Гэр бүл ба улстөр

Насанд хүрсэн хосууд төрсөн болон үрчилсэн хүүхдүүдтэйгээ хамт нэгэн гэрийн аж ахуйг хөтлөн амьдрахыг гэр бүл гэдэг. Гэр бүл гэдэг нь хосууд сайн дурын үндсэн дээр хууль ёсоор холбогдсон холбоо юм. Нийгмийн хамгийн жижиг институци ч гэж үзэж болно. Гэр бүлийг монгол сэтгэлгээгээр гал голомт гэвэл бидний уламжлалт соёлд илүү ойр буух юм. Нэг хүн нэг л эхнэр болон нөхөртэй албан ёсоор гэрлэхийг гэр бүлийн моногами хэлбэр гэдэг.

Монголын хувьд дундад зуунаас хойш XX зууныг хүртэл цөөн тооны язгуур угсаат ноёдыг эс тооцвол уламжлалт нүүдлийн ахуй, хүн ам цөөн, шашин зэрэг онцлогоос шалтгаалан гэр бүлийн моногами хэлбэр ноёрхсоор ирсэн орон. Ерөөс хүн төрөлхтөний соёл иргэншлийн түүхэнд моногами, полигами гэсэн үндсэн хоёр хэлбэрийн гэр бүл давамгайлж иржээ. Полигами гэдэг нь нэгээс илүү эхнэр буюу нөхөртэй байхыг хэлдэг. Гэхдээ полигамийн хоёр хэлбэр байдгийн нэг нь эр хүн хэд хэдэн гэргий ёслон авахыг полигини гэдэг бол эсрэгээр нь нэг эмэгтэй нэлээд хэдэн нөхөртэй суухыг полиандр гэнэ.

Эрдэмтдийн судалж тогтоосноор 565 өөр янзын соёлын дийлэнхэд нь нэг эр олон эхнэр авах полигини хэлбэр ноёрхож ирсэн түүхтэй. Барууны соёлд моногами гэр бүлийг дээдэлдэг. Монголчууд бид энэ соёлын бүтээгдэхүүн болсон ардчиллыг авсан болохоор манай нийгмийн гэр бүлийн үнэт зүйл нь нэг л гэргий буюу нөхөртэй байдаг моногами гэр бүл юм.

1950-иад оны аж үйлдвэрийн хувьсгал эхлэхээс өмнө барууны болон бусад соёлд гэр бүл гэдэг нь хоёр хүний сайн дурын холбоо гэхээс илүү газар хагалж, гар урлалын ямар нэгэн аж ахуй эрхэлдэг аж үйлдвэрийн нэгж байжээ. Тэр үед хэн нэгэн залуу ханиа сонгохдоо хайр дурлал, хувийн сонголтоороо биш ердөө л өтгөсөө халамжлах, удам угсаагаа үргэлжлүүлэх, өрхийн үйлдвэрлэлийг тасралтгүй үргэлжлүүлэх зайлшгүй шаардлагаар гэр бүл зохиож, насан туршдаа түүнийгээ орхихгүй хэмээн шашны ёслол үйлддэг байлаа. Төв европт эгэл тариачин гэрлэхдээ газрын эзнээсээ зөвшөөрөл авдаг байв. Хатуу чанд католик шашны урсгал гэр бүл салалтыг хориглосоор ирсэн нь улс төрийн бодлогод гэр бүл гэсэн сонирхолтой хуудсыг нээхэд хүргэсэн байна. Америкт хөл тавьсан шинэ англичууд эзэлсэн нутгийнхаа ихэнх мужид гэр бүл цуцлах хуультай болсон юм. Эрх чөлөөний үзэлтнүүд хар арьстнуудыг боолчлохын эсрэг хөдөлгөөтэй зэрэгцүүлэн гэр бүлд далдуур ноёрхож байсан хүчирхийллийг ч устгахыг шаардах болсноор нийгэмд олон жил ноёрхсон хуучинсаг үзлийг ялж чаджээ.

Ерөнхийдөө дэлхийн хоёрдугаар дайны дараах үе гэр бүлийн амьдралд эвдэн сүйтгэх нөлөө үзүүлсэн гэж судлаачид тэмдэглэдэг. Дайны дараа сая сая эмэгтэй бэлбэсрэн, салалтын тоо Европт 10 дахин нэмэгдэж, эр нөхрөө алдсан бүсгүйчүүд гэр бүлээ тэжээгч болон үлдсэнээр нөхөр-тэжээгч, эхнэр-гэрийн эзэгтэй гэсэн уламжлалт загварыг бүрмөсөн эвдсэн юм. Одоо бол салалтын дараахь хоёр дахь гурав дахь гэр бүлүүд, хамтран амьдрагчид, ганц бие эцэг эхчүүд нэмэх нь хүүхэд, эсвэл ердөө л нэг хүнээс бүрддэг өрөөсгөл гэр бүл, ижил хүйстнүүдийн гээд гэр бүлийн олон хэлбэр нэгэнт бий болоод байна. Европ, Америкийн улс төрд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчлах эсэх нь маргаант сэдэв байхаа хэдийнэ больжээ. Эцэст нь орчин үед хүн өөрийнхөө аз жаргалын үүр байлгах гэж л гэр бүл зохиодог болсныг судлаачид тэмдэглэж байгаа юм. Хэдийгээр баруунд салалт их байгаа ч хүн гэр бүлээс л аз жаргал олж авдаг, халуун дулаан гал голомт, гэрлэлт гэдэг нь нийгмийн болон хувь хүний хамгийн үнэт зүйл гэдгийг хүлээн зөвшөөрөх хандлага хүчтэй болж байна. Киногоор дамжуулан америк соёлыг дэлхий даяар түгээгч Холливудад Мэрилин Монро, Одри Хэлберн, Грета Гарбо маягийн ганц бие, сайхан хүүхнүүдийн загвар өөрчлөгдөн, одод олон хүүхэдтэй, өнөр өтгөн, бат бэх гэр бүлтэй байхыг чухалчлах болжээ. Ийнхүү баруунд гэр бүлийн үнэт зүйл эргэн ирж байна.

Монголд 1924 оны Үндсэн хуулиар эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хуульчлан, эмэгтэйчүүд ажил эрхэлдэг болж, хотжилт эрчимжсэнээр нүүдэлчний уламжлалт гэр бүлийн хэлбэр асар хурдан өөрчлөгдсөн юм. Манайд социализмын далан жилд зөвлөлт маягийн хөдөлмөрчин, өнөр өтгөн гэр бүлийн хэв маяг зонхилж, салалт чөлөөтэй ч үзэл суртлын хүчтэй нөлөөн дор оршиж байлаа. 1990 оны ардчилал өнөөх социалист гэр бүлийн хэв загварт бас л “эвдэн сүйтгэгч” нөлөө үзүүлснээр өнөөдөр манай нийгэмд гэр бүлийн үнэлэмж ноцтой буурсаар байна. Жилээс жилд өссөөр байгаа гэр бүл салалт, шүүхээр орж цуцлуулаагүй ч эхнэр нөхрийн аль нэг нь далай гатлан амьдрал хөөн одсоноос хоёр тийшээ болчихсон мянга мянган монгол айл байна.

УЛС ТӨР БА ГЭР БҮЛ, ГЭР БҮЛ БА УЛС ТӨР

Манай өнөөгийн нийгэмд гэр бүлийн үнэлэмж ингэтлээ дор орсны гол буруутан нь улс төр ба улстөрчид. Монгол улстөрчид гэр бүлийн үнэт зүйлийг сэргээх бодлого, санаачлага дэвшүүлэх биш, гадаадад хар ажилд мянга мянгаар нь явуулах тухай амласаар сонгогддог. Өнөөдөр Солонгост гэрээгээр болон хараар ажиллаж байгаа хүмүүсийн хэчнээн хувь нь гэр бүлээсээ салж, хэдэн хүүхэд өнчирч байгаа тоо албан ёсоор байхгүй. Урагшгүй улстөрчдийн буруугаар Монголын мянга мянган гэр бүл хамтдаа амьдарч чадахгүй байна. Манай анхны байнгын ажиллагаатай парламент Улсын бага хурлын нэгэн гишүүн нэг эрэгтэй хоёроос дээш эхнэртэй байх тухай хуулийн төсөл санаачлаад хэлэлцүүлж байсан марзан жишээ бий. Моногами гэр бүлийг дээдэлдэг барууны ардчиллыг сонгочихоод полигини гэр бүлийн хэлбэрийг хуульчлах санаа шинэ парламентын, нэгэн гишүүнд нь төрж байснаас үзэхэд бид Европ, Азийн соёлын хачирхалтай эрлийз сэтгэлгээтэйг гэрчилнэ. Нөгөө талаас ардчиллын хамгийн үнэт зүйл болсон тэгш эрхийн зарчим талаас нь авч үзвэл нэгэнт л полигами гэр бүлийг хуульчлах гээд байгаа бол зөвхөн эрэгтэйчүүд нэгээс дээш эхнэртэй байх биш ерөөсөө эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсийн хүн хүсвэл нэгээс дээш эхнэр буюу нөхөртэй байхыг хуульчлах тухай ярих нь зүйтэй байсан юм. Инээдэмтэй нь асуудал ийм тал руугаа эргэнгүүт полигам гэр бүлийг санаархагч улстөрчид таг болдог. Бодвол өөрийнх нь гэргий л залуу нөхөртэй болчих юм шиг санагдан жихүүцдэг биз.

Одоогоос арван долоон жилийн өмнөх гэнэхэн улстөрчид хөөрхий, эрэгтэйчүүд нэгээс дээш эхнэртэй байх тухай хууль санаачлаад л өнгөрч байсан бол өнөөдрийн “дүү нар” нь албан бусаар нэлээд хэдэн эхнэртэй эсвэл эхнэргүй атлаа хэд хэдэн найз бүсгүйтэй байдаг болжээ. Хүний гэр бүлийн асуудал нь хувийн нууцад хамаарагдах боловч ардчиллын зарчмаар сонгогчийн итгэлийг хүлээн төрийн түшээ болсон эрхэмд энэ нууц хамаарагдахгүй. Сонгуулийн үеэр пиджакаа мөрөндөө тохох буюу, дэлбэгэр бүрх духдуулсан зургаараа гудамж, самбарыг дүүргээд байдаг “улстөрчид” намтартаа “гэр бүлтэй” гээд тодорхой мэдээлэл тавихаас зайлсхийх, гэргийтэйгээ авахуулсан зураг нь яагаад ч юм байхгүй, бөх мөх, адуу малтай татуулсан зургаа сурталчилгаандаа тавих мэтийн муу арга хэрэглэсээр сонгогдож дөнгөдөг. Аливаа нийгэмд баялгаас хамгийн их хүртэж байгаа бүлэг давхарга олны анхаарлын төвд байж, хүссэн хүсээгүй сайн муу идеал дүрийг нь бүтээж байдаг.Манайд ямар холливуд, болливуд байх биш. Цөөхөн тамирчин, жүжигчин нь барууных шиг нийгмийн баялгаас асар ихээр нь хүртэх боломжгүй болохоор оддын хүрээг ерөнхийдөө төсвөөс мэндэлсэн баячууд буюу улстөрчид л бүрдүүлж байдаг.

Сонинуудын тэргүүн нүүрүүд, телевизийн мэдээний төвд албан болон албан бусаар нөгөө улстөрчид нь л заларч байдаг. УИХ дахь 72 гишүүний дунд хоёр дахь гэр бүлээ зохиосон, хуучин гэр бүлээ гадаадад “цөлчихсөн”, туслахаа аваад суусан, ил далд хэд хэдэн эхнэртэй,өөрөөсөө үе мултарсан охиоосоо балчир охидтой холбогдон “шар сэмжилдэг” хүмүүс сууж л байдаг, тэд ганц нэг шар мэдээнд бичүүлээд дөжирчихсөн л байдаг. Ингэсээр сайн морь, сайхан хүүхнээр гангарах нь “чөмөгтэй” эрийн шинж гэх ухааны ойлголт нийгэмд төлөвшүүлэхэд жинтэй хувь нэмрээ оруулж, олон нийтийн сэтгэлгээнд ч “За ажлаа л сайн хийж байвал хувийн амьдрал нь хэнд хамаа” гэсэн гэнэн, ивээнгүй хандлага ноёрхох боллоо. Сонгогчид бидний энэ ивээнгүй сэтгэлийн хариуд тэд татвар төлөгчдийн хөрөнгөөр нэг биш нэлээд хэдэн гэр бүлээ тансаглуулах гэж улам ч шунахайран “идэж” ууна. Тэдний л тухай мэдээллээр тархи нь угаагдаж байдаг олонхийн сэтгэлгээ, залуучуудын ёс суртахууныг хордуулсаар байх болно.

Ийм л улстөрчид нийгмийн амьдралын хамгийн анхдагч нэгж болсон гэр бүлийн өмнө тулгарч байгаа эмзэг асуудлыг мэдэрдэггүй, мэдэрсэн ч шийдвэрлэхийг хүсдэггүй, өөрсдөө олонхийн сэтгэлгээнд гэр бүлийн үнэлэмжийг унагаж байгаа юм. Улстөрчийн хувийн амьдрал бидний өмнө нээлттэй байх ёстой. Тиймдээ ч Билл Клинтон Моника Левинскитэй харилцаатай байснаа нуусандаа уучлал гуйж, БНН-аас дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Сара Пейлиний насанд хүрээгүй охин хууль ёсоор гэрлээгүй атал жирэмсэлсэн тухай шуугиж байна. Нээлттэй нийгэмд амьдарч сурсан, хариуцлагатай олон нийт улстөрчид битгий хэл оддыг ч ёс суртахууны хувьд үлгэр жишээ байхыг шаарддаг. Ерээд онд барууны залуусын шүтээн байсан “Spiсe girls”-ын хоёр гишүүн нэлээд эрт ээж болсноос Их Британийн ахлах сургуулийн охидын дунд жирэмслэлт эрс нэмэгдэж, эцэг эхчүүдийн “Нэгэнт тэд одод учраас асар олон фенүүддээ үлгэр жишээчээр амьдрах үүрэгтэй” хэмээн хатуу шүүмжлэлтэй тулгарч байсан. Өөрсдөө гэр бүлийн хувьд тогтворгүй, хоцрогдсон үзэлтэй манай улстөрчид гэр бүлтэй холбоотой олон хууль батлах ажилд хачирхалтай хойрго хандсаар ирсэн. Жишээ нь Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэх тухай хуулийг батлахгүй 1992 оноос хойш 2001 оныг хүртэл хойшилсны шалтгаан нь дэлхийн ихэнх оронд хүүхэд, эмэгтэйчүүд, хөгшдийг төр хамгаалалтдаа авах зорилгоор баталдаг энэ хууль манай улстөрдөд нэг л эвгүй, өөрийнх нь эсрэг ч юм шиг сэтгэгдэл төрүүлж байсанд байгаа юм. Өнөөдөр нэг хөнжилд орчихоод байгаа хоёр том нам ч мөнгө тарааж сонгогчдын саналыг худалдан авахаа бодохоос биш мөрийн хөтөлбөртөө гэр бүлийн тогтвортой байдалд дэмжлэг үзүүлэх бодлогын чанартай заалт хэзээ ч дэвшүүлж байсангүй. МАХН шинээр гэрлэгсдэд 500 мянган төгрөг олгож байгаагаас өөрөөр олон жил тогтвортой амьдарч байгаа гэр бүлийг дэмжих ганц ч алхам хийгээгүй.

Гэр бүлийн тухай хууль ч өнөөдрийн амьдралаас асар их хоцрогдож, орлогыг нь тодорхойлох боломжгүй бизнес эрхэлдэг хүмүүс олон байдаг, далд эдийн засаг цэцэглэсэн манай нөхцөлд гэр бүл салсны дараа эмэгтэйчүүд хүүхдийн тэтгэмж гэж сард 35 мянган төгрөг тогтоолгоод л хоцорч байхад энэ хуулийг шинэчлэх хэд хэдэн санаачлагыг УИХ-ын байнгын хороод унагасаар ирлээ. Гэр бүл салалтын дараа хүүхэд эмэгтэйчүүд хохироод хоцорч байгаа учраас Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэх хэрэгтэй байна гэж хууль санаачлагчдыг тайлбарлахад “Гэр бүлийн амьдралыг хуулиар биш сэтгэлээр зохицуулдаг юм” гэж тав улиран сонгогдсон нэгэн хашир улстөрч тайлбарлаж байв. Ардчилсан эрх зүйт төрд хууль хэрэггүй, сэтгэл л гол байх нь. Ер нь бодоод байхад өөрсдөө ч тийм л уяхан сэтгэлээ дагаад таалагдсан бүсгүйгээ хоёр дахь, гурав дахь эхнэрээ болгож аваад байдаг бололтой. Юмыг яаж мэдэх вэ, Гэр бүлийн тухай хууль чангарчихвал өөрөө горыг нь амсч хөрөнгөнийхөө ихэнхийг хуучин эхнэртээ алдахаас болгоомжилдог нь ч бий байх. Ямар үр тарина, түүнийгээ л хураадагчлан бид ийм л улстөрчдийг сонгосон учраас манай нийгэмд гэр бүлийн үнэлэмж шалдаа бууж, мянга мянга гэр бүл жаргалын үүр байж чадахгүй байна.

Б.Шүүдэрцэцэг
SOURCE: zuuniimedee.mn

2 Comments

  1. seku says:

    IImerhuu buzar yumnuudiig tatan buulgadag bolmoor bn

  2. MN says:

    Үнэн бичжээ.УИХ-ын гишүүд гэр бүлээ тэжээхээс гадна нууц амрагуудаа тэжээх гэж бас зовж байгаа амьтад хөөрхийс.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.