Манай сурвалжлах хэсэг баасан гаригт буюу энэ сарын 28-29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэстэй хамтран биеэ үнэлэгчдийг баривчлан саатуулах ажиллагаанд явсан юм.
Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс долоо хоногт 4-5 удаа шөнийн эргүүлд гарч согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн болон биеэ үнэлэгчдийг баривчлах ажиллагаа зохион байгуулдаг аж. Ингэснээр тус дүүрэгт биеэ үнэлэгчдийн тоо эрс багасчээ. Бидний ажил 23 цагаас эхэлж 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Улаанбаатарын садыг эргэхээр ажилдаа гарав.
Намрын улирал хаяанд ирж, оройдоо сэрүүн байсан ч хотын төвд хөл хөдөлгөөн ихтэй, шөнийн нам гүм айлчлах өдий.
Бид Спортын төв ордны өмнөх талбайд машинаа зогсоож, Боловсролын их сургуулийн ойр орчим болон, Улаанбаатар зочид буудлын өмнөх талбайд байрлаж буй биеэ үнэлэгчдийг барихаар тал тал тийшээ салж явлаа. Сурвалжлах хэсэг маань ч тэдний заримыг дагаж ажилдаа гарав. Удалгүй хэдэн минутын дараа эргүүлийн цагдаа нар станцаараа холбогдож, Улаанбаатар зочид буудлын урд, Лениний хөшөөний ойролцоо уулзалдлаа. Биднийг очиход найман цагдаа 10 гаруй эмэгтэйг бөөгнүүлээд хорьчихсон, модны буланд зугатах аргагүй болгожээ. Тэднийг хараад хөдөөний малчид хонио бөөгнүүлж байгаад нэгийг шүүрэхэд, эсвэл хашаанд хашихад л ийм дүр зураг байдагтай адилтгаж бодсоноо нуух юун. Тэдгээр бүсгүйчүүдийг ингэж хорихоос ч аргагүй байдаг гэнэ, Баривчилгааны үеэр зугатах тохиолдол цөөнгүй байдаг аж. Эргүүлийн цагдаа нар нэг цагийн дотор 18 эмэгтэй барьсан юм. Тэднииг машиндаа ачаад цагдаагийн хэсэг рүүгээ явлаа. Шөнийн 00.30 цагийн орчим хэлтсийн гадаа эмэгтэйчүүдийг авч ирэхэд биеэ үнэлэгчдийн зургаа нь согтуу бусад нь эрүүл байв. Ингээд согтуу эмэгтэйчүүдийг төмөр замын эрүүлжүүлэх байр руу, харин эрүүл эмэгтэйчүүдийг үзлэгт оруулж бүртгэл хийхээр хэлтэс рүү авч орлоо. Удалгүй дахиад тав, зургаан эмэгтэй үзлэгийн өрөөнд нэмэгдзж ирсэн юм. Биеэ үнэлэгчид 17-40 орчим насны эмэгтэйчүүд байлаа. Биеэ үнэлэгчид гэх овогтой тэдгээр эмэгтэйчүүд хэдийнээ энд ирээд дасчихсан бололтой. Бохь зажилж, хоорондоо шивнэлдэн инээж, бүртгэх үед зарим нь худлаа мэдүүлэг өгч байсан. Тухайлбал 34 настай Н.Ганчимэг гэх эмэгтэй гэрийн хаягаа буруу хэлчихээд, дараа нь «би тэнд амьдардаггүй шүү худлаа хэлсэн юм, ямар «танк»-нд амьдардаг гэлтэй биш» гээд хээв нэг зогсож байв.
Дайны хажуугаар дажин гэгчээр энэ шөнийн бас нэг үйл явдал нь биеэ үнэлэгч бүсгүйчүүдтэй хамтран ажилладаг гэж өөрийгөө танилцуулсан «Итгэлт шүтээн» төрийн бус байгууллагын ажилтан Т.Жаргалцэцэг гэгч бүсгүй байсан юм. Тэрээр «Итгэлт шүтээн» ТББ-ын «Хүрч очих ажилтны үнэмлэх» гэсэн бичиг баримт гаргаж, өөрийгөө биеэ үнэлэгчдийн зургийг авахаар Улаанбаатарын саданд явж байсан юм. Хэд хоногийн өмнө манай байгууллага эдгээр эмэгтэйчүүдэд ширэн түрийвч өгсөн. Түүнийг авсан хүмүүсийг баримтжуулахын тулд зургийг нь авахаар явж байсан гэж тайлбар хэллээ. Харин биеэ үнэлэгч бүсгүйчүүд үнэхээр бидэнд ширэн түрийвч өгсөн, бас үнэгүй бэлгэвч тарааж, бидэнтэй хамтран ажилладаг ТББ-ын хүн мөн гэсэн юм. Бид Жаргалцэцэгтэй уулзаж учир байдлыг тодруулахад «Итгэлт шүтээн» ТББ нь Хөдөө аж ахуйн яамны ойролцоо байрладаг, биеэ үнэлэгчидтэй хамтран ажиллаад таван жил болж байгаа. Биеэ үнэлэгчдийг сайн дурын үнэгүй шинжилгээнд хамруулж, бэлгэвч тараадаг гэлээ.
Бүсгүйчүүд цагдаагийн үзлэгт ороход тэдний биеэс гар утас, ээмэг зүүлт, бүс гэх мэт эд зүйлс, 50,500,1000 төгрөг гарч байлаа. Түүнчлэн тэд биеийн байцаалтаа амаар хэлж байгаа учраас ихэнх нь худал мэдүүлэг өгч байгаа нь ажиглагдав. Ингээд биеэ үнэлэгч бүсгүйчүүдийг 02 цагийн үед Дэнжийн 1000-ийн саатуулах 111-р байр руу авч явснаар сурвалжлагын ажил маань ч дууссан юм.
Дашрамд дурдахад нийт 20 гаруй эмэгтэйчүүд баригдаж ирснээс дийлэнх нь бие давхар байсныг хараад өөрийн эрхгүй сэтгэл эмзэглэв. Цагдаа нар жирэмсэн эмэгтэйчүүдийн тухай ярихдаа зарим нь худлаа жүжиглэж байгаа юм, хуулиараа жирэмсэн хүнийг хорих ёсгүй учраас саатуулах байрнаас ихэнх нь буцаж ирж таарах байх гэлээ.
Тэднийг үзлэгт орох хооронд зарим эмэгтэйчүүдтэй уулзаж, амьдрал, зовлон жаргалаас нь цөөн хором хөөрөлдсөнөө сийрүүлье.
О.Дөлгөөн: Гүрийж байгаад л 10-15 мянгыг олдог
Тэрээр 19 настай ээж, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн тавдугаар хороонд амьдардаг аж. 40 гаруй настай ээж нь бие муутай, гэртээ байдаг, харин дүү нь долоон настай аж. Хойд эцгийн хатуу гар харж хэдэн жилийн турш ээж, дүүгийнхээ хамт зовсон гэлээ. Ээж нь хойд эцгээс нь салснаас хойш, ээж дүү хоёроо тэжээхийн тулд янз бүрийн ажил хийх болж. Цайны газар, хэрчсэн гурилын үйлдвэр гээд, авсан цалин амьдралд нь хүрэлцэхгүй байснаас ч юм уу нэг л мэдэхэд эргэлт буцалтгүй шөнийн амьдралыг сонгоод жил гаруй болж байна гэж ярив.
Өвчтэй ээждээ ээлжийн ажилд явж байгаа гэж худал хэлээд гэрээсээ 21,22 цагийн орчим гардаг гэсэн. Тэрээр шөнөдөө 20-50 мянган төгрөг олдог. Заримдаа хоосон үе ч бий гэхдээ л гүрийж байгаад 10,15 мянгыг олоод харьдаг юм хэмээн ярилаа.
Б.Цэнд-Аюуш: Ээж, аавдаа очиж зүрхлэхгүй явна
Завхан аймгийн Улиастай сумын уугуул Б.Цэнд-Аюуш 28 настай дөрвөн сартай жирэмсэн эмэгтэй байв. Тэрээр 2000 онд нутгаасаа гарсан бөгөөд найз нартайгаа хэрэгт холбогдон 10 жил нэг сарын хорих ялаар шийтгэгдээд Улаанбаатарт ирсэн аж.
Б.Цэнд-Аюуш 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор өршөөлийн хуулийн тэгшитгэлээр зургаан жил нэг сарын ял эдлээд суллагдсан байна. Тухайн үед нутагтаа эргэж очиж чадаагүй, ар гэрийнхэн нь ч түүнийг суллагдсаныг мэдээгүй аж. Одоо тэрээр хамт хорих ангид байсан. Алтансавх гэдэг эмэгтэйгийндээ амьдардаг гэнэ.
Суллагдаад өдий хүртэл ээж, аавдаа очиж зүрхлэхгүй явна, амьдрахын эрхээр биеэ үнэлж арав, таван төгрөг олж байна гэсэн юм.
Биеэ үнэлэгчдийн ихэнх нь жирэмсэн байдаг
Сүхбаатар дүүргийн Хэв журмын ахлах байцаагч, ахмад Б.Ууганбаяртай ярилцлаа.
-Танай дүүрэгт биеэ үнэлэгчид хаагуур байрладаг вэ?
-Багшийн дээд, Улаанбаатарын садны орчим биеэ үнэлдэг. Энэ явдлыг зогсоохын тулд ил далд хэлбэрээр байнгын арга хэмжээ зохион байгуулж байна. Үүний үр дүнд харьцангуй биеэ үнэлэгчид буурч, бүртгэл, судалгаа эрс цөөрсөн. Харин сүүлийн үед Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн харьяат эмэгтэйчүүд ирэх болсон.
-Сүхбаатар дүүрэгт биеэ үнэлэгчдийн байрладаг гол цэгүүд байдаг гэж ойлгож болохуу. Нийт хичнээн хүн бүртгэлтэй байдаг вэ?
-Ерөнхийдөө манайх төвийн дүүрэг учраас биеэ үнэлэгчдийн гол цэгүүд байдаг гэж болно. Дүүргийн хэмжээнд байнгын бүртгэл судалгаанд орсон, хяналттай 41 биеэ үнэлэгч байдаг. Мөн дээр нь бусад дүүргүүдээс орж ирсэн 20 гаруй эмэгтэй бий.
-Хэдэн насны хүмүүс байдаг вэ?
-Ерөнхийдөө 17-50 гаруй насны хүмүүс байдаг. Гэхдээ ихэвчлэн 27-гоос дээш 52 хүртэлх насны эмэгтэйчүүд зонхилдог.
-Эдгээр хүмүүстэй харьцахад бэрхшээлтэй зүйл их гардаг бололтой. Мэргэжлийн хүний үүднээс сонирхуулбал?
-Ихэнх биеэ үнэлэгчид 3-6 сартай жирэмсэн байгаа. Иймээс эдгээрийг баривчлаад байцаахаар жирэмсэн хүнийг шүүх баривчилдаггүй. Манайх саатуулж, байцаагаад баримтжуулан шүүхээр оруулдаг. Шүүх садар самуунтай тэмцэх тухай хуулиар баривчилдаггүй, цагдаагийн байгууллагын шаардлагыг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр шүүхээр оруулж эцсийн арга хэмжээ авдаг.
-Биеэ үнэлэгчидтэй холбоотой, тэднийг зуучилдаг, авдаг хүмүүст ямар арга хэмжээ авдаг вэ?
-Биеэ үнэлэгчдийг авч байгаа болон энэ байдлыг зуучилж хангаж, зохион байгуулж, үйлчилж байгаа бүх л хүмүүст садар самуунтай тэмцэх тухай хуулийн заалтын дагуу торгууль шийтгэл ногдуулж, баривчлах арга хэмжээ авч байгаа. Ерөнхийдөө зуучлагдсан болон тээвэрлэсэн хүмүүсийн тоо харьцангуй цөөрсөн одоогоор давтан хэрэгтэй ирсэн зуучлагч алга байна.
Ц.Алтан-Эрдэнэ
Нийслэл таймс
3 Comments
ёоох ямар аймар урувдултуй ям бэ? жирэмсэн хун, эх хун ёстой аргаа бараад ингэж явдаг бх да хуурхийс…. зурх зусигдмээр болчлоо. тур энэ ядарсан эмэгтэйчүүдэдээ нэг арга хэмжээ аваасай, эд нар нар чин амид адгуус биш хун ям бга биз дэ.бурхан уршуу тэднийг…
тэр ТББ нь бас яахав боломжийн л юм. гэхдэ тэр нэрнийхэ цаана бас элдэв бусын бодолтой юм байхыг үгүйсгэхгүй л дэ. гэхдэ ч бас яахав 5 жил үйл ажиллага явуулсан гэж байга. бас нэг юм нь жирэмсэн байга нь сонин л юм. энэ гэр бүлээ хуураад араар нь тавьж хамгаалалтгүй хийдэг байхнэ, өвчин аваад насаараа зовоосой
монголын бараан амьдралын 1 л шөнө дөө яандаа энэ монгол минь