Гэрлэх гэж бүү яар

Түргэн турах хүсэлтэй эмэгтэйчүүдэд өөрийн хадам эхийг санал болгох байна. Би тэднийд үнэхээр өлсдөг байсан гэвэл хүн бараг итгэхгүй биз. Би нөхрийнхөө ятгаж зөвлөснөөр байраа зараад тэдний эцэг эх дээр хамтдаа амьдрах болсон юм. Байраа зараад авсан мөнгийг хадам ээждээ хадгалуулахаар өгөв өө. Тэднийх хувийн аж ахуйтай. Тэгээд намайг зах дээр наймаа хийлгэх болсон. Мөнгө ч өгдөггүй “бэлэн юман дээр” байгаа учраас тэр. Би тэр “бэлэн юман дээр” нь байхдаа 70 -аас 45 кг хүртэл турчихсан.

Захаас мэдээж ядарч өлссөн амьтан ирэхэд тоох ч үгүй. Гэтэл би чинь жирэмсэн байдаг. Хадгалуулсан байрны мөнгө минь ч өнгөрөв бололтой. Нөхөр маань эхийнхээ өөдөөс юу ч хэлж чаддаггүй. Хамгийн эмгэнэлтэй нь салъя гэхэд надад очих газар байхгүй. Миний мөнгийг үрчихсэн гээд өгөхгүй юм. Би үнэхээр тэнэг юм хийжээ, гарах ямар гарц байна вэ. Надад зөвлөөч!

Сэтгэлзүйчийн зөвлөмж:
Итгэ гэхдээ шалга гэсэн үг бий. Нөхрийнхөө үгэнд орж, байраа зарсан нь л таны буруу. Ер нь эмэгтэйчүүд сэтгэл хөдлөлд амархан автагддаг, (ялангуяа гэр бүл зохиох, хайр сэтгэлийн тал дээр) тун яаруу түргэн шийдвэр гаргачихдаг гэмтэй. Цаад талынхаа аав, ээж ах дүүг сайтар судлах, болгоомжтой хандах хэрэгтэй. Амьдрал ямар ч сюрприз барьж мэдэх тул яаран бүхнээ “үгүй” хийж болохгүй. Таны хувьд гэвэл байдал үнэхээр эгзэгтэй байна. Яг тодорхой зөвлөмж өгөхөд ч хэцүү. Гэхдээ танд тус болж мэдэх хэдэн зүйл санал болгоё.

Нөхөртэйгээ яаралтай батлуул (хэрэв баталгаагүй бол)
Баталгаатай гэр бүл учиртай.

Нөхөр чинь танд хайртай байсан болоод л суусан байлгүй
Өөрийн (гарах гэж буй хүүхдээ онцлон хэл) хүнд хэцүү байдлыг нөхөртөө илэн далангүй ярьж ойлгуул. Хадам эхийнхээ ая эвийг олж хамтран ярилцвал бүр сайн. Хамгийн гол нь нөхрөө өөрийн талд оруулахыг хичээ.

Таны хадгалуулсан мөнгийг юунд үрснийг асууж сонирх
Мөнгөө хадгалуулсан гэх бичиг хийсэн бол бүр сайн. Хэрэв мөнгийг тань өгөхгүй гээд байвал шүүхэд хандахаас өөр аргагүй. Гэхдээ үүнийг асуудал бүр хурцадсан үед л хийх арга. Ямар ч нөхцөл байдалд орон гэрээс нь бүү яв
Үүнийгээ ч ил тод хэл. Хөөвөл, мөнгөө буцааж авсан тохиолдолд л явна гэдгээ мэдэгд. Жирэмсэн таныг (хүүхдийнх нь хүүхдийг төрүүлэх гэж байгаа тул) ингэж чадахгүй болов уу.

Та захдээр ажиллахыг тэд тулгах эрхгүй шүү
Нэгд та жирэмсэн, хоёрт таныг элбэг тэжээхүйц мөнгийг та хадгалуулчихсан шүү дээ. Үүнийгээ хатуу хэлэх хэрэгтэй. Өөрийгөө хэт унжигар дорой байлгаад байвал бүр ч хэцүүдэхийг үгүйсгэхгүй.

/Хань/

3 Comments

  1. Targan says:

    Хадамд чинь өөр хүү бий юу гэнэ үү, хаха

  2. hehe says:

    сэтгэл зүйч нөхрийнхөө үгэнд орж бай гэнээ хаха

  3. enma ai says:

    negent setgel zuich zuwultsun bhad mani metiin ug iluudeh bailgui de te hehe

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.