Охидууд өсвөр насанд хүрэх үедээ эмэгтэй хүн ямархуу бие галбиртай байх ёстой вэ гэдэг ойлголт, мэдээллийг ганцхан хэвлэл мэдээллийн хэрэгслээс ч олж авдаггүй. Ээжүүд охидынхоо өөртөө итгэх итгэл, хоол ундаа зохицуулж сурахад маш их нөлөө үзүүлдэг. Ээж нь юу өмсөж зүүж, идэж ууж, бас өөртөө хэрхэн хандаж байгааг охидууд анзаарч, анхаарч байдаг төдийгүй ээж нь өөрийнхөө болон охиныхоо бие галбир, идэж уух, өмсөх зүүх талаар хэлж байгаа бүхнийг зүрх сэтгэлээрээ хүлээн авдаг. Энэ бол тийм ч гайхаад байх зүйл биш бөгөөд эх хүн охидынхоо амьдралын хамгийн анхны, бас хамгийн нөлөө бүхий үлгэр дууриал нь болдог.
Аавууд ч мөн охиддоо өөрийн гэсэн “дүр төрх”-өө бүрдүүлэхэд нь ээжүүдийн адил чухал нөлөөтэй. Охид эрэгтэй хүнтэй хэрхэн харилцах эв дүйгээ эцэгтэйгээ харилцаж буй байдлаасаа суралцдаг байна. Ийм учраас эцэг хүн охиндоо өөрийнх нь гадаад байдлын тухай хэлж ярихдаа болгоомжтой байх хэрэгтэй. “Би ингээд хэлчихвэл охинд маань ямар санагдах вэ? Миний охин, таргалаад байна гээд хэлчихвэл охин маань намайг ямар санаатай хэлж байна гэж бодох бол?” гэж юм хэлэхээсээ өмнө бодох ёстой.
Ганцхан охиныхоо тухай ч төдийгүй, ер нь эмэгтэйчүүдийн тухай аавын үзэл бодол их чухал нөлөөтэй. Тиймээс аавууд өөрөөсөө дараах асуултыг асуугаад үзэхэд гэмгүй. “Та охиныхоо дэргэд интернетээр порно, эсвэл ийм төрлийн сонин сэтгүүл үздэг үү? Танай гэрт иймэрхүү сонин, хэвлэл байдаг юм биш биз? Богино банзалтай охидыг хараад та яадаг вэ?” Иймээс аавууд минь телевизээр гарч байгаа нарийхан, туранхай секс төрхтэй охид, хүүхнүүдийг хараад хэлж ярьж байгаагаа, өөрийн хандлагадаа анхаарал тавиарай. Охин чинь сонсож байгаа шүү!
Зөв биеийн галбир гэж тэгвэл ямар байх ёстой юм бэ? Зарим мэргэжилтнүүдийн үзэж буйгаар охиндоо эрүүл, зөв бие галбирын талаар ярьж өгөхөөсөө илүү үзүүлсэн нь дээр гэжээ. Жишээ нь нарийхан, туранхай супер моделийн зургийг харуулаад “Ийм туранхай биеэ эрүүл саруул байлгах гэж өдөржингөө л санаа зовдог байх даа!” гэх мэт. Эсвэл өсвөр насны охидоо хувцас загварын элдэв янзын сэтгүүл ширтэж суухын оронд гадаа гарч, гудамж талбайд тоглож наадаж байгаа өөр өөрийн мах мариа, бие галбиртай бяцхан хүүхдүүдийг харж, тэдний баяр хөөрийг мэдрүүлэх хэрэгтэй юм.
1 Comment
Энэ олон хуухнуудтэй унтаад байгаа аавууд бас бодууштай юм байна даа.