-Яавал аз жаргалтай сайхан гэр бүл болох вэ-
Гэр бүлийн аз жаргал гэж юуг хэлэх вэ?
Гэр бүлийн аз жаргал нь хүний амьдралын гол утга учир байдаг гэдэг. Гэвч энэ аз жаргалыг бий болгоно гэдэг амаргүй. Гэр бүлийн аз жаргал гэдэг нь нэг талаар ханиа зөв сонгох явдал юм.
Гэр бүлийн амьдралд тохиолддог хямрал хэд хэдэн үетэй бөгөөд энэ нь ихэвчлэн залуу хосуудад хамаатай аж.
Эхний үе нь гэр бүл болсноос хойших 3-7 жилийн хооронд үргэлжилдэг. Энэ нь өөр өөр орчинд өссөн, өөр өөр зан ааштай хүмүүсийн харилцан бие биедээ дасан зохицоход хүрэлцэх хугацаа гэнэ. Эхнэр нөхрийн үүрэг хариуцлагаа ухамсарлах хугацаа нь ч энэ үед хамаарагдана.
Гэр бүл болоход хосуудын үзэл бодол, ёс суртахуун, хүсэл сонирхол, зан төлөв, секс зэрэг нь зохих хувиар нөлөөлдөг аж.
Жишээ нь гэр бүл болж байгаа хосууд яг ижил зантай бол дасан зохицоход хэцүү харин хурц ааш зантай бол бие биетэйгээ байнга шөргөөцөлдөж, харилцан буулт хийх сонирхолгүй байдаг аж.
Гэр бүлийн амьдралд тохиолддог бэрхшээлүүд
-Гэр бүлийн гишүүдийн аль нэг нь архинд орох,
-Хүүхдэд дургүй байх,
-Хань ижлээ үл хүндэтгэх,
-Нэгнийхээ гэр бүл дэх үүрэг ролийг үл тоомсорлох,
-Нэг нэгэндээ хатуу чанга хандах,
-Суурь хүмүүжил нь хэвийн бус байх,
-Бие биенийхээ сайн сайхныг мэдрэхээ болих,
-Хардах,
-Ойлгохыг зориуд үл хүсэх,
-Хөндлөнгийн элдэв нөлөөнд автах,
-Эцэг эх болон хадмуудтайгаа хамт амьдрах,
-Аль нэгний нь эцэг эх гэр бүлийн амьдралд нь хэт хутгалдан оролцох,
-Эхнэр, нөхрийн хэн нэг нь урт хугацаагаар гадаадад амьдрах,
-Ямар нэг шалтгаанаар эр эм хоёр бие биенээсээ тусдаа байх,
-Өөр хэн нэгэнтэй дотно харилцаа үүсгэх,
-Хэн нэг нь сэтгэцийн эмгэгтэй байх…
Гэр бүлийн маргаан гэж юуг хэлэх вэ?
Гэр бүлийн маргаан олон шалтгаанаас болж үүсдэг. Жишээ нь, бие биенээ ойлгохгүй байх, хэрэгцээ сонирхол нь өөр байх, харилцааны хувьд зөрчилдөх, биологийн хувьд тохирохгүй байх, эцэг эх, ах дүүс, найз нөхдийн элдэв ятгалга, заавар зөвлөмжөөр хэн нэгнээ дарамтлах зэрэг олон шалтгаан байдаг аж. Иймэрхүү хэвийн бус харьцаа, гэр бүл салах, байнгын хүйтэн хөндий уур амьсгал, уур уцаар бухимдал зэрэг нь мэдрэлийн ядаргаанд оруулдаг бөгөөд хүүхдийн зан байдал, хичээл сурлагад нь ч муугаар нөлөөлдөг байна.
Ийм байдалд хүрэхгүйн тулд яах ёстой вэ?
Гэр бүл болохоосоо өмнө бие биенээ сайн судлах хэрэгтэй. Эхнэр нөхөр болохын тулд тодорхой бэлтгэлтэй, хариуцлагатай хандах ёстой.
Залуу хосууд өөрсдийн орон байргүйгээс хэн нэгнийхээ эцэг эхийнд амьдарснаас болж үл ойлголцол улмаар салах сарних дээрээ хүрдэг. Нэгэнт гэр бүл болоод хамтран амьдарч байгаа учраас бие биендээ хүлээцтэй хандаж хэд хэдэн зүйлийг анхаарах нь зүйтэй.
-Маргаанд заавал дийлж гарахыг эрмэлзэх хэрэггүй
-Өмнөх алдаа оноогоо дуудалцахгүй байх
-Маргаандаа эцэг эх, найз нөхдөө хамруулахгүй байх
-Бүдүүлэг үг хэллэг, хараалын үгийг хэрэглэхгүй байх
-Нэгнийгээ доромжилж гомдоохыг зорихгүй байх
-Залуу хосууд гэр бүл болохоосоо өмнө энэ мэт зүйлийг харилцан тохиролцсон байвал зүгээр.
Үүнээс гадна,
-Бие биеэ дэмжин урамшуулдаг байх,
-Зарим нэг дутагдалд хүлээцтэй хандаж сурах,
-Амьдралаа өөрсдөө хөл дээр нь босгох,
-Ирээдүйдээ итгэлтэй байх… зэрэг нь гэр бүлийн хямралыг даван туулахад чухал хүчин зүйл болдог.
/Хань/
1 Comment
энд зөвлөгөө хүсэн нийтлэл бичдэг хүмүүс үүнийг сайн уншиж ойлговол их хэрэгтэй зөвлөгөө байнаа.