ХДХВ ба ДОХ-ын мэдээлэл эерэг хандлагатай болжээ

ХДХВ ба ДОХ-ын тохиолдол бүртгэгдэх бүрт халдвар тээгч хэн болох, хаана ажилладаг, бэлгийн ямар чиг хандлагатай вэ гэдгийг мэдээлэхийг зорьж, дуулиан тарихыг хүсдэг байсан цаг хэдийнэ ард хоцорчээ.

Манай улсад ХДХВ-ын анхны халдвар тээгчийг 1992 онд бүртгэсэн. Үүнээс хойш нэг, хоёр, гурав гэхчилэн халдварын тохиолдлыг тоолох, түүгээрээ нийгэмд айдас хүйдэс төрүүлэх хандлагатай мэдээлэл сонины хуудаснаа түгээмэл байв. Харин сүүлийн хоёр, гурван жил энэ хандлага өөрчлөгджээ.

ХДХВ ба ДОХ-ын чиглэлээр МУЗН, НҮБ-ын Хүн амын сан, Австралийн Улаан загалмай нийгэмлэгийн дэмжлэгээр сэтгүүлчдэд чиглэж ажилласан эрүүл мэндийн сэтгүүл зүйн “Оюуны дархлаа” төрийн бус байгууллагын судалгаа үүнийг харуулна.

Тус байгууллага 2009-2010 онд “Сонин хэвлэл, вэб сайтуудад ХДХВ ба ДОХ-ын асуудлыг хэрхэн тусгаж байгаа тухай” агуулгын судалгаа хийсэн байна. Эл судалгаанд ХДХВ ба ДОХ-ын асуудлыг ямар нэг байдлаар хөндөн бичсэн өдөр тутмын болон чөлөөт 23 сонин, 19 сайтыг мэдээллийн агуулга, хэрэглэгч, уншигчийн тоо, хүртээмжтэй байдал зэрэгт үндэслэн сонгож хамруулжээ.

Монголчуудын 20 хувь нь сонин, 30 хувь нь интернэтийг өдөр бүр ашигладаг тул эдгээр нь хамгийн хүртээмжтэй суваг юм. Судалгаанд давхардсан тоогоор 2009 онд нийт 130 бүтээл, 2010 онд 401 нийтлэл бүртгэгдсэн байна. Эндээс харахад ХДХВ ба ДОХ-ын асуудал хэвлэл мэдээллийн анхаарлын төвд орж, энэ чиглэлээр бичиж нийтлэх давтамж нэмэгджээ.

Судалгааны явцад дүн шинжилгээ хийсэн нийтлэлүүдийн 58 хувь нь сонинд, 42 хувь нь вэб сайтаар олны хүртээл болсон байна. Өнгөрсөн оны тухайд сонины 232, интернэтийн 169 бүтээл байгаа юм. Хэмжээний хувьд мэдээлэл, нийтлэл харилцан адилгүй зай талбай эзэлж. Гэхдээ дунджаар А3 хэмжээтэй 48 нүүр мэдээлэл сонинд гарсан байна гэж судалгааны багийнхан дүгнэжээ. Үүнийг 2009 оныхтой харьцуулахад бараг гурав дахин их үзүүлэлт аж. Тэгэхээр сонин хэвлэлүүд ХДХВ ба ДОХ-ын мэдээлэлд зай талбай харамлаагүй нь судалгааны дүгнэлтээс илэрхий.

Ер нь л ХДХВ ба ДОХ бол эрүүл мэндийн асуудал төдийгүй зайлшгүй хөндөх, олон нийтэд хүргэх шаардлагатай сэдэв гэдгийг сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээллийн байгууллагууд ойлгож эхэлжээ. Нөгөөтэйгүүр энэ төрлийн мэдээлэлд бодит эх сурвалж хамгаас чухал.

Сэтгүүлчид өмнөх жилүүдэд нэгнийхээ бичсэн мэдээллийг дамжуулах эсвэл таамаг дэвшүүлэх байдлаар ХДХВ-ын сэдвийг хөнддөг байж. Бас зөвхөн мэргэжлийн эмчээс мэдээлэл аваад л дамжуулдаг байлаа. Харин одоо тогтсон нэг эх сурвалжид баригдах бус тал бүрээс нь, халдвар тээгчээс, хяналтад авсан эмчээс нь, ХДХВ-ын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас мэдээлэл авах болжээ. Ингэхдээ мэргэжлийн эмчийг мэдээллийн гол эх сурвалжаа болгох хандлага хэвээр байгаа ч 2009 онтой харьцуулахад өөрчлөгджээ.

Тодруулбал, энэ үзүүлэлт 2010 онд өмнөх жилийнхээс 10 хувиар буурч, ХДХВ ба ДОХ-ын халдвар тээгч, тэдний ар гэр, үр хүүхэд зэрэг бүлгийн 4.1, сонирхлын бүлэг буюу хөндлөнгийн эх сурвалжийн хувь 6.4 хувиар өссөн байна.

Мөн 2009 оны судалгаагаар нийтлэл, мэдээллийн 21 хувь нь аман, 71 хувь нь бичгийн эх сурвалж байсан бол 2010 онд уг үзүүлэлт эсрэгээрээ аман сурвалж 78, бичгийн сурвалж 14 хувьтай болжээ. Сэтгүүл зүйн төрлийн хувьд 61.8 хувь нь мэдээ байна. Сонинд ХДХВ ба ДОХ-ын тухай бичихдээ мэдээ, асуудал хөндсөн өгүүлэл, ярилцлага голчилж байгаа бол интернэт мэдээ түлхүү сонгосон байна. Хоёр жилийн судалгааны дунджаас харахад сэтгүүлчид дийлэнхдээ нэг эх сурвалжийн, дан ганц мэргэжлийн эмч, эрүүл мэндийн байгууллагын мэдээлэлд үндэслэж ХДХВ ба ДОХ-ын талаар бичсээр байгаа аж. Гэхдээ 2009 оны мэдээлэлтэй харьцуулбал, үр дагавар хүртэгсэд болон сонирхлын бүлгийнхэн гол эх сурвалж болох нь тодорхой хувиар нэмэгдэж 7.7-гоос 20.9 хувьд хүрч өсчээ.

Түүнчлэн 2009, 2010 оны судалгаанаас харахад ХДХВ ба ДОХ-ын талаархи мэдээллийн 44-77 хувь нь төвийг сахисан мэдээлэл байгаа нь сэтгүүлчид энэ сэдвийг хөндөхдөө төвийг сахисан байр сууринаас хандахыг хичээдэг нь харагджээ.

ХДХВ ба ДОХ-ын талаархи нийт мэдээллийн 11 хувьд нь халдвар тээгчдийн хөдөлмөр эрхлэлт, ажлын байрны талаар дурдсан байна. Гэвч ажлын байрны талаархи мэдээллийн тал хувьд нь биеэ үнэлэгчдийг ХДХВ ба ДОХ-ын халдвар тээгч, амар хялбар аргаар мөнгө олохыг хүсэгчид гэх мэт мессеж өгчээ.

ХДХВ ба ДОХ-ын халдвар тээгчдийн ажлын байрны хомсдол болон ажлын байрны дарамтын талаар цөөн хэсэгт дурдаж, сэтгүүл зүйн бичлэгийн ярилцлага, асуудал хөндсөн өгүүлэл жанрыг ашиглан бичжээ. Судалгааны хугацаанд ХДХВ ба ДОХ-ын тухай бичсэн сэтгүүлчид нэр томъёог буруу хэрэглэсэн тохиолдол 817 удаа гарсан нь өнгөрсөн жилийнхээс зургаа дахин их үзүүлэлт аж. Энэ нь нэг талаас хэвлэл мэдээллийн салбарт шинэ залуу сэтгүүлчид олноороо орж ирж байгаа, нөгөө талаас ХДХВ ба ДОХ-ын талаархи мэдээллийн хэмжээ, давтамж нэмэгдэж байгаатай холбоотой юм.

Д.Элбэрэлт

2 Comments

  1. тэвч хавч…бүүр болохгүй бол..тэр гялгар уутыг нь угла…

  2. amka says:

    эерэг байгаа нь ашитай юу даа! гэхдээ эм ч бай эр ч бай битгий банзалд за!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.