Эр хүнийг та нар хааяа ч болов хайрлаач
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл
Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ
Эрдэмт хөвгүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ
Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ
Эрчүүдийг та нар хааяа ч гэсэн хайрлаач
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл
Хэл нь тагнайгаа олохгүй тультчиж
Хөл нь дэлхийгээ онохгүй тэмтчиж
Хааяа нэг халамцуухан ирэхэд нь
Хараалын үг урсгаж халаасыг нь бүү хоосло
Янагийн захиа л лав гарахгүй шүү дээ, наадахаас чинь
Яахав дээ хөөрхий, шараа тайлах юмыг нь үлдээ
Дээл бүсэн гоёлтой
Дээрээ малгай хийморьтой
Андынхаа дэргэд цовоожиж
Аавынхаа харцанд томоождог
Янагийн сэтгэлд нялхардаг эрчүүдийг
Янжинлхамчууд минь өршөө
Уул шиг юм гэж дандаа битгий давар
Үүл шиг нүүгээд явчихдаг юм
Ус шиг уян гэж дандаа битгий самард
Уур болоод дэгдчихдэг юм
Төгөлдөр их урмыг нь хугалчихдаг юм
Төрсөн шигээ тэд уруугаа хараад уначихдаг юм
Хичнээн жил амьд явахыг мэдэж болдоггүй орчлон дээр
Хэзээ хаана жаргана гэж хэрүүлийн алим хуваахав
Хазайсан газар нь тэдэнд чинь бүүвэй ээж түшиг болдог юм
Халтирсан газар нь тэдэнд чинь бүсгүйн хайр нөмөр болдог юм
Өөрийг чинь эх болгосон хүний дээд юм шүү дээ
Үрийн чинь эцэг болсон эрийн тэнгэр юм шүү дээ
Эр хүнийг та нар хааяа ч болов хайрла
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл
Олон олон гэргий нараас
Олон олон аавын хөвгүүдийг
Өмөөрч бичсэн шүлгийг минь болгоо
Өөрсдөө та нар нөмөрт нь жарга
Эр хүнийг та нар хааяа ч болов хайрла
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүлээ…
Яруу найрагч Мөнхөөгийн Билэгсайхан
5 Comments
Hahaha nice nice
ishhhhh zailuul unen shuleg bn aaviigaa sanachlaa hurdhan l mongol butsah yumsandaa…
saihan shuleg bn.
unun shuu !!!?!?!?!
saihan l shvleg bna