Хормойн явдал хоймор тухлах нь

57441428

Аюул авч ирэх бэлгийн гаж дон

Нэг үеэ бодвол хүмүүс ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх мэдлэг, мэдээлэлтэй болсон ч түүнийгээ амьдралд хэрэгжүүлэх нь маруухан бололтой. Одоогийн байдлаар тогтоогдоод байгаа ХДХВ/ДОХ-ын тохиолдлуудын 100 хувь нь бэлгийн замаар дамжсан нь дээрхийг батлах мэт.

Бэлгийн харилцааны эрсдэлтэй хэсгийн нэг нь яах аргагүй биеэ үнэлэгчид. Харамсалтай нь манай улсад одоогоор биеэ үнэлэгчдийн талаарх судалгаа, мэдээлэл дутмаг. 2006 онд ДОХ-той тэмцэх Үндэсний сангаас хийсэн судалгаагаар манай улсад ойролцоогоор 19 мянган биеэ үнэлэгч байна гэсэн дүн гарсан. Гэсэн ч биеэ үнэлэгчдийн арга нь нарийсч саунд массажист, караокед ширээний охин, бааранд зөөгч нэрээр биеэ үнэлэх явдал газар авч тоогоо алдав. Мөн Эрээн, Бээжинд Монгол охид биеэ үнэлэх болсон гэх. Биеэ үнэлэгчидтэй бэлгийн харилцаанд орохдоо залуусын 70 гаруй хувь нь бэлгэвч хэрэглэдэг ажээ. Харамсалтай нь судалгаанд хамрагдсан биеэ үнэлэгчдийн тал хувь нь ХДХВ/ДОХ/БЗДХ авах эрсдэл багатай гэж хариулсан бол 11 хувь нь огт эрсдэлгүй, зургаан хувь нь мэдэхгүй гэж хариулсан байх юм.

Түүнчлэн халдвартай хүмүүсийн дийлэнх нь эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүд гэх. Судалгаагаар 11-15 мянган гомо секс болон бисекс бэлгийн чиг хандлагатай эрчүүд байдаг гэж гарчээ. ХДХВ/ДОХ-ын халдвар авахад хамгийн “дөт зам” болох бэлгийн замаар дамжих халдвар нийт халдварт өвчний 40 орчим хувийг эзэлж байна. Үнэндээ дээрх халдваруудыг тархаах гол үндэс бэлгийн харилцааны эрсдэлтэй үйлдэл юм. Манай улсын хүн амын дийлэнхийг залуус эзэлдэгээс ч тэр үү гэрлэхээс өмнө болон гэр бүлээс гадуур бэлгийн харилцаанд орох нь түгээмэл байдаг. 1998 онд гэрлэлтийн дундаж нас 20,8 байсан бол, 2003 онд 21,6 болсон байна. Сүүлийн үед бэлгийн хавьталд орох нас залуужиж байгааг мэргэжилтнүүд өгүүлж байгаа. Үүнээс гадна ХДХВ/ДОХ/БЗДХ авах гол шалтгаан нь замбараагүй, тохиолдлын бэлгийн харьцаанд орох юм. 2005 онд 15-24 насны залуусын 80 орчим хувь нь сүүлийн нэг жилийн дотор тохиолдлын бэлгийн хавьталд орсон талаар өгүүлсэн бөгөөд дунджаар 2-3 бэлгийн хавьтагчтай хэмээн НҮБ-ын Хүн амын сан, Эрүүл мэндийн яамнаас хийсэн судалгаагаар гарчээ.

Мэхлэлт юунд хүргэх вэ?

Эхнэр, нөхрөө хуурах, араар нь тавих. Энэ асуудал хүн төрөлхтөний мөнхийн сэдэв. Ертөнц дээр зөвхөн та хоёр л бие биедээ зориулагдан төрсөн мэт хайр дурлалдаа шатаж, халуухан байсан тэр мөчүүд алслагдан, гэр бүлийн өдөр тутмын амьдрал нэгэн хэвийн үргэлжилсээр багагүй цаг хугацаа өнгөрөх.

Магадгүй та ямар нэгэн шалтгаанаар гуравдагчийг сонирхож байгаа, эсвэл саяхан сонгосон. Аль хэдийн сонгочихсон ч байж болох юм.

Энэ үйлдвэл хэнд ашигтай вэ?

Та “минийх” гэх хүн байдаг бил үү, үгүй бил үү?” гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Бодож үзсэн бол энэ үйлдлийг хийснээр, “Би яах гэж байгаа юм бэ. Би эндээс юу хүсч буйгаа өөрөөсөө асуу.

Та ямар шалтгаанаар бие биенээ араар нь тавьж байна вэ гэсэн асуултад:

Нэгэн хэвийн амьдралаас залхаж
Түүний гоо үзэсгэлэнд сэтгэл алдарч
Ханьтайгаа ойлголцдоггүй, надад хайр халамж дутагдаж байна
Санхүүгийн хувьд илүү туслалцаа үзүүлдэг
Урьд нь би түүнд хайртай байсан… гэх мэт үгс эцэс төгсгөлгүй үргэлжилнэ.
Үр дагавар нь ямар байх бол?

Хариуцлагыг өөр хэн нэгэн хүн биш, зөвхөн та л үүрнэ. Сексологчдын судалгаагаар үнэнч бус нөхрүүдийн дийлэнх нь эхнэрээ араар тавьсан шалтгаанаа “Азгүй гэрлэлт, ханиа буруу сонгосноос” гэж тайлбарладаг байна. Харин үнэнч бус эхнэрүүдийн хувьд, тэдний хүсэл мөрөөдөл бодит амьдралтай зөрчилдсөнөөс шалтгаан нь үүсдэг. Тэд сайхан үлгэр зохиож, түүндээ итгэж, мөрөөдөх дуртай байдаг аж. Тэд энэ гайхалтай мөрөөдлөөрөө жигүүрлэн амьдарч эхэлдэг байна. Үе, үеийн сайхан эрчүүдийн шилдэг чанаруудыг нэгтгэн, ирээдүйн хань ижлийнхээ дүрийг сэтгэл зүрхэндээ бий болгодог нь алдаа юм.

Гэтэл эмэгтэйчүүд амьдралын бодит үнэнтэй тулгараад ирэхээрээ бухимдаж, ертөнцийн бүх эрчүүдээс хамгийн ухаантай нь хэмээн хир халдаахгүй магтаж байсан нөхрөө голон үглэх. Эр нөхрүүд нь болохоор хайртай дуртай хэмээн авч суусан эхнэрээ… ийм тийм гэж чамлана.

Энэ мэт бие биенээ голж өөр нэгэн рүү гүйснээр та ямар эрсдэлд орох вэ гэдгээ эхлээд бодож үзээрэй.
Мэдээж, төгс сайхан хүн зөвхөн бидний мөрөөдөлд л оршдог.

Манай төвд сард 20-30 гей, лесби хүн ханддаг

Бэлгийн чиг хандлага болон сэтгэл зүйн онлайн зөвлөгөө өгдөг сэтгэл зүйчийн ярианаас хүргэе.

-Хүмүүсийн бэлгийн чиг баримжаа яагаад өөр байдгийн шалтгааныг тайлбарласан тодорхой нэг ойлголт байхгүй. Өнгөрсөн ба одоо үеийн эрдэмтэн , судлаачид хүмүүний бэлгийн чиг баримжаа нь хүний амьдралын их эрт үед , бүр эхийн хэвлийд бүрэлдэх үед ихэвчлэн биологийн хүчин зүйлээс шалтгаалдаг гэж үзсэн байдаг. Өөрөөр хэлбэл энэ нь төрөлхийн юм.
Бэлгийн чиг хандлагын гурван хэлбэр байдаг. Энэ нь гомосекс , гетросекс , бисекс юм.

Гетросекс – Эсрэг хүйсийнхээ хүнд сэтгэл болон биеэрээ татагдан дурлах хандлага. Энэ ердийн хүмүүсийн хоорондох харилцаа.

Гомосекс– Ижил хүйсийнхээ хүнд сэтгэл болон биеэрээ татагдан , дурлах хандлагатай хүнийг хэлнэ. Энэ нь эр хүн эр хүндээ татагдах гей буюу “цэнхэр”, эмэгтэй хүн эмэгтэй хүндээ сэтгэл татагдахыг лесби буюу “ягаан” гэдэг.

Бисекс – Эрэгтэй, эмэгтэй аль алинд нь татагдан дурлах хандлагатай хүмүүс.

-Гей байх нь гаж үзэгдэл биш юм. Хүний бэлгийн чиг баримжааны талаар эрдэмтэд судалгаа , шинжилгээ хийж эхлэхээс өмнө гомосекс чиг баримжааг эмгэгт тооцдог байсан. Хүн судлаач Форд, Бееч нар гомо бэлгийн чиг баримжааг нэлээд анхааралтай судалсны эцэст энэ нь сүүн тэжээлтний аймгийн бүх амьтанд байдаг болохыг тогтоосон. Ан амьтан , хорхой шавьж болон хүн төрөлхтний хөгжлийн бүхий л үе шатанд ижил төрлийн хүйстэнтэйгээ бэлгийн харьцаанд орж байжээ.

-Хүний бэлгийн чиг баримжаа нь тухайн хүн ямар гэр бүлийн орчинд хүмүүжсэн, ямар хүсэл сонирхолтой, хэнтэй үерхэж нөхөрлөж байгаагаас хамаардаггүй. Гомосекс хүмүүс гадны нөлөөллөөс болж олон бэрхшээлтэй учирдаг. Иймээс тэд өөрсдийнхөө мэдрэмжийг хайхрахгүй байхыг хичээж, бэлгийн амьдралаа нууцладаг. Гэхдээ хүн хэнд дурлаж, хэнийг таалахаа сонгох боломжгүй учраас уг хүний бэлгийн чиг хандлага хэвээрээ л байна. Энэ хүмүүсийг ойлгож нийгэм хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

-Тэд байнга шулуун гэдсээр бэлгийн хавьталд ордог учраас БЗХӨ-ий халдвар авах эрсдэл өндөртэй байдаг. Учир нь шулуун гэдэсний нарийн нимгэн салсттай. Тэр нь гэмтсэнээс болоод БЗХӨ тусдаг. Энэ нь хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсон тохиолдолд тусдаг. Сард дунджаар 20-30 гей, лесби хүн манай төвд ханддаг. Тэд манай нийгэм хүлээн зөвшөөрөөгүй учраас бусдаас санаа зовж айж эмээдэг. Социализмын үед ч гэсэн гей хүмүүс байсан. Нийгэм нь хаалттай учраас ил гардаггүй байсан. Үүнийг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрчихсөн ойлголт. Манайд ойролцоогоор 6000 орчим гей байдаг гэсэн албан бус тоо байдаг. Эцэг эхээс төрөхдөө л тэд гей төрдөг юм.

Энэ бол бидний сонголтгүй амьдрал

Хүний амьдрал эрээн бараантай. Энэ хорвоод бид хүн болж ирэхдээ эцэг эх, өөрийн биологийн чиг хандлагаа сонгож төрдөггүй. Төрөлхийн “гей” бэлгийн чиг хандлагатай Н-тэй ярилцлаа.

-Та анх гей гэдгээ хэзээ мэдсэн бэ?
Би 14 настай байхдаа анх мэдсэн. Тэгээд маш их айж, ичиж, өөрийгөө хараан зүхэж, хорвоо дээр би ганцаараа ийм төрчихсөн юм болов уу гэж бодоод ганцаардлыг их мэдэрдэг байлаа. Харин хоёр жилийн өмнөөс гей хүмүүстэй танилцаад, надтай ижил тавилантай олон хүн байдгийг мэдээд маш их баярласан. Энэ хүмүүстэй уулзаад санал бодлоо хуваалцсны дараа өөрийгөө хүлээн зөвшөөрч эхэлсэн л дээ. Хүн өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрнө гэдэг бол маш чухал юм. Өмнө нь өөрийгөө хүлээн зөвшөөрдөггүй найз охинтой болно гэж боддог байсан. Тэгсэн хэрнээ найз охинтой болох сонирхолгүй.

-Өөрөөсөө ичиж байсан уу?
Эхлээд ичдэг байсан. Одоо бол үгүй. Энэ мэдрэмжээ хадгалаад явах болно. Хүмүүс гей чиг хандлагаасаа ичээд байдгийг би ойлгодоггүй юм. Яагаад нуух ёстой гэж.

-Гэр бүлийнхэндээ хэлсэн үү?
Манай гэрийнхэн мэддэг. Энэ замыг би өөрөө сонгоогүй, цаанаасаа сонгогдсон амьдрал. Харин манай гэрийнхэн зөвөөр хүлээж авсан. Тиймээс миний хийж байгаа бүхнийг ойлгодог юм. Гей хүмүүс цагаа мэдэрч гэр бүлийнхэндээ хэлээч ээ гэж хэлмээр байна. Сүүлийн үед харьцангуй биднийг зарим хэсэг нь ойлгодог болоод байна. Гадаадын өндөр хөгжилтэй Америк, Тайланд, Голлонд, Канад зэрэг орон биднийг хүлээн зөвшөөрсөн байна.

-Өөрөө найз залуутай юу?
Одоогоор найз залуу байхгүй. Гэхдээ сексийн хамтрагч байгаа. Би эрэгтэй хүн сонирхдог.

-Та хоёр БЗХӨ-өөс хэрхэн сэргийлдэг вэ?
Байнга бэлгэвч хэрэглэдэг. Би сургалт, семинарт байнга суудаг болохоор энэ тал дээр сайн мэдлэгтэй. Шинжилгээнд хамрагддаггүй нуугдмал хүмүүс маш их байна. Таньдаг хүмүүсээ сайн дураараа шинжилгээнд хамрагдаач гэж байнга хэлдэг юм.

-Сүүлийн үед гей хүмүүсээс /ХДХВ/ ДОХ илүүтэй илрээд байна уу даа?
Гей хүмүүсээс /ХДХВ/ ДОХ илэрч байгаа нь үнэн. Учир нь бид шулуун гэдсээр бэлгийн хавьталд ордог. Тиймээс хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон тохиолдолд БЗХӨ халдвар авах эрсдэл өндөр байдаг. Гэхдээ сайн дураар манай хүмүүс шинжилгээнд хамрагддаг учраас ХДХВ халдвар илэрч байна. Хөдөө орон нутагт өвчлөл өндөр байгаа. Тэнд сайн дурын шинжилгээ өгөх нь ховор байдаг. БЗХӨ бол маш осолтой. Учир нь /ХДХВ/ ДОХ -ын суурь нь болдог. Тиймээс БЗХӨ-өөс байнга сэргийлж, хувийн ариун цэврийг сайн сахиж, шинжилгээ тогтмол өгөх хэрэгтэй.

-Бисекс бэлгийн чиг хандлагтай хүн /ХДХВ/ ДОХ авснаа мэдэлгүй эмэгтэй хүнд тараагаад байгаа юм биш биз дээ?
Энэ хүмүүс маш эрсдэлтэй байдаг л даа. Яагаад гэвэл шинжилгээ өгөхөөс ичдэг учраас БЗХӨ, ДОХ /ХДХВ/ авснаа мэдээгүй байдаг. Тэгээд эрэгтэй хүнтэй хавьтаад вирус авснаа мэдэлгүй эмэгтэй хүнд өгчих тохиолдол байж болно. Үүнээс хамгаалахын тулд бэлгэвчийг зөв тогтмол хэрэглэх нь аюулгүй сексийн баталгаа юм. Мөн бид либаркар буюу чийгшүүлэгч тосыг хэрэглэдэг. Энэ нь бэлгэвчний чийгшүүлэгч тос бөгөөд бэлгэвч урагдахаас хамгаалдаг юм. Үүнийг ЭМЯ-ы харьяа Глобал сан үнэгүй тараадаг.

-Та нар хаана уулздаг вэ?
Бид сайтаараа дамжуулж уулзах газраа товлож, танидаг хүмүүстэй хэлдэг. Гей хүмүүс “Залуус эрүүл мэнд” ТББ байгуулагын доор нэгдэж хоорондоо танилцаж, уулзалт зохион байгуулдаг.

-Эмэгтэй хүнтэй болзож байсан уу?
Амьдралдаа ганц удаа эмэгтэй хүнтэй мессежээр танилцаад болзож үзсэн. Тэгэхэд ямар ч сэтгэл хөдлөл, сонирхол төрөөгүй.
Дараа нь эрэгтэй хүнтэй уулзахад маш гоё мэдрэмж төрөөд pub-д гурван цаг гаруй юм ярьж суухад бидний яриа нийлээд сайн ойлголцож байсан. Үүнээс хойш би гей гэдгээсээ ичихээ больсон. Бид нэг нэгнийгээ ойлгодог хэдий ч нийгмийн ялгаварлан гадуурхал маш хүндээр тусдаг. Өнөөдөр гей хүмүүст зориулсан орчин алга.

-Насны хувьд?
Харьцангуй залуу. 18-50 насныхан байдаг. Гэхдээ 50 орчим насны хүмүүс цөөхөн. Ихэвчлэн 18-35 нас буюу бэлгийн идэвхтэй амьдралтай хүмүүс байдаг.

-Хоорондоо гэр бүл болсон тохиолдол хэр байдаг вэ?
Хэд хэд байдаг юм. Бүр хамтран амьдраад 10 гаруй жил болсон ч хүмүүс бий.
-Үр хүүхдийн асуудал хэцүү юм аа. Энэ тал дээр таны бодол?
Хүн төрөлхтөн үр удмаа үлдээх ёстой гэдэг ч бидний хувьд ямар ч боломжгүй зүйл юм. Миний хувьд үр удмаа үлдээё гэсэн бодол төрдөггүй.

-Тэгвэл та үнэнч байх ёстой гэж байна уу?
Тийм. Нэг хандлагадаа, бэлгийн хамтрагчдаа үнэнч байх ёстой. Тиймээс үр удмаа үлдээх боломж байхгүй л дээ. Хүмүүс хайртдаа үнэнч байхгүйгээс болж БЗХӨ, болон /ХДХВ/ ДОХ-ын халдвар авч байна ш дээ. Хүн өөрт байгаа зүйлээсээ илүү ихийг хүсээд хэрэггүй. Байгаа зүйлдээ талархаж амьдрах хэрэгтэй.

-Та хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ?
Хүн дэлхий дээр ирэхдээ “түүний” хүүхэд болно гэж сонгодоггүй. Бид бол сонголтгүй амьдралаар амьдарч байгаа хүмүүс. Сонголтгүй амьдрал гэдэг бол цаанаасаа шууд заагаад өгчихсөн байдаг. Биднийг битгий үзэн ядаач, би та нартай л адилхан хүн, тантай адилхан сэтгэн бодож, сурч ажилладаг, таны хийж байгаа бүхий л үйлдлийг би хийж чадна. Гэхдээ бидний хооронд бага зэрэг л ялгаа байгаа нь бэлгийн чиг хандлага юм. Манай улсад батлагдаагүй тоогоор 6-7 мянган орчим гей хүмүүс байгаа. Энэ бол харьцангуй бага тоо боловч ам тоо юм. Монголд биднийг хүлээж авах нөхцөл байдал хүнд байна.

SOURCE: Нийслэл Таймс

2 Comments

  1. Boroo says:

    ямар тэнэг урт юм бээ, уншихаас залхуу хүрчлээ

  2. ee says:

    оо муу гомо новш

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.