Японд гэр бүл салалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор аз жаргалгүй гэрлэлтээ дуусгахын тулд хосууд сүүлийн удаа “Би зөвшөөрч байна” гэж гэр бүлээ цуцлуулах ёслолын арга хэмжээн дээр найз нөхөд, гэр бүлийнхнийхээ өмнө хэлдэг шинэ жаяг бий болоод байна. Гэр бүл цуцлах ёслолын ажиллагаа хийх санаачилгыг одоогоос жилийн өмнө худалдаачин Хироки Терай санаачилсан бөгөөд Токио хотод нэгэн бяцхан “гэр бүл цуцлах ордонг” байгуулжээ. Түүнээс хойш тэрээр 25 хосын хуримыг цуцлах арга хэмжээг яг л хурим хийж байгаа юм шиг нэр төртэй, ёслол төгөлдөр хөл хөөртэй зохион байгуулсан бөгөөд хосуудаас тус бүрээс нь 55,000 иен (606 ам.доллар) төлбөрт авсан байна. Тэднийхээр үйлчлүүлсэн хамгийн сүүлийн хосуудыг ноён, хатагтай Фужий гэдэг бөгөөд тэд Токиогийн уламжлалт Асакуса дүүрэгт Сэнсожи сүмийн гадаа уулзан тусдаа хүн тэргээр гэр бүл цуцлах харшид хүрэлцэн иржээ.
“Гэр бүлдээ цэг тавьснаар бид өөрсдийн амьдралаа шинээр эхлэхийг хүсэж байна” гэж 33 настай бизнесмэн ноён Фужий “Ройтерс” агентлагийн сурвалжлагчид ярьсан байна. Гэр бүл нь бүтэлгүйтэхэд өөрийнх нь нөлөө нэлээд байгаа. Учир нь тэр гэрээсээ хол их цаг өнгөрөөдөг байсан бөгөөд эхнэр нь дургүйлхдэг байсан ч автомашин гэх мэт өөрийн сонирхолдоо хэтэрхий их хэмжээний мөнгө зарцуулдаг байсан гэнэ. Фужий хосуудын хойно найз нөхөд, гэр бүлийн хамаатнууд нь явган дагалдаж ирсэн бөгөөд гэр бүл цуцлах харшид ирснийхээ дараа хосууд тусгай бэлдсэн тавцан дээр хуримын бөгжөө тавин хага цохиж гэр бүл нь салж байгаа ёслол үйлдсэн. Хуримын бөгжөө хага цохисон тавцан нь мэлхийний хэлбэртэй бөгөөд Японы соёлд мэлхий нь өөрчлөлтийг илэрхийлдэг гэнэ.
“Бид хоёр хамтдаа бөгжөө хага цохисон. Тэр үед ингээд үнэхээр дуусчихаж байгаа юм уу гэж бодохоос зүрх сэтгэл минь шинэ болох шиг болсон. Одоо би дахиад амьдралаа шинээр эхэлж чадна гэж бодож байна” гэж ноён Фужий ярьсан. Найман жил хамт амьдарсан экс-эхнэр нь ч мөн тийм бодолтой байна. “Бөгж хагарахыг хармагцаа би өөртөө “Тийм ээ, сайхан байна” гэж хэлсэн” гэж Фужий авхай ярьсан.
Гэр бүл цуцлах тухай асуудлыг хориотой сэдэв гэж үздэг байсан Японд сүүлийн жилүүдэд гэр бүл салалт нэмэгдэж байгаа бөгөөд 2008 онд 251,000 гэр бүл цуцлагдсан байна. Гэр бүл цуцлагдахад Японы эдийн засаг нөлөөлсөн гэж зарим хүмүүс үзэж байна.
Ирэх сард Терай өөрийн бизнесийн салбараа нээхээр Өмнөд Солонгос явах гэж байгаа бөгөөд Сеүл хотод очиж нэгэн хосын гэрлэлтийг цуцлах болно. “Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард би гэр бүл цуцлалтыг тэдний хайртай хүмүүсийнх нь өмнө хийж, дахин андгай тангарагийг нь сонсох замаар ёслолын ажиллагаа зохион байгуулах нь гэр бүлээ цуцлуулагсадад илүү эерэг байдал бүрдүүлдэг гэдгийг мэдсэнийхээ дараа энэ бизнесийг эхлүүлсэн” гэж тэр ярьж байна.
Т.Бадрах
3 Comments
áàéæ áîëîõ ë þì. Çóíãààðàëäààä çàâààðààä áàéõã¿é öýâýðõýí þì áèø¿¿.
бизнес л бна.
zoooz ug ni ch saihan l yum gehdee soylgui humuus oroltsvol hoorondoo hereldeed buun yum boloh bhdaa…mongold bol ene biznes yvahgui bhaa.kkk