Өнөөдөр АНУ-д ариун хайрын уламжлалт баяр гэгээн Валентины өдрийг тэмдэглэж, эмэгтэйчүүдэд цэцэг, шоколад, хайрлаж, хүндэтгэдгээ илэрхийлсэн ил захидал бэлэглэж байна.
Аль ч цаг үед яруу найрагчид хайр дурлалыг өөр өөрийнхөөрөө магтан дуулдаг. Янз бүрийн оронд, янз бүрийн хэлээр бичсэн тоймгүй олон бүтээлийг нэгтгэдэг цорын ганц зүйл бол баатруудын нас байхыг уншигч та анзаарсан биз ээ. Шүлэг, яруу найрагт хайр дурлалыг заавал залуу настай холбосон байдаг. Харин амьдрал дээр, ялангуяа өнөө үед өөр аж. Хүний дундаж наслалт уртасч, илүү эрүүл чийрэг болж, тэр чинээгээр хүмүүс хэдэн настайгаас үл хамааран аз жаргалтай байхыг хүсдэг болжээ.
…Зохиолч Алисон Лесли Голд 50 шахаж явахдаа олон жил ханилсан нөхрөөсөө салахад хүрчээ. Амьдралаа холбох хүнтэй удалгүй учирна чинээ Алисон бодоогүй байна. Тэрбээр хоёр дахь удаагаа нөхөрт гарч, гэр бүлийн аз жаргал гэдэг үлгэр домог биш болохыг нотолжээ.
“Надтай адил хувь тавилантай өөрөөр хэлбэл, нас хэвийсэн хойноо хайр дурлалтай учирсан хүмүүсээс би ярилцлага авч эхэллээ. Гуч орчим ярилцлага авч, түүнээс олон хүнтэй энгийн яриа өрнүүлсэн. Янз бүрийн арьстай, үндэстэн, шашин шүтлэгтэй, 43-97 насны эрэгтэй, эмэгтэй хүмүүстэй уулзлаа” гэж зохиолч эмэгтэй ярьсан байна.
“Хоёр дахь хайр дурлал: нас тогтсон болон түүнээс дээш настай хүмүүсийн дотно харилцааны тухай бодит түүх” гэж Алисон Лэсли Голд шинэ номоо нэрлэжээ. Авсан ярилцлагуудаасаа зохиолч 25-ыг нь сонгож номдоо оруулсан байна.
“Энэ номонд амьдралынхаа хоёр дахь хагаст өөрөөр амьдрах нь зүйтэй гэж гэнэт шийдсэн хүмүүсийн тухай өгүүлсэн. Номын баатруудын нэг гэлэнмаа, бас сувилагч байсан эмэгтэй 30 гарсан хойноо хийдээ орхиж, нөхөрт гарсан байдаг” гэж зохиолч тайлбарлажээ.
Ажил, албан тушаалаас өөр юм сонирхолгүй олон жил болсны дараа гэнэт хайр дурлалтайгаа учирсан хүмүүст зориулсан бүлэг Алисон Лесли Голдын номонд бий. Жишээ нь, “Бельги дэх НҮБ-ын нэгэн ажилтан ажил, ажил гэж явсаар 50 гарсан хойноо ганцаардлын зовлонг мэдэрчээ. Тэрбээр өөрт нь хань болдог ганц мууртай байсан хэдий ч зөвхөн тэр муур л түүний ганцаардлыг мартагнуулдаг байгаасай гэж хүсээгүй юм. Ийнхүү аз жаргалтайгаар төгссөн дурлалын түүхийг өгүүлсэн бүлэг эхэлдэг байна.
Мэдээжийн хэрэг, аз жаргалаар бялхсан хайр дурлал үргэлж 50 гарсан хойно асаад байдаггүй. Номын нэг бүлгээ зохиолч арваад жил бие биедээ түшиг болж амьдарсан эцэг, эхдээ зориулжээ. “Хүн сэтгэлээ хувиргахгүй олон жил байх амаргүй. Тиймээс тэр сэтгэлийг миний эцэг, эх шиг хүндэтгэж байх нь зүйтэй” гэж Алисон Лесли Голд бичжээ. Үнэндээ нас хэвийсэн хойноо хайр дурлалтай учирна гэдэг амаргүй хэрэг гэж тэрбээр үргэлжлүүлэв. Бүтэлгүйтсэн гэрлэлтийнхээ тухай дурсамжаас салж чадахгүй яваа олон хүн бий. Зарим нь үхэн үхтлээ өнгөрсөн амьдралаа мартдаггүй. “Шинэ амьдрал эхлэхдээ хуучнаа заавал ор тас мартах албагүй. Бэлэвсрээд дахин гэрлэсэн олон хүнийг би мэднэ. Тэдний толгойд шинэ дурлал хуучныг нь үлдэн хөөх ёстой гэсэн бодол ороогүй л болов уу”.
Хайр дурлалд насны хязгаар үгүй. Чухам тийм дүгнэлтийг Лос-Анжелесийн танилцах товчооны тэргүүн Марла Мартенсон хийсэн байна.
“Миний нэг үйлчлүүлэгч 87 настай. Хагас зуун жил ханилсан хань нь нас бараад амаргүй байсан түүнд манай товчоо найзтай болоход нь тусалсан юм. Хүн хэзээ ч итгэл найдвараа алдах хэрэггүй. Өөр нэг жишээ, миний эгчийн нөхөр 10 жилийн өмнө нас барсан. Аль хэдийн 60 гарсан тэрбээр сайхан харагддаг хэвээр, эрхэлсэн ажилтай спортоор хичээллэдэг. Саяхнаас нэг хүнтэй учир ургуулсан. Тэд интернэтээр танилцсан юм” гэж Марла ярьжээ.
Марла Мартенсон “Уучлаарай, таныг хувь заяа хүлээж байна” ном бичсэн байна. Түүний хэлснээр, хүн нас ахихын хэрээр ухаан суудаг төдийгүй, эрүүл болдог ажээ. Хувийн амьдрал нь ч илүү бат бэх болдог байна. “Нас нэмэх тоолонгоор хүн амьдралын туршлага сууж, зарим асуудалд хүлээцтэй хандаж сурдаг. Би таван жилийн өмнө хоёр дахь удаагаа нөхөрт гарсан. Анхны гэрлэлтэндээ харамсдаггүй, тэгээд ч энэ нь амьдралд хэрэг болж, туршлага суулгасан. Одоо би юу хүсч буйгаа мэддэг, хоёр дахь нөхөртэйгөө учирснаа аз гэж ойлгодог” гэж Марла тэмдэглэжээ.
Өнөөгийн нийгэмд ахимаг насны хүмүүсийн дотно харилцааг хүлээн зөвшөөрдөг болжээ. Гэхдээ үр хүүхэд нь эцэг, эхийнхээ шинэ сонирхолтой тийм ч амар санал нийлдэггүй болохыг Алисон Лесли Голд нотолсон байна.
“Миний номын нэг бүлэгт нас нэлээд дээр гарсан хүмүүсийн дурлалын тухай өгүүлдэг. Нөхөр нь 90, эхнэр нь 80 шахаж байгаа хүмүүс. Өөр өөр шашин шүтдэг. Хоёулаа үр хүүхэд, ач гучтай. Нөхрийндөө амьдрах гэсэн боловч хүүхдүүд нь зөвшөөрөөгүй байна. Ичмээр юм хийсэн шиг заримдаа санагддаг!. Энэ нь залууст овлигогүй үйлдэл мэт бодогдох байх л даа. Гэвч зөвхөн нас ахисан хойноо ойлгодог тийм зүйлүүд байдаг юм” гэж зохиолч өгүүлжээ.
Алисон Лесли Голдын хэлснээр, хүний амьдрал гэдэг сонирхолтой аялал. Тиймээс сайн ханьтай болох нь чухал юм.
З.Амгалан
1 Comment
ӨТӨЛСӨН БОЛОХООС ҮХСЭН БИШ
БИЕ ХӨГШИРСӨН БОЛОХООС ХҮНИЙ СЭТГЭЛ ХЭЗЭЭ Ч ХӨГШИРӨХГҮЙ. АМЬДРАЛ ҮНЭХЭЭР САЙХАН ШҮҮ…
НЭЭРЭЭ ЭНЭ АМИА ХОРЛООД БАЙГАА ХҮМҮҮСИЙГ БИ ЕРӨӨСӨӨ ОЙЛГОДОГГҮЙ Ш ДЭЭ. ЯААГААД ТЭГДЭГ ЮМ БОЛДОО ХАЙРАН САЙХАН АМЬ АМЬДРАЛ… ЗАЛУУСАА ТИЙМ ЗҮЙЛ ХИЙХ НЬ БИТГИЙ БОДОЖ Ч БОЛОХГҮЙ ШҮҮ…