Эр хүн

13

“Тань руу нүүж явна” нэртэй монголын уран сайхны кинонд хүсч мөрөөдөж байж хүүтэй болсон эр, хөөрхий хүүгээ зуурдаар алдсан эх хоёрын зөрчилдөөн шаналал дунд “хэрхэн яаж шийдэх бол” хэмээн, анх үзэж суухдаа догдолж байсан. Хорвоо дэлхий дээр нэгийг нь баярлуулж, нөгөөг шаналгаж төрсөн тэр л бяцхан хүүг, өөр өөрийн сэтгэл зүрхээрээ булаалдан шаналах “монгол сэтгэл”-ийг үнэхээр гайхамшигтай харуулсан. Шаналал, зовлонгоо сэтгэл дотроо л буцалгаж, асаасан тамхиныхаа утаатай хамтад нь санаа алдан гадагшлуулах тэр эр, эцсийн эцэст хүүгээ алдан зовж шаналсан эхийн сэтгэл рүү “нүүж очих”-ыг хараад өөрийн эрхгүй “эр хүн” гэж сэтгэл дотроо бахдан дуу алдсан сан. Зөвхөн энэ кино ч биш “Монгол эр хүн”-ний гайхамшигтай дүрийг олон сайхан бүтээлүүд мөнхөлсөн.  

Уугуул нутагтаа эзэн шиг эзэн нь байж, уулс толгодоо давуулан бодлоо бэлчээдэг, үгэлж яншаад байхгүй хэрнээ харцаараа бүхнийг ойлгуулдаг, уйлж дуулаад байхгүй ч сэтгэл зүрхэндээ бүхнийг багтаадаг монгол эрчүүд, шаналал, ухаан, зориг цусаараа өнөөгийн монгол орныг бидэнд хүлээлгэж өгсөн. Айл гэр, улс гүрний амьдрал хувь заяаг нуруундаа авч явах тавилангийн эрхээр арай л холыг харж, уужим сэтгэнэ. “Өнөөдрийн уушгинаас маргаашийн уушги” гэдэгчлэн, өдгөө болж байгаагаас илүүтэй маргааш яаж амьдрах нөгөөдөр хэрхэн хөгжиж дээшлэхийг эр хүн бодож олж, зориглон шийдэх учиртай. Тиймдээ ч ухаанаа төвлөрүүлж, бодлоо цэгцэлж, үгээ цэнэж, үйлээ дааж явах нь өөр хэний ч бус эр хүний л үүрэг гэнэм. Учирч буй баяр жаргалд уухай хадуулан хөөрч орилоод байхгүй, уй гашуу зовлонд уйлж унжин нус нулимс болоод байхгүй сэтгэлийн хат, ухааны тэнцвэр эр хүнд л байдаг. Эр хүний хатуу болоод үнэн үг, нөмөр нөөлгийг хэн хүнгүй хүсч байдаг. Хамгийн хүнд хэцүү мөчид эр хүний ханхар цээжийг түшиж, энхрий дотно үгийг нь сонсож, нөмөр нөөлгийн дулааныг мэдрэхийг л хүн бүр хүсдэг. Хэлсэн үг, хийсэн үйлдэл, гаргасан шийдвэрийнхээ сайн муу үр дагаварыг эр хүн өөрөө л үүрдэг. “Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа” гэдэгчлэн, хийсэн сайн үйлийнхээ төлөө, өөрийгөө магтаж хөөрцөглөөд байхгүй, саар муу үйлийнхээ төлөө гуньж гутрахгүй, зовсон ч зовоогүй юм шиг “зовхи нь өөдөө”, жаргасан ч сархдад сагаж “доош уналгүй” явах нь эр хүний эрхэм чанар гэнэм. Ханилсан хань, хайрлаж өсгөх үр хүүхдийнхээ өмсөх зүүх, идэж уух, хаа хэрхэн амьдрахыг эр хүн л шийднэ. Хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн, харьцуулан тэнцүүлэх ухаандаа хайр энэрэлээ авч явдаг. Үргэлж үнсэж, хөөрхийлээд байхгүй ч өр зүрхэндээ бүхнийг багтааж, ам хэлээрээ бус ачлал энэрлээрээ бүхнийг авч явдагт л эр хүний ухаан оршдог. Эрт цагаас эдүгээг хүртэл “монгол эр хүн” гэдэг ийм л байсан. Ийм л эр хүний нуруун дээр монгол ахуй, монгол амьдрал, монгол төр тогтож ирж.

Өнөөдөр

“За эр хүн байна даа наадахаа уучих
Эр хүн байж энүүнд дээрэлхүүлээд байх даа яахав дээ
Эр хүн байж эхнэртээ толгойгоо мэдүүлээд байхгүй шүү
Эр хүн юм бол гараад үзчихье

Эр хүн байж новшрохгүй шүү” гэх нь “эр хүнийг үнэлэх үнэлгээ ихэд өөрчлөгдөө юу даа” гэсэн бодол төрүүлнэ. Энэ муусайн эрчүүд” хэмээн амьдралын хүндийг үүрч, өрх толгойлж яваа бүсгүйчүүд зэвүүцнэ. Өөрийн эхнэртээ бүхнийг мэдэмхийрэн зааж, үр хүүхэддээ хүртэл байнга үглэн шаналгана. Оролцохгүй мэдэхгүй зүйл үгүй хэрнээ, өөрөө юу ч хийхгүй, өчүүхэн өө сэвийн төлөө үргэлжид хэрүүл маргаан дэгдээх эрчүүд. “Уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй гутал тайлан” сүржигнэх нь “юм үзээгүй” муу эрийн шинж гэдэг. Саад тотгор, бэрхшээл зовлонгийн өмнө сөхөрч, сархаданд толгойгоо мэдүүлэн, нус нулимстайгаа хутгалдаж, авааль эхнэр, үр хүүхэддээ арслан бар шиг архирч, аагтай бусдын өмнө нохойн гөлөг шиг шарвалзах эрчүүд савнаасаа бусдыг дийлэхийг санаархаж сархданд толгойгоо мэдүүлсэн эрийн хийморь нь, сархадны шилний ёроолд байдаг гэнэм. Бүтээж хийсэн зүйлгүй, үүрч даасан зовлонгүй атлаа, энд тэндхийн хов живэнд эмс хүүхнүүдээс дутахгүй хутгалдаж, хийсэн бүтээснээ биш, хий мөрөөдлөө “бүлт бүлт үсрэх” нь “Сайн эр явснаа, муу эр идсэнээ” гэдэгчлэн, хоногийн газар үнэн үгэнд гүйцэгдэнэ гэдгийг ухаарахгүйн хар гайгаар, худал үг, муу үйлдээ гүйцэгдэн үнэ хүндээ бардаг юм.

Маргааш

Нэгэн үе монголчууд “гал манах” охин үрдээ илүү анхаарал тавьж, “хил манах” нуган үрдээ бага анхаарал тавьж байсан нь өдгөө буруу муу яваа олон эрчүүдийн өөрийгөө өмөөрөх шалтаг болж. “Гал манах” амаргүй ч “хил манах” түүнээс ч амаргүй. Өдгөө цагт өрх айлд байгаа үр хүүхдийн тоо цөөрч “гангар шаазан” шиг хэврэг хүүхдүүд олширч. Ядахнаа л удам залган, хил манах “нуган үрээ”, эрх танхил биш “эр хүн” болгон өсгөж хүмүүжүүлэх нь өөрт тань төдийгүй улс гүрэнд хэрэгтэй сэн. Албадаж шаардаж, аргадаж учирлаад ч болсон ажилч хичээнгүй, хөдөлмөрч болгож сургах сан. Бага гэлтгүй ажил хөдөлмөр л хүүхдийг “аргыг нь олох” ухаан, хичээнгүй нямбай, тэвчээртэй болгон төлөвшүүлнэ. Бас уйлж дуулуулаад ч болсон үг дааж сургахсан. “Инээсэн бүхэн нөхөр биш, уурласан бүхэн дайсан биш” гэдэгчлэн өөрийнх нь алдаа оноо, үйлдлийнх нь буруу зөвийн төлөө уурлаж, учирлаж хэлсэн бүхнийг ухаарч тунгаан өөртөө шингээдэг болно. Бүсгүй хүнийг энэрч хайрлах ухаанд сургахсан. Ээж минь төрүүлж өсгөсөн, эгч минь ачилж өсгөсөн гэхчлэнгээр энэ ертөнцийн эмэгтэй хүн бүхэн “ач буяны тэнгэр” юм шүү хэмээн ухаарна. Амьдралаа авч явах ухаанд сургах сан. Алс хэтдээ амьдралын хүндийг нуруун дээрээ үүрнэ гэдгийг ухааруулж, эрдмийн их далайд “гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд” хүргэнэ. Монгол хүн мориндоо мордсон бол ертөнцийн талд хүрч чаддаг гэдгийг бидний агуу өвөг дээдэс харуулсан. Хамгийн муу муухай зуршил болох архи тамхинаас л хол байлгах сан. Бусармаг цаг үеийн золиос нь бид байж болох ч хойч үе, үр хүүхэд минь бидэн шиг байгаасай гэж хэн ч хүсдэггүй. Тэд биднээс илүү сайхан орчинд биднээс илүү сайхан амьдарвал тэдний үр хүүхэд бас л илүү амьдрах болно. Цаг цагт алсрах энэ л нугачаанд та бидний үр хүүхэд улам улмаар сайхан амьдарцгааж, удам угсааг тань таслахгүй. Эрдэнэт хүний энэ ертөнцөд үлдээх их мөр энэ буюу.

Эрчүүдээ хайрлацгаа

Уул шиг нөмөр нөөлөгтэй атлаа, дуу шиг уяхан сэтгэлтэй, хайр халамжаа сэтгэл дотроо л тээж явдаг ханийн сайхан түшиг эрчүүдээ хайрла. Өөрт тань”мундаг хүн” харагдах гэж хичээвч, үнэндээ танаас хайр халамж битүүхэндээ горьдож л яваа, амьдралаа авч явах гэж өнөөдөр балчирдан будилавч, алсдаа уул шиг түшиг болох залуусаа хайрла. Өсөхөд тань байнга үнсэж үлгэж байгаагүй ч, өөрийн тань хувь тавилан ирээдүйг өр зүрхэндээ тээж, үүний төлөө чадах бүхнээ хийсэн, өтөлж бууралтаж яваа ааваа хайрла. Хүнд хэцүү цагт бие биедээ түшиш болж, андын сайхан сэтгэлээр бие биеэ ачилж, айл гэрийн амьдрал, улс орныхоо хувь заяаны төлөө “дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг” явдаг эрчүүд ээ бие биеэ хайрла.

Нийгмийн толь

1 Comment

  1. Kwanon says:

    Хүний мөн чанараа гээлгүй,
    Хүн төрөлхтөнд дунд
    Монгол угсаатнаа авч үлдэх цаг шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.