Бэлгэвч хэрэглэдэггүй монголчууд буцаад хамаргүй болох дог оо

200519167-001

Бид ДОХ-ын тархалтын тоог хуруу даран тоолдог хэр нь бэлгийн замын халдварт өвчнийг юман чинээ санахгүй явсаар өдийг хүрчээ. Манайд түгээмэл байдаг тэмбүү, заг, хүйтэн, трихомониазын халдвар хүн ардыг маань хөдөө, хотгүй хэрээд байна. ДОХ-ын халдвар авсан л бол эдгэрэхгүй хүний амийг авч байж салах аюултай өвчин. Харин сүүлийн үед геометр прогрессоор өсөж байгаа тэмбүү үүнээс илүү хор хөнөөлтэй. Энэ нь монголчуудын хувьд шинэ өвчин биш. XIX, XX зуунд байж л байсан. Өнгөрсөн зууны эхэн үед Монгол Улсын хүн амын өсөлт зогсонги байдалд орсон. 750 мянган хүн амтай манай улсын иргэд бэлгийн замын халдварт өвчинд нэрвэгдсэн, их зохиолч Д.Нацагдоржийн хэлснээр хөмөрсөн тогоон доторх харанхуй Монгол байлаа. “Хүн амын өсөлт ийн зогсонги байдалд орсон нь бэлгийн замын халдварт өвчин газар авсантай холбоотой. Тэмбүүгийн өвчлөл хоёрдугаар үедээ орвол үр тогтохгүй, зулбана. Хамар унах зэрэг хүндрэл ихтэй, хор хөнөөлтэй” гэж Арьсны өвчин судлалын төвийн зөвлөх, ардын эмч, профессор Ч.Долгор ярилаа. Гэтэл XXI зуунд бид тэр үедээ эргээд ирж буй бололтой.

ХДХВ-ээр халдварлах эрсдэлийг 20 хувиар нэмэгдүүлэх нөлөөтэй тэмбүү, заг хүйтэн, трихомониаз, бэлгийн үү зэрэг халдвар 15-35 насныхны дунд хамгийн ихээр тархжээ. Жилд дунджаар 10.000 гаруй хүн бэлгийн замын халдвараар шинээр өвчилж, эмнэлгийн тусламж авч байгааг Халдварт, өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэв. Эмнэлэгт хандсан нь энэ боловч өвдсөнөө мэдээгүй, мэдсэн ч хэнэггүй царайлаад бусдад халдвар дамжуулж яваа хүн хэд байгааг таахад бэрх. Ийн эмнэлэгт хандаж байгаа залуусын дийлэнх нь хотынхон. Хөдөөгийнхөн бэлгэвч хэрэглэх, халдвар авлаа ч эмнэлгийн бараа харах нь өдрийн од адил ховор тохиолдол гэнэ. Сумын төвийнхөн бие биенээ сайн танина. Тэгэхдээ бараг долоон үеэр нь тоолоод суухаа ч ядахгүй. Манай хөрш Доржийн хүү тэмбүү өвчин туссан юм байх гэж яривал хусаад хусаад арилахгүй муу нэр зүүж байгаа нь тэр. Гэхдээ эмчлүүлбэл дараа нь гарах хүндрэлээс өөрийгөө, нэр төрөө аварна гэдгийг ухамсарлахгүй байгаа хачин. Сумын төвийн гудамжны буланд байрлах жижигхэн ТҮЦ-нд бэлгэвч байх ч түүнийг худалдаж авдаг хүн гэж үгүй. Өнөөх нь зарагдахгүй барааны тоог нэмэн лангуун дор хэвтэх. Танилын нүүр халуун гэдэг. Хэн нэгэн миний “нууцыг” мэдчих вий гэхээс сүнсээ гартал айна. Ийн бодож дотроо хадгалж явсаар халдвар нь даамжирч эрүүл мэндэд нь дайсагнасаар байдаг бололтой. Хотод бол таньдаг эмч таарч нүүр улайлгахгүй. Хот бараадсан хүмүүсийн эмнэлэг рүү зүглэх эхний шалгуур энэ болов. Эрүүл мэндийн даатгал төлсөн иргэд эмнэлгийн тусламж үнэ төлбөргүй авдаг. Харин бэлгийн замын халдварт өвчтэй хүнд энэ хууль үйлчлэхгүй. Бэлгийн замын халдвар авсан л бол халааснаасаа мөнгө гаргаж эмчлүүлнэ. Энэ нь хувийн хэвшлийнхэнд ашигтай. Зах зээлийн эрэлт хэрэгцээгээ дагаад “Бэлгийн замын халдварт өвчнийг нэр хаяггүй эмчилнэ” гэсэн зарлал хаа сайгүй харагдах боллоо. Гэхдээ хувийн хэвшлийн олон эмнэлгийн ажлын үр дүн бас л харагдахгүй байгаа. Мэргэжлийн хүмүүс хувийн хэвшлийнхэн дутуу эмчилдэг гэж шүүмжилж байна лээ. Энэ ч оргүй яриа биш бололтой. Тэмбүү, заг, хүйтэн өвчнийг хуучин нэг, хоёр жилийн турш эмчилгээ хийдэг байж. Харин одоо шинжлэх ухаан хөгжөөд ингэж удаан зовоохоо больсон. Долоо хоногийн зайтай гурван удаа тариа хийдэг гэнэ.

Үүний дараа тодорхой хугацаанд эмчийн хяналтад байх ёстой ч манайхан дутуу хаяад явчихдаг муу зуршилтай. Өвчнөө дутуу хаячихсан залуу БНСУ руу гэрээгээр ажиллахаар явахын өмнө шинжилгээ хийлгээд эрүүл мэндээрээ тэнцсэнгүй. Эмчилгээгээ дутуу хаяснаар ингэж хохирч болохыг залуус анзаараасай. Энэ талаар эмч нар ч төдийлөн ойлголт өгдөггүй, тариаг нь хийж мөнгөө аваад л хоёр тийш болдог бололтой. Манай улсад бэлгийн замын халдварт өвчин их байсныг бид мэднэ. Тухайн үед Эрүүлийг хамгаалахын сайдаар ажиллаж байсан Г.Туваан 1956-1957 онд Монгол- ЗХУ-ын газрын хэлэлцээр хийж, хүн амаа эрүүл мэндийг үзлэгт хамруулах ажлыг эхлүүлсэн. Үзлэг хийгээд зогсоогүй бүрэн эмчилсэн гэдэг. Тухайн үед орос, монгол эмч нар баг болон үе шаттайгаар ажиллаж нийт хүн амын 96 хувийг үзлэгт хамруулсан тухай уншсанаа санаж байна. “Нийт хүн амыг хамарсан үзлэг, эмчилгээний үр дүнд монголчууд эрүүлжсэн. 1962-63 онд эмнэлэгт үзүүлэхээр ирдэг хүн үгүй. Анагаахын дээд сургуульд багшилж байхдаа тэмбүү гэж ийм өвчин байдаг гэж жишээ татах өвчтөн олдохгүй зураг үзүүлж оюутнуудад тайлбарладаг байсан тухайгаа Ч.Долгор эмч сонирхуулав. Ийн эрүүлжсэний ачаар манай улсын хүн ам эрчимтэй өссөн. Сая гаруй хүн амтай дэлхийн том хотын зэрэгт хүрсэн гэж ам бардам хэлэх эрхтэй болсныг халдварт өвчнөөсөө ангижирсантай холбохгүй байж болохгүй. Ингэж цус нь цэвэршсэн ард түмэн хагас зууны дараа дахин хуучин “бойтгоо” углахад ойрхон ирсэн нь харамсалтай. Эрүүл мэндийн газрын Статистик мэдээллийн албанаас авсан мэдээллээр өнгөрсөн онд тэмбүүгээр 4979 хүн өвчилж, зургаа нь нас баржээ. Үүний өмнөх жил энэ тоо 3306 байж. Уг нь эрт эмнэлэгт хандсан бол тэмбүү аминд хүрэх өвчин биш гэнэ. Тэр дундаа эмнэлгийн тусламж үйлчилгээ хаяанд ирсэн XXI зууны монголчууд муу нэрт өвчнөөр амиа алдаж байгаа нь эмгэнэл. Ажилгүйдэл, ядуурал, архидалт, гудамжинд гарах зэрэг нийгмийн эмзэг асуудлууд бэлгийн замын халдварт өвчи н тархах бас нэг шалтгаан. Ажилгүй, ядууралд нэрвэгдсэн эмэгтэйчүүд амьжиргаагаа залгуулахын тулд биеэ үнэлж байна. Биеэ үнэлэгчдэд хандсан бэлгийн замын халдвараас сэргийлэх төсөл, хөтөлбөр сүүлийн жилүүдэд чамгүй хэрэгжиж байгаа. Тэглээ гээд байдал дээрдсэнгүй. Өсвөр насныхан, их, дээд сургуулийн оюутнуудад бэлгийн зөв хүмүүжлийн талаар сургалт явуулж, мэргэжлийн хүмүүсээр лекц уншуулж яагаад болохгүй гэж. Орчин үед хоцрогдсон уйтгартай гэж хэлж болох ч энэ аргыг хэрэглэсний үр дүнг ахмад үеийнхэн маань хүртсэнийг мартах учиргүй. Мэдээлэл хүргэх хэрэгтэй. Мэдэхгүйгээс болж залуус халдварт өвчинд өртөж байна. Тэмбүү, заг хүйтэн өвчнөө арилгавал нэг дор хоёр гурваараа илрэх болсон ДОХ-ын халдварын тооч цөөрнө.

Өнөөдөр

2 Comments

  1. duuyaa says:

    би ийм обчин абчижээ тэгэд би яах бэ тэмбүү овчин эмчилгээ хийлгэсэн ч цусанд илэрдэг ум уу хариу

  2. hongoroo says:

    ene uneheer unen shuu zaluusaa ta buhen belgiin zov humuujiliin talaar surgaltand zailshgui suuh yostoi shuu ene bidend mash ih heregtei ene taliin medlegguigees bolj bidnii dund belgiin zamiin ovchinoor ovchilson hun zondoo bii shuu magadgui chinii hajuud baidag hun chin naiz nohod chin hurtel ovchtei baij bolno ter huniig chi yu hiij yavaag ter bur medehguishdee tiimees zaluusaa huviin ariun tsever sain sahij ovchilson bol zaaval emnelegt ochij emchluulj baigaarai

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.