Ч.Уртнасан: Вирус тээгч 48 хүн байгаагаас 14 нь ДОХ-ын өвчлөлийн шатандаа оржээ

Манай улсад ХДХВ, ДОХ-ын халдвар 1992 оноос эхлэн өнөөг хүртэл нийтдээ 48 тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Эдгээрээс гурав нь жирэмсэн эмэгтэй бөгөөд найман хүн нас бараад байгаа ажээ. Ингээд ХДХВ, ДОХ-ын талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сургалт, хэвлэл мэдээллийн албаны дарга, доктор профессор Ч.Уртнасантай ярилцлаа.

-Манай улсын хэмжээнд хүний дархлал хомсдолын вирус 1990-ээд оноос бүртгэгдэж, 16 жилийн дотор нэлээд хувиар нэмэгдсэн. Одоо ДОХ-ын халдварын хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа вэ?
-2008 оны байдлаар 48 тохиолдол бүртгэгдсэнээс найм нь нас барсан. Гэхдээ 48 гэдэг бага тоо биш шүү. Манай орны хувьд ДОХ-ын вирус хурдацтай тархаж байгааг харуулж байгаа юм. Хүний дархлал хомсдолын вирусээр өнгөрсөн жил 10 хүн халдвар аваад байсан бол энэ жил 12 хүн халдварласан гэсэн тоо гарсан. Харин хамгийн аюултай нь эдгээр халдвар авсан хүмүүсийн 14 нь ДОХ-ын өвчлөлийн шатандаа орчихоод явж байгаа. Нэг үгээр хүнд үе рүүгээ орчихсон гэсэн үг.

-Их эрсдэлтэй юм байна. Тэгэхээр бүгд эмчийн хяналтад байж чадаж байгаа юу?
-Эдгээр зургаан хүн нь эмчийн байнгын хяналтад байж, ХДХВ-ын эсрэг эм бэлдмэлийг ууж, хэрэглэж байгаа. Гэхдээ энэхүү эм бэлмэл нь өвчтэй хүнийг эмчлээд эрүүл болгоно гэсэн үг биш, амьдрах хоногийн тоог нь уртасгаж байгаа хэрэг юм. Харин үлдсэн хүмүүс нь ажлаа хийгээд бусдын адил л явж байгаа. Гэхдээ үзүүлэх цагтаа ирж үзүүлээд л явж байна. Тэд өөрсдийгөө маш сайн мэдэж байгаа болохоор хэнтэй хавьтах вэ, яах ёстой вэ гэдгээ сайн мэдэж байгаа. Хэрвээ тэд өөрсдийгөө ДОХ-той гэдгийг мэдсээр байж, бэлгэвчгүй харьцаанд орж халдвар санаатайгаар тараавал хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Гэхдээ энэ бүгдийг хянана гэдэг хэцүү л дээ. Тиймээс манай залуус бэлгийн харьцаанд орохдоо ч ухамсартай байх хэрэгтэй.

-Бас ХДХВ-ын халдвартай эх хүүхдээ төрүүлсэн гэсэн. Хүүхэд нь эрүүл бойжиж байгаа юу?
-Манай улсад ДОХ-ын халдвартай гурван эх төрсөн. Харин хүүхдүүд нь бүгд эрүүл өсч байгаа. Тэдний хоёр нь ДОХ-ын халдвартай гэдгээ эрт мэдэж, төрөн төртлөө эмчийн байнгын хяналтад байж урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгэсэн бол нөгөө нь жирэмсэн болсноо ч мэдэхгүй, түргэн дуудаад яваад очтол жирэмсэн байсан. Тийм болохоор эмчийн хяналтад ч ороогүй байсан. Тэгээд төрөх үедээ л ДОХ-тойгоо мэдсэн.

-Мэдээж, жирэмсэн болсон болохоор найз залуу ч юм уу, нөхөртэй байсан байх. Тэднийг нь шинжилгээнд хамруулсан уу?
-Нэг нь хамтран амьдардаг найз залуутай. Нөгөө нь нөхөртэй байсан. Эдгээр эмэгтэйчүүдийн нэгийнх нь найз залуу мөн халдвартай гарсан. Харин хоёр нь эрүүл тэгэхээр эд нар маань дандаа залуу гэр бүл. Тийм болохоор бэлгийн хавьтлын идэвхтэй насны хүмүүс байгаа юм. Тэглээ гээд нэг нэгнээ хуурч, өөр хүнтэй бэлгийн харьцаанд орохоос татгалзах хэрэгтэй. Тийм тохиолдол байлаа гэхэд бэлгэвчийг л хамгийн эхний сонголтоо болгоорой гэж зөвлөмөөр байна.

-ДОХ-ын тархалт нэмэгдэж байгаад олон зүйл нөлөөлж байгаа байх?
-Үүнд маш олон хүчин зүйл байна. Манай хүн амын зонхилох хэсгийг нь эрсдэлтэй хэмээн үздэг залуус бүрдүүлж байна. Залуу хүн их байгаа нь бэлгийн байнгын идэвхтэй харьцаатай байна гэсэн үг. Тиймээс ДОХ-оос гадна бэлгийн замын үрэвсэлт өвчин их байна. Мөн хүн амын ядуурал нөлөөлнө. Яагаад гэхээр бүсгүйчүүд үүнээс болж биеэ үнэлж, хамгийн эрсдэлтэй бүлэгт орж байгаа бол эрчүүд нь ядуу тарчиг амьдарч байгаадаа стресст орж, улмаар архи уун согтуурч таарсан хүнтэйгээ унтаж байна. ДОХ-ын халдвар тээгээд байгаа хүнээс хэнтэй хавьтсан гээд асуухаар “Мэдэхгүй, согтуу байсан. Тэгээд унтсан” гэж хариулдаг. Үүнээс гадна шилжих хөдөлгөөн маш их болсон байна. Тухайлбал хөдөө амьдарч байгаад хотод ирсэн хүмүүс үзлэг шинжилгээнд тэр бүр хамрагдаад байж чадахгүй байна.

-Мөн манай залуус гадаадад гарч ажиллах нь ихсэхийн хэрээр бэлгийн замын өвчлөл нэмэгдээд байгаа гэсэн судалгаа байдаг байх аа?
-Өнөөгийн төр засгийн буруу бодлогоос болж ДОХ-ын халдвар нэмэгдэж байна гэдгийг баттай хэлмээр байна. Учир нь манай улс хөдөлмөрийн насны сайхан залуусаа олонхийг нь Солонгос руу болон бусад орон руу “боол” болгон гаргаж байна. Тэд бүгд шинжилгээнд хамрагдаад эрүүл сайхан залуус гадны орныг зорьдог ч тэд эх орондоо ирэхдээ ихэнх нь ямар нэгэн байдлаар бэлгийн замын өвчтэй ирдэг. Үүнээс гадна ДОХ-ын халдвартай ирж байгаа хүн ч байна. Ер нь халдвар авсан, аваагүй хөдөлмөрийн насны ид хийж бүтээх эрч хүчтэй залуусаа гадагшаа гаргаад байдаг нь зөв юм уу. Үүнийг төр засаг бодох цаг болсон байх.

-Гадаадад хөдөлмөр эрхэлж байгаад ирсэн хүмүүсээс ДОХ-ын халдвартай хүн илэрсэн гэлээ. Хэдэн хүн байгаа юм бэ?
-Энэ бүртгэгдсэн хүмүүсийн 10 гаруй нь гадаадад ажиллаж амьдарч байсан хүмүүс байгаа.

-Хөдөө орон нутгаас нэлээд хэдэн тохиолдол илэрсэн гэсэн. ДОХ-ын халдвартай нэг эмэгтэйг Завхан аймагт амьдардаг гэж сонссон юм байна?
-Одоогийн байдлаар бүртгэгдээд байгаа халдвартай хүмүүсээс долоон хүний бичиг баримт нь хөдөө орон нутгийнх байсан. Түүнээс биш энэ тэр аймаг гээд хэлж болохгүй шүү дээ. Харин хүний дархлал хомсдолын вирустэй төрсөн нэг эх хөдөө аймагт байгаа. Тэндээ ч гэсэн эмчийн хяналтад л байгаа. Түүнээс биш аймаг, сумыг нь хэлээд хэрэггүй шүү дзэ.

-Анх л ДОХ хэмээх аймшигт өвчний талаар ойлголттой болохдоо нэг ДОХ-той хүний цаана зуун хүн байгаа гэж тооцдог байсан. Харин одоо ингэж үзэх нь хэвээр байгаа юу. Тэгвэл ч манай улсад 4800 хүн ДОХ-той байх магадлалтай юм байна?
-ДОХ-ын тархалтыг тогтоох арга улам нарийн болсон. Нэг хүний цаана 100 хүн хэмээн 1990-ээд оны үед үздэг байсан бол 2008 он гараад 1000 хүртэлх хүн байж болох юм гэсэн тооцоо гаргасан. Үүнийг яаж гаргадаг вэ гэхээр, хүн амын эрүүл мэндийн байдал, бэлгийн замын өвчлөл, цусаар дамжих халдвар гээд маш олон хамаарлыг судалж үззэд тэдэн хүн байх магадлалтай гэсэн тооцоог компьютерийн тусгай программаар гаргадаг. Түүнээс биш бид үүнийг бодоод л толгойдоо ургуулаад байна гэсэн юм байхгүй болсон.

-Дэлхийд ДОХ-ын тархалт ихтэй улсын тоонд манайх багтдаг уу?
-Дэлхийд ДОХ-ын тархалт ер нь бол их болсон. Үүнээс хүн бүхэн цочирдохоо больсон. Манай хөрш ОХУ болон БНХАУ дэлхийд ДОХ-ын тархалтаараа тэргүүлдэг таван орны хоёр нь шүү дээ. Тиймээс манай хүн ам энэ хоёр улстай хамааралгүй амьдарна гэж байхгүй болохоор энэ нь ч ДОХ болон бэлгийн замын өвчлөлийн тархцад тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Харин дэлхийд улс орнуудыг тархалтаар нь их, дунд бага гэж гурав ангилж байгаа юм. Манай улс бага тархалттай улсын тоонд Орж байна. Гэхдээ бага гээд санаа амарч болохгүй.

-Ингэхэд ДОХ-ын өвчлөлд сексийн чиг хандлага хэр нөлөө үзүүлж байна вэ?
-Одоо ДОХ-ын халдвартай гэх хүмүүсийг 100 хувь гэж үзвэл үүний 75 хувь нь эрчүүд байгаа. Энэ халдвартай 36 хүний 80 хувь нь гей болон бисекс залуус байна. Тэд эрэгтэй ч хүнтэй хавьтдаг, эмэгтэй ч хүнтэй хавьтдаг. Тийм болохоор ийм хүмүүс бэлгийн замын халдварт өвчин болон ХДХВ-ээр өвчлөх нь хамгийн их байгаа юм. Гэхдээ тэднийг ийм байлаа гээд ялгаварлан гадуурхаж болохгүй. Тэд мэдээж, эхээсээ ийм өвчтэй төрөөгүй нь мэдээж.

-Хүмүүсийн дунд ийм яриа байдаг л даа. ДОХ-той хүүхэд төрлөө гэхэд бага байхад нь түүнийг халдвартай байна уу, үгүй юу гэдгийг оношлох боломжгүй. Харин насанд хүрсний дараа болдог гэсэн яриа байдаг. Энэ талаар?
-Энэ их буруу ойлголт. Яагаад гэхээр халдвар тээсэн эхээс хүүхэд төрөөд нэг нас зургаан cap хүртэлх хугацаанд л ДОХ-ын халдвартай байгаа эсэхийг оношлох боломжгүй. Харин үүнээс хойш бол шинжилгээ хийхэд үнэн зөв гарна. Иймээс ер нь бол ДОХ-той эхээс ДОХ-той хүүхэд төрөх магадлал 60 хувьтай байдаг юм.

-Хүн анхны хавьтлын үед ДОХ-ын халдвар авах магадлал хэр өндөр байдаг юм бэ?
-Хүн 100 хүнтэй бэлгийн харьцаанд орлоо гэхэд нэг хүн нь халдвар авах магадлалтай байдаг юм. Тухайн халдвартай хүнтэй бэлгийн харьцаанд орж байгаа хүн бэлгийн замын ямар нэгэн үрэвсэлт өвчинтэй бол ДОХ-ын халдвар авах боломж их байна. Тиймээс манай залуус сардаа нэг шинжилгээнд хамрагдаж байвал өөрсдийнх нь эрүүл мэндэд тустай. Манай төвөөр өдөрт 205 орчим хүн шинжилгээнд хамрагддаг. Гэхдээ улам олон хүн шинжилгээнд хамрагдах хэрэгтэй байна.

-Хүний дархлал хомсдолын вирус ДОХ-ыг хүний дархлааны вирус суларлаа гэдгээр ойлгодог?
-Эрүүл хүнд хүний дархлааны эм нь 1000-1200 метр куб байдаг. Гэтэл хавдартай ХДХВ-тэй хүнд энэ нь 200 метр куб болон түүнээс доош хэмжээтэй болж буурсан байдаг. Шинжилгээ хийхэд л дархлааны эс нь ийм хэмжээтэй байвал ДОХ-ынхоо шатанд явж байна гэж үздэг.

-Манай улсад анх л ДОХ-ын халдвар аваад одоо эрүүл энх явж байгаа хүмүүс байгаа юу?
-Байлгүй яахав. 1997 онд Камеруны иргэнээс ДОХ авсан эмэгтэй Одоо болтол байж л байна. Хамгийн гол нь эмчийнхээ хяналтад байгаад үзүүлж, эмчилгээгээ хийлгэх үедээ хийлгээд явж байх хэрэгтэй.

SOURCE: Өнөөдөр

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.