёстой. Бодоод бодоод найдвартай түнш болгочихоор хүн Б.Алтан­зулын санаанд орсонгүй. Харин ааваас нь хатаасан цагаан мөөг авдаг байсан өвөр монгол бүсгүйг санав. Тэр мөөг худалдаж авдаг хятад хүний орчуулагчаар гэрт нь хэд хэдэн удаа ирж байсан юм. Утас цохилоо. Тэд хамтарч бизнес хийх ажлынхаа тухай амархан ойлголцож чадав. Ингээд бүсгүй сонинд зар нийтлүүлэх ажилдаа шуурхайлан оржээ.

“Зар мэдээ”, “Шуурхай зар” сонинуудад “БНХАУ-ын агаарын зорчигч тээвэр компанид онгоцны үйлчлэгч хийх сонирхолтой 20-24 насны охидыг яаралтай шалгаруулж авна. Өндөр цалинтай” хэмээжээ. Зар нийтлэгдсэн өдөр дөрвөн охин Б.Алтанзултай холбоо барив. Тэдний нэг нь түүнийг дагаж Замын-Үүд-Эрээний чиглэлийн галт тэргэнд суусан аж. Өвөр монгол бүсгүй Л.Цэцэгээ Эрээн хотод тэднийг тосох учиртай байв. Б.Алтанзул бүсгүйг хүн хил дамжуулан зарах гэж буйг мэдсэн Эрүүгийн цагдаагийн газрын төлөөлөгч Замын-Үүдэд саатуулж Л.Цэцэгээ рүү утас цохиулжээ. “Бараагаа” Эрээнд бус Замын-Үүдэд хүлээлгэж өгөх болсон тухайгаа өвөр монгол бүсгүйд дуулгасан байна. Бүсгүй ч тэр даруй Замын-Үүдэд ирснээр эл хэрэг илчлэгдсэн аж. Хүний наймааны золиос болох гэж байсан хохирогч Б харин зугтжээ.

Л.Цэцэгээ, Б.Алтанзул нарыг хууль хяналтынхан Замын-Үүдээс “Ганц худаг”-ийн цагдан хорих төвд саатуулан Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлийн гуравт зааснаар бусдыг хил дамнуулан худалдахыг завдсан хэрэгт буруутган яллагдагчаар татаад буй юм.

Зарын дагуу ирсэн гурван охины хоёр нь гэрчээр мэдүүлэг өгсөн бол нэг нь Б-гийн адил энэ хэргийн хохирогч болоод байгаа аж. Учир нь тэр хэд хоногийн дараа Б-гийн араас БНХАУ руу явахаар зэхэж байжээ. Охид мэдүүлэг өгөхдөө ” Б.Алтанзул БНХАУ-ын агаарын зорчигч тээвэр компанид онгоцны үйлчлэгч болох сонирхолтой охидыг шалгаруулж авна” хэмээн анхны уулзалтаараа хэлсэн байна. Гэтэл удаа ч үгүй “Чамайг онгоцны үйлчлэгчээр шалгаруулж авлаа” хэмээн зарын дагуу хандсан бүх охид руу буцаж утасджээ. Б.Алтанзул ” Би өмнө нь БНХАУ-д онгоцны үйлчлэгчийн ажил хийж байсан юм.

Монгол охидод өндөр цалинтай сайхан амьдрах боломж олгож байна” хэмээсэн гэнэ. Түүний хэлсэнд охидын хоёр нь итгээгүй аж. Харин нөгөө хоёр нь итгэж нэг нь ийнхүү хүний наймааны золиос болох шахжээ. Хэрэв Б-г авч явсан хэрэгтнүүдийг хууль хяналтынхан цаг алдалгүй бариагүй сэн бол түүний дараа явахаар зэхэж байсан Ц-гийн хувь заяа ч бүрхэг болох байсан нь дамжиггүй. Дөнгөж 18 нас хүрч яваа Б.Алтанзул хялбархан аргаар мөнгө олохын тулд нутаг нэгтнүүдээ, үе тэнгийнхнээ худалдахаар завдсан нь энэ. Хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэгчид залуужиж, арилжааны хэлбэр рүүгээ шилжиж буйг эндээс харж болно хэмээн хууль хяналтынхан тайлбарлаж байгаа юм.

Л.Цэцэгээ БНХАУ-ын иргэн бөгөөд 21 настай, Эрээн хотод амьдардаг аж. Б.Алтанзул нь 18 настай, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Үндэсний их сургуульд сурч байгаад төлбөрөө төлөөгүйн улмаас эх орондоо буцаж ирсэн байна.

Зөвхөн он гарсаар улсын хэмжээнд 214 хүн алга болсон мэдээлэл бий. Тэдний 81 нь эмэгтэй. Өнөөдрийн байдлаар тэдний есөөс бусад нь олдоод буй. Харин үлдсэн нь хаана байгааг хэн ч мэдэхгүй. Алга болсон бүсгүйчүүд 15-36 насныхан. Нэг нь хүүхэд гэнэ. Дээрх хүмүүс хүний наймааны золиос, цаашлаад эд эрхт­ний наймаачдын гарт өртсөн байхыг ч үгүйсгэх аргагүй юм.

Монголд янхны сүлжээ илүү зохион байгуулалтад орж, үүнийг дагаад хүний наймааны хэрэгт өртөгсдийн тоо нэмэгдэж буйг хууль хяналтынхан анхааралдаа авахгүй бол болохоо байжээ. Бие үнэлэгчдээр ашиг олдог, тэднээс татвар авч амьдралаа залгуулж буй олон хүн Монголд байна. Цагдаагийнхан лав ийм маягаар амь­дардаг биеэ үнэлэгчдийг дарамталдаг, биеийг нь үнэлүүлдэг 11 бүлгийн зохион байгуулагчдыг илрүүлээд буй.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутагт байрлах Бөхийн өргөөний автобусны буудал, Сүхбаатар дүүрэгт орших “Улаанбаатар” зочид буудлын өмнө эмэгтэйчүүдийг худалддаг бүлэг бий. Тэднийг Оюунаа, “Балиус” хочтой Уянга, Чогдон, “Барзаак” Туяа “Онон” хочит Ж.Мөнхжаргал, “Бүдүүн” Булгантамир нарын хүмүүсийг илрүүлсэн юм. “Онон” хочит Ж.Мөнхжаргал, “Бүдүүн” Булгантамир нар Бөхийн өргөө орчмын биеэ үнэлэгчдийн толгойлогчид гэнэ. Тэд нэг биеэ үнэлэгчээс өдөрт 15 мянган төгрөгийн татвар авдаг аж. Тэдний харьяанд 20 гаруй эмэгтэй байдаг бөгөөд” Онон”, “Бүдүүн” хочит толгойлогч нарыг нь бусдын биеийг худалд­сан хэрэгт буруутган цагдаагийнхан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхэд шил­жүүлээд буй юм. Саун массажны газарт охидын, эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлэх ажил зохион байгуулдаг П.Даваажавыг ч мөн хууль хяналтынхан илрүүлэн шалгаад байна. Тэрбээр саун массажны найман газар тү­рээслэн ажиллуулж, охидын биеийг үнэлүүлэн бизнес эрхэлдэг болох нь тогтоогдсон юм. Мөн “Сонжин гранд”-д Н.Алтансувд, “Кореана” зочид буудалд БНСУ-ын иргэн Кан Ю Сик, “Сөүл” зочид буудлын сауныг түрээслэгч Г.Жанлавцогзол нар нь охидын биеийг үнэлүүлдэг байсныг цагдаагийнхан илрүүлсэн. Мөн Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Орхон аймгийн цагдаагийнхан биеэ үнэлэгч 95 бүсгүйг илрүүлэн хоёр зочид буудлын үйл ажиллагааг зогсоохоор холбогдох албан байгууллагуудад хандсан байна. Харин Дорнод аймгийн цагдаагийнхан нийт 113 биеэ үнэлэгчийг илрүүлэн тэдний 85 нь БНХАУ-д очиж биеэ үнэлдэг болохыг тогтоосон байна.

Охид, эмэгтэйчүүдийг хуурч мэхлэх, дарамтлах замаар биеийг нь хүчээр үнэлүүлж байсан Ч.Сарангэрэл, Английн иргэн Ж.Сильво нарт шүүхээс арван жил хорих ял ногдуулсан байх юм. Хүн худалдах гэмт хэргийг шийдвэрлэсэн байдлыг Нийслэлийн прокурорын газрынхан саяхан судалжээ.

Энэ оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд 15421 гэмт хэрэг бүртгэгдсэнээс найм нь хүн худал­даалах хэрэг байсан байна.

Цагдаагийн байгууллага 2007-2008 онд 13 хэргийг мөрдөн байцааснаас дөрвийг нь хэрэгсэхгүй болгож, нэгийг нь түдгэлзүүлж, зургаан хэргийг шүүхэд шилжүүлжээ. Одоогоор хоёр хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байна. Прокурор зургаан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн аж. Харин үүний нэгийг нь шүүх Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлийн гурав дахь хэсэг буюу хүн худалдаалах гэмт хэрэг гэж үзэж, тавыг нь уг хуулийн 124.2 буюу бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан гэж үзэн ялласан байна. Гэмт хэргийн гэрч, хохирогчийг хамгаалалтад авах, аюулгүй байдлыг нь хангах эрх зүйн зохицуулалт хангалтгүй байгаагаас хохирогч, гэрчүүд өмнөх мэдүүлгээсээ буцах, Макао, Сингапур зэрэг зарим улс оронтой эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ хэлэлцээр байхгүйгээс эрүү­гийн байцаан шийтгэх үйл ажиллагаа мухардалд орох, xохирогчид нь биеэ үнэлсэн гэх асуудалд орооцолдохоос эмээх зэрэг сөрөг хандлага гарч байна гэж прокурорууд дүгнэсэн байна. Өнөөдөр хүний наймаа тойрсон хэрэг тасралтгүй гарч байна. Дээрх хэргүүд бол бидэнд зөвхөн мэдэгдээд байгаа нь. Харин хууль хяналтынхны хараанд өртөөгүй хэдэн хэрэг гарч, хичнээн эмэгтэй хүний наймааны золиос болж буйг бид мэдэхгүй.

SOURCE: dailynews.mn

3 Comments

  1. bambai says:

    тэр даяар монголийнхон ажлаа хийгээч ээ

  2. javkhaa says:

    та нар өөрсдийгөө ямар чадвартай гэж ийм юманд хууртдаг байнаа. тэр хятадын авиакомпаний онгоцны үйлчлэгч нартай харьцуулахын аргагүй царайлаг дээр нь өөрсдийгөө янз бүрийн талаар боловсруулсан хүмүүс байдаг юм шүү дээ ойлгооч. та нарыг сургаж авна гэж ёстой гонж.

  3. narmandakh says:

    hi o.mend bi eregtei bna.bi concgolgui bn.bi ohin sex hih chadah uu.bi hi husej bn.88829625.msj bicheerei.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.