Бэр гуйгч гэж хэн бэ?
Бэр гуйгч нь хүүгийн талын элч, охины талд хүндтэй нэгэн. Зарим хүмүүс бэр гуйхдаа эх эцгийн аль нэг нь (гол нь аав) оролцох ёстой юм шиг ойлгодог. Бэр гуйх (бэр гуйхыг зарим газар ам сонсох гэнэ) боломжийн хүн олдохгүй, өөрсдөе явах тохиолдол гарч болох боловч энэ зан үйлийг авга, нагац, ахан дүү, танилаараа гүйцэтгүүлдэг заншил уламжлагдаж ирсэн юм. Бэр гуйхаар явж буй хүмүүс хүүгийн талын элч, зарлага гэдэг утгаараа эцэг, эх нь тэр бүрэлдэхүүнд оролцох нь зохимжгүй.
Ямар хүнээр бэр гуйлгавал зохистой вэ? Бэр гуйх хүмүүсийн бүрэлдэхүүн.
Бэр гуйгч нь удам судар сайтай (ядаж гэмээ нь гар сайтай) нэр бүтэн хүн байх ёстой. Зан үйлийн өрген мэдлэгтэй, гэр бүлээсээ салж, хагацаагүй, үр хүүхдээр өнөр өтгөн, ах дүү, төрөл терөгсед, хамт олон, нутаг усандаа нэр хүндтэй, төлөв түвшин, нүдэнд дулаан, харилцаж буй хүмүүстээ хүндэтгэл үзүүлж чадах мэдрэмжтэй нэгэн байвал таны үр хүүхдийн ирээдүйд сайнаар нөлөелне гэдгийг санах хэрэгтэй.
Хоёр дахь шалгуур нь хүүтэй чинь ивээл жилтэй, элдэв муу зуршилгүй хүн байх нь чухал. Таны гэрлэх гэж буй хүү могой жилтэй бол бэр гуйхаар явах хүн тахиа, үхэр жилтэй байна гэсэн үг. Жил нь таарахгүй ч олон айл гэрлүүлсэн сайн хүн тохиолдвоос уг хүнийг тохирох жилтэй болгон дом засал хийж явуулдаг. Дагалдагч нь бэр гуйхад хэрэглэгдэх хадаг самбай, идээ ундаа, бэлэг сэлтийг бэлдэж, сөн түших үүрэгтэй.
Бэр гуйгчийн намба төрх, үг хэллэг
Бэр гуйх хүн ийм хувцас өмсөнө, тийм хувцас өмсөхгүй гэсэн журам заавар байхгүй хэдий ч Монгол зан үйл гүйцэтгэж яваа гэдэг утгаараа үндэсний хувцастай байх нь зохимжтой. Бүсэндээ хэт хутга, хөөрөг, даалингаа хавчуулсан (өвөртөлсөн ч болно)хэн ч харсан хүндэтгэлийн зан үйл гүйцэтгэж яваа нь мэдэгдэхээр хувцаслах бөгеөд гэр байранд ороод мэнд усаа мэдэж, цаг улирал, бие, ажлыг нь асуунгаа охины эцгээс эхлэн тамхилж, яриа хөерөөний эхийг зев гарган бэлэг дэмбэрэлгүй яриа (өвчин хуучин, үхэл зовлон, хэрэг зөрчил г.м) өрнүүлэх, хараалын үг хэлэхийг цээрлэнэ. Бэр гуйгчийг дагалдагч нь авч яваа бэлэг сэлт, идээ ундааг газарт (шал, дэвсгэр дээр) хүргэхгүй өөртөө ойрхон орчинд байлгана.
Бэр гуйгчийн мэдвэл зохих зүйл
Гэрлэх гэж буй эрэгтэй нь уг айлын хэд дэх хүүхэд, ямар мэргэжлээр аль сургууль дүүргэж хаана ямар алба хашиж байгаа (охиныхыг нэгэн адил) мэнгэ, жил, махбодий нь бэр болох хүний жил, мэнгэ, махбодьтой нь судалж хүү, охин 2 гэрлэсэн тохиолдолд ямар түвшинд амьдрах нөхцөлтэйг нь мэдэж очих, бэр болох бүсгүйгээ таньж байх нь бэр гуйхаар явж буй хүний үндсэн үүрэг юм. Охины тал бэр гуйхаар ирж буй хүнд тийм хэмжээний мэдлэг байгаа эсэхийг тандаж, магадлах эрхтэй.
Бэр гуйх хугацаа
Бэр гуйх өдрийг цаг тооны бичигт тэмдэглэсэн байдаг. Тэр өдрийн сайн цагийг олж харснаар хугацаагаа товлоно. Аливаа ажлын суурийг жил, улирал, сарын эхэнд тавьж байвал алсдаа сайн байдгийг харгалзан тухайн улирал, сарын эхний долоо, арав хоногт багтаахыг эрхэмлэж бэр гуйх өдрийг бэрийн үйлд сайн өдөртэй хольж хутгахгүй байвал зохино.
Бэр гуйхад хэлэх үг
Зарим хүмүүс бэр гуйх, охиноо өгөхдөө “Тунгалаг тамир” киноны Итгэлт баяны дүрд “тоглох” ёстой юм шиг ойлгодог. Тэр бол киноны уран сайхны дүр. Бэр гуйгч нь өөрийгөө болон хамт яваа хүмүүсээ танилцуулаад хаана амьдардаг, ямар хүний хэд дэх хүүхэд гуйж байгаа охинтой хэдий үеэс үерхэж нөхөрлөн хайр сэтгэлийн холбоотой болсон хийгээд энэ 2-ын харилцаа холбоог хүүгийн тал хүлээн авч гэр бүл болохыг дэмжиж буйгаа товчхон дурдахаас илүү үг хэлэх шаардлагагүй.
Бэр гуйх хүмүүсийн авч явах идээ, ундаа
Бэр гуйхдаа газар газрын авч явах зүйл өөр өөр байдаг. Шимийн архи, бяслаг, ааруул авч очдог газар байхад тавгийн идээ, ууц шүүстэй очдог нутаг нугынхан байдаг. Социализмын үед сургууль соёлын мөр хөөсөн эрчүүд, хүүхнүүд танилцан хайр сэтгэлтэй болж өрх гэр үүсгэхдээ аав ээждээ ч хэлэлгүй өөрсдийнхөө хэмжээнд шийдэж айл гэр болцгоох нь түгээмэл болж айлын бэр болохдоо хүндтэй мэндтэй очдог зан үйл устах хандлагатай болсноо ардчилсан нийгэмд орсноор уламжлалт зан заншил хот хөдөегүй сэргэж айлын бэр, хүргэн болох нь хоёр биений мэдлийн хэрэг биш аав, ээж, ахан, дүү, ураг төрлийнхөн хийгээд улс орны төр, засгийн анхаарвал зохих зангилаа асуудал боллоо.
Хүн амын дийлэнх нь суурин амьдралд шилжиж, янз бүрийн ястан үндэстнүүд холилдон амьдрах болсноос шалтгаалан хот, аймгийн төвд амьдрагсад тухайлсан ястан үндэстний ёс жаягийг баримтлах боломжгүй, харин сум, баг орон нутагт амьдарч буй хүмүүсийн тухайд нутаг нугынхаа ёс заншлыг баримтлахад болохгүй гэх газаргүй бөгөөд цагийн аясыг дагах үүднээс төв суурин газарт бэр гуйх тохиолдолд
Архи (Болор юмуу Ерөөл. Ханилан суух хүмүүсийн амьдрал Болор шиг тунгалаг байх, ерөөл тавилангаар учирч буйг билэгдэн энэ 2 нэр бүхий архины аль нэгийг авч очих нь зохимжтой)
Архи идээгээ байрлуулж, хадаг барихдаа юуг анхаарах ёстой вэ?
Хадгийг эхлээд эцэгт (эцэг нь байхгүй бол төлөөлөх хүнд) дараа нь эхэд нь барьдаг. Хадгийг барихдаа доороос нь очиж өгөх ба сайн өнгийг гадагш, задгай амыг барьж байгаа хүн рүүгээ харуулж өгнө. Өвөө, эмээ, өндөр настан байвал хадаг барихад буруугүй. Энэ үйлдэл охины эцэг эх гуйлтыг зөвшөөрсөн тохиолдолд үргэлжилнэ. Гурав дахь хадаг (8-н тахилтай юм уу бурхантай)-ийг бурханд нь тавихдаа малгайгаа авч мөргөж хүндэтгэл үзүүлнэ. Дараа нь ширээн дээр буй цөцгийн болон айргийн тосноос багаханыг авч, цай, сахарын 4 өнцөг, архины бөглөөнд түрхэж гэрийн хойморт бурхан тахилын ойролцоо байрлуулна. Тегсгөлд нь авч очсон сүүнээсээ аягалж тэнд буй хүмүүст (аав ээжээс нь эхэлж) амсуулснаар бэр гуйх ёслолын эхний үе дуусна.
Охины эцэг, эх гэр бүлийн хүмүүст өгөх бэлэг дурсгал
Бэр гуйхдаа бэлэгтэй очно, очихгүй гэсэн зүйл байхгүй. Хүний охиныг өөрийн болгох гэж буй айл элчээ илгээхдээ хоосон явуулдаггүй. Амьдралын боломж нөхцлөөсөө шалтгаалан ангийн арьс хөрснөөс эхлээд аав, ээжид нь бэлэг дурсгалын зүйл авч очдог заншил үндэстэн ястан бүрт байсан. Одоо ч байгаа. Нийгмийн хөгжил дэвшил, ард түмний амьдралын түвшин сайжрахын хэрээр аливаа тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан авч өгөх бэлэг дурсгалын агуулга, чанар чансаа дээрдэж байгаагийн адил бэр гуйхдаа авч очих бэлгийн зүйл тухайн зан үйлдээ тохирсон байх ёстой.
Энэ утгаараа охины аавд дээлийн өнгө, дээр нь мөнгө, тумбааш зэрэг соёлын бараа, ээжид нь дээлийн өнгөн дээр чихрийн цуглуулга, гоо сайхны бараанаас зохимжтойг нь (хүнд 1 ширхэг зүйл өгдөггүйг санах хэрэгтэй) бэлэглэнэ. Дээлийн өнгийг аав, ээжийн нас, намба, царай зүс, өндөр намд тохируулан (ахынхаае нь бэр гуйсныг сонссон дүү нь хүүдээ бэр гуйх болсноо дурдаад танайд бэр гуйхаар ирсэн хүмүүс юу юутай ирвээ гэхэд ах нь “манай охиныг гуйсан хүмүүс над 50 доллар, 1 шил архитай, авгайд дээлийн өнгө, набортой ирсэн. Авгай торгоор нь дээл хийж өмсөх гэсэн чинь хэмжээ нь хүрээгүй” гэсэн гэдэг) бэлдвэл зохино. Бэрийн дүү нар болон хүүхдүүдэд чихэр, жимс, жигнэмэг, жүүс ундаа тэргүүтнээс цаг улирлын нөхцөлд тохируулан бага балчир насныхныг баярлуулахаар зүйл авч очиж түгээвэл зохино.
Бэр гуйхаар очсон хүмүүс идээ, архиа яаж байрлуулах ёстой вэ?
Бэр гуйхаар хүмүүс ирэх гэж буйг урьдчилан мэдсэн охины тал бурхан тахилаа тоосолж гэр орноо цэвэрлэн, идээ архи тавих боломж нөхцлийг бүрдүүлсэн байх учиртай. Бэрийн идээ архийг гэрт болон өреө тасалгааны хойморт байрлуулна. Тэр айлын хаалга үүд хаашаа харж буйгаас үл хамааран цай, сахарын толгойг усны эх, газрын (уулын) өндөр талруу харуулж тавина. Архийг идээний дээж гэж нэрлэдэг боловч цай идээ амсалгүйгээр архинд уруул хүргэдгүйг харгалзан цай сахарын доод талд архины нэрний үг үсэг ил харагдахаар байрлуулна.
Охины эцэг эх хадгийг хэрхэн хүлээн авч, бэлэг сэлт, идээ ундаатай яаж харьцах ёстой вэ?
Бэр гуйж яваа хүн хэдэн настайгаас үл хамааран охины аав ээж хадгийг сууж авна. Тэхдээ малгайтай, энгэр заамаа товчилсон, ханцуй шамлаасгүй байх ёстой. Бэлэг сэлтийг хоногоос доошгүй хугацаагаар хүндэтгэлийн байранд байлгах нь тухайн зан үйлийг дээдэлсний баталгаа болох бөгөөд идээ шүүс ирсэн тохиолдолд гал, бурхандаа өргөсний дараа зооглож, хүртдэг.
Хүргэн болох гэж буй хүний хадаг архи идээг охины тал авахаас татгалзах үндэслэл
Бэр гуйхаас урд хүүгийн эцэг, эх охины аав, ээжтэй танилцаж хэн хэнийхээ удам гарал, хийгээд хоорондоо мах цусны холбоо хэлхээ, сэтгэцийн болон ямар нэгэн төрлийн хүнд өвчний удамшил байна уу, үгүй юу, хүргэн болох хүн өрх гэр толгойлж эхнэр хүүхдээ тэжээж тэтгэж чадах эсэх гэх мэтээр хэн хэнийхээ байр байдал, санаа бодол хүсэл зорилгыг судалж мэдсэн байх ёстой. Тэгж чадаагүй нөхцөлд бэр гуйж, гуйлтыг зөвшөөрөх нь харилцан бие биенээ хүндэтгээгүй, хүү охины ирээдүйд хайнга хандсан хэрэг болно. Судалгаа тандалт бүрхэг, жил, мэнгэ, махбодь харш зэрэг тохиолдолд аль аль нь тэр тусмаа охины тал хүргэн болох хүний талын хүсэлтэд түдгэлзэж, татгалзсан хариу өгч хадаг архи идээг буцаах эрхийг эдэлдэг.
Бэр гуйхаар ирсэн хүмүүст үзүүлэх хүндэтгэл
Бэр гуйхаар ирсэн хүмүүсийг хүндэтгэх нь охины аав ээжийн амьдралын мэдлэг, соёлын түвшин танигдана гэсэн үг. Ирсэн зочдыг хүндэтгэлийн суудалд суулган дайлахдаа тэр өдрийн яриа хэлцэл нийлэмжтэй, үр хүүхдийн цаашдын амьдрал дэвшин дээшлэхийг билэгдэх үүднээс битүү хоол (бууз банш, хуушуур) хийхийг цээрлэдэг.
Бэр гуйхаар ирсэн хүмүүстэй хийсэн яриа хэлцэл, нийлэмжтэй болсныг илэрхийлэхдээ хөөрөг тамхиа өгч авалцан тэмдэглэхийн сацуу тэднийг явахад нь гарыг нь цайлган (энэ нь бэлэг өгөхөөс өөр агуулгатай хоосон гаргахгүй гэсэн санаа), насаар ахмад юмуу үеийн хүн ирсэн бол охины аав, ээж өөрсдөө, дүүмэд хүн ирсэн бол ойролцоо насны хүнээр унаа машинд суулгаж, буцах чиг замыг нь зааж зөвлөн, дахин уулзахын өрөел тавьж үддэг. Согтууруулах ундаагаар шахаж, ирсэн элч, зочдоо хүнд байдалд оруулан бие сэтгэлийн зовлон эдлүүлэх, бие биедээ хайр сэтгэлтэй болж айл гэр болохоор тохирсон хоёр хүний дундуур орж татгалзаж, түдгэлзсэн дүр эсгэх нь хүү, охин хоёрын алс хэтийн амьдралын замд сэв суулгасан билэг дэмбэрэлгүй, бүдүүлэг үйлдэл гэдгийг санахын зэрэгцээ бэр гуйх, хурим найрын үйл ажиллагаанд архидалт хэдий чинээ их байнав тэр айлын цаашдын амьдралд тохиолдох бэрхшээл саад, гай барцад төдий чинээ их байдгийг анхаарвал зохино.
11 Comments
заа яахав бэрээ нэртэй төртэй гуйгаад авсан юм байж. тэр бэр гуйсан хүний хариуцлага гэж юу бдаг юм бэ? хадагийг н авсан бол буцаах ёсон бдаг юм боловуу?
би нэг арчаагүй нэгэнтэй таарсанаа одоо л ойлгоод сууж бн. жилийн өмнөхөн тэр залуугийнх гэнэт л бэр гуйх болоод их сайхан уулзалдаж бэр гуйх ёслол үйлдсэн билээ. гэвч 1 жил болоогүй байхад тэр өөр хүн дагаад явсан. бэр гуйлт юу бсан юм бэ гэхэд сэтгэл хөөрлийнх бжээ гэнээ.
ийм тохиолдолд одоо тэр хадаг сүй-г н одоо буцаах ёстой юу зүгээр л хаячихдаг юмуу мэддэг хүн бнуу?
баярламц
Гуйх гуйлгахдаа гол нь биш ээ….
Худ ураг болж байгаа айлууд бие биедээ заавал хүндлэл үзүүлж залуу хосын ирээдүйн амьдралын сайн сайхныг бэлгэдэж байгаа зан үйл бол бэр гуйх ёс.
Түүнээс биш нэг нэгэндээ үнэд орж байгаа юм шиг бодож заавал гуйлгаарай гуйлгах ёстой гэх юм байхгүй. Тэгээд ч тэр бэр гуйх зан үйлийг чинь залуу хосуудаас асууж хийдэггүй.
Ер нь бол ёслоё гэвэл ёс заншил гэсэн нь дээр, үгүй гэвэл өөр өөрсдийнхөөрөө бодсоноор зүтгээд үзсэн нь дээр.
Монгол ахуй гэдэг зүйлийг жинхэнээр нь ойлгож амьдрая гэвэл дээр бичсэн зүйлийг уншаад ойлгочиход гэмгүй. Ерөнхий ч гэсэн сайхан л бичсэн байна.
би бэр гуйлгаж нөхөртэйгөө ханилсан. Яаж ч бодсон бүсгүйчүүд минь ар гэрт нь гуйлгаж байж л очдог юм шүү хэхэ
сонирхолтой зуйл байна баярлалаа
ёстой зов юм бичиж баярлалаа
золиг гэж иймэрxүү юм чуxал байдаг юм шиг бгаа юм, xэрэг болxоор ни туxтай уншия даа.
ийм юм л бичиж баймаарсандааа унэхээр их таалагдлаа
ыстой иx баярлалалааа
neeree yostoi medmeer yum bnaaa.
Поох ёстой мэдэж баймаар юм байна. Баярлалаа~.~