Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс ирүүлсэн халдварт өвчний талаарх мэдээллийг хамгийн сүүлийн үеийн буюу өнөөдрийн тоо баримтаар хүргэж байна.
-Индонез явж ирээд халуурсан, хоолой өвдсөн гэсэн зовиуртай иргэн өчигдөр өөрийн хүсэлтээр ХӨСҮТ-д хандсан талаар бид мэдээлж байсан билээ. Түүнийг тавдугаар сарын 20-ны өдөр тусгаарлан хэвтүүлсэн бөгөөд шинжилгээний хариу өнөөдөр гарчээ. Энэ хариунд дурьдсанаар уг иргэн А (H1N1) томуугийн халдваргүй болох нь тогтоогдсон байна.
-Дөрөвдүгээр сараас гарч эхэлсэн гар хөл амны өвчнөөр өнөөдрийн байдлаар 90 хүүхэд өвчилсөн байна. Хүүхдүүдийн биеийн байдал гайгүй хөнгөн байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар 3 хүүхэд эмнэлэгт эмчлүүлж, 13 хүүхэд гэрээр эмчийн хяналтанд, бусад нь зүгээр болж хяналтнаас гарсан байна.
-Хүүхдүүдийн дунд салхин цэцэг, гахайн хавдар, цусан суулга өвчин нилээд гарч байна. Ялангуяа гахайн хавдар нь нойр булчирхайн болон төмсөгний үрэвслээр хүндрэх хандлагатай байна. Тиймээс үргүйдэлд хүргэж болох энэ аюултай өвчнөөр өвчилсөн даруйд хүүхдээ мэргэжлийн байгууллагат үзүүлэхийг анхааруулж байна.
-Насанд хүрэгсэдийн дунд бэлгийн замын халдварт өвчин нилээд элбэг тохиолдож он гарсаар эхний дөрвөн сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеийнхээс 30 гаруй хувиар нэмэгдсэн гэсэн үзүүлэлт гарчээ. Мөн ХДХВ-ийн халдварын 6 тохиолдол бүртгэгдсэн байна.
-Сүрьеэгийн өвчлөл өнгөрсөн оны мөн үеийнхээс нэмэгдээгүй боловч олон эмэнд дасалтай болсон, хүнд хэлбэрийн өвчлөл нас баралтын асуудал анхаарал татаж байна.
-А (H1N1) томуугийн шинэ халдвар газар зүйн байршлын хувьд манайх уруу их ойртож ирсэн байгаа. Сэжигтэй, хавьтал болсон байж болзошгүй гэсэн хэд хэдэн тохиолдол бас түргэн авхуулж бид бэлэн байдлыг шалгаж, дадлагажуулаад байгаа. Ер нь цаашдаа энэ талаар байнгын бэлэн байдлаа хангаж, 2-3 жил энэ дэглэмээр ажиллах болж магадгүй байна. Өнөө өглөөний 07.15 цагийн байдлаар нийт 41 улс оронд 10243 тохиолдол бүртгэгдээд байна. Харин нас баралт хэдийнээ 80-д хүрчээ.
-Хавар болж, усны шувууд ирж эхэллээ. Шувууны томуугаас сэргийлэх шаардлага энэ үед тулгарч байна. Мөн дулааны улирал ирж хүмүүс ойд явах болсон. Үүнээс үүдэн хачгийн халдвараас болгоомжлох, хоолны хордлогоос сэргийлэх гэх мэт асуудлууд урган гарч байна.
gogo.mn