Монгол гэр бүлийн багана нь эр хүн, бүслүүр нь эхнэр

Эр хүн монгол гэрийг тулан тогтоож байдаг багана нь бол эхнэр хүн барин тогтоож байдаг бүслүүр нь юм. Багана, бүслүүр хоёр бат бэх байж гэр бат бэх байна. Тулах багана, бүслэх бүслүүр муу бол анхны шуурганаар л гэр салхинд хийснэ. Монголчууд “сайн морь замын хань, сайн эхнэр насны хань” гэж эрт дээр үеэс ярьж, сайн ханьтай болохыг юу юунаас илүү чухалчлан үздэг байв. Амьдралын ханиа зөв сонгоно гэдэг алтан дэлхийд хүн болж төрөхтэй дүйцэхүйц учрал ерөөл мөн билээ. Заяаны сайн ханиуд бие биедээ гэрэл гэгээ болон, өрх гэртээ өнгө жавхаа цацруулж, нүүр дүүрэн мишээж байдаг бол сайн эхнэр, ханилж түшсэн ханиа түнэр харанхуйд ч зул болон гэрэлтүүлж байдаг юм. Тийм болохоор монголчууд “сайн эм эрдээ зул, муу эм эрдээ бул” гэж хэлж ярьж ирсэн биз ээ. “Сонгосон сүйт бүсгүйгээр нь тэр эрэгтэй ямар хүн болохыг, өөрийнхөө үнэ цэнийг мэддэг эсэхийг хялбархан дүгнэж болно” гэсэн суутны үг ч бий.

Өрх гэрийнхээ хойморыг эзлэн налайн, намбайн суух эр хүн агуу. Гэхдээ сайн яваа эр хүн болгоны дэргэд нэгэн хүчирхэг эмэгтэй байдаг нь жам.Ямар ч цагт, ямар ч газар оронд “Бүсгүй хүний мөнхийн чанар нь шилдэг эрчүүдийг дээш нь өргөх хүч байсаар ирсэн”. Үүнийг үгүйсгэх хийгээд маргах шаардлага үгүй биз ээ. “Сайн эхнэр амьдралын аврал”. Чи бурханыг дуудаж, бурханд залбирч, тэнгэр бурханаас аврал энэрэл, хайр нигүүсэл хүсдэггүй байлаа ч сайн эхнэртэй учруулсны төлөө тэнгэр бурханд өвдөг дээрээ сөхрөн наманчлан талархах хэрэгтэй. “Үеийн үед дэлхий дээр эрэгтэй хүн агуу их байсан ч гэсэн түүний агуу ихийн өчүүхэн бүхэн нь эмэгтэй хүнээс урган гарсан байдаг” гэж нэгэн агуу их яруу найрагч бичсэн байна. Эхнэрийн сайныг гэрт нь орж мэдэх гэж ярьдаг нь зүгээр нэг хоосон үг биш. Эхнэр хүн гэр орны өнгө зүс, нүүр царай. Гэрийн чинь чимэг гэргий чинь.

Өрх гэр өөдлөх үү, уруудах уу гэдэг нь эцсийн бүлэгт эхнэрээс л шалтгаална. Эр нөхрөө урагш нь хөтлөж явдаг эхнэр түүнд заяасан тэнгэрийн хишиг яах аргагүй мөн. Тийм эхнэрээрээ бахархаж бардамнах ч багадна. Харин “эр нөхрөө урагш нь хөтөлдөггүй эхнэр мэдээж, хойш нь чангаах болно”. Эр хүний хийморь сүлдийг доройтуулан, эр нөхрөө ямар нэг байдлаар хойш нь чангаах аваас тэр айлын сүр сүлд доройтон бүүдийж, өөдлөж өгсөж явсан амьдрал ахуй нь сааран саарсаар уруугаа өнхрөх замд шулуудна. Ийм хөөрхийлөлтэй байдалд хүрчихгүй байх боломж хэзээд байдаг юм шүү. Энэ боломжийг ухаалгаар ашиглахгүй бол өдөр ирэх тутам итгэл найдвар, мөрөөдөл хүсэл унтарсаар амьдралын мөнх ногоон мод чинь хугаран унахад хүрнэ. Хугараад унасан ургаа модыг буцаагаад нааж болдоггүй нь харамсалтай.

Сайн яваа эр хүн болгон хэрвээ би энэ ханьтайгаа учраагүй бол одоо хаана юу хийж, ямар яваа бол гэж үе үе тархи толгойдоо бодож, өөрөө өөрөөсөө байн байн асууж бай.

3 Comments

  1. USA-с хямд чанартай компьютер болон сэлбэг хэрэгсэл худалдан авахыг хүсвэл http://www.uyangastore.com руу зочлоорой.

  2. happy says:

    saihan niitlel unshih saihan baina. vnen shvv bvsgui hvn gedeg ail geriin nar ni. er ni l zaluus maani 2 beynee l sain hairlaj halamjilah baigaarai. bvsguichuul bidend hair halamjil yunaas ch ilvv chuhal daa. bvh ger bvlvvddee az jargal hvsii!!!

  3. *****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** says:

    ЭР ХҮН ТЭР ТУСМАА ЗҮРХЭНДЭЭ ШАНАЛДАГ ГЭДЭГ ..ЭР ХҮНИЙГ ХАЙРЛАДАГ ДЭЭДЭЛДЭГ АЙЛ ГЭР ИХ Л АЗ ЖАРГАЛТАЙ БАЙДАГ ДАА ..ТҮҮНИЙГЭЭ БИТГИЙ ГОМДОО. ЭР ХҮНИЙГ ЭРЛЭГТ ОЧИХООС НЬ ӨМНӨ АМЖИЖ ХАЙРЛА>>>>>>>>.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.