Гадаадад гарч ажиллахыг хүсдэггүй хүн ховорджээ. Өнөөдөр Монголд хөдөлмөрийн насны 140 мянган хүн ажилгүй байна. Эх орондоо хүн шиг амьдрах боломжгүй болсон ажилгүйчүүд аргагүйн эрхэнд гадаадад гарч биеийн хүчээ “худалдах” хүсэлтэй.
Өнгөрсөн долдугаар сарын сүүлээр Солонгост ажиллах хүч гаргана гэсэн зараар 18-39 насны 14600 залуус бүртгүүлсэн билээ. Хүн бүр 26 мянган төгрөг тушаасан баримтаа өвөртлөн хонон өнжин дугаарласан. Ажилгүй хүн зөвхөн бүртгэлийн хураамжид ийм мөнгө төлнө гэдэг хэцүү.
Залуусын тушаасан 376,6 сая төгрөг Солонгосоос ирсэн хүмүүсийн байр,хоол, унаа гээд ойр зуурын хэрэглээнд зориулагдсан гэнэ билээ. Бүртгүүлсэн залуус бүгдээрээ Солонгос хэлний шалгалт өгчээ. Харамсалтай нь, Солонгос орныг зорих гэсэн залуусаас 3105 нь шалгалтдаа тэнцэж бусад нь бүдэрчээ. Чадан ядан цуглуулсан 25 мянган төгрөгөөрөө “шатсан” нь тэр.
Солонгос явахын тулд хэл сурах, тухайн улсын ёс заншил, түүх соёлыг судлах, эдийн засаг, эрхзүйн талаар мэдлэгтэй болох ёстой. Тэгэхгүй бол тийш зүглэнэ гэдэг боломжгүй. Түүнээс гадна хамгийн гол шалгуур эрүүл байх. Хэрэв хараа муу, шүд хорхой идсэн, ходоод гэдэс өвддөг, даралт өгсөж урууддаг бол Солонгост ажиллана гэдэг мөрөөдөл хэзээ ч биелэхгүй болж мэднэ.
Шалгалтад тэнцсэний дараа мэргэжлийн эмч нарын үзлэгээр орж, нарийн шинжилгээ хийлгэнэ.
Хэн нэгэн танил тал, найз эмчээрээ “эрүүл” гэсэн дүгнэлт гаргуулж, гарын үсэг зуруулаад Солонгос явчихна гэвэл ёстой гонж. Бүх үзлэг, шинжилгээг “Гялс” төв, клиникийн III эмнэлэг, ХӨСҮТ, ЭМШУИС-ийн төв лабораторид тусгай хуваариар хийлгэнэ. Дотор, мэдрэл, зүрх судас, нүд, чих, хамар, хоолой, мэс заслын эмчийн үзлэгт ороод сүрьеэ, ДОХ, халдварт өвчний шинжилгээг хийлгэнэ. Тэр бүгдийн төлбөрт 45 доллар төлнө. Эмнэлгийн үзлэг, шинжилгээний аль нэгэнд “Но”-той гарвал хэнийг ч Солонгос явуулахгүй, төлбөрийн мөнгийг ч буцааж олгохгүй. Гадаадад гарч ажил хийе, мөнгө олъё гэж байгаа Монгол хүн та цоо эрүүл байх ёстой. Монголоос гадаадад ажиллахаар гарч буй залуус эрүүл мэндийн хувьд сансарт ниссэн ч гологдхооргүй байдгийг солонгос эзэд гайхширдаг гэлцдэг. Монголын төр идэр насны эрүүл чийрэг залуусаа цэргийн албаныхаас ч илүү шалгуураар шалгаж гадаадад явуулдаг. Хөгшчүүлийн ярьснаар, “Улаан армид илгээж буй морьдыг малинддаг шиг нас, зүсийг нарийвчлан шалгаж шүдийг нь хүртэл тоолох дөхөх” юм.
Гэтэл Монголд ажиллахаар ирж буй гадаадынхан хэр эрүүл чийрэг, элдэв халдвар, нянгүй байдаг бол гэдэг нь бүрхэг. Манайхан шиг эрүүл мэндийн бичгээ өвөртлөөд Монгол руу орж ирдэг хятад л лав байдаггүй гэсэн. Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас гадаадын ажилчин, мэргэжилтнүүдэд хөдөлмөрлөх эрхийн зөвшөөрөл олгодог журамтай. Уг баримт бичиг будилах нь цөөнгүй. Монголд олноороо орж ирсэн Хятадуудын нэр зөрсөн, зураг солигдсон байх нь олонтаа.
Өвөлжин донхойж зогссон өргөгч цамхаг ажиллах үеэр Монголын барилга, уул уурхайн ажил эхэлдэг. Хөдөлмөрийн талаархи судалгаанаас үзвэл, Монголыг зорин ирэгчдийн 45,2 хувь нь уул уурхайн олборлох үйлдвэрлэл, 28,6 хувь нь барилга, 10-аадхан хувь нь бусад салбарт ажилладаг аж. Сүүлийн жилүүдэд Монголчуудыг зовоож буй ДОХ-ын халдварын 20 хувь нь барилга, уул уурхайн салбарт ажиллахаар ирж буй гадаадынхантай холбоотой гэж халдвар судлаачид ярьж байна. Ийм байх ёсгүй гэж мapгax хэрэггүй болов уу. Монголд ажиллахаар ирэхдээ эрүүл мэндийн үзлэгт орсон, ДОХ-ын шинжилгээ хийлгэсэн гэх Хятад, Орос, Солонгос, Америк, Япон хүнийг өдөр лаа бариад хайсан ч олохгүй болов уу.
Нэгэн цагт өвөг дээдэс маань Монгол морины туурайгаар дэлхийг тамгалж явсан түүхтэй. Харин өнөө цагт Монголын идэр залуус дээд боловсролын диплом, эрүүл мэндийн дэвтрээ өвөртлөөд “боолын хөдөлмөр” эрхлэхээр эх нутгаа орхин оддог боллоо. Өнөөдөр 15 аж ахуйн нэгж гадаадад ажиллах хүч илгээх тусгай зөвшөөрөл авчээ. Солонгост 20 гаруй мянган Монгол ажиллаж байгаа нь бараг нэг аймгийн хүн амтай тэнцэнэ. Монгол Улсад ДОХ-ын халдварын 80 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Иймэрхүү мэдээ олон Монгол хүний сэтгэлийг зовоож байгаа нь лавтай. Оюутолгойд 2200 Монгол, 860 гадаад ажилчин байгаа нь Засгийн газраас тогтоосон квотын хэмжээнд байна гэсэн үг.
Харин гадаадынхан хэр эрүүл бол гэдэг эргэлзээтэй. Үндэсний аюулгүй байдал жижигхэн асуудлаас эхтэй билээ. Тэгвэл Монгол руу ирж буй гадаадынхнаас Монгол хэлний шалгалт авдаггүй юм гэхэд эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдахыг шаардаж яагаад болохгүй гэж.
Н.Дөл
3 Comments
Үнэн л юм байна. Наадхаа тэр сонингууд дээр нийтлүүл зүгээр юм уу найзаа!!!! Тэр төрийн өндөрлөгт эх орноо ядууруулж, Монгол улсыг үгүй хийж, ар түмнээ хүний газар царай алдан хар ажил хийж, ядуу гуйлгачин гэж дуудуулуулж байгаа луйварчингууд уншиг!!!!
тийм шүү…
Тийншдээ