Гэр бүлд өрнөсөн үл ялихгүй маргаан мэтгэлцээнийг хэрүүл болгоход нөлөөлдөг ямар ямар хүчин зүйлүүд байдаг вэ?
Нэг: Үзэл бодлоо тулгах. Энэ нь ямар ч хүнд таалагддаггүй. Таны зөв байж болно. Гэхдээ үүнийгээ дуугаа өндөрсгөлгүй эвтэйхэн тайлбарлаж, нотолж сур.
Хоёр: Тэвчээртэй сонс. Хэн хэнийгээ сонсож чаддаггүйгээс үл ойлголцол, уур бухимдал төрдөг шүү дээ. Үгийг нь таслалгүй, биеэ барьж, гүйцэд сонсож сур. Өөрийн байр суурийг сонссоны дараа ярих хэрэгтэй.
Гурав: Түрэмгий харагдахгүй байхыг хичээ. Хүн мэдээллийн 56 хувийг нүдээрээ хүлээж авдаг байна. Жишүү харах, долоовор хуруугаараа чичлэх гэх мэтийн таагүй байдал, дохио зангаа нь “автомат”-аар хүний дургүйг хүргэдгийг санууштай.
Дөрөв: Улирч өнгөрсөн сэдвийг бүү хөнд. “Чи тийм байсан, ийм байсан” гэх зэргээр улирч баларсан үйл явдал, тохиолыг сөхөх хэрэггүй. Ингэх нь нөгөө талаа уурлуулахаас өөр үр дүнгүй.
Тав: Ах дүү, хамаатан саданг нь бүү дурьд. Удам угсаа, уг сурвалж, бэл бэнчинг нь яриандаа хөндөж болохгүйг анхаар. Энэ нь үзэн ядалтанд хүргэж болох хэрүүл болон хувирах өндөр магадлалтай.
Зургаа: Гадаад дүр төрхийг нь бүү гоочил. Ер нь хамгийн бүдүүлэг хүн л ханийнхаа гадаад төрхийг гоочилж болзошгүй юм. Та ийм биш гэдэгт итгэж байна.
Аливаа маргааны “аюултай” шугамаас давахгүй байхад анхаарах нь хувь хүний мэдрэмжээс мөн шалтгаална. Яриа нэг л эвгүй тийш хазайх гээд байвал, найз нь өнөөдөр тун их ажилтай (ядарч) байна, хоёул яриаг хойшлуулъя гэдэг ч юм уу эвтэйхэн зайлсхийх нь уур амьсгалыг зөөлөрүүлэхэд мөн тустай.
/Хань/
1 Comment
сайхан зовөлгөө байна.Монголийн гэр бүлүүд хэрүүл зовлонгүй сайхан амьдрах болтугай.