Аавын нуруу бөх
Аав хамгийн хүчтэй, аав ухаантай, аав тэвчээртэй, аав мундаг… Бид бүгдээрээ аавдаа хайртай ч түүнийгээ байнга илэрхийлэхээ мартчихдаг. Өөрөөр хэлбэл, “Аав аа, би танд хайртай” гэж хэлж чаддаггүй. Бүр жилдээ ганцхан тохиодог “Аавуудын өдөр”-ийг ч тэмдэглэхээ мартчихдаг гэмтэй.
Аавынхаа мөрөн дээр суух гэж гараа өргөн тэмүүлж, дөнгөж хэлд орохоосоо эхлээд “жижи” хэмээн чихэр горьдож, томрох тусмаа энэхүү нэхэлт гуйлт нь нас насны онцлогоор ергөн хүрээг хамардаг нь Монгол үрсийн зан. Хүүхдүүд нь нас биед хүрсэн хойноо ч “Аав мөнгө байна уу?” гэж утас цохьдог хэнэггүй зан зөвхөн Монголчуудад бий. Бас болоогүй ээ, гавъяаныхаа амралтад гарсан аавдаа өөрийнх нь дураар байх эрх чөлөөг өгөхгүй. “Аав, та ажилгүй юм чинь хүүхэд харах уу?”, “Аав, та ажилгүй юм чинь өнөөдөр тэгээрэй, ингээрэй” хэмээн ахуйн аар саар ажлыг амжуулах үүрэг даалгаврыг тохож орхино. Аавууд тэтгэвэрийнхээ хэдээр хүүхдүүдийнхээ идэх талхыг зөөж, ач зээ нартайгаа хамт хэдэнтээ хэлд, бас хөлд орно. Ингэснийхээ төлөө тэд харин баярлаж талархсан үг сонсдоггүй. Биднээс хариу горьдож, нэхдэг ч үгүй аавын нуруу бөх юм.
Гэтэл япон аавууд тэтгэвэртээ гарсны дараа гадаад, дотоодоор аялан зугаалж, өөрийнхөө дураар хийхийг төлөвлөж байсан ажлаа амжуулдаг. Баруунд ач, зээгээ харсны төлбөрийг хүүхдээсээ авдаг гэдэг.
Аав ч бас уйлдаг…
“Эр хүн уйлдаггүй юм” гэдэг уриагаар Монгол эрчүүдийг хүмүүжүүлдэг. Миний ахыг, дүүг ч ялгаагүй ингэж сургасан.
Үгүй ээ, эр хүн уйлдаг юм… Намайг сургуульд хараахан ороогүй байхад өвөө маань өнгөрсөн. Тэр үед аав минь уулзаж чадаагүй алдсандаа шаналан уйлсан юм. Тэгэхэд аав уйлна гэдэг ихэд сонин санагдаж “Аав уйлж байна” гэж гэрт гадаагүй хашгирч “Дуугай гэм” хэмээн томчуудад зандруулж байлаа.
Миний мэдэхээр аавын минь нулимс ганцхан удаа ингэж гадагшаа урссан. Харин хэдэн удаа дотогшоо урссаныг нь хэлж мэдэхгүй юм байна.
Гадаа гудамжаар яваа хүмүүсийн олонх нь өчигдөр “Аавуудын өдөр” гэдгийг мэдэхгүй байлаа. “Өө, тийм өдөр байдаг юм уу? Хэзээнээс эхлэн тэмдэглэж байгаа юм бэ” хэмээн өөдөөс асууж ам таглана. Гэтэл аав чинь ийм өдөр байдаг гэдгийг танаас түрүүлээд мэдчихсэн, халуун дулаан үг горьдож ч байж мэднэ шүү. Хэр баргийн зүйлд гоморхож тунирхаад байдаггүй ч яльгүй жаахан юманд хүүхэд шиг баярладаг аавууддаа баярлалаа гэж ахин дахин хэлдэг байя!
Хоригдож буй аавуудыг ар гэрийнхэнтэй нь уулзуулав
Анх 1908 онд Вашингтон мужийн Сонора Луиза Смарт Додд гэгч эмэгтэй иргэний дайны баатар, зургаан хүүхэд ганцаараа өсгөн хүмүүжүүлсэн аавынхаа төрсөн өдөрт зориулан мөргөл хийхийг ламаас хүсчээ. Эцгийнх нь төрсөн өдөр зургадугаар сарын 5-нд байсан ч ламтан бүсгүйн хүсэлтийг зургадугаар сарын 19-нд биелүүлсэн байна.
Энэ өдрийг өдгөө Америк даяар төдийгүй дэлхийн олон оронд тэмдэглэж заншжээ. “Аавуудын өдөр”-ийг жил бүрийн зургадугаар сарын 19-нд Аргентин, Конго, Канад, Япон, Чили, Энэтхэг, Нидерланд, Франц, Перу, Англи, Турк, Венесуэлд тэмдэглэдэг. Харин Австри улсад зургадугаар сарын хоёр дахь долоо хоногийн бүтэн сайнд, Австрали, Шинэ Зеландад есдүгээр сарын эхний долоо хоногийн бүтэн сайнд, Польшид зургадугаар сарын 23-нд тус тус тэмдэглэдэг байна. Энэ өдөр дэлхийн өнцөг булан бүрт аав, хүүхдүүд хоорондоо зүрх сэтгэлээрээ ойлголцдог. АНУ-ын ерөнхийлөгч энэ өдөр ард түмэндээ хандан үг хэлдэг байна.
Манай улсад таван жилийн өмнө буюу 2005 оны наймдугаар сарын 8-нд энэ өдрийг анх тэмдэглэжээ. Монголын эрэгтэйчүүдийн холбооноос санаачлан “Уул шиг түшигтэй аавуудаа хүндэлцгээе” уриан дор Үндэсний соёл амралтын хүрээлэнд “1000 аав, хүүхэд” өдөрлөг зохион байгуулжээ. Мөн үеэр “Бид ирлээ”, “Бид чадна” зэрэг хөгжөөнт тэмцээн явуулсан байна. “Түмэн эх” чуулгын урлагийн тоглолт, “Эрэгтэйчүүдийн боловсрол, эрүүл мэндийг дэмжицгээе” уулзалт ярилцлага, “Аав ба би” уран бүтээлч аав хүүхдүүдийн үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээг тухайн үед зохион байгуулсан юм.
Харин энэ жил ” Аавуудын өдөр”-ийг баяр наадам гэдэг утгаар биш эрчүүдээ хүндэтгэж, Тэдэнд урам өгөх зорилгоор “Зохисгүй хэрэглээг хязгаарлая” уриатай зохион байгууллаа. Энэ өдрийг архигүй, ёс зүй хүндэтгэлийн өдөр болгон тэмдэглэхийг Монголын эрэгтэйчүүдийн холбооноос уриалсан. Мөн “Номутай” эмнэлэгтэй хамтран эрүүл мэнд, сэтгэл зүйн зөвлөгөө өгч, хорих газарг хоригдож байгаа аавуудыг ар гэрийнхэнтэй уулзуулах ажлыг зохион байгуулав.
Аавууд тооны хэлэнд
Манай улсын хүн амын 48,8 хувь нь эрчүүд. Их, дээд сургуулийн оюутан сонсогчдын 21 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг. Энэ нь бага тоо гэдэгтэй бүгд санал нийлдэг. Гадаадад ажиллахаар одогсдын 90-92 хувь нь эрчүүд. Энэ нь гэр бүл салалтыг ихэсгэж, олон хүүхэд өнчирч, аавын нөмрөөр дутсаар байна. Гэмт хэрэг үйлдэж, “аав”-ын хаалга татагсдын 90 хувь нь мөнөөх эрчүүд. Үүний улмаас олон айлын гал голомт эзгүйрч, гэр нь хүйт дааж байгаа.
Үүнээс гадна санамсаргүй тохиолдлоор буюу зүрх судас, халдвар, осол гэмтлээс эрчүүд эндэх нь элбэг. Гэхдээ энэ тухай статистикийг дэлгэрэнгүй гаргадаггүй бололтой. Өнгөрсөн оны долдугаар сарын 1-ний орой гэхэд л таван аав бууны суманд өртөж амь насаа алдаж, таван халуун гэр бүл өнчирсөн. Тэд хүүгээсээ, ааваасаа салсан юм.
Гэхдээ аавууд дандаа муу муухайгаар тооны хэлэнд бичигддэггүй байх юм. Нийслэлийн есөн дүүрэгт 5200 өрх толгойлсон аав байдаг. Яг л америк эмэгтэй Сонора Луиза Смарт Доддын аав шиг.
Г.Дангина
6 Comments
аавтай ч болоосой.
хангай шиг түшигтэй аав байдаг л байх,
хаяд явсаныг нь аав гэж нэргэх үү???
Аав минь уул шиг түшигтэй бурханаас дээд нандин шүтээн минь, Би таньдаа хязгааргүй хайртай. Архинд донтож согтуу ирж биднийг зовоож байгаагүй, ээжид минь гар хүрч нулимсыг нь гаргаж байгаагүй, хайрт үрстээ гар хүрч байгаагүй миний аав.хөдөлмөрлөж олсон зоос бүхнээ бидний сайн сайханд зориулж хар дарж зүүдлэхэд минь зулай дээр минь маань уншиж үлээж өгдөг, Тэгээд би тайвширан нойрсдог. дэндүү дэндүү түшигтэй эр хүн дээ миний аав. Эрхлүүлж өсгөсөн өөдсөн охин чинь өдийд нас гүйцсэн эмэгтэй болжээ. Тэгсэн ч гэсэн яг нялх хүүхэд шиг, Зун болгон гэртээ харьж таньдаа золгон хүзүүнээс нь зүүгдэн эрхэлж хэзээч мартамгүй үнэрийг чинь үнэрлэн эрхлэх хичнээн аз жаргал гээч аав минь. Монголоос ирэхийнхээ өмнө заавал би аавынхаа өвөрт унтдаг. Тэр үнэрийг нь хэтэрхий их санадаг болохоороо. Охин чинь сургуулиа төгсөөд таньтайгаа дандаа хамт байнаа. Та надад өгсөн хайрыг таньдаа би чадлынхаа хирээр өгөхийг хүснэм эцэг бурхан минь. Таны хайрладаг эх оронд чинь би хэрэгтэй хүн болохыг хүснэ. Та охиндоо итгээрэй амлаж андгайлж байна,
ААВАА БИ ТАНИДАА ХАЙРТАЙ шҮҮ..та наддаа урт удаан насалж өгөөрэй.эрүүл энх аз жаргалийг xүсие!би танидаа хайртай ааваа
Г.Дангина-ä áàÿðëàëàà
ягаад заавал 8 царийн 8 гэж тэмдэглэж байгаа юм наад чинэ Гятадуудийн хамгийн сайн одор ш дээ оор одор сонгож болоогуй юмуу хэн санаачилсан юм
Монголын бүх сайхан аавуудаа аавдаа хүргэж чадаагүй баярын мэнд хүргэе. Ааваа би таньдаа хайртай байсан юм шүү