Валентины өдөр Эртний Римийн хаврын баяраас үүдэлтэй

sb10067937e-001

Валентины өдөр эртний Римийн хаврын баяраас улбаатай

Ромын харгис хаан нигүүлсэнгүй хутагт Валентинтай харгалдан,түүнийг цаазалсан өдөр гэж ярьдаг ч бүр эртний улбаа нь эртний Римчүүдийн хаврын баяр гэж байжээ.

Энэ өдөр тосгоны залуус хамгийн сайхан хувцсаа өмсч, бүгд хуран чуулж, бүжиг наадам хийхдээ гэрлэх насны охид бүсгүйчүүдийн нэрс бүхий цаас сугалан хөгжицгөөдөг байв.

Хэдий тийм ч гэсэн энэхүү мэргэн шодолтоос биенээ олсон жинхэнэ хайр сэтгэлтэн хос төрдөг байсан гэдэг.

Яагаад “Гэгээн Валентины өдөр” гэж нэрлэх болсон бэ?

Яагаад 2 сарын 14-нд тэмдэглэдэг вэ?
Энэ баярыг хэзээнээс тэмдэглэж эхэлсэн юм бол?
Яагаад “Гэгээн Валентины өдөр” гэж нэрлэх болов оо? гэхчлэн асуух залуус цөөнгүй бий.

МЭ 214-270 онд амьдарч байсан эзэн хаан Клавдиягийн ноёрхолын үед 2 сарын 14-нд Римийн цэргүүдэд цаазлагдсан Христосын шавь Валентин хэмээх гэгээн ламын нэрээр уг баярыг нэрлэсэн байдаг. Түүнээс гадна Христосын хоёр шавийг нэг дор цаазалж, сүүлд нь МЭ IV зуунд тэр хоёрт зориулан шарил дээр нь сүм байгуулсан гэдэг түүхийг өөрөөр бас ярьцгаадаг. Ийнхүү гэгээн Валентиныг 2 сарын 14-нд хороосон бөгөөд яг энэ өдрөөр эртний Римийн оршин суугчид үржил шимт хөрс шороогоо аргадан баяр хийж Юнон Дарь эхээ магтан ерөөдөг байжээ.

Дарь эхэд зориулсан заншлууд дотор зоос хаян шодож, ирээдүйн хань бүсгүйнхээ нэрийг тодруулдаг байсан аж. Ийм учраас 2 сарын 14-нийг дурлалт хосын баяр болгон тэмдэглэж заншжээ. Тэгээд ч энэ заншил үүссэн дулаан оронд 2 сарын 14-нд хэвлийдээ үр хүлээх гэсэн газрын үнэр анхилж, бүлээн салхины сэвэлзэх аясаар хүний сэтгэлд ч дурлал хайрыг авчрах хаврын улирлын түрүүч ирдэг нь энэ баярт бас нөлөөлсөн байдаг.

Англичууд жигүүртэн шувууд энэ өдөр хайраа илчилдэг гэдэгт итгэдэг

Англичууд жигүүртэн шувууд энэ өдөр хайраа илчилдэг гэдэгт итгэцгээдэг. Энэ өдрийн эх үндэс нь олон газраас үүдэлтэй гэдэг ч ямар ч байсан “Гэгээн Валентины өдөр” бол дурлалт хосуудын өдөр. Энэ л гэгээн өдөр хүмүүс хайртай хүндээ хайраа илчилж, хүндэтгэл үзүүлэн, сэтгэл зүрхнээс ундрах ариун мэдрэмжээ бэлэг сэлтээр дамжуулан хүргэдэг. Европын олон оронд энэ баяраар хайртай хүндээ чихэр эсвэл дурлалын цэцэг гэгдэх сарнай цэцэг илгээдэг бичигдээгүй журам тогтсон гэж болно.

“Валентинаас чинь…”

Гэгээн Валентины өдөр хэмээх дурлалт хосуудын энэ баяр бидний үеийг хүртэл олон түүх домог дагуулсаар иржээ. Есүс Христ насан эцэслэснээс хойш 300 жилийн дараагаар Ромын хаад иргэдээ Ромын бурхдад л сүсэглэхийг шаардсаар байжээ.

Тэр үед Валентин хэмээх христос шашны төлөөлөгч лам залууг “Бурууг номлогч” хэмээн үзэж шоронд хийжээ. Гэвч төдөлгүй 2-р сарын 14-нд түүний толгойг авсан гэдэг. Энэ нь Валентин зөвхөн христос шашинтай байсны төлөөх шийтгэл байгаагүй юм.

Түүнийг нэгэн гайхамшиг үйлдлээ хэмээн толгойг авсан байна. Тэрхүү гайхамшиг нь танил хоригдлын сохор охиныг Валентин эмчилсэн явдал байлаа. Шийтгүүлэхийн өмнөх орой тэрээр хараа оруулсан бүсгүйдээ хагацлын захидал бичиж, “Валентинаас чинь” хэмээн хаягласан байсан гэдэг.

Валентин залуу хосуудыг нууцаар гэрлүүлдэг байв

III зууны үед Ромын эзэн хаан II дугаар Клавдиус гоонь эрчүүд эхнэр хүүхэдгүй эрчүүдийг бодвол цэргийн албанд илүүтэй тохирох юм байна гэж үзэн залуу эрчүүдийг гэрлэхийг хуулиар хоригложээ.

Гэвч лам Валентин үүнийг эсэргүүцэн залуу хосуудыг нууцаар гэрлүүлсээр байсан учир үүнийг олж мэдсэн Клавдиус түүнийг цаазаар хороох тушаал буулгасан гэдэг. Харин зарим нэгэн түүх Валентинийг хүнд хэцүү нөхцөлтэй Ромын шоронгоос христос шашинтнуудыг зугтаалгасан учир ийнхүү хороогдсон гэж өгүүлдэг.

Валентинаас чинь” хэмээн бичиж хайртдаа ил захидал илгээдэг

Дэлхийн ихэнх хүмүүс одоог хүртэл лам Валентины бичиж хаягласан шиг “Валентинаас чинь” хэмээн бичиж хайртдаа ил захидал илгээдэг. Хамгийн анхны ил захидал гар хийцийн Валентин хүүхэлдэй зэрэг нь XVI зууны үед бий болсон гэсэн таамаглал байдаг. Харин 1800 оны үеэс эхлэн компаниуд ил захидлыг олноор нь үйлдвэрлэж эхэлжээ. Тэрхүү ил захидлуудыг үйлдвэрийн ажилчид гараар зурж буддаг байсан бол XX зууны эхээс тусгай зориулалтын техник төхөөрөмжөөр үйлдвэрлэдэг болсон байна.

Жил болгон Америкчууд “Валентинаас чинь” хэмээн хаягласан тэрбум гаруй ил захидлыг бие биендээ илгээдэг бол хайрын билэгдэл болсон сарнай цэцгийг 50 гаруй саяыг илгээдэг гэсэн тооцоо байдаг ажээ.

Монголын мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.