Интернэт садар самууныг сурталчилдаг уу

creo_140

Нийгмийн хүрээнд гарч буй олон өөрчлөлт шинэчлэл биднийг алсуураа өөрчилж, мөн өөрчлөгдөхийг шаардаж байна. Энэхүү өөрчлөлт бидэнд болоод үр хүүхдүүдэд маань эерэгээр тусч байгаа ч сөргөөр нөлөөлөх нь олонтаа. Тухайлбал, техник технологийн дэвшил бидэнд олон боломжийг олгож байгаа ч түүнээс дутахгүй хар сүүдэр дагуулах болсон.

Хүүхдүүд компьютер тоглоомд донтож, гэр орноосоо дайжиж буй дүр зураг нийгэмд хэдийнэ танил болоод буй. Хүүхдүүд ямар ч хараа хяналтгүйгээр, олон цагаар тоглож, улмаар хичээл сургуулиасаа хөндийрч, гэмт хэрэгт холбогдож, эрүүл мэндээрээ хохирч байгаа тухай сүүлийн хэдэн жил улиг болтлоо ярьж байна. Байшингийн булан тохойд байрлах интернэт кафед хүүхэд амь насаа алдахад насанд хүрэгчид хий дэмий л уулга алдах. Биднийг хоосон уулга алдаж суух хойгуур тоглоомд донтохоос ч илүү хор уршигтай үр дагавар мэдээллийн технологиор дамжин нийгэмд нэвтрэх болжээ. Даяаршлын эрин зууны хамгийн түгээмэл хэрэглээ болох интернэт улс орнуудыг хил хязгааргүй болгосон гэдгийг хүн бүр мэднэ. Түүний үр дагаварт садар самууныг сурталчлах, охид, эмэгтэйчүүдийн биеийг нь үнэлүүлэх, секс сурталчилгаанд ашиглах цаашилбал, хүн худалдах гэмт хэрэг мэдээллийн технологийн ертөнцөд өрнөх болсон гэдгийг ч сонсож байсан нь лав. Харин энэ үр дагавар манай улсад биеллээ олж байгааг иргэд тэр бүр мэдэх болов уу? Өнөөдөр ямар ч насныхан, тэр дундаа хүүхдүүд гэр орон, сургууль, интернэт кафе зэрэг газраар ямар нэг хязгаар, хараа хяналтгүйгээр интернэтэд нэвтэрч байгааг хянах цаг болсныг “Тэгш мөр” ТББ -аас хийсэн судалгааны дүн харуулж байна. Тус байгууллага ЕБС-ийн сурагч, их дээд сургуулийн оюутан, эцэг эхийн төлөөлөл нийт 500 хүний дунд интернэт ашиглалтын талаар судалгаа явуулжээ. Судалгаанд оролцсон эцэг эхчүүд хүүхдээ хөгжүүлэх, мэдээ мэдээлэл авах, цаг үеэсээ хоцрохгүй байх, ажил хийх зэрэг зорилгоор сүлжээнд холбуулдаг гэж хариулжээ. Насанд хүрэгчид ихэнхдээ мессенжер болон и-мэйл хаягаа шалгах, мэдээ мэдээлэл үзэх, ажил хэргийн шугамаар интернэтийг голчлон хэрэглэдэг бол ЕБС-ийн сурагчид, их дээд сургуулийн оюутнууд хичээл сургалтдаа ашиглахаас гадна бусадтай танилцах, харилцаа холбоо тогтоох, порно сайт ухах, секс тоглоом тоглох зэргээр цагийг өнгөрүүлдэг байна.

Сурагчдын дийлэнх буюу 70 хувь нь интернэт чатыг ашигладаг. Мөн 18-аас дээш насныханд зориулсан сайт руу ордог, сексийн болон порно сэдэлтэй тоглоом тоглодог гэж асуулгыг бөглөсөн бол оюутнуудын ихэнх нь буюу 50.6 хувь нь интернэт кафед порно сайт үзэх боломж бүрдсэн гэж хариулжээ. Хүүхэд залуус энэ талын мэдээлэлтэй байдгаа нуугаагүй бөгөөд багахан хувь нь порно сэдэлтэй тоглоомоор тоглосон байжээ. Эцэг эхчүүдийн дийлэнх хувь нь секс тоглоом, порно сайтын талаар мэдлэг, мэдээлэл дутмаг байдаг тул хүүхдийнхээ интернэт хэрэглээг хянаж чаддаггүй гэдэг нь судалгаанаас харагдав.

Хүүхдүүдийн нас ахих тусам тэдэнд тавих эцэг эхийн анхаарал багасдаг нь байдлыг улам өөгшүүлдэг бололтой. Асуулгад оролцогсдын тал орчим хувь нь интернэтээр дамжуулан хүн худалдаалах гэмт хэрэг манай улсад байдаг гэсэн санаа бодолтой явдаг аж. Энэхүү судалгааны дүгнэлтээс иш татахад, интернэт чат нь камер, спикер ашиглан биеэ үнэлэх, мөн хүүхэд, эмэгтэйчүүдийг хүн худалдаалах гэмт хэргийн золиос болгохоос гадна садар самууныг сурталчилсан порнографт оролцуулах боломж бүрдсэн гэсэн байна. Иймд хяналтгүй байдалд өрнөж буй энэхүү хууль бус үйлдлийг таслан зогсоохын тулд өнөөдрийн хэрэгжиж буй хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, чөдөр тушаа тавих нь зүйтэй юм гэсэн гаргалгааг бодож олжээ.

“Тэгш мөр” ТББ “Мэдээллийн технологиор дамжуулан хүүхэд эмэгтэйчүүдийг худалдаалах, садар самууны сурталчилгаанд ашиглахаас урьдчилан сэргийлэх” төслийнхөө хүрээнд судалгаанаас гадна вэб сайтуудаас мэдээлэл цуглуулах, дөрвөн дүүргийн 60 интернэт кафед тандалт хийх, 8 провайдер байгууллагаас асуулга авах, цагдаагийн байгууллагын ажилтнуудтай уулзалт зохиох зэрэг ажлыг зохион байгуулсан байна.

Гадаадын зарим нэг сайт дээр тавьсан садар самууны холбогдолтой бичлэг, зураг сэлтийг баримтжуулах ажил ид үргэлжилж байгаа юм. Тэдгээрийн ихэнх нь монгол охид нэрийн дор Ази бүсгүйчүүдийн зургийг голчлон дэлгэн тавьсан байжээ. Харин монгол сайтууд нэрэн дээрээ манай сайт садар самууныг сурталчилдаггүй гэдэг боловч далд маягаар төлбөртэйгээр порно бичлэг татаж авах үйлчилгээг нэвтрүүлсэн тохиолдол илэрчээ. Энэ нь ямар сайт болох тухайд тус байгууллагын зүгээс хариу өгөх боломжгүй гэнэ. Учир нь тодорхой нэр хаяг зарлах нь асуудлыг намжаах бус харин ч дэвэргэсэн хэрэг болно гэсэн тайлбар өгсөн. Мөн хүн худалдаалах гэмт хэрэг гарсныг ч үгүйсгээгүй.

Хэдийгээр өнөөдөр нийгэмд илэрхийгээр хохирогчийн тухай асуудал хөндөгдөхгүй байгаа ч энэ талаар дорвитой ярих цаг болсныг дээрх баримт харуулж байна. Юутай ч олон улсын байгууллагаас гаргасан судалгааны хүн худалдах гэмт хэргийн хохирогчдын 80 хувийг хүүхэд, эмэгтэйчүүд эзэлдэг, тэдгээрийн 70 хувь нь өөр улсад бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаалагддаг гэсэн тоо баримт нэгийг бодогдуулна.

inet.mn

2 Comments

  1. Shoniin mend! says:

    Etseg exchuded xandaj ug xelexed ,gerte net tawiulaad netiinxe xeregleeg xyanax buren bolomjtoi gj bodoj bnaa,sadar samuuniig surtalchilsan video bichleg bolon zurag uzexgvi bx buren bolomjtoi,timerxu siteru ordoggvi code xij bolno shde,mun togloom toglox tsagiig n ch xyazgaarlaj bolno,etseg exchudin medleg dutu bgagas l bolj bna,garax garts bgaa,asuudlig zowoor shiidej bolno,xuuxedde ta nar l anxaaral tawina,oor xen ch bish!tiimes nete salgulax bish,xyazgaarladag,codelodog argaa suraache,ter talara medelel xaij xeregjuleche,gadad xel surache,tsag ueteige niilulj alxax bish,ymagt tsag uese xedn alxam ilu yawache l gj xelmeer bna

  2. AH LAM says:

    ÕÀÀØÀÀ ÞÌ ÁÝ ÒÝÃÝÝÄ ÕÓÆÀÀ ØÈà ÁÎËÎÕ ÃÝÝÄ ÁÀÉÃÀÀÌÓÓ. Õ¯¯ÕÝÄ ÕÝÐÂÝÝ ÓÕÀÌÑÀÐ ÓÕÀÀÍÒÀÉ Ë ÁÎË ÞÓ × ¯ÇËÝÝ ÃÝÑÝÍ ÝÂÄÝÐ× ÄÎÍÒÎÆ Ñ¯ÉÄ ÁÎËÎÕÃ¯É ÝÝ. ÎÄÎÎ ¯ÅÄ ÒÝÃÆ ÍÓÓÕ ÕÀÀÕ ÕÎÐÈÃËÎÕ ÁÀÉÄËÀÀÐ ÀÑÓÓÄËÛà ØÈÉÄÝÕÝÝ ÁÎËÈÑÎÍ. ßÌÀÐ ÁÀË-Í ¯Å ÁÈØ ÄÝÝ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.