Униар татсан хаврын оройн
Урьхан салхи зөөлөн шивнэхдээ
Удахгүй сургуулиа төгсөх бидний
Уяхан сэтгэлийг хааш нь татна вэ… хэмээн эхэлдэг 1960-аад оны 10 дугаар анги төгсөгчдийн энэ “сүлд дуу” одоо ч гэсэн сургуулиа төгсөгчдийн сэтгэлийг хөдөлгөдөг цаг дөхлөө.
Мөдхөн 11 дүгээр анги төгсөх хүүхдүүд ерөнхий эрдмийн бүрэн боловсрол эзэмшиж улмаар их дээд сургуульд элсэн суралцаж дуртай мэргэжлээ эзэмших зам нээгдэж байгаагаараа тэдний баяр байдаг. Мөн 5, 9 дүгээр анги төгсөнө гэдэг ч бага болон суурь боловсрол эзэмшиж гэрчилгээ авдгаараа өрх гэрийн боловсролын түвшинд гардаг тэмдэглэлт үйл явдал, хүүхэд, эцэг эхчүүдийн нэгэн баяр гэсэн үг.
Гэтэл энэ баяраар зарим зүй бус хэвшил тогтсоныг бид мэднэ. Анги бүлгээрээ нийлж зугаалах, цайллага хийх, тэр ч бүү хэл баардах, хэрүүл маргаан гаргах, хэрэг түвэгт холбогдох явдал байдаг. Эмгэнэлтэй золгүй явдал ч гарахад хүрдэг.
Тухайлбал хэдэн жилийн өмнө Булган аймгийн Баяннуураас Дашинчилэн сумын сургуулийн “Хонхны баяр”-т оролцоод эцэг эхтэйгээ буцаж явсан хүүхдүүдийн суусан машин замдаа онхолджээ. Тэгээд нэлээд нь бэртэж гэмтэн нэг нь ээжээсээ үүрд өнчрөн хоцорсон эмгэнэлт тохиолдол ч гарсан.
Төгсөлтийн баяраар тогтсон өөр нэг гажиг нь анги даасан багшдаа бэлэг авч өгдөг. Энэ нь багшаа хүндэлж эрдэмд сургасан ачийг нь дээдэлсэн байж болох явдал боловч хэт хавтгайран янз бүрийн жишиг болж тэр бэлэг нь алтан бөгж, ээмэг, мөнгөн аяга, хивс, гэр ахуйн хэрэгсэл болон улам “томорч” байгааг ам дамжуулан ярьсаар байна. Бусад анги, сургуулиас доогуур “ханш”-аар зохион байгуулахгүйн тулд багшийн бэлгээр нэг ёсондоо эцэг эхийн зөвлөл “уралддаг” гэж болно.
Олон нийтээс хэл яриа, шүүмжлэл гаргахаар манай сургууль зохион байгуулаагүй л дээ. Төгсөх ангийн эцэг эхийн зөвлөл хуралдаад тэгж тохиролцсон байна лээ. Тэд өөрсдөө нийлүүлэх мөнгөө тогтсон гэцгээдэг. Ингээд алт мөнгөн эдлэл авахуулах, архи ундаа уулгах ажлыг сургууль, анги зохион байгуулаагүй хэмээн дутагдлаас бултаж “хуурай гардаг”. Гаднаас нь харвал тэгж хэлэх үндэслэл юм шиг санагдавч түүнийг нь таслан зогсоох арга хэмжээ аваагүй, үнэтэй бэлэг авахгүй хэмээн хэлэх сэтгэлийн тэнхээгүй болохоор сургууль анги удирдсан багшийн буруу гэхээс өөр зам байхгүй.
Зөвхөн тус аймагт төдийгүй, бусад газар, сургуульд ч түгээмэл болсон ийм жишиг хандлагыг таслан зогсоох зорилгоор аймгийн Засаг дарга “Төгсөлтийн арга хэмжээний тухай” захирамж гаргаад байна. Захирамжаар ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн буюу “Хонхны баяр”-ыг зохион байгуулах талаар сумдын Засаг дарга, сургуулийн захирал нарт үүрэг чиглэл өгөв.
Энэ хичээлийн жилийн төгсөлтөөс эхлээд жил бүр анги дэвшилт, сургууль төгсөлтийн баярыг “Архи, тамхи-шинэ үеийн сонголт биш” уриан доор “Эрдмийн баяр” болгож байх нь зүйтэй хэмээн үзлээ.
“Хонхны баяр” бол хүүхдийн амьдралд, өрх гэр бүлийн түүхэнд тэмдэглэлтэй үйл явдал гэдэг утгаар яах аргагүй баяр гэж хэлж болно. Ийм учраас хонхон дуугаар эхэлж сурагч ахуйн эрдэмд шамдсан, инээж хөгжилдсэн он жилүүдээ сэтгэлдээ дурсамж болгон үлдээхийн тулд жинхэнэ “Эрдмийн баяр” болгох хэрэгтэй. Үүний тулд уулзалт, ярилцлага хийж үдэшлэг цэнгүүн зохион байгуулж анх сургуульд орсноо, сурагчийн ширээнээ тохой нийлүүлэн үдсэн үеийн наргиант мөчүүдээ дурсан ярилцаж анги хамт олныхоо баярт үйл явдлуудаар бахархах ажлыг шинэ шинэ хэлбэрээр зохион байгуулах чиглэлийг сургуулиудын захирал нарт өгөөд байна. Тэд ч улам баяжуулаад үр өгөөжтэй, сонирхолтой санаагаар зохион байгуулна гэдэгт аймгийн удирдлагууд итгэлтэй байна.
Түүнчлэн төгсөгчдийн нэрэмжит бүтээлч ажил хийхээр захирамжид тусгажээ. Энэ ажил нь сургууль, сумын орчноо цэвэрлэх төдий биш орон нутгийн хөгжилд нэмэр хандив болохуйц, үлдэцтэй, ялангуяа төгсөгчид хэдэн жилийн дараа эргэн харахад бахархмаар зүйл байх хэрэгтэй гэж үзсэн байна.
-“Хонхны баяр”-ыг дурсамж дүүрэн “Эрдмийн баяр” болгож, бүтээлч ажлын өдөр болгох гэсэн энэ сайхан шийдвэр хэрэгжих болов уу хэмээн аймгийн Засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн дарга Г.Буянжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.
-“Хэрэгжүүлнэ. Энэ шийдвэрийн дагуу зохион байгуулах ажлын зөвлөмж чиглэл гаргаж өргөн сурталчилж байна. Сургууль бүр төгсөлтийн арга хэмжээг хэрхэн зохион байгуулах удирдамж, төлөвлөгөө гаргаж сурагч, эцэг эхчүүдэд сайтар мэдээлэх үүрэг өгсөн. Мөн сумдын Засаг дарга нар энэ шийдвэрт заасан арга хэмжээг орон нутагтаа зохион байгуулах учиртай.
Хүүхдээс мөнгө хурааж, багш, сурагчдын нийллэг хийж согтууруулах ундаа хэрэглэсэн зэрэг арга хэмжээ зохион байгуулсан эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг таслан зогсоолгүй төгсөлтийн баярыг зүй бусаар тэмдэглэсэн сургуулийн захиралд захиргааны арга хэмжээ авахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.
Түүнчлэн манай хэлтэс болон боловсрол, соёл, мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн хэлтсээс хяналт тавьж шаардлагатай арга хэмжээ авна. Энэ жил аймгийн хэмжээнд зохион байгуулж байгаа “Иргэдийн оролцоо, ил тод байдлыг өргөтгөх жил”-ийн хүрээнд иргэд энэ шийдвэрийг хэрэгжүүлэхэд өргөнөөр оролцож зохисгүй үйл ажиллагааг болиулах, холбогдох хүмүүст мэдээлэхийг уриалж байна. Энэ бүхний дүнд захирамжид дэвшүүлсэн арга хэмжээ хоосон лоозон биш бодит ажил болно гэж үзэж байна” гэв.
Үүнтэй холбогдуулан олны дунд ам дамжуулан ярьдаг зарим зүйлээс санаа авч хэлэхэд сургуулийн захиргаа ийм арга хэмжээ явуулах гэж байгаа эцэг эхийн зөвлөлийн шийдвэрийг хориглож, харин ёс зүйтэй, хөрөнгө мөнгө бага зарцуулах ажил зохион байгуулахыг зөвлөх, тийм санаачилга хөдөлгөөн өрнүүлэх хэрэгтэй. Тэгж ажиллаагүй бол “дутагдлыг дэмжигч захирал” хэмээн үздэг байвал ямар вэ. Мөн даасан ангийнхаа хүүхдүүдээс өндөр үнэтэй зүйл авсан багшийг “ёс зүйгүй”, хатуухан хэлбэл, “эдийн шунал”- тай хэмээн үздэг болъё. Анги даасан багшид үнэтэй зүйл авч өгөх ажил зохион байгуулсан эцэг эхийн зөвлөлийг “тал засагч”, “долигонуур” хэмээн жигшдэг болох нь чухал байна. Сургуулиуд төгсөлтийн арга хэмжээний дараа “Аль анги долигнуур вэ”, “Хэний анги архидав” гэх зэрэг мэдээлэл гаргаж байя. Ерөнхийлөгчийн уриалаад байгаа сүүн хундага, сүүн ерөөл өргөцгөөе.
Ж.Мөнх-Очир /Булган аймаг/ http://niigmiintoli.mn/
1 Comment
эцэг эхчүүдийг сургуулийн захирал багш 2 хянахгүй шүү дээ. Би л лав тухайн үед багшдаа юм авч өгсөндөө баярладаг.