Ийм агуулгатай зар сонины нүүр хуудаснаа тогтмол гараад хэвшчихэж. Бид ч өдөр бүр сонин, зурагт, радиогаар улиг болтлоо сонссоор нэгэн хэвийн мэт хүлээж авдаг болжээ. Энэ нь манайхны хэнэггүй, хэлэхээс нааш анзаардаггүй зангийнх биз. Бид ямархан зүйлийн хажуугаар таг чиг өнгөрсөөр байгааг эргэцүүлэн бодох цаг хямралд орсон мянга, мянган охид, бүсгүйчүүд хүний нутагт доголон нулимстайгаа хатаж, эх орондоо амь дүйн зугатаж ирдэг. Тэдний бичсэн тэмдэглэл, туулсан зовлон, тэдэнд өгсөн хоосон амлалт магадгүй таныг, таны хамаатан садныг ч дайрахад бэлэн болсныг сануулахад илүүдэхгүй буй за. Танд өндөр цалинтай ажил, гадаад хүнтэй гэрлэж сайхан амьдрах, тэтгэлэгтэй сургуульд үнэ төлбөргүйгээр явуулах амлалтыг өгдөг хувь хүн, гэр бүл зуучлалын товчоодод итгэхээсээ өмнө та нэгийг бодох хэрэгтэй болжээ.
АЛБАН ЕСНЫ ЗӨВШӨӨРӨЛ АВСАН БАЙГУУЛЛАГА БАЙДАГГҮЙ
Манай улсад үйл ажиллагаа явуулдаг гэр бүл зуучлалын компани гэж нэрлэсэн байгууллагууд, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийгэмлэгүүдийн тоо хаана ч байдаггүй. Монгол Улс гэр бүл зуучлалыг хуульчлаагүй байгаа учир албан ёсны зөвшөөрөл авсан байгууллага байхгүй. Монголын 3300 гаруй иргэн гадаадын иргэнтэй гэрлэх хүсэлтээ гаргаад байгаа ч гэр бүл зуучлалын товчоодоор чухам хэчнээн иргэн зуучлуулж харь орныг зорьж байгааг хэн ч мэдэхгүй. Энд тоо баримт бас л байхгүй. Монгол охид, эмэгтэйчүүдийг хил дамнуулан худалдах гэмт хэргийг үйлдэхэд монголчуудаас гадна Хятад, Герман, Макао, Хонконг, Япон, Солонгос Улсын иргэд ихээр оролцдог төдийгүй гадаадын иргэд хууль бус үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд манай улсын иргэд, компаниуд тодорхой үүрэг гүйцэтгэдэг байна.
Тухайлбал: Иргэд, компаниуд өөрийн байгууллагын нэр дээр зар тавин охид, бүсгүйчүүдийн бүртгэл судалгаа хийх байдлаар ярилцах, гэрээ байгуулах, зургийг нь авах, хуурамчаар гэрлэлт батлуулах, виз гаргуулах, бүжгийн хөдөлгөөн заах, хэлний мэдлэг олгох, гадаадад ажилд зуучлах, гадаадад сургуульд суралцуулах, гадаадын иргэнд Монгол хүүхдийг үрчлүүлэх, гадаад хүнтэй гэр бүл болгох зэрэг өнгөлөн далдлах хэлбэрээр итгүүлэн үнэмшүүлэх ажлыг голлон хийдэг ажээ. Амар хялбар аргаар мөнгө олох гэж гадаад иргэнтэй гэрлэдэг нэгэн байхад ойр дотны итгэлтэй хүндээ итгэж “амьд бараа” болсон гашуун түүх ч байдаг байна. Мөнгө улаан, нүд цагаан гэдгийн үлгэрээр хэдхэн төгрөг илүү харж, гадаад гарах гэсэн хүсэл дээр нь дөрөөлж бусдын амьдралыг сүйтгэж байгаа нөхдүүдэд тооцох хариуцлага гэж байдаггүй нь дэндүү харамсалтай.
Зуучлагчид гэрлэлтийн дундаас ашиг олж, зөвхөн мөнгө өгсөн талын эрх ашгийн төлөө ажиллаж хүний эрхийг ноцтойгоор зөрчдөг байна. Гэр бүл зуучлалд их хэмжээний мөнгө яригддаг тул эхнэр нэрээр “амьд барьцаа” болж нөхөр болон хадмуудын хүссэнээр байх болдог. Гэрлэсэн эмэгтэйд энэ зуучлалын хөлснөөс оногддоггүй ч нөхрийн зүгээс өр хэмээн төлүүлэхийг шаардан, сэтгэл санаа, бие махбодын хүчирхийлэл, дарамтад өртүүлэн өрийн барьцаанд оруулдаг ажээ. Гэрлэгчдийн хооронд “гэрлэлтийн гэрээ” байгуулдаг хэдий ч эхнэрийн бүхий л эрхийг хааж, зөвхөн үүрэг, хариуцлага оногдуулдаг ажээ. Энэ гэрээ нь хүчин төгөлдөр бус байдаг байна.
МАНАЙ ЭМЭГТЭЙЧҮҮД НАСААР ХОЁР ДАХИН ХӨГШИН ХҮНТЭЙ ГЭРЛЭЖ БАЙНА
Жил бүр гадаадын иргэдтэй гэр бүл болж буй эмэгтэйчүүдийн тоо харилцан адилгүй байдаг. Нэгэн төрийн бус байгууллагын судалгаагаар эмэгтэйчүүд гадаадын иргэнтэй гэр бүл болох нь 90-95 хувьтай байжээ. Харин зуучлуулж буй эмэгтэйчүүдийн 80 хувь нь 18-25 нас хүртэлх, 20 хувь нь 30-35 насных байдаг байна. Харин гэрлэж буй гадаадын иргэдийн нас 35-60 байгаагаас үзэхэд манай эмэгтэйчүүд өөрөөсөө хоёр дахин ах хүнтэй гэрлэж байна. “Гэр бүл зуучлал”-ын компани нэрийдлээр Монгол охид, эмэгтэйчүүдийг гадаадын иргэнтэй гэрлүүлэх явдал сүүлийн жилүүдэд өссөөр байгааг албаны хүмүүс дурдаж байлаа. Тухайлбал: 2005 онд 704,2006 онд 824,2007 онд 970 хүн гадаадын иргэнтэй гэр бүл болсон байна.
Мөн зуучлалын компаниуд гэрлэлтэнд шаардлагатай баримт бичгийг хуульд заасан журмын дагуу/ажлын болон гэрийн хаяг, хэрэгт холбогдож байсан талаарх баримт бичгийн огнооноос харахад Монголд ирэхээс өмнө бүрдүүлсэн/ бүрэн бүрдүүлсэн нь эртнээс зохион байгуулж бэлтгэснийг илтгэдэг ажээ. Материалаа бүрдүүлсэн л бол тухайн өдөрт нь бүртгээд, гэрлэлтийн гэрчилгээг олгодог, мөн зуучлалаар гэр бүл болж буй хүмүүс хоёроос гурав хоногийн дотор танилцаж гэрлэдэг байдал сүүлийн жилүүдэд ихээхэн гарч байгаа ажээ. Энэ бүхнээс харахад ” “Гэр бүлийн тухай” болон “Гадаадын иргэн, харьяатын тухай” хуулиудад өөрчлөлт хийх шаардлага амьдралаас урган гарч байна.
НАМАЙГ ЗУУЧИЛСАН КОМПАНИ ОДОО БОЛТОЛ ОЛДОХГҮЙ БАЙНА
Ийн өгүүлсээр, хар дарсан зүүд шиг өдрүүдийг мартах гэж, зовлон тээж яваа бүсгүйчүүдийн алдааг миний Монголын охид бүү давтаасай. Гэр бүл зуучлалын компаниуд ихэвчлэн царай зүс сайтай, ардаа татлаагүй, ганц бие охидыг сонгодог байна.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй “Гэр бүл зуучлал”-ын компаниуд тодорхой хаяг, ажлын байргүй, ажилчдаа байнга сольж, үйл ажиллагаагаа нууцлагдмал хэлбэрээр явуулдаг. Зуучлуулж буй эмэгтэйчүүдтэй байнга холбоо, харилцаатай байдаг гэх боловч үнэн хэрэгтээ тийм байдаггүй аж. Зар мэдээ сонины нэгээс хоёр сарын өмнөх зар руу ярихад зард өгсөн утас нь холбогдох боломжгүй, эргээд холбоо барих ямар ч аргагүй байлаа. Тухайлбал: “Нэгэн зуучлалын компаниар зуучлуулсан хохирогч “С” гэгч охины яриагаар: Тус зуучлалын компани “И” гэгч солонгос иргэнийг надад танилцуулахдаа баян чинээлэг, хувьдаа хаустай, олон газар эзэмшдэг, урьд нь гэрлэж байгаагүй зэргээр магтсан, харин энэ бүхэн эсрэгээрээ байсан. Солонгостоо ядуу амьдралтай, хөдөө амьдардаг, жижигхэн байшинтай, бас ногоо тарьдаг талбайтай, урьд нь гэрлээд салсан, маш хэрцгий, их архи уудаг, ааш зан муутай байсан. Очсон өдрөөсөө л намайг загнаж харааж, өглөө зургаан цагт босгон хоол, цай хийлгэж, ногооны талбай дээр өглөөнөөс орой болтол ажиллуулжбайсан. Ингээд гадаадын иргэдийг хамгаалах төвд бүх учраа хэлээд дөрөв хоносон. Нөхрөөсөө зугатаж, тэнд би ажил хийж байж Монгол руу ирэх зардлаа олсон. Намайг зуучилсан компани одоо болтол олдохгүй байна” гэжээ. Мөн өөр нэгэн зуучлалын компаниар “А” гэх охин 2007 оны 10 дугаар сард Солонгос улсын иргэн Ким гэгчтэй зуучлуулан гэр бүл болоод БНСУ руу явжээ. БНСУ-д ирснээс хойш нөхөр болох хүн нь эрүүл согтуу аль ч үедээ элдвээр харааж, зодож, харанхуй хонгилд хонуулдаг байжээ. Охин утсаар ярих бүрдээ “ээжээ намайг аваач, энд үнэхээр хэцүү байна, намайг Монголоос 12 мянган доллараар худалдаж авсан гээд явуулахгүй байна” гэж ярьж байжээ.
Энэ талаар ээж нь тус зуучлах товчоонд удаа дараа хандахад “Танай охин өөрөө буруутай, ааш муутайдаа тэгж байгаа юм тэгээд ч өөрөө дуртайдаа яваа биз дээ бидэнд хамаагүй” гээд огт халгаадаггүй. Харин ч цаад талд мэдэгдсэнээр охин ээжтэйгээ утсаар ярих боломжгүй болж, хэсэг хугацаанд сураг тасарчээ. 2008 оны нэгдүгээр сард охин гэрээсээ зугатсан бөгөөд арай гэж Монголдоо иржээ. Ээж нь уг асуудлаар хөөцөлдөж явахад тус зуучлах товчоогоор зуучлуулж очоод хүнд нөхцөлд байж байгаад оргож ирсэн охид олон тааралдсан. Төд удалгүй тэр зуучлалын компани усанд хаясан чулуу шиг алга болсон” хэмээн ярьсан байна. Түүнчлэн “Солонгост өндөр цалинтай ажилд зуучилна” гэсэн зарын дагуу Тунгаа гэгч эмэгтэй “X” болон өөр таван охиноос 200-500 мянган төгрөг авч, Эрээн хотод очмогцоо охидын паспортуудыг хураан Макаод хүргэсэн байна. Тунгаа гэгч нь хятадуудтай мөнгөний тооцоо хийж байсныг охид харсан бөгөөд тэднийг 17 давхар байшинд байрлуулахаар аваачихад тэнд мөн зургаагаас долоон Монгол охин байжээ. Тэнд байсан Монгол эмэгтэй, охидод хандан “массажны ажил хийлгэнэ. Сард 1500 долларын цалинтай. Та нарт Тунгаа юу хийхийг чинь хэлээгүй юм уу. Та нар юу л бол юу хийнэ, охидууд эхлээд ингэдэг л юм. Сайн бод” гэх зэргээр хандаж байсан. “X” тэндээс зугатахаар шийдэж хамт очсон “Г” ятгахад би Солонгос явна гээд баахан мөнгө зээлсэн өртэй, буцаж болохгүй” гээд үлджээ. Энэ мэтчилэн олон эмэгтэйчүүд хууртагдан хүний наймааны золиос болсоор байна.
ХАРИЙН ОРНООС ИЛҮҮ ЭХ ОРОНД ЧИНЬ САЙХАН АМЬДРАЛ БИЙ ШҮҮ, ОХИДОО
Юм бүхнийг зоосны нүхээр харах өрөөсгөл бодлоосоо салж, сайхан амьдрал таны, бидний хажууд байгааг ойлгоосой гэсэндээ ийн энэ сэдвийг хөндлөө. Гадаадын улс орон бүхэн сайхан биш. Гадаад иргэн болгон баян, мөнгөтэй биш шүү, охидоо. Хэнд итгэж, хэнд итгэж болохгүй билээ гэж бодохын завгүй таны хажууд энэ эрсдэл байгаа ч юм билүү.
Судалгаанаас үзэхэд ГИХАЭА-аас сард ойролцоогоор 50 гаруй иргэд гадаадын иргэнтэй гэрлэх зөвшөөрөл хүссэнээс 70 гаруй хувь нь БНСУ-ын иргэд байжээ. Сүүлийн үед Монгол Улсад ирэх БНСУ-ын жуулчдын тоо нэмэгдэж, “секс зуучлал” хэмээх зүйл бий болсон нь Монгол Улсад жуулчлахаар ирсэн Солонгос иргэдэд үйлчлэх зорилготой нууцаар эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлж, худалддаг Солонгос зочид буудал, баар, ресторан, олноор бий болоход нөлөөлж байж болзошгүй юм. Ер нь гадаадын иргэдтэй гэрлэж буй Монгол эмэгтэйчүүдийг гэрлэж байгаа байдлаас нь харахад тэд сайн дураар бус гадаад улсад гарах гэсэн сонирхол, гадаадын хүн л баян мөнгөтэй гэсэн бодлын үүднээс, зарим нь албан хүчээр /эцэг, эх, ах, эгч гэх хүмүүсийн албадлагаар/ гэрлэдэг ажээ. Зуучлалаар гэр бүл бологсод бүгд сайн сайхан амьдардаггүй бөгөөд олонх нь хүний наймааны хохирогч болсон нь төрийн бус байгууллага, холбогдох байгууллагуудын судалгаа, мэдээллээсхарагддаг. Энэ талаар бодитой арга хэмжээ авч чадвал зуучлалаар хүний наймааны бизнес эрхлэгчдийг илрүүлж, таслан зогсоох боломжтой. Энэ бүхний эцэст хохирч ирсэн эмэгтэйчүүд бие болоод сэтгэл санааны гүн хямралд орж, сохор зоос ч үгүй гэртээ ирсэндээ гутарч, найз нөхдөөсөө ихэд ичиж зовдог учир хэнд ч хэлэлгүй орхидог байна.
Иймээс энэ төрлийн гэмт хэрэг нуугдмал, илрүүлэлт үр дүнгүй болдог талаар цагдаагийн байгууллага, төрийн бус байгууллагын мэргэжилтнүүд хэлж байлаа. Хохирогчдын цөөн хувь нь хүний эрхийн байгууллага болон шүүхэд ханддаг учир илэрч судалгаанд ордог, мэдэгдээгүй үлдсэн хүмүүсийн тоо маш олон байдаг. Зарим эмэгтэйчүүд ирсэн хойноо ч хүн наймаалагчдын дарамтанд байсан гэж ярьцгаадаг ажээ.
Оргож ирсэн заримыг нь зуучилсан хүмүүс гэрээгээ дуусгаагүй оргосон гэж мөнгө нэхэн утасдаж дарамталдаг, мөн ар гэрийнхнийг нь ч заналхийлдэг гэнэ. Амар хялбар аргаар баян тансаг амьдрах, гадаад улс оронд ямар ч аргаар хамаагүй гарах гэсэн бодлоосоо салж, гарч болох эрсдлээс өөрийгөө хамгаалах боломж бий. Иймээс хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдэд энэ талаар мэдээлэл хүргэх, “Гэр бүлийн тухай” хууль, “Гадаадын иргэн, харьяатын тухай” хууль, “Эрүүгийн”, “Иргэний” гэх мэт хуулиудад иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах асуудлуудыг тусгасан өөрчлөлтийг нэн даруй оруулах зэрэг эрх зүйн орчинг сайжруулан боловсронгуй болгох, олон нийтийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх талаар үйл ажиллагаа явуулах хэрэгтэй байна.
Хацар гоо охид минь хэдий болтол харанхуй муйхраар гадаадын улс орныг сайхан гэж шүтэж, харийн эрийн бэл бэлчинд амьдралаа даатгах гээ вэ. Хэдий болтол Солонгос эрийн зурганд хууртаж, хэдэн халтар төгрөгний төлөө ямар ч аргаар хамаагүй гадагшаа зүтгэх юм бэ. Эх оронд чинь сайхан амьдрал бий шүү дээ, охидоо.
7 Comments
Хм
суухгуй гээд яхоо монгол залуучууд н бугд гадаш гаэаад одоо энд нухургуй баахан хуухнуудээс уур 32 дээш насний авгайгуй залуу олдохоо болиод байна ш дээ
olon nudelsan umnuud l ingej yavdag baihgui uu. gaigui huuhnuud bol ingehgui l dee.
Солонгоч бай ямарч хунтэй хамаагуй эсдэл хийж болохгуй шуу. Яагаад гадаад хумуус жуулчлалийн албаар эхнэр хайдаг бэ???????????????. Том асуулт!!!.
Болбоолмжтой аз жаргал биш тамд унуузай залуу бусгуйчууд мини. Муу сайн ч монгол залуутайгаа узэж дарвал дээрээ миний хувид. Би нэг Жапан найз эмэгтэйтэй тэр гадаад хунтэй суугаад 35 болсон 2 охинтой. тэгээд одоо болтол нохороо ойлгохгуй байна даа. нэг эс заншилтай хунтэйгээ л суух хамгийн зов гэж байсан шуу.
ДЭНДҮҮ БАБА БИТГИЙ ХҮМҮҮСЭЭ ….СО ХҮН ИХ МУУХАЙ …
хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов
БҮСГҮЙЧҮҮД МИНЬ БИТГИЙ Л СОЛОНГОС ХҮНТЭЙ СУУГААРАЙ ……ЖАРГАСНААСАА ЗОВСОН НЬ ИХ БАЙДАГ ЮМ
ОНДОО SITE.D GARSAN MEDEELEL BN SH DEE