БЭЛГИЙН ГАЖ ЗАН ҮЙЛ /4 хэсэг/

Войеризм

Хүний нүцгэн биеийг нууцаар харж бэлгийн таашаал авах үзэгдлийг войеризм гэдэг. Гэтэл бусдын нүцгэн бие төдийгүй, бэлэг эрхтэн, бэлгийн зан үйл үйлдэж байгааг нууцаар харж бэлгийн таашаал авах үзэгдлийг скотофили гэж нэрлэдэг. Скотофили нь войеризмын нэг төрөл юм.

Войерист зан үйл эрэгтэйчүүдийн дунд илүү тохиолддог. АНУ-д бусдын нүцгэн байхыг нууцаар харахыг хуулиар хориглосон тул ийм үйлдэл хийсэн хүмүүсийг баривчилдаг аж. АНУ-ын Мөрдөх товчооны мэдээгээр войеризмын улмаас баривчлагдсан 10 хүн тутмын 9 нь эрэгтэй, 1 нь л эмэгтэй байсан байна.

Стриптиз баар, эротик киноноос нүцгэн эмэгтэйг харвал ихэнх эрэгтэйчүүдийн сэрэл хөдөлж, таашаал авдаг. Гэтэл войерист зан үйл нь нүцгэн хүнийг харах үйлээр бэлгийн хавьтлыг орлуулах хэмжээнд хүрэх, эсвэл нүцгэн хүнийг харахын тулд хүн ичиж зовохоо мартан өөрийгөө золиослохоос ч буцахгүй болж эхэлбэл парафилийн хэмжээнд хүрч буйн илрэл юм.

Войерист эрчүүд ихэвчлэн таньж мэдэхгүй эмэгтэйг нууцаар харахыг эрмэлздэг ба цаад хүндээ мэдэгдэхгүй байхыг чухалчилдаг ажээ. Нүцгэн хүнээр дүүрэн наран шарлагын газрыг бид тэдний хувьд “диваажин” гэж бодож болох боловч үнэндээ бол үгүй аж. Тэдэнд бусдыг нүцгэнээр харахаас илүү нууцаар хийж буй гэсэн мэдрэмж, хүн мэдчихвий гэсэн болгоомжлол нь илүү чухал байдаг байна.

Войерист зан үйл хийдэг хүмүүс заримдаа бусдад аюултай, заримдаа аюулгүй байдаг. Дараах тохиолдолд тэднийг бусдад аюултай гэж үзэж болох талтай:

  1. Нүцгэн хүн харах гэж байшин барилгын цоож, бусад битүүмжлэлийг эвдэх, зөрчих
  2. Нууцаар харж буйгаа хүндээ мэдэгдэх

Нэгэн судалгаанаас харахад эмчилгээ хийлгэхийг хүссэн 561 парафилитай эрэгтэйчүүдийн 62 нь войерист зан үйлтэй байсан байна (Abel & Rouleau, 1990). Тэдний гуравны нэг нь 12 наснаас, хагас нь 15 орчим насанд войеризмд сонирхолтой болсон тухайгаа өгүүлсэн байдаг. Тэдний тооцсоноор нэг нь л гэхэд дунджаар 470 орчим хүнийг нүцгэн байхад нь нууцаар харсан байжээ.

Войерист зан үйл хийсний улмаас баривчлагдсан хүмүүсийг судалсан нэгэн судалгааны тайланд гэр бүл, эцэг эхтэйгээ сайн харилцаатай боловч үе тэнгийнхэнтэйгээ төдийлэн харилцаа сайн биш байсан, айлын бага хүүхэд болж төрсөн хүмүүс войерист зан үйлтэй болох хандлагатай гэж үзсэн байдаг. Тэдний ихэнх нь эгч нартай байсан тухай ч дурдсан нь бий. Гэвч эдгээр судалгаанд эмчилгээнд сайн дураар ирсэн, эсвэл “туршлагагүйн” улмаас баривчлагдсан хүмүүс л хамрагдаж, войерист зан үйлд “жинхэнээр” автсан хүмүүс нь хамрагдаагүй тул энэхүү үр дүнг баталгаатай гэж үзэхэд хэцүү юм.

SOURCE: Хүний бэлгийн амьдрал

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.