МИНИЙ НАЙЗ ДОХ-ТОЙ Ч, МИНИЙ НАЙЗ ХЭВЭЭРЭЭ

logo2XX зууны хамгийн том эмгэнэл болсон дэлхийн I, II дайнд хүн төрөлхтөн нийтдээ 65 сая хүн амь үрэгдсэн. Түүнээс дутахгүй гамшиг өнгөрсөн зуунаас XXI зууныг дамнан үргэлжилсээр байна. Энэ бол ДОХ! Тиймээ, ДОХ хэмээх аюулт өвчнөөр дэлхийн хэмжээнд өнөөдөр 27 сая хүн нас баржээ.

Хүний дархлал хомсдлын вирус /ХДХВ/-ийн эсрэг биет хүний цусанд бүр 1959 оны үед илэрч байжээ. Америкийн эмч нар Нью-Йорк, Сан Францискод ховор тохиолддог халдварууд болон хорт хавдар гей эрчүүдийн дотор илэрч байгааг олж мэдсэн юм. 1981 онд америкийн эрдэмтэд энэ талаар анхны эрдэм шинжилгээний өгүүлэл нийтэлсэн бөгөөд удалгүй үл танигдах өвчнөөр зөвхөн гей хүмүүс бус гетеросекс бэлгийн харьцаатай хүмүүс ч өвчилж байгааг олж тогтоожээ. Харин 1983 онд Парист доктор Л.Монтагнер тэргүүтэй эрдэмтэд, 1984 онд АНУ-д доктор Р.Галло нарын эрдэмтэд ДОХ-ын үүсгэгчийг нээсэн байна. Үүнээс хоёр жилийн дараа «HIV» буюу ХДХВ гэж нэрлэсэн түүхтэй. Өнөөдөр дэлхийн дээр ХДХВ-ийн халдвартай болон ДОХ-оор өвчилсөн 19 сая шахам хүн байгаа юм. Манай улсад 1992 онд ХДХВ-ын халдвартай хүн илэрч байсан бөгөөд өдгөө ийм халдвартай 61 хүнийг илрүүлснээс найман нь ДОХ өвчнөөр хорвоог орхижээ.

Манай улсын ХДХВ-ын халдвар авсан энэ хүмүүс олны нүднээс далдхан, нууцлаг байдалтай бидний дунд аж төрж байгаа. Хэнбугайд ч өвчин хэлж ирдэггүй, харин хийсч ирдэг гэдгийг хүн бүхэн мэддэг ч монголчууд ХДХВ/ДОХ халдвартай хүнээс ихэд цэрвэдэг. Тиймээс ч ХДХВ-ийн халдвартай монголчууд бусадтай зовлонгоо хуваалцах талаар ярилтгүй. Харин тэд хүний эрх, эрх чөлөөг эдлэх ёстой бидний адил хүн гэдгийг өнөөдөр бид ойлгох цаг иржээ. Тэдний хэн нэгэнтэй уулзаж дуу хоолойг нь олон түмэнд хүргэхийг зорьж нэлээд хөөцөлдсөний эцэст З хэмээх нэгэн залуутай уулзсан юм. Түүнийг гаднаас нь харахад ХДХВ-ын халдвартай гэж итгэхээргүй, жирийн эрүүл саруул, мах мариатай, биеэрхүү залуу байсныг нуух юун.

-Та хүний эрх, эрх чөлөө ямар нэг байдлаар хумигдаж байгааг өөрийн биеэр мэдэрч яваа хүний хувьд юу хэлэх вэ?
-Би Монголд төрсөндөө баярладаг. ХДХВ-ын халдвар авсан хүний тухай хуулинд тодорхой заасан хэдий ч бодит амьдрал дээр бүрэн хэрэгжихгүй байна. Манай хууль хүний эрхийг хамгаална гэж бичсэн байдаг. Халдвар авсан гэдгээ эмнэлэгт, цагдаагийн газарт, хамтран амьдрагч, найздаа ярих ёстой. Харин ингэж ярьж хэлснээр намайг хүмүүс улам үзэн ядах хэлбэрт ордог. Тэгвэл намайг хамгаалах хууль байж, халдвартай хүмүүс эрхээ эдлэх ёстой, бас иргэний үүргээ ч биелүүлэх ёстой. Өнөөдөр яагаад насанд хүрээгүй хүүхэд бэлгийн харьцаанд ороод халдвар авчихав? Энэ л хамгийн гол асуудал! Үүнийг л хуулинд тусгаж өгөхгүй хав дараад байгаа юм. Бид ажил хиймээр байна. ХДХВ-ын халдвар 200, 300 хүнийг хамарч орхивол яах билээ. Одоо л бид бага дээр нь ярилцах хэрэгтэй. Цаг хугацаа алдмааргүй байна. ХДХВ-ын халдвар гарахаас өмнө бид хууль гаргаж чадсан. Одоо харин халдвар гарчихаад байхад энэ хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага байгаа юм. Бид нар хүнтэй л адил хүн, та нартай адилхан идэж уудаг, ажил хөдөлмөр эрхэлж, суралцаж, наргиж цэнгэх эрхтэй хүмүүс. Өнөөдөр бидний дунд ажил хийдэг хүн ч бий. Харин зарим нь үнэхээр ажил хөдөлмөр эрхэлж чаддаггүй. Энэ нь хуулинд заалт байхгүйтэй холбоотой. Өөрт болон өрөөлд халгаагүй ажил хөдөлмөр эрхэлж яагаад болохгүй гэж. Харин халдвартай хүн мэс заслын эмч, эх баригч, эмэгтэйчүүдийн эмч зэрэг ажил эрхлэхийг ДЭМБ-аас хориглодог. ХДХВ нь хүний биеэс гараад 5-6 секундын дотор үхдэг. Тийм учраас халдвар авчихна гэж цэрвэх хэрэггүй гэдгийг хүмүүс огт ойлгодоггүй. Халдвартай хүнийг бусдаас ялгаварлаж үздэг. Өнөөдөр манайд энэ байдал буурч байгаа гэдэг ч бодит амьдрал дээр харин ч нууцлагдмал болчихжээ.

-Ажилд орохыг хүсэхэд хамгийн түрүүнд ямар бэрхшээл учирдаг вэ?
-Тухайлбал, хүн ажилд ороход заавал анкет бөглөх ёстой. Энэ анкет дээр ДОХ-ын шинжилгээ, бэлгийн замын халдварт өвчний шинжилгээ хийлгэсэн байхыг шаарддаг. Үүнээс болоод л хүмүүс ичээд ажилд орж чаддаггүй. Тиймээс өнөөдөр өндөр боловсрол, мэргэжилтэй олон залуу ажилгүй, архи уугаад л явж байна. Энэ бол хүний эрх дотор хүний хувийн нууцлалын асуудал гэж ярьдаг ч хэрэгжихгүй байгаагийн нэг жишээ. ХДХВ-ын халдвар авсан хүнийг нууцална гэж ярьдаг ч хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр төд дэх тохиолдол гарлаа, тийм настай, эрэгтэй, эмэгтэй хүн халдвар авлаа гээд л гарч байгаа. Бид одоо ийм асуудлыг ирэх жилээс өөрсдөө шүүхэд өгнө. Яагаад болохгүй гэж. Яагаад өвчтэй хүний эрхийг зөрчөөд байгаа юм. Уг мэдээллийг эмч л өгсөн байгаа. Үнэхээр надад шүүхдээд явах мөнгө байхгүй учраас шүүх миний талд орохгүй байх л даа. Энэ чинь л ялгаварлан гадуурхсан хэрэг.

-Та нарт олон түмнээс хандив тусламж ирж байна уу?
-Монголын Улаан загалмай нийгэмлэг халдвар авсан бидний нэрээр мөнгө босгодог. Цаашдаа ч босгоно. Өнөөдөр 10 төгрөгөөр чихэр авч идэх гэж байсан хүүхэд сэтгэлээсээ бидэнд түүнийгээ өгдөг. Харин энэ босгосон мөнгө очих ёстой тэр хүмүүст хүрэлцэхгүй, очихгүй байгаад би гайхдаг. Сурталчилгаа, сэрэмжлүүлэг байх нь зүйн хэрэг. Харин ХДХВ/ДОХ-ын тухай гарын авлагыг олон нийтэд болон халдвартай хүмүүст зориулж тус тусад нь гаргах хэрэгтэй юм.

-Өнөөдөр ХДХВ/ДОХ-ын талаарх ойлголт олон нийтийн дунд ямар байгаа гэж бодож байна вэ?
-Халдвар авсан хүн өөрөө олон түмэнд хандаж дуу хоолойгоо гаргах нөхцөл нь бүрдээгүй байна. Монголчуудын уламжлалт зан заншилд бусад үндэстнийг бодвол илүү гэр бүлсэг байдал гүнзгий шингэсэн. Хэрвээ миний нэр сэвтвэл миний гэр бүл, ах дүүсийн нэр, төр сэвтдэг. «Халдвартай» гэж хэлсэн ганцхан үгийн ард, би хичнээн хүний нэр төр, амьдралыг золиослох вэ? гэдэг том асуудал бий. Би өнөөдөр ч гэсэн ил гараад ярьж чадна. Харин би олон түмэнд ил гарч ирж үзэл бодлоо хэлэх бүх бэлтгэлээ хийж алхам алхмаар урагшилж байгаа. Яагаад халдвар авсан хүний тоо нэмэгдээд байна. Халдвартай байгаа хүмүүсийн амьдрал ямар байдгийг хэн ч мэдэхгүй, зөвхөн өөрсдөө шаналж явна. Үүнд л монголчууд бүгдээрээ анхаарал хандуулах цаг болжээ.

-Та анх халдвартай болсноо яаж мэдсэн бол?
-Би халдвар тээгээд болоод долоон жил болж байна. Анх сайн дурын зөвлөгөө, шинжилгээгээр л ХДХВ халдвартай болсноо мэдсэн. Тэгээд би дараа нь өөрийгөө эмчлүүлэх гэж гадаад оронд очсон боловч халдвартай гээд буцаад ирсэн. Эмчлүүлэх гэж нэлээд хэдэн төгрөг зарлагадсан ч үр дүн өгч чадаагүй. Харин Монголын эмч нар чадвартай, мундаг гэдгийг би мэдэрсэн. Тэд үнэхээр сайн ажиллаж байгаа. Түүнээс гадна ТББ-ууд маш сайн ажилладаг. Яг үнэндээ эрчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрчүүд болон биеэ үнэлэгчидтэй байнгын харилцаатай байдаг «Итгэл шүтээн», «Хамтдаа», «Залуус, эрүүл мэнд», «Дэмжих төв» болон манай «Шинэ өөдрөг амьдрал» зэрэг ТББ маш сайн ажиллаж байгаа. Эдгээр ТББ-ын ачаар л өнөөдөр ХДХВ-ын халдвар авсан хүмүүс бүртгэгдэж гарч ирлээ шүү дээ. Тэгэхэд улс орон даяар компанит ажил явуулахад халдвартай хүмүүс ингэж олноор илэрч гарч ирдэггүй.

-Сайн дурын зөвлөгөө, шинжилгээ хамгийн чухал зүйл байх нээ?
-Хүмүүс сайн дурын зөвлөгөө, шинжилгээнд хамарч байгаа нь илүү үр дүнтэй байдаг. Өнөөдөр би болон миний эхнэр аюулгүй аж төрж байгаа тохиолдолд удам, үр хүүхдийн талаар ярилцаж болно. Ямар ч хүн эрүүл үр хүүхэдтэй байхыг хүсдэг. Гол нь нууц амрагтаа биш, хамгийн чухал нь эрүүл байх ёстой. Үүнд юу хэрэгтэй гэвэл сайн дурын зөвлөгөө, шинжилгээ хэрэгтэй. Өсвөр үеийнхэн, залууст сайн дурын зөвлөгөө, шинжилгээний утга учир, ач холбогдлыг маш сайн тайлбарлаж өгөх ёстой. Эмчтэй зөвлөдөг, зөвлөгөө авдаг, хүнийг тав тухтай орчноор хангаж өгдөг, тухайн хүний хувийн нууцыг хадгалж, хамгаалж чаддаг байх нь юунаас ч чухал. Энэ бүхэнд сайн дурын зөвлөгөө, шинжилгээний ажлын мөн чанар оршдог. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн халдварт өвчний тандалт судалгааны алба бол маш сайн ажилладаг. Тус албаны «Улаан тууз» эмнэлгийн хамт олныг үнэхээр магтахаас аргагүй. Тэд үүргээ маш сайн гүйцэтгэдэг.

-Та ямар боловсролтой, эхнэр, хүүхэдтэй юу?
-Би дээд боловсролтой. Эхнэр, хүүхэдтэйгээ амьдардаг байсан. Халдвартай болсноо эхнэртээ хэлж тусдаа амьдардаг болсон. Хэзээ нэгэн цагт миний хүүхэд, миний өнөөдрийн хийж байгаа ажил хүнийг ялгаварлан гадуурхах, гутаан доромжлохын эсрэг тэмцэж байж гэж намайг ойлгох бизээ. Үнэхээр Монголд хүнийг ялгаварлахгүй болсон үед би хүүхэддээ аав нь ингэж яваад ХДХВ-ын халдвар авсан гэдгээ хэлнэ. Тэр хүртэл миний хүүхэд болон бусад хүүхэд, залуус ХДХВ/ДОХ болон бэлгийн чиг хандлагын мэдлэгтэй болж, бэлтгэгдэх ёстой. Хамгийн гол нь дунд сургуульд бэлгийн харьцаа, бэлгийн чиг хандлага, ялангуяа энэ ялгаварлан гадуурхалтын талаар хичээл заах ёстой. Өнөөдөр хүний эрүүл мэндийн хичээл зааж байгаа, тэр дотор энэ тухай бэлгийн боловсрол олгох хичээл яагаад орж болохгүй гэж… Манайд өсвөр үе, хүүхэд залууст мэдээлэл авахад зориулагдсан гарын авлага нэн чухал байгаа юм. Бэлгийн чиг хандлагын талаар доктор Оюун гэж хүн бий, бэлгийн боловсролын талаар Уртаа эмчээс эхлээд хэдхэн эмч, мэргэжилтэн байдаг.

-Манайд ХДХВ-ын халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь эрчүүд байгаа. Та тэдэнтэй санал солилцож, ярилцдаг уу?
-Эрчүүд бидэнд юу байдаг билээ гэсэн асуултад эрүүлжүүлэх, эрчүүдийн «Гарьд магнай» эмнэлэг хоёр байна шүү дээ гэдэг шиг Монголд бэлгийн боловсрол олгох бэлтгэгдсэн эмч, мэргэжилтэн дутмаг байна. «Монгол эрчүүдийн холбоо» гэж ТББ байдаг. Өнөөдөр энэ байгууллага нэг удаа ч ХДХВ-ын халдвар авсан эрчүүдтэй ганц удаа ч болов уулзаж сэтгэл санааг нь сонсож болдоггүй юм болов уу. Манай улсад ХДХВ-ын халдвар авсан 61 тохиолдол илэрсэн. Би бүгдтэй нь уулзсан, уулзаж ч байгаа. Надад байгаа зовлон энэ хүмүүст адилхан л байдаг. Тиймээс би тэдний төлөө юу хийж чадах вэ? Нөхдийнхөө санаа бодлыг нэгтгэн боловсруулаад Монголдоо хэрэгжүүлэх төсөл болгохын төлөө ажиллаж байгаа юм.

-Та яагаад олон нийтэд ил гарч, өөрийн адил зовлонтой нөхдийнхөө дуу хоолой нь болох иргэний зориг гаргах болов?
-Би энэ нөхдийнхөө төлөөлөл болж ил гарч ирснээрээ үнэхээр эрсдэлтэй алхам хийж байгаа гэдгээ ойлгож байна. Намайг дэмжих хүмүүс олон байгаа ч бас дэмжихгүй арав, хорин хүн байж л байгаа. Өөрт эрсдэлтэй хэдий ч үүнийг бидний хэн нэг нь хийж байж л бид өөрсдийгөө хүмүүст ойлгуулж чадна. Өнөөдөр Монгол Улсад ардчиллын буянаар иргэн хүн эрх нь зөрчигдөж байгаа бол үгээ хаана ч хэлж болдог болсон үе. Эрчүүдийн дунд гомосекс чиг хандлагатай буюу биасекс байгаа нь нууц биш. Тэд эрчүүд болон эмэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд ордог учраас хамгийн эрсдэлтэй хэсэгт багтдаг. Хэрвээ би мөнгөтэй бол биеэ үнэлэгч авах боломжтой. Гэхдээ бэлгэвч хэрэглэх үү, хэрэглэхгүй байх уу гэдэг асуудал бий. Биеэ үнэлэгч авсан хүн архидан согтуурна. Ганц шил архиар зогсохгүй. Тэгтэл нөгөө аюулгүй гэж бодож байсан асуудлаа аюултай болгочихдог. Өглөө нь юу билээ, бэлгэвчгүйгээр харьцаанд орсон байдаг. Ингээд би хүнийг хохироох уу, хүн намайг хохироох уу гэдэг асуудалтай тулгарна. Тийм учраас л хүн бэлгийн чиг хандлагын талаар маш сайн мэдээлэл, мэдлэгтэй байх хэрэгтэй. Гомо, гей гэж яриад байдаг. Үүнийг ярих нь гол биш, хүн байгаа газарт ямар нэг орчин байж л таарна. Тиймээс хүнийг хүн шиг л хүлээж авах нь хамгийн шударга, хүнлэг ёс, зарчим гэдгийг ойлгох ёстой. Хүн бүхэнд сайн ч, муу ч чанар хоёулаа л байдаг. Тэгэхээр хүн бүхэн адил тэгш эрхтэй байхын утга учир нь тухайн хүн ямар дутагдалтай байх асуудал огт хамаагүй.

-Өнөөдөр манай нийгэмд ХДХВ/ДОХ-ын талаарх чиг хандлага арай өөр болж байх шиг?
-1992-2000 он хүртэл хандлага маш өөр байсан. Харин сүүлийн 3-4 жилд ХДХВ/ДОХ-ын талаар монголчуудын мэдлэг, боловсролд өөрчлөлт гарсан. Үүнд бидний зүгээс болон ТББ-уудын хүчин чармайлт их үүрэг гүйцэтгэсэн. Мөн эрүүл мэндийн байгууллагууд ч анхаарал хандуулж олон нийтэд зөв мэдээлэл өгснөөр дэвшил гарах болжээ. Уг сэдвээр хүний эрхийн сургалт, уулзалт зохион байгуулж байна. ДОХ-оор нас барагсдын өдрийг тэмдэглэж байгаа. Жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдөр ХДХВ/ДОХ -ын асуудалд хандуулах Олон улсын хүний эрхийн өдрийг тэмдэглэх болсон. Өнөөдөр хүмүүс тодорхой мэдлэг, мэдээлэлтэй болжээ. Харин үүнийг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх явдал чухал байна. Миний хажууд сууж байгаа хүн ялгаварлан гадуурхаж байгааг би мэдэрдэг. Монгол хүний нэг онцлог байдаг, заавал амталж, барьж үзнэ, хазна, харж байж л санаа амарч таашаал авдаг. Харин халдвартай хүнтэй уулзсаны дараа тэд ойлгоод надтай л адил хүн байна гэж мэдэрдэг. Халдвар авсан болохоос хүн л юм байна шүү дээ гэдэг. ХДХВ-ын халдвар авсан л бол ДОХ-оор үхнэ гэсэн ойлголт байдаг. Бэлгийн замын халдварт өвчнөөс ХДХВ-ын халдвар авна, энэ нь цааш даамжраад ДОХ болж улмаар үхэлд хүргэдэг ийм л үйл явц үргэлжилж байдаг.

-«Шинэ өөдрөг амьдрал» ТББ-ынхаа зорилгын талаар сонирхуулаач?
-ХДХВ-ын халдвараас нийт хүн амыг урьдчилан сэргийлэх үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн халдвартай хүмүүсийн эрхийг хамгаалж, тэдний дуу хоолой болох. Монгол Улсын хуулийн байгууллага болон Олон улсын байгууллагуудтай харилцаа, холбоо тогтоож халдвартай хүмүүсийнхээ эрх ашгийг хамгаалах зорилгоор ХДХВ-ын халдвартай хүмүүс нэгдэн санаачилсан ТББ юм. Манай байгууллага байгуулагдаад хоёр жил болж байна. Энэ хугацаанд чамгүй ажил амжуулсан. Бид үндэсний стратеги төлөвлөгөөг боловсруулсан. Халдвартай хүний тухай 45 минутын баримтат кино хийлээ. Энэ кино нь олон улсын наадмаас шагнал авсан. Монгол телевизийн Уранчимэг эгч найруулсан юм. Бид Ази, Номхон далайн орнуудын ХДХВ-ын халдвартай хүмүүсийг нэгтгэсэн энэ бүсийн Олон улсын байгууллагад гишүүнээр элссэн. Манай улсын иргэн энэ бүсийн олон улсын байгууллагын тэргүүний ажлыг хоёр жил хийлээ. Эндээс үзэхэд манай улсын халдвартай хүмүүс дотор өөрийн болон бусдынхаа эрх ашгийг хамгаалж чадах өндөр боловсролтой хүн олон бий. Тухайлбал, 2-3 гадаад хэлний мэдлэгтэй хүн цөөнгүй байдаг. Мөн бага боловсролтой ч хүн бий. Хамгийн чухал нь энэ хүмүүс бүгд бэрхшээлийн өмнө сөхрөлгүй, амьдрахын төлөө тэмцэж чадаж байна. Хүмүүс тэдэнд урам хайрлах ёстой. Энэ л хамгийн эрхэм хүмүүнлэг ёс.

-Та бүхэн санхүүгийн асуудлаа яаж шийдвэрлэж байгаа вэ?
-Олон улсын «Глобал сан» гэж байгууллага байдаг. Энэ сангийн ДОХ, сүрьеэгийн халдвараас сэргийлэх төслийн хүрээнд VII, V, I шатны төслөөс санхүүгийн дэмжлэг авдаг. Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан ДОХ-ын эсрэг үйл ажиллагаа явуулах үндэсний хорооны шууд хяналт, дэмжлэг дор бид ажилладаг. ДОХ-той тэмцэнх үндэсний сан, МУЗН, НҮБ-ын Хүний эрхийн комисс, Хүүхдийн комисс, ДОХ-ын эсрэг хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүд, «Адра Монгол», «Дэлхийн зөн» зэрэг олон байгууллагатай хамтарч ажилладаг. Бидэнд хэн тусламжийн гараа сунгана тэр хүмүүс, байгууллагатай хамтран ажиллахад бэлэн. Өнөөдөр 61 хүн халдвар авсан гэдэг. Тэгвэл бас тэдний ард, ар гэр, ах дүүс гээд олон хүн шаналж байгааг хэн ч мэдэхгүй. Тэднийг сэтгэл санаагаар дэмжих гэдэг хамгийн чухал асуудлын нэг байдаг. Монголд ДОХ өвчнөөр найман хүн бурхан болоод байгаа. Өнөөдөр тэдний үр хүүхдүүд 16-18 насны оюутан, сурагч болсон байгаа. Энэ хүүхдүүдийг боловсрол эзэмшихэд нь тэтгэлэг өгч яагаад болохгүй гэж. Халдвартай хүмүүсээс зарим нь хөдөлмөрийн чадвараа алдчихаад байна, тэдэнд нийгмийн халамж үзүүлэх ёстой биздээ. Дэлхий нийтээрээ тодорхой ажил хийж байна. Харин манай улсад энэ халдвартай хүмүүсийн эрх ашгийн төлөө тодорхой ажил хийхгүй л байна.

-«Шинэ өөдрөг амьдрал» ТББ-д манай улсын ХДХВ-ын халдвар авсан хүмүүсийн хэд нь хамрагдаж байгаа вэ?
-Өнөөдөр халдвартай 45 хүн сайн дураар хамрагдаж байна. Манай гишүүд байнга уулзаж сэтгэл санаагаа хуваалцаж, дэмжлэг туслалцаа авч, хэн нэгэндээ тусалж байдаг.

-Та нарын хувьд олон шийдэх асуудал байгаа, түүнээс хамгийн тулгамдсан асуудал юу вэ?
-Хууль тогтоомжид өөрчлөлт оруулмаар байна. Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн болон садар самуунтай тэмцэх хуулийг цэгцлээч гэж хэлмээр байна.

-Бэлгийн чиг хандлагын талаар тодорхой мэдлэг чухал байх шүү?
-Өнөөдөр бэлгийн чиг хандлагаа мэдэхгүй олон залуус байна. Оюун доктор нарын эмч, мэргэжилтнүүд бидэнд хичээл зааж мэдлэг, мэдээлэл өгч байгаа нь маш сайшаалтай. Бэлгийн олон чиг хандлагаас үүдэлтэй ялгаварлан гадуурхалт манайд байсаар байна. Хүн төрөлхтөнд бэлгийн олон чиг хандлага байдаг, цаашдаа ч байх нь тодорхой. Харин үүнээс болж хүний эрхийг зөрчиж ялгаварлах ёсгүй. Өнөөдөр томуугийн цар тахлын А хүрээний Эйч1 Эн1 вирусын халдвар ХДХВ-ын халдвараас илүү хурдацтай тархаж одоо хэчнээн хүн халдвар авч, хэдэн хүн нас бараад байгаа билээ. Тэгвэл ХДХВ-ын халдвартай хүн өнөөдөр амьдраад явж байна, тэдэндээ бид урам өгч, ажил эрхлүүлж яагаад болохгүй гэж.

-Та өөрөө ямар замаар халдвар авсан юм бэ?
-Би бэлгийн замаар халдвар авсан. Миний хувьд биа секс буюу эрчүүд, эмэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд ордог ийм л бэлгийн чиг хандлагатай залуу.

-Та бүхэн гадаадын ижил төстэй байгууллагатай харилцаатай юу?
-Бид Япон, Тайланд адил үйл ажиллагаа явуулдаг байгууллагатай харилцаатай. Зүүн Тимор, Фижи зэрэг жижиг орнууд ДОХ, бэлгийн замын өвчин, бие үнэлэгчдийнхээ асуудлыг зохицуулж чадсан байдаг. Гэтэл манай улс үүнийг зохицуулж чадахгүй байна. Бэлгийн замын өвчин улам ихсээд байна. Хөдөө орон нутагт эхээс урагт тэмбүү өвчин халдварлаад байна.
Тайландад болсон ХДХВ-ын халдвартай хүмүүсийн хуралд оролцсон. Саяхан Индонезийн Бали аралд болсон Ази, Номхон далайн орнуудын бүсийн хуралд оролцлоо. 2010 онд дэлхийн хуралд оролцож, илтгэл тавих бодолтой байгаа. Монголын тухай гадны хүн илтгэл тавьж байхад, монгол хүн улсынхаа талаар илтгэл тавьж болохгүй гэж.

-Гадаадын ХДХВ-ын халдвар авсан хүмүүстэй уулзахад манай халдвартай хүмүүсээс ялгаатай зүйл байна уу?
-Тэнд очсон хүмүүс бидэнтэй л адилхан зовлонтой. Ялгаварлан гадуурхалт хаана ч байна. Гэхдээ бас ялгаатай зүйл ч байсан. Би 17 настай охинтой уулзахад, тэр эхээс ураг нь халдвар авсан юм билээ. 17 жилийн дараа өөрийгөө халдвартай гэдгийг мэдэж байгаа хэрэг шүү дээ. Энэ хятад охин надад эм олдохгүй байна, та бүхэн манай улсад энэ эмийг авч өгөхөд туслаач гэж хэлж байсан. Тэгэхэд 40 настай нэг эмэгтэй дөрвөн хүүхэдтэй, хоёр нь эрүүл, хоёр хүүхэд нь ХДХВ-ын халдвартай төржээ. Учир нь эх өөрөө цус, цусан бүтээгдэхүүн хийлгэхдээ халдвар авчихсан. Үүнийгээ өөрөө мэдэхгүй хүүхэд төрүүлсэн юм билээ. Энэ эх, надад халдвартай цус хийчихээд улс надад тэтгэмж өгөхгүй байгаа юм гэж ярьж байсан. Бидэнд ч ийм асуудал тулгарахыг үгүйсгэх аргагүй. Үүнд л бид бэлэн байх хэрэгтэй байна. Ниргэсэн хойно нь бус ниргэхээс өмнө нь урьдчилан сэргийлье.

-Одоо таны биеийн байдал ямар байгаа, эмчилгээ хийлгэж байна уу?
-Эмчилгээ гээд байх зүйл

МОНЦАМЭ

2 Comments

  1. sony says:

    ёстой ёстой, гадуурхлаа гээд юу нь л дээрдэв гэж, харин ч тэднийг ойлгож, анх яаж байгаад ийм байдалд хүрэв гэдгийг нь үнэнээр гаргаж байж, дараа дараагийн хүмүүстээ энэ эрсдэлээс сэргийлэхэд нь тус болно шүү дээ. бүгдээрээ л дор бүрнээ хичээцгээе.

  2. bi bol bi says:

    өө дутуу юм нийтэлсэн байхым даа,за тэгээд монголчууд минь хормой хотоо хумиад,ханьдаа,хайртдаа үнэнч яваарай. тэвчиж боломгүй бол бэлгэвчээ хэрэглээд явжийсан нь аминд өлзийтэй.амьддаа бие биеэ хайрла,өвчин хэлж ирдэггүй юм шүү,заавал бэлгийн замаар гэлтгүй тусах аюултай өвчин. өвдөж зовсон нэгнээ битгий ад шоо үзэж байгаарай,хэрэв та хэн нэгнийг гадуурхаж харьцдаг/харьцсан бол яг одоо хандлагаа өөрчлөөрэй. та өөрөө ч маргааш энэ өвчинг туссан байхыг үгүйсгэхгүй. хүнийг хүн гэдэг утгаар нь л харьцаарай. энэ муухай өвчинг эдгээх эм,эмчилгээ хурдан гараасай гэж залбирч сууя даа. зовсон тэднийг бурхан өршөөг!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.