Гаж хөгжилтэй ураг мэндлэх нь ихэслээ

gaj_urag-middle-Нярайн гаж хөгжлийн тархалт 1000 амьд төрөлтөд 2.7 хувьтай байна гэсэн үг-
Манай улсад үйлчилж буй халамжийн тогтолцооны үр дүнд шинээр мэндлэх хүүхдийн тоо эрс нэмэгдэх болсон. Мэдээж энэ бол сайшаалтай хэрэг. Ялангуяа, хүн амын өсөлтөд эерэгээр нөлөөлж байгааг дурдах хэрэгтэй.

Харамсалтай нь сүүлийн үеийн судалгаагаар нярайн гаж хөгжилтэй хүүхдүүд мэндлэх нь ихэсч байгаа талаар холбогдох мэргэжилтнүүд сануулж байна. Сүүлийн арван жилийн хугацаанд улсын хэмжээнд төрөлхийн гаж хөгжилтэй 407 хүүхэд бүртгэгдсэнээс 186 нь хөдөө, орон нутгаас илэрчээ. Хүн амын талаас илүү хувь Улаанбаатарт амьдарч байхад гаж хөгжилтэй төрж буй хүүхдүүдийн 40 гаруй хувь нь хөдөөнөөс гарч байна гэдэг орон нутагт жирэмсэн эхийн үзлэг оношлогоо хангалттай бус байгааг харуулж байна. Мөн эхчүүдийн хэрэглэж байгаа хоол хүнс амин дэмээр дутмаг, биед хэрэгтэй бэлдмэлүүдийг байх хэмжээнд нөхөж авч чадахгүй байгаатай холбоотой аж. Үүнтэй холбоотойгоор улсын хэмжээнд гаж хөгжилтэй ураг мэндлэх нь жил ирэх тусам нэмэгдэж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, нярайн гаж хөгжлийн тархалт 1000 амьд төрөлтөд 2.7 хувьтай байна гэсэн үг. Бид хэдхэн жилийн өмнө л тагнай нь цоорхой, уруул нь сэтэрхий хүүхэд төрсөн гэхэд гайхдаг байсан бол одоо энэ нь тийм ч гайхаад байхаар зүйл биш болжээ. Тархи нь устчихсан, биеийнхээ хаа нэг газар илүү булцруутай хүүхэд төрсөн тохиолдол ч гарах болж.

Мөн хоол боловсруулах эрхтний эмгэгтэй, хошного нь битүү, тулгуур эрхтний гажиг ч гэсэн нэлээд ажиглагдах болсон гэнэ. Өнөөдрийн байдлаар 100-120 хүүхэд энэ өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэсэн тоо байна. Ер нь гаж хөгжил нь элдэв төрлийн хүчин зүйлийн нөлөөгөөр үүсч байгаа бие эрхтний эмгэг аж. Тухайлбал, манай улсад мөнгөн ус, цианит натриас эхлээд элдэв янзын химийн бодисыг гараас гарт дамжуулан ямар нэгэн байдлаар хэрэглэж байна. Ийм орчинд байгаа жирэмсэн эхэд нөлөөлөхгүй байна гэж байхгүйг эрүүл ухаанаар сэтгэдэг хэн ч гэсэн ойлгохоор асуудал. Мөн эхийн сэтгэл санаа ч урагт тодорхой хэмжээгээр нөлөөлдөг байна. Эхийн сэтгэл санаа ямар нэгэн байдлаар хямарвал хүүхэд ч гэсэн хямардаг болох нь судалгаагаар нотлогджээ. Гэхдээ бас нэг өөр шалтгаан байгаа.

Манайхан эмийг чихэр шиг л хэрэглэдэг. Эмийн замбараагүй хэрэглээнээс болж урагт нөлөөлж, түүнчлэн нярайн гаж хөгжил гарч байгаа юм. Хэрвээ эмийн замбараагүй хэрэглээгээ болихгүй бол ургийн гаж хөгжил улам нэмэгдсээр л байх болно гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна. Түүнчлэн архи тамхийг эмэгтэйчүүд өргөн хэрэглэж байна. Жирэмсэн эх архи, тамхинаас бүрэн татгалзах хэрэгтэй. Хэрвээ алкаколь шаардлагатай гэж үзвэл нэмэлт тэжээл ч юм уу, хоол хүнсээрээ нөхөж авахгүй бол уруул, амь нь сэтэрхий хүүхэд төрдөг гэж олон улсын судлаачид үздэг аж.

Нийслэлд агаарын бохирдол гаж хөгжилтэй ураг төрөхөд хамгийн их нөлөөлж байна гэв
Жил бүрийн өвөл нийслэлчүүд дээр дооргүй утааны асуудлаа ярьж нилээн л юм болдог. Хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг хангалттай хэлэлцэж байгаа ч өнөөдрийг хүртэл дорвитой арга хэмжээ авч чадахгүй байна. Гагцхүү эхийнхээ хэвлийд бойжиж буй бяцхан үрс үг хэлж чадахгүй болохоор чив чимээгүй хэлмэгдээд байна гэхэд хилсдэхгүй. Өнгөрсөн жил Сүхбаатар дүүргийн эмнэлэгт дутуу төрсөн эхийн урагт задлан шинжилгээ хийжээ. Гэтэл ураг эхийн хэвлийдээ хорт утаанд угаартсаны улмаас зулбасан байсан нь тогтоогдсон аж. Тэгвэл өнөөдөр хорвоод хүн болох гэж ирсэн хэдэн ураг ийнхүү хохирч байгааг хэн мэдэхэв. Ер нь утаа угаараас болж эрүүл хүүхэд хүртэл хэвлий дотроо өвчин авах магадлал өндөр байдаг аж. Агаарын бохирдол манай улсад дээд хэмжээндээ хүрчихээд байна. Эдгээр бохирдол утаанд 250-300 төрлийн хортой бодис агуулагдаж байдаг. Гэтэл бидний амьсгалж байгаа агаар дан хорт бодис гэж бодохоор эхийн хэвлий дэх урагт нөлөөллөхгүй байна гэж байхгүй гэдгийг эрүүл мэндийн байгууллагууд нотолсоор байна.

Оношилгооны төв барихад 30 сая төгрөг хэрэгтэй
Хүүхдийг эхийн хэвлийд байхад нь гаж хөгжилтэй байна уу үгүй юу гэдгийг тусгай оношлогооны багажуудын туслалцаатайгаар мэдэж болдог гэнэ. Тэгэхээр хөгжил нь гаж явагдаж байгаа ургийг бага дээр нь оношлох боломжтой гэсэн үг. Харамсалтай манай улсад энэ төрлийн тоног төхөөрөмж нэн хангалтгүй байдгаас эрт илрүүлж арга хэмжээ авч чадахгүй байгааг албаны хүмүүс хэлж байна. Саяхнаас манай улсад энэ чиглэлээр тандалт судалгаа хийж эхлээд байгаа бөгөөд оношилгооны төв лаборатори барихад 30 сая төгрөг шаардлагатай байгаа аж. Мөн эхчүүдийн хайхрамж, хяналт муугаас хожуу илэрч байгааг мэргэжилтнүүд ярьж байна. Нэгэнт хэвлийдээ томорчихсон үрээ ямар нэгэн эрхтний буруу хөгжилтэй гэдгийг мэдсэн ч гаргахаас өөр аргагүй болдог аж. Уг нь эмэгтэй хүн жирэмсэн болсон бол гурван сараас өмнө жирэмсний хяналтад орох ёстой. Гэвч зарим эмэгтэйчүүд төрөх дөхсөн хойноо эмнэлэгт хандан хэнэггүй загнадаг гэнэ. Энэ мэтээр хожим гарах үр дагаврыг тоолгүй хариуцлагагүй хандаж байгаа эхчүүд олон байна. Янз бүрийн химийн бодис орсон хүнсний бүтээгдэхүүн, архи тамхи хэрэглэх болон тийм орчинд байх урагт муугаар нөлөөлж бие эрхтний гажигтай болох хамгийн том хүчин зүйл болдог гэдгийг эхчүүд хамгийн түрүүнд санаж байх учиртай болов уу.

Г.Долгорсүрэн
Нийгмийн толь

1 Comment

  1. yaana da says:

    ug n olon huuhedtei bolmoor bdg, iim medeelel unshhaar ahin huuhed gargana gehees ch aih yum

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.