Сүүлийн үед эмнэлэгт төрж байгаа эх кесерво хагалгаагаар төрөх нь нэмэгдэж байна. Энэ нь олон учир шалтгаантай байдаг. Кесерво хагалгааны талаар ард иргэдийн дунд “төрөх хүн өөрийн хүсэлтээр хагалгаанд орж төрдөг” гэсэн буруу ташаа ойлголт байдаг. Энэ бол үндэслэлгүй хоосон яриа юм.
Төрөх гэж буй ээжийг мэргэжлийн эмчийн заалтаар өөрөөрөө төрөх боломжгүй тохиолдолд хагалгаанд оруулж төрүүлдэг.
Таны хань үр хүүхдийн төлөө энэхүү мэс ажилбарыг сонгон төрүүлдэг. Хань тань эмнэлэгт байхдаа эмч сувилагч нарын хяналтанд эмчилгээ үйлчилгээ хийлгэдэг. Тэгвэл гэртээ гарахад нь та сувилах ёстой.
1. Сэтгэл санааг дэмжих
Хагалгаагаар төрсөн ээж өөрөөрөө төрсөн ээжийг бодвол өвдөлт ихтэй байх учир аавууд ээжийг тайван байлгаж өвчнийг нь мартуулж аль болох хоёулаа хүүхэдтэйгээ хамт байх хэрэгтэй. Ямар ч ээж төрүүлсэн үрээ хараад өвчин зовлонгоо мартахгүй байна гэж үгүй. Мөн та ямар их баярлаж байгаагаа хэлэх хэрэгтэй. Хэдий та баярлаж байгаа ч ил гаргахгүйгээр хэн ч таны баярлаж байгааг мэдэхгүй өнгөрнө. Иймд одоо л хэлэх үе нь…..
2. Гэрийн орчин
Гэртээ цэвэр агаар оруулж, зөөлөн тухлаг ор засч, өрөөний дулааныг +19 – +21C байлгах хэрэгтэй. Хамгийн чухал нь цэвэр байдал. Хүн эрүүл тайван амьдрахын үндэс нь яах аргагүй тав тухтай гэр орон юм.
3. Хувцаслалт
Хөвөн зөөлөн даавуун материалаар хийгдсэн чөлөөтэй, задгай энгэртэй, бариу биш хувцас өмсгөх хэрэгтэй. Энэ нь биед эвтэйхэн байхаас гадна шархыг хөндөхгүй биеийн цусны эргэлтийг сайжруулах сайн талтай.
4. Хооллолт
Хүмүүсийн хамгийн их анхаарах ёстой зүйлийн нэг бол зөв зохистой хооллолт юм. Тэр тусмаа хагалгаагаар төрсөн ээж хэт тостой зүйл идэж болохгүй. Аль болох хөнгөн шингэц сайтай хоолыг сонгох хэрэгтэй. Чихэрлэг, давстай зүйлийг багасгах хэрэгтэй. Шарх удаан эдгэрдэг гэх яриа ч бас байдаг. Хоол тэжээлийг чанартай байлгах нь үр хүүхдийн тань өсөлт хөгжилд маш сайн нөлөөтэй байдаг.
5. Биеийн хөдөлгөөн
Төрсөн ээжийн бие сульдсан байдаг тул удаан цагаар хэвтэх тал ажиглагддаг. Энэ нь мyy байдаг. Төрсний дараах хэд хоногт шавхрага гарах бөгөөд хөдөлгөөнгүй байснаас болж гарахгүй хоригдох улмаар өвдөн, цус алдах аюултай байдаг. Иймд эхнэртээ орноос нь босоход нь тусалж дулаан хувцаслаад тодорхой агаарт гарган алхуулах хэрэгтэй. Алхаснаар биеийн чилээ арилж, цусны эргэлт сайжран, шавхрага бүрэн хөөгдөн гардаг. Хагалгаагаар төрсөн ээж шархыг эдгэртэл зовиур ихтэй байдаг. Иймд хүүхдээ хуурайлахад туслаарай. Таны аз жаргалтай гэр бүлийнхээ төлөөх асар том хөрөнгө оруулалт бол энэ юм шүү.
Ачтаны тань хээг хүртэл дуурайсан бяцхан үрээ хараад та өөрийн эрхгүй хайрлах биз.