Гадаадад амьдарч байгаа Монголчуудын гэр бүлийн байдал

/Судалгааны явцын түүвэр дүнгээс/

Гадаадад аж төрж буй Монгол гэр бүлийн 16 хувь нь эхнэр нөхөр хоёр хол газар удаан байснаас салж сарнидаг ажээ. АНУ-ийн Индианагийн Их Сургуулийн зочин судлаач, Монгол Улсын гавъяат багш, Профессор Пүрэвийн Увш гадаадад амьдарч байгаа монголчуудын гэр бүлийн байдал, амьдралын хэв шинжийг мэдэх, энэ талаар монгол улсын төрөөс ямар бодлого баримтлавал зохих талаар гадаадад байгаа монголчуудын санал бодлыг сонсож, үр дүнг судалгаа, шинжилгээний ажилд ашиглах, улмаар холбогдох байгууллагад хүргэх зорилгоор бичил судалгааг хийж байна. Аливаа нийгмийн хөгжлийн гол цөм нь гэр бүл.

Гэр бүл хэмээх ойлголтыг судлаачид “уул, сууц оромж түүний эзэд зоорь, цаашилхуул газар нутгийн хамт хамран багтсан ойлголт”, “эр, эмийн болон цусан төрлийн холбоонд үндэслэн гишүүд нь ахуй, амьдралын нийтлэг тал, ёс зүй, зан суртахууны хувьд бие, биеийнхээ өмнө хүлээх хариуцлага, хамтын туслалцаанд тулгуурласан нийгмийн анхны нэгж”, “нийгмийн зохион байгуулалтын хэлбэр”, “хүн амын биеийн болон оюун санааны хэрэгцээ, нийгмийн шаардлагаар нөхцөлдсөн гэрлэлт, ураг төрлийн буюу эхнэр, нөхөр, эцэг эх, үр хүүхдийн харилцаа, түүнчлэн ахуй байдлын нийтлэг, ёс суртахууны хариуцлагатай гишүүн бүхий нийгмийн бага бүлэг” гэх зэргээр тодорхойлж байгаагаас харахад тэд гэр бүлийг эр, эмийн болон цусан төрлийн холбоо,орон байр, сууц, эд агуурс угсаатны болон сурган хүмүүжүүлэх зүйн үүднээс авч судалж байгаа дээр нэмж гэр бүл бол гэр бүлийн гишүүдийн ханьсахын хэрэгцээ бие, биедээ татагдан нэгдэж, сэтгэл зүйн хамтын бичил орчинг бий болгодгийг хэлэх хэрэгтэй болов уу. Монгол гэр бүл уламжлал, шинэчлэлийн зааг дээр хөгжлийнхөө сонирхолтой үеийг туулж байна.

Түүхэн уламжлалын үүднээс авч үзвэл монгол гэр бүл улс үндэстнийхээ өвөрмөц хэв шинжийг хадгалсан, гэр бүл, гал голомтынхоо бат бэх байх уламжлалт ёсонд суурилсан, тогтвортой, дорнын ард түмний гэр бүлийн нэг салбар болон оршин тогтнож ирсэн түүхтэй. Монголын эртний сурвалж бичгүүдэд монгол гэр бүлийн оршихуйн, хүмүүжлийн, эд агуурсын болон монгол хатдын нийгэмд гүйцэтгэж ирсэн чин үүргийг нарийвчлан туурвисан байдаг. Одоогоор манайд 68,000 орчим өрх байгаа бөгөөд, улсын хэмжээнд нэг өрхөд ноогдох гишүүний тоо дунджаар 4,3 байгаагаас үзэхэд айл өрхийн 52 хувь нь 1-2 хүүхэдтэй байна.

Түүнээс гадна Монголын гэр бүлийн амьдралд тулгамдаад байгаа зарим асуудал гадаадад аж төрж байгаа монголчуудын гэр бүлийн хүрээнд ямархуу байдгийг мэдэх зорилгоор гэр бүлийн бэрхшээл, хүндрэл, гар бүлийн доторх маргаан, гэр бүл салалт зэрэг зарим асуудлыг хөндсөн болно.

Өнөөдөр Монголын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд гэр бүлийн тухай хуулийг шинэчлэх, гэр бүлийн талаар төрөөс баримталж байгаа бодлогод даялга, өөрчлөлт хийх, гадаадад амьдарч байгаа монголчуудын талаар баримтлах бодлогоо төр тодорхойлохыг сэдэж байгаа зэрэг гадаадад байгаа бидний эрх ашгийг хөндсөн олон асуудлууд хэлэлцүүлгийн шатанд явж байна. Түүнчлэн монгол улсын иргэдэд эх орны хишгээс хувь хүртээх, хүүхдийн мөнгө олгох гэх мэтчилэн олон асуудлууд амлалтын, бодлогын, зайлшгүй шаардлагаар үргэлжлэх хандлагатай байна. Сүүлийн жилүүдэд гадаадад байгаа олон монголчууд хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, интернетээр болон биечлэн Монгол орны хөгжилд оруулах хувь нэмэр, иргэдийн амьдрал ахуй, хангамж болон бусад оролцооны талаар санаа бодлоо илэрхийлж,хөгжлийн гарц, хийх ёстой ажил, үйл ажиллагааны талаар оновчтой, зөв, хэрэгжих боломжтой, бодит дүгнэлт, санаачилгыг гаргаж байна. Бидний явуулж байгаа “гадаадад байгаа монголчуудын гэр бүлийн талаарх судалгааны” дүн ч гэсэн энэ ажил, санаачилгад дуу хоолойгоо нэмэрлэж,бодлого боловсруулагчид, хэрэгжүүлэгчдэд хэрэг болох магадгүй гэж бодож байна.

Гадаадад амьдарч байгаа монголчуудын гэр бүлийн байдлын талаарх энэхүү бичил судалгааг Даяармонгол (Dayarmongol.com) сонины вэб сайтад байрлуулан уншигчдын санал бодлыг сонсож байна.

Гадаадад амьдарч байгаа монголчуудын гэр бүлийн байдлыг тандах судалгаа маань үргэлжилж байгаа тул та бүхэн дээрх хаягаар орж эсвэл дэргэдэх дүрсэн дээр дарж санал бодлоо илэрхийлж, бидний судалгааны ажилд хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна.

Бидэнтэй puvsh@indiana.edu, mailto:puvsh@indianda.edu, bulgan5157@gmail.com, mailto:bulgan5157@gmail.com хаягаар харилцаж, гадаадад байгаа Монголчуудын ахуй, амьдрал , гэр бүлийн хэв шинж болон бусад асуудлаар санал бодлоо хуваалцвал бидний судалгаанд ихээхэн тустай байх болно.

Судалгаа дууссаны дараа дүнд нь боловсруулалт хийж, судалгаанд оролцсон бүх сайт болон сонин хэвлэлүүдээр та бүхэнд сонордуулахаас гадна Монгол Улсын хөгжил, гадаад, дотоодод аж төрж байгаа гэр бүлийн тогтвортой байдал, бэхжилтийн талаарх оновчтой санал, хүсэлтийг Монголын энэ чиглэлийн бодлого, үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, албан тушаалтанд уламжлана.

Одоо энэ судалгааны явцаас түүвэрлэн авсан зарим дүнг та бүхэнд толилуулъя.

Энэ судалгаанд одоогоор 160 гаруй хүн хамрагдсан бөгөөд дийлэнх нь Америкад оршин суугчид байна. Түүнчлэн Хятад, Англи, Герман, Япон, Солонгос улсаас хүмүүс судалгаанд оролцож хариулжээ. Бидний асуултад хариулсан хүмүүсийн 50,7 хувь нь нэг үндэсний гэр бүлтэй, 21 хувь нь хоёр үндэсний гэр бүлд аж төрдөг, 15 орчим хувь нь гэр бүлээсээ тусдаа (салангад буюу эхнэр, нөхөр хоёр өөр газар амьдардаг), болон гэр бүлгүй хүмүүс байна. Тэдний 9 орчим хувь нь гэр бүлээсээ салжээ.

Гадаадад сууж байгаа монгол гэр бүлийн бэрхшээл, тулгамдсан асуудал бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамрагдах явдал ( 7.98%), хүүхдийн боловсрол (7.98%), байр, сууцтай холбоотой асуудал ( 10.9%), ах дүүсийн амьдралын ядуу, зүдүү байдал (11.17%), амьдралын тодорхойгүй байдал, ирээдүйд итгэх итгэл (11.17%), мөнгө санхүүгийн асуудал (21.54%) байна.

Гадаадад байгаа Монголчуудын гэр бүлийн амьдралд нөлөөлж байгаа нийгмийн асуудлыг бид эдийн засгийн, зан үйлийн, хүн ам зүйн, боловсрол, соёлын гэх зэргээр зааглаж саналыг нь авсан билээ. Манай гадаадад байгаа гэр бүлийн хувьд татварын ачаалал (11.84%), ядуурал ( 12.24%), ажилгүйдэл ( 13.47%), үнийн өсөлт (20%), Гадаадад хөдөлмөр эрхлэх байдал ( 25.71%) зэрэг эдийн засгийн, шилжих хөдөлгөөн (16.93%), нийгмийн эмх замбараагүй байдал (36.5%) зэрэг хүн ам зүйн, хэлний бэрхшээл ( 26.03%) амьдарч байгаа орныхоо хууль зүй, соёл, ёс заншлыг мэдэхгүй байх явдал ( 16.89%) ,техник, технологийн боловсрол дутмаг ( 10.5%), мэргэжлийн боловсрол хангалтгүй(10.96%)зэрэг боловсрол, соёлтой холбоотой бэрхшээлүүд тулгардаг байна.

Судалгаагаар далимдуулан асуусан нэг асуулт бол өнөөдөр хаа сайгүй газар аваад, бас багагүй дуулиан, шуугиан тариад, тодорхой нөлөөлөл, шийдлийг хувь хүн, гэр бүлээс гадна төр засаг, төрийн бус байгууллагаас (магадгүй гадаадын ч байж болох) хүсэн хүлээж байгаа гэр бүлийн сөргөлдөөн, гэр бүл салах шалтгааныг тандаж асуухад судалгаанд оролцогчдын дийлэнх нь хадам, найз нөхөд, хөршөөс (8.33%), хайр халамж дутуугаас ( 8.95%), үзэл бодлын зөрчилдөөнөөс(9.88%), архи, архидалтаас(12.35%), мөнгө санхүүгийн асуудлаас ( 13.27%), итгэл эвдэж, хууран мэхэлснээс ( 13.58%), эхнэр нөхөр хоёр хол газар удаан байснаас (16.36%) болдог гэж үзэж байна. Гэр бүлийн гишүүд орон зайн хувьд алслагдмал , хоёр өөр газар аж төрж, хамтын амьдралаа зохицуулан гэр бүлээ авч явж байгаа байдал гадаадад төдийгүй дотоодод түгээмэл байна. Ийм гэр бүл салж сарниагүй, гэхдээ үүнийг зохицуулах өвөрмөц арга ухаан, бодлого хэрэгтэй нь үнэн. Ийм гэр бүлийн эрмэлзэл нь хамтдаа нэг дор байх , ялангуяа гадаадад хамтдаа амьдрах явдал байна. Гэвч амьдралын зохицуулалт тэр бүр хүссэнээр болдоггүй болохоор салангад байх хугацаа уртсах, элдэв саад, бэрхшээл тохиолдвол ийм гэр бүл салж сарних магадлал өндөр байдаг.

Манай судалгааны нэг үндсэн зорилго бол Монгол улсын төрөөс гадаадад байгаа гэр бүлийн талаар ямар бодлого баримтлах талаар гадаадад аж төрж байгаа элэг нэгтнийхээ санал бодлыг мэдэх, зарим саналыг Монголын холбогдох газруудад уламжлах, ер нь гадаадад Монголын цөөнгүй гэр бүл аж төрж, нийгмийн бичил бүлэг болохын хувьд бас л бэрхшээл, хүндрэлтэй тааралдаж, тэмцэж, даван туулж яваа, зарим тохиолдолд Монголын төрөөсөө тусламж, дэмжлэг ч авах хэрэг байгаа эсэхийг мэдэхийн тулд энэ судалгаанд ийм асуулт оруулсан билээ. Судалгааны асуултад хариулсан байдлыг ач холбогдлоор нь жагсааж харуулбал:

-Монгол гэр бүлийн гишүүдийг эх орондоо буцаж ирэхэд нь ажлаар хангах, тодорхой тохиолд тэтгэмж өгөх талаар арга хэмжээ авах ( 13%)

-Олон улсын хэм хэмжээнд таарсан даатгалын тогтолцоог улс орондоо бий болгож, гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд, гэр бүлийг хамруулах (9.44%)

-Иргэдээ гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулахдаа аль болох гэр бүлээр нь явуулах бодлого барьж гэрээ, хэлцэл хийх (9.91%)

-Эх орны хишгээс хүртэх хувийг Монголд аж төрж байгаа гэр бүлийн адилаар олгохоор хуульчлах ( 10.68%)

-Гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэд, гэр бүлийг төр албан ёсоор бүртгэж, улс орны хөгжилтэй холбоотой асуудлаар санал бодлыг нь төрийн бодлогод тусгах (10.68%)

-Төрөөс гадаадад амьдарч байгаа Монгол гэр бүлийн талаар бодлого боловсруулж, хуульчлах (8.2%)

-Гадаадад амьдарч байгаа гэр бүлийн амьжиргааны түвшин, тохиолдож байгаа бэрхшээл, даван туулах арга зам, туслалцааны талаар дорвитой судалгаа явуулах ( 8.05%)

-Гадаадад аж төрж байгаа монгол гэр бүлийн бодит байдлыг ойлгож, тухайлсан бодлого явуулахад олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, төрийн бус байгууллага, вэб сайтууд, онлайн хуудас, блог, сувгуудыг ашиглах (7.59%)

-Гадаадад аж төрж байгаа гэр бүлд хүүхдийн мөнгө олгож байх (7.59%)

-Зарим орны виз олгох нөхцөлийг өөрчлөх , гадаадад иргэд гэр бүлтэйгээ ажиллаж, суралцах боломж олгох талаар санаачлага гаргах, хэрэгжүүлэх ( 7.28%)

Гадаадад амьдарч байгаа монголчуудын гэр бүлийн байдал,хэв маяг, тулгамдаж байгаа асуудлыг мэдэх гэсэн бидний судалгаа үргэлжилж байгаа болохоор судалгааны хариултын дүнд задлан шинжилгээ хийсэнгүй. Зөвхөн судалгааны явцыг танилцуулах, санал өгсөн хүмүүсийн хариултыг байгаа байдлаар нь харуулахыг зорилоо.

МОНЦАМЭ

3 Comments

  1. Mongol tsus udahgui alga bolno, ene teneg uhamsargui ohiduudaas bolj. Urt vs, bogino uhaan shvv nere.

  2. ЭЛГЭМСҮҮ says:

    Жилээс жилд манай иргэд гадаадын иргэдтэй гар бvл болох нь нэмэгдэж байна.
    Иргэний бvртгэл мэдээллийн улсын төвийн гаргасан судалгаагаар монголчууд дэлхийн 76 орны иргэдтэй ураг барилдсан байх юм. Энэ бол 1998 оноос гадаадын иргэдтэй гэрлэгсдийг тус төвд бvртгэж эхэлснээс хойших тоо. Өөрөөр хэлбэл 10 жилийн хугацаанд манай иргэд 76 орны 5139 иргэнтэй дэр нэгтгэжээ.

    ИБМУТ-д гадаадын иргэдтэй гэр бvлээ батлуулсныг бvртгэх болсон эхний жил буюу 1998 онд 44 хос бvртгэгдэж байсан бол өнгөрсөн жил 976 болж өссөн байна. Харин энэ онд 725 хvн харийн улсын бэр хvргэн болсон судалгаа гарчээ. Гэхдээ гадаадын иргэдтэй ханилсан хvмvvсийн 95 хувь нь манай хацар гоо бvсгvйчvvд байдаг юм байна.
    Гэрлэгсдийн дийлэнх нь СолонгосчуудтайМанай бvсгvйчvvд Солонгос иргэдтэй гэрлэх явдал сvvлийн vед ихсэх хандлагатай байгаа нь судалгаагаар харагдсан байна. Гадаадын иргэдтэй гэрлэгсдийн 3485 буюу 67,8 хувь нь тус улсын иргэдтэй гэрбvл болжээ. Мөн арлын Япон болон урд хөршийнхөнтэй гэрлэх нь нэлээд ихэссэн гэнэ. Тvvнчлэн Герман, Англи, Швейцари зэрэг улсын иргэдтэй гэрлэгсэд ч дутахгvй олон байгаа юм байна. Гэтэл манай улс харилцаа холбоо бага зарим улсын иргэдтэй ураг барилдсан тохиолдол ч цөөнгvй байгаа аж.

    Хайр сэтгэлтэй болж хоорондоо ярьж ойлголцоод гэр бvл болж байгаа хvмvvс байхад бусдын зуучлалаар хань болох хvнээ ч танихгvй гэрлэх явдал цөөнгvй гарч байгаа. Тэр дундаа солонгосчуудтай зуучлалын хэлбэрээр олон хvн суудаг байна. Ийм маягаар гэрлэсэн эмэгтэйчvvд ямар нэгэн байдлаар хохирсон тохиолдол цөөнгvй гарчээ. Одоо нэг vеэ бодвол эмэгтэйчvvдийг зуучилж гэрлvvлэх тухай зар мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэглээр гарах нь багассан ч хил дамнасан гэр бvл зуучлал амь бөхтэй байсаар байна.

    Мөрөөдөл нь зовлон авчирчээГадаадын тэрдундаа баян хvнтэй, vе мултарсан хөгшин байсан ч хамаагvй гэрлэх сонирхолтой бvсгvйчvvд олон болсон нь нууцгvй. Ийм гэнэн мөрөөдлөөр харийн бэр болоод зовлонд унасан нэгэн байхад жаргасан нь хvмvvс ч байгаа юм. Сайхан зvйл амлаж жаргаана гэж авч явчихаад эх орондоо очоод зарц боолын хэмжээнд байлгасан тохиол¬дол олон бий. Мөн залуу бvсгvйчvvдийн биеийг нь vнэлvvлж ашигласан хэрэг нэг хэсэг дуулиан болсон санагдана. Нэг жишээг дор өгvvлье.

    Хувь хvнээр зуучлуулан солонгос эртэй суусан А бvсгvй харьд очоод боол мэт болсон гэнэ. Уг нь өөрөөс нь тав ах, хувийн vйлдвэрийн газартай, боломжийн амьдралтай гэж бvсгvйд зуучлагчид нь танилцуулж зураг хөргийг нь хvртэл vзvvлээд Солонгос руу авч явсан байдаг. Гэтэл тэнд очиход vзvvлсэн зураг дээрхээс тэс ондоо хөгшин хvн байсан бөгөөд нэгэнт зардал чирэгдэл болж ирснээс хойш буцах боломжгvй гэснээр бvсгvй хувь тавилантайгаа эвлэрсэн байна. Тvvнийг очсон цагаас нь эхлээд нөхөр, хадам эцэг эх нь байнга дарамталж хамаг ажлаа хийлгэхаас гадна тариан талбай дээр хvнд хvчир ажил хийлгэсэн гэнэ. Сvvлдээ бvсгvй тэсэхийн аргагvй болж монголд байгаа гэр бvлийнхэн рvvгээ хандсанаар амь мултарсан тухай ярьж байсан. Тvvнтэй ижил зовлонтой монгол эмэгтэйчvvд тэнд олон байдгийг ч хууль хяналтынханд хэлсэн байдаг.

    Сургалтанд сууснаар татгалзаж эхэлсэнДээрх шиг зvйл газар авахаас сэргийлж гадаадын иргэдтэй гэрлэгсдийн дунд сургалт явуулдаг болсон нь ач тусаа өгсөн байна. ИБМУТ хvний эрхийн чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай хамтран энэ талаарх мэдээлэл, хууль эрхзvйн зөвлөгөө, очих гэж байгаа тухайн улсын ёс заншил,хууль журам болоод эрх ашиг нь зөрчигдвөл хаана хэрхэн хандах зэргийг сургалтаараа олгодог байна. Одоогоор энэ сургалтыг зөвхөн Солонгос иргэдтэй гэрлэх гэж байгаа хvмvvст явуулж байгаа гэсэн. Уг сургалтад хамрагдсан зарим эмэгтэйчvvд гэрлэхээсээ хvртэл татгалзсан тохиолдол гарч байгаа тухай албаны хvн ярьж байна. Мөн ИБМУТ-ийнхөн гадаадын иргэнтэй суух гэж байгаа тухайн хосуудын материалыг аваад 30 хоногийн дараа хариу өгдөг болсон нь тэднийг нэгнээ таньж шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой болсон байна. Гадаадын иргэдтэй гэрлэх талаар тус төвд өдөрт 10 гаруй хvн ханддаг гэсэн.

    103 хvн гэрлэлтээ цуцлуулжээДээрх тоо бол гадаадын иргэдтэй гэр болсон хvмvvс энэ онд гэрлэлтээ цуцлуулсан байдал юм. Vvний шаптгаан нь ихэнхдээ зан заншил таараагvй, виз гарахгvй байдгаас болдог гэж ИБМУТ-ийн Гадаадын иргэдийн бvртгэл хариуцсан мэргэжилтэн Т.Отгонбаяр хэлж байна. Ер нь хvний эрхийн төлөө vйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагуудаас Хvйсийн тэгш эрхийн төв эрчимтэй ажилладаг гэхэд хилсдэхгvй. Тус төв 1903 гэсэн “Итгэлийн утас” утас ажиллуулдаг болсоор удаж байгаа. Энэ онд гэхэд дээрх утсаар 92 хvн хандсан байдгаас 66 нь хvн худалдаалах гэмт хэргийн хохирогчид болон тэдний ар гэрийнхэн холбогдсон байдаг байна. Харин 11 нь гэр бvл зуучлалаар солонгосчуудтай гэрлээд эрх нь зөрчигдсөн гомдол мэдээлэл байжээ.

    Тэдэнд хуулийн зөвлөгөө өгч тухайн улсад байдаг хамтран ажилладаг хvний эрхийн байгууллагуудтай холбож өгсөн гэнэ. Ер нь ийм байдлаар хохирогч болсон эмэгтэйчvvд тэр болгон хуулийн байгууллагад ханддаггvй байна.Учир нь манайд энэ талын хууль эрхзvйн орчны зохицуулалт байхгvй, хохирогч өөрөө гэмт хэрэгтэн мэт байдалд ордог, мөн уг хэргийг vйлдэгч нар хуулийн хариуцлага хvлээсэн нь цөөн байдгаас хохирогчдод итгэл төрvvлэхгvй дуугvй өнгөрөхөд хvргэдэг гэнэ. Энэ нь дээрх байдлаар хvний эрх зөрчигсдөд таатай орчин болдог нь өнөөдрийг хvртэл гэр бvл зуучлал нэрийдлээр хvний наймааны асуудал амь бөхтэй байсаар байгаад хvргэж байна.

    Хэдийгээр дэлхий нийтээрээ даяаршиж байгаа энэ vед гадаадын иргэдтэй ураг барилдах ньтухайн хvний эрхийн байдаг л асуудал боловч зарим тал дээр анхаарал болгоомжтой хандахгvй бол болохгvйг өмнөх гашуун жишээ харуулж байгаа юм. Хvн хэлэхээс наашгvй гэгчээр энэ сэдвийг хөндөж сануулж байхгvй бол мартагнаж хараа хяналт суларсныг гэмт этгээдvvд ашиглах гэмтэй. Монголчууд бид аливаа юмыг нэг хэсэг дуулиан болгож байгаад удалгvй мартагнадаг нь ч энэ асуудлыг шийдвэр гаргах төвшинд ярьж анхааралдаа авахгvй байгаад нөлөөлж байж юм.

  3. ЭЛГЭМСҮҮ says:

    СОЛОНГОСТ АМЬДАРДАГ ХҮМҮҮСИЙН ГЭР БҮЛИЙН САЛАЛТ ИХ БАЙНА ХҮМҮҮСЭЭ БОДООРОЙ СОЛОНГОСТ ЗААВАЛ ХАМТДАА Л БАЙХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ БҮҮ ХАНИА ГАНЦААРАНГ ЯВУУЛААРАЙ ЭНД ИЙМ ТОХИОЛДОЛ МАШ ЭЛБЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.