Зах зээл эхлээд монголчуудын амьдрал хорь шахам жилийн хугацаанд тарчигхан байсны гороор гэр орноосоо дайжин орц, хонгилд хоног төөрүүлэх хүүхдүүд олширч, тэднийг “тэнэмэл” хэмээн цоллох болсон. Гэтэл сүүлийн үед “Тэнэмэл хүүхдүүд хааччих аа вэ. Хаашаа л харна гуйлга гуйж, нусаа татан явдаг тэд өнөөдөр хүний наймааны золиос болжээ” гэх яриа ам дамжин тархаж, зарим хүний эрхийн байгууллагууд тэднийг “эд эрхтний донор болчихжээ” хэмээн батлах болсон.
Ер нь ганц хүүхэд гэлтгүй хэн мөнгө их өгнө гэснийг нь дагаж явах эмэгтэйчүүд, ар гэрийн хайхрамж муутай хүмүүс хүний наймааны гол хохирогч болоод байгаа гэдэг ч нотлох баримтгүй болохоор ярихаас цаашгүй байсан.
Харин саяхан хүн худалдаалсан хэргээр таван хүн шоронгийн хаалга татсан ч “Монголчууд ямар ажил хийхээр яваагаа мэдсэн атлаа өөрсдийг нь дагаж хил давдаг байсан” гэдгийг дээрх хүмүүс мэдүүлэгтээ дурьдсан.
Ардчилал хөгжөөд хүн бүр хил гарч наймаа хийх үеэс эхлэн монгол эмэгтэйчүүд Эрээнд биеэ үнэлэн хэдэн цаас олдог болсон нь үнэн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл олон мянган монгол эмэгтэй Хятадын мужуудад бие үнэлэх нь ихэсч, эцэстээ дийлдэхгүйд хүрэхэд “улаан дэнлүүний ордон” хэмээгчийг байгуулан эмх цэгцэнд оруулж авсан түүх бий.
Өнөөдөр БНХАУ-д биеэ үнэлж байгаа монгол эмэгтэйчүүд олон байдаг ч сайн дураараа энэхүү ажлыг хийж байгаа нь 70-80 хувь байдаг гэсэн судалгаа холбогдох байгуулагынханд байдаг. Энэ талаар манай Эрээн дэх консул ч баталдаг. Хүн наймаалахад зуучилдаг хүмүүс Хятад, Монгол хоёрын дунд хэдэнтэй явж, тэднийг гаалийнхан ч андахаа больчихсон байдаг гэнэ.
Эх орондоо багтах газаргүй болсон, хийх ажилгүй эмэгтэйчүүдийг олж уулзаад бизнесийнхээ саналыг тавихад өнөөдүүл нь ч гэсэн зөвшөөрдөг. Ингээд хоёр тал зөвшилцсөний дүнд бичиг баримтаа бүрдүүлэн хил давдаг байна. Гэхдээ ингэснээр шууд ажилтай болчихно, эсвэл зүгээр л бусдад худалдаалагдчихна гэж үгүй. Хүрэх газартаа очсоны дараа буудлын (янхны газрын) эзэн ирсэн хүүхнүүдийг бүдүүн нарийн, галбиртай галбиргүйгээр нь шалгаж үзээд тохирох хүүхнүүдийг авч үлддэг аж.
Харин бусдыг нь гэртээ харихыг зөвлөдөг боловч тэд өөрсдөө л мөнгө олох хэрэгтэй хэмээн ямар ч хамаагүй ажил олж өгөхийг гуйсаар хэн нэгэн хятад эртэй дэр нэгтгэн тэндээ үүрд үлддэг гэнэ. Ийм тохиолдол маш олон байдаг тухай элчингийн ажилчид ч нуудаггүй. “Тэднийг бусдад албан хүчээр зарагдсан, хүний наймааны золиос болсон юм бол туслах гээд, эх орон руу нь буцаах гээд очихоор өөрсдөө зөвшөөрдөггүй” хэмээн ярьж байсан юм.
Гэхдээ монголд хүний наймаа огт байдаггүй гэж хэлэх гэсэн юм биш. Охид хүүхнүүдийн тухайд ийм байдаг бол гудамж талбайд харагдахаа больсон хараа хяналтгүй хүүхдүүд хаашаа алга болсон талаар ч тодорхой баримтууд мэргэжилтнүүдэд байдаг. Тэдгээр хүүхдүүд өнөөдөр хүний наймааны золиос болоход нөлөөлсөн хүчин зүйл, хууль зөрчиж байгаа хүмүүсийг хөхүүлэн дэмжиж байгаа газар бол яахын аргагүй гаалийнхан гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу.
Ингэж хэлж байгаагийн учир нь Монгол Улсын аль ч хилээр хүүхэд дагуулсан хүн гарахад түүнийг ямар ч асуудалгүйгээр гаргаад явуулчихдаг. Хамгийн эмгэнэлтэй нь тэр хүн буцаад хүүхэдгүй ороод ирэхэд зүгээр л нэвтрэх эрх олгочихдог болохоор манай улсад хүүхдийг хүний наймаанд ашиглах нь бодит зүйл гэнэ. Ядаж хил гааль дээр хатуу хараа хяналттай байсан сан бол өнөөдөр хэдэн арваараа тоологдох хүүхдүүд хил дамжин худалдаалагдахгүй л байсан болов уу.
Нийгмийн толь
1 Comment
Malaa toolj chaddag hernee hynee toolj chaddaggyi uls, hen durtaig ni oruulj gargaj bdg hil nertei gaaligyi uls yumuudaa. 1 hyn 4n irgenii ynemlehtei, tursun on sar ni uur uur bj l bdg yum bilee.