Биологийн өөрчлөлт. Цэвэршилт нь 45-60 нас орчимд эхэлж, 15-20 жил үргэлжилдэг байна. Цэвэршсэнээр эмэгтэйчүүдийн өндгөвчийн үйл ажиллагаа буурна. Бусад эрхтэн тогтолцоонд ч зарим нэг өөрчлөлт илэрнэ. Эмнэлгийн практикт менопауз гэсэн нэр томьёо хэрэглэдэг. Энэ нь биений юм зогсох, ирэхээ болих гэсэн санааг багтааж байдаг. Дунджаар 50 нас орчимд хоёр жил гаруй үргэлжлэх эхлэл үе гэж байдаг. Хэвийн нөхцөлд 40-60 насанд цэвэршилт явагддаг ажээ.
Биологийн талаасаа эмэгтэйчүүдэд хөгшрөлт явагдаж эхэлсэн ч өнчин тархи ФСД болон ЛД-ийг хэвийн хэмжээнд ялгаруулсаар байна. Харин өндгөвч эдгээр дааварт хариу үйлдэл үзүүлэх чадвар нь буурна. Мөн харааны товгор, өнчин тархи, тархины бусад хэсэгт ч бас хөгшрөлт явагддаг. Өндгөвчний үйл ажиллагаа буурснаар өндгөн эс боловсруулах болон бэлгийн даавар (эстроген, прогестерон) ялгаруулах үйл ажиллагаа буурна.
Цэвэрших явцад нүүр халуу оргих, толгой өвдөх, толгой эргэх, зүрх дэлсэх, үе мөчөөр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Мөн эстрогены хэмжээ багассанаар зарим эмэгтэйд остеопороз буюу яс сийрэгжих шинж илэрдэг. Нүүр халуу оргих шинж хамгийн тод илэрдэг бөгөөд үе үе халуун галаар цоргиж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг байна. Ийм эмэгтэйн нүүр улайж, маш их хөлөрнө. Нүүр халуу оргихоо болиход сэрүү татах шиг болж, заримдаа бүр жихүүдэс ч хүрэх шиг болдог. Халуу оргих хугацаа нь янз бүр бөгөөд хэдхэн секундээс хагас цаг хүртэл үргэлжлэх нь бий. Мөн өдөрт хэд хэдэн удаа давтагдах төдийгүй шөнө хүртэл халуу оргидгоос нойргүй хонох, хөлрөх явдал ч тохиолдоно.
Эмэгтэй хүн бүрд ийм шинж илэрдэг үү? Нэгэн томоохон хэмжээний судалгаанд цэвэрших явц хараахан эхлээгүй ахимаг насны эмэгтэйчүүдийг сонгож, тэдний цэвэршилтийн өмнөх, цэвэршилтийн болон түүний дараах үеийг нэлээд хэдэн жил судалжээ.
Судалгаанд хамрагдагчдын 50 хувьд цэвэршилт эхлэхийн өмнө нүүр халуу оргих, шөнө хөлрөх шинж тэмдэг илэрч байсан гэсэн байна. Тэдний дөрөвний нэг орчим буюу 23 хувь нь нүүр халуун оргих шинж илэрч байгааг үй гэсэн бол 50-75 хувь нь нүүр халуу оргидог байсан ч нэг их санаа зовоосон асуудал биш байсан гэжээ.
Цэвэршиж байгаа эмэгтэйчүүдэд даавар орлуулах эмчилгээ нэлээд их хэмжээгээр тус нэмэр болдог. Даавар орлуулах эмчилгээг эстроген орлуулах эмчилгээ ч гэж нэрлэсэн байдаг. Дээрх эмчилгээ нь ялангуяа нүүр халуун оргих, үтрээ хуурайших зэрэг бэлгийн үйл ажиллагааны хямралыг арилгахад тусална. Сүүлийн үед даавар орлуулах эмчилгээ нь эстроген, прогестероныг хоёуланг нь агуулах болсон. Энэхүү эмчилгээний талаар хүмүүсийн дунд янз бүрийн эсрэг тэсрэг ойлголт байдаг.
Зарим хүн дааврын эмчилгээ нь хөхний хорт хавдар, умайн хорт хавдар үүсгэдэг гэж үздэг. Гэтэл зарим нь энэ нь хорт хавдраас сэргийлдэг төдийгүй эстроген нь цусанд байгаа холестеролыг багасгадаг учраас зүрхний шигдээс гэх мэт зүрх судасны эмгэгээс сэргийлнэ. Мөн түүнчлэн ясны сийрэгжилтээс сэргийлдэг гэж үздэг байна. Цэвэршилт нь хүний нас ахих явцтай холбоотой учраас хүний бүхий л эд эрхтэнд нөлөөлнө. Иймд даавар орлуулах эмчилгээний зэрэгцээ дасгал хөдөлгөөн хийх, ажил амралтаа зохицуулах, хоол хүнсээ тохируулан хэрэглэх,эрдэс бодис, витамин уух, амьдралын хэв маягаа өөрчлөх зэрэг нь нэлээд их тус нэмэр болно.
Бэлгийн амьдрал ба цэвэршилт
Цэвэршилтийн үед үтрээнд ч гэсэн өөрчлөлт гардгийг бид дээр дурдсан. Эстрогены дутагдлын улмаас үтрээний хүчиллэг шинж чанар буурч, халдвар авах магадлал нэмэгдэнэ.
Түүнчлэн эстроген нь үтрээг салслаг, чийглэг болгодог бол түүний хэмжээ багассанаар үтрээний чийглэг байдал алдагдаж, уян хатан чанар нь буурна. Энэ бүхэн нь бэлгийн хавьтлын үед өвдөж зовиурлахад хүргэдэг. Ийм үед даавар орлуулах эмчилгээ хийх эсвэл тусгай зориулалтын чийгшүүлэгч тос хэрэглэх нь үр дүнтэй.
Гэхдээ эмэгтэйчүүд энэ талаар бэлгийн хостойгоо ч ярилцаж, эмчийн зөвлөгөө ч авалгүй ганцаараа шаналж явах нь олон ажээ. Үүгээр ч зогсохгүй бэлгийн хавьтлаас аль болох татгалзаж, дургүйцэх болно. Гэтэл зарим эмэгтэй цэвэршсэний дараа жирэмсэлчих вий гэсэн айдас, дарамтаас салж, санаа зовох зүйлгүй болдог тул бэлгийн хавьталд өмнөхөөсөө илүү идэвхтэй болдог.
Судлаачид эмэгтэйчүүдийн цэвэршилт болон цэвэршилтийн дараах бэлгийн үйл ажиллагааг судалж дараах дүгнэлтэд хүрчээ.
1. Ихэнх эмэгтэйчүүд цэвэрших болон түүний дараах үед бэлгийн харилцаагаа үргэлжлүүлсээр байдаг бөгөөд түүнээс сэтгэлийн таашаал авч чаддаг хэвээр байна.
2. Харин цөөн тохиолдолд цэвэрших явцад бэлгийн үйл ажиллагаа буурах хандлага ажиглагддаг.
3. Эстрогены хэмжээ багассанаас үтрээ хуурайших нь бэлгийн үйл ажиллагаа буурах шалтгаан болдог.
4. Тестостерон ч бэлгийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй. Тестостероны хэмжээ багасах нь эмэгтэйчүүдийн дур хүсэл буурахад нөлөөлдөг тул түүнийг нөхөх эмчилгээ хийж болох юм.
Сэтгэл санааны өөрчлөлт
Цэвэрших явцад сэтгэлийн гутралд орох, түгших, тайван бус байх, уйламтгай болох, анхаарал төвлөрөхгүй байх, бачимдах зэрэг сэтгэл санааны өөрчлөлт илэрдэг. Ахимаг насны эмэгтэйч үүдэд “шувууны хоосон үүр” хэмээх хам шинжийн эмгэг илэрдэг. Энэ нь үр хүүхдүүд нь өсөж том болоод өрх тусгаарлахад гэр орон нь хоосон оргих мэт сэтгэгдэл төрдөг төдийгүй зарим нь сэтгэл санаагаар унаж, гутралд ордог байна.
Цэвэрших үед эмэгтэйчүүдийн 85 хувь нь хэзээ ч сэтгэлийн гутралд орж байгаагүй бол 10 хувь нь хааяа нэг сэтгэлийн гутралд ордог, харин дөнгөж 5 хувь нь байнга сэтгэлийн гутралтай байдаг гэсэн судалгаа байдаг. Энэхүү судал гааны үр дүнгээс эмэгтэйчүүд цэвэршилтээс болж сэтгэлийн гутралд орох нь амьдралынх нь бусад үеийнхээс их биш гэдэг нь харагдаж байна.
SOURCE: Хүний бэлгийн амьдрал