Хүн худалдаалагчдын ял багадсан уу…

57446-18819-middleСүүлийн жилүүдэд охид бүсгүйчүүдийг хүчээр биеийг нь үнэлүүлэх, хил давуулан худалдах гэмт хэрэг ихээр гарах болсон. Энэ он гарсаар хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбоотой дөрвөн шүүх хурал болсон нь үүнийг батлана. Өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар дүүргийн шүүх есөн бүсгүйг гадаадад өндөр цалинтай ажилд оруулна хэмээн хуурч хил давуулан худалдаж, хүчээр биеийг нь үнэлүүлж байсан Г.Батдэлгэр, Г.Чинзориг, Г.Ганзориг нарын хэргийг шүүж чанга дэглэмтэй хорих ангид 7-11 жил хорих ял оноосон юм. Гэмт хэрэгтнүүд 18-22 насны есөн бүсгүйг Хятад, Малайз, Макао, Сингапур, Хонконг зэрэг улс руу зөөгч, оёдлын болон оймсны үйлдвэрт өндөр цалинтай ажилд оруулна, сургуульд суралцуулна хэмээн хуурч хил давуулсан байна. Хэрэгтнүүд гадаад руу авч явсан бүсгүйчүүдээ хүчээр биеийг нь үнэлүүлж байсан бөгөөд 700-1200 хүртэлх ам.доллараар биеийг нь худалддаг байсан байна. Мөн дээрх бүсгүйчүүдэд хоол бага өгдөг байсан төдийгүй харгис хэрцгий хандаж оргох гэж оролдсон нэг бүсгүйг cap гаран харанхуй өрөөнд хорьж байсныг шүүх хурлын үеэр хохирогчид мэдүүлжээ.Нийслэл Таймс

Харь газар хүний боол болж зовж байсан бүсгүйчүүд эх орондоо ирсэн нь мөн дээрх гэмт хэрэгтнүүдэд хууртсан Ц гэгч бүсгүйн ач аж. Түүнийг хоёр жил Хятад улсад хүчээр биеийг нь үнэлүүлж байсан бөгөөд арай гэж зугтаж эх орондоо иржээ. Улмаар хүний эрхийн болон цагдаагийн байгууллагад хандсанаар хэрэгтнүүдийг баривчилсан байна. Г.Чинзориг, Г.Ганзориг нарыг Улаанбаатар хотод гэмт хэргээ үйлдэхээр бүсгүйчүүдийг зарлал өгч цуглуулж байхад нь баривчилсан байна.

Улмаар толгойлогч гэгдэж байгаа Г.Батдэлгэр гэгчийг Сингапураас хил давуулах бүсгүйчүүдээ авахаар ирэхэд хамтрагчдынх нь мэдээллийн дагуу шалган баривчилсан байна. Эдгээр гэмт хэрэгтнүүдэд дээр дурьдсан орнуудад хүлээн авч харилцдаг хүмүүс байдаг бөгөөд манай улс тухайн орнуудад нь хүсэлт гаргаж шалгуулах эрх зүйн зохицуулалт байдаггүй юм байна. Одоогоор хохирогч эмэгтэйчүүд бүгд эх орондоо ирээд байгаа бөгөөд гэмт этгээдүүдээс 5-18 сая төгрөг нэхэмжлээд байгаа аж. Уг нь манай улсын хууль дүрэм хангалттай чанга юм шиг санагддаг юм. Ганцхан мянган төгрөг хулгай хийсэн эмэгтэйд 2,3 жилийн ял өгч, ганц мал хулгай хийж зарсан хүнд 7-8 жилийн ял өгдгөөс харвал шүү дээ. Гэтэл дээрх этгээдүүд дөнгөж 7-11 жилийн ял авч байдаг. Эдгээр хүмүүсийн ялыг дэндүү багадсан гэж хохирогчид, ар гэрийнхэн нь үзсэн байна.

Зөвхөн энэ хэрэг ч биш. Монголын хууль хяналтынхны хамар дороос хүн хулгайлж, хараан дор нь шахуу насанд хүрээгүй охидыг хүчирхийлэн, барьцаалж, эцэг эхээс нь мөнгө нэхдэг байсан жижгээ хочтой М.Пүрэвбат тэргүүтэй хэсэг гэмт хэрэгтнүүдэд 5,6-15 жилийн ял өгсөн. Бүх л бүтэн хүн худалдаж, хүчээр биеийг нь үнэлүүлж, харгис хэрцгий хандаж, хорьж цагдсан онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн хүмүүс 10 гаруйхан жилийн ял авч байна гээд бодохоор эрүүгийн хуульд ямар ч зохицуулалт байхгүйг харуулж байгаа юм. Зөвхөн илэрсэн нь л энэ хэргүүд болохоос хичнээн бүсгүй харь газар зовж байгааг хэлэх аргагүй юм. Монголчууд бидний гадаад явж, их мөнгө олох гэсэн сайхан мөрөөдөл дээр дөрөөлсөн гэмт хэрэгтнүүд охид бүсгүйчүүдийг эд бараа шиг худалдаж байна. Хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбоотой ихэнх гэмт хэргийн ард ямар нэг улс руу өндөр цалинтай ажилд явуулна, тэтгэлгээр суралцуулна гэх зэрэг зар байдаг нь олон жишээгээр батлагдсан. Хууль хяналтынхан ч гэсэн энэ мэт зарын ард хэн байгааг шалгаж байвал хүн худалдаалах гэмт хэргээс тодорхой хэмжээгээр сэргийлж чадах ч юм билүү. Охид, бүсгүйчүүд гадаад явуулна гэсэн зарын дагуу очихдоо шалгаж нягталж байхгүй бол гэмт хэрэгтний золиос болдогыг дээрх хэрэг тод томруунаар харууллаа.

Н.Пунцагболд
Нийслэл Таймс

3 Comments

  1. beauty says:

    ёстой бүтэхгүй хуультай, хууль нь гууль болсон орон гэж манайхийг л хэлэх байхдаа. яана даа энэ үхмэл төр засгийг… хэлэх ч үг олдохгүй юмаа.

  2. Нямдорж гэж бэлгийн сулралтай новшийн орондоо зассан Эрүүгийн хууль нь тийм тэнэг. Хүн хулгайлсан хүнийг малын хулгайчтай зүйрлэж ял өгдөг шал тэнэг

  3. baldan says:

    өөрсдийг нь xудалд. сэлбэгэнд яавуулж мөнгийг нь xүүxнүүддээ өгөө!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.