Хүүхдийг хөсөр хаях хүмүүсээс хариуцлага хэзээ нэхэх вэ

Мянга мянган бяцхан үрсийн өмнөөс “Хэлэх үг байна”. Аав ээж хоёрынхоо зүрх сэтгэлд хүрээгүй буруу үг, үйлийн үрийг тээн хорвоод дуу хадаан мэндлэхдээ ямархан хувь тавиланд төрж буйгаа тэд мэдээгүй. Бурхнаас захиалаагүй зовлон тэдний үүрэх л ёстой хувь тавилангийн ачаа болж байгаад хариулт нэхье.

Өнөөдөр хараа хяналтгүй, гэр орон, эцэг эхээсээ дайжсан “тэнэмэл” гэх хүүхдүүдийн төлөө үүдээ нээсэн 50-иад төрийн болон төрийн бус байгууллага байгаа нь сайн мэт боловч үүний цаана мянга, мянган асуулт эзнээ хүлээсээр байна. Хариултгүй асуулт дунд ирээдүйн бяцхан үрс минь торниж байна. “Хар бэх дусаагүй цагаан цаас”-аар гудамж, трайншейн дүүрч, итгэл, хүсэл мөрөөдөл горилсон нүднүүдтэй алхам тутам харц тулж байгаагаа та лав анзаардаг биз.

Төрүүлсэн үрээс нь илүү төрийн хишиг

Хүүхдээ төрүүлээд л халамж, асрамжийн газар бараадуулдаг эцэг эхтэй хариуцлага тооцьё. Дотор нь үүсэж, доороос нь унасан нялх үрсээ тэвэрсэн эхчүүд ихэвчлэн зовлон тоочсоор дээрх хүүхэд асрах газруудыг зорьдог байна.

Хүүхдийн гэх тодотголтой төрийн халамж, хувь хишгийн гэх 70, 50, сар бүр олгогддог хүний хөгжлийн 21 мянган төгрөгөөр үрсээ үнэлж байгаа алдарт эх, эцгүүдэд хариуцлага тооцох гэр бүлийн хууль одоогоор манай улсад мэндлээгүй байна. Учир нь энэ мөнгийг авахын тулд хүүхэд төрүүлж, хүний хөгжлийн ягаан дэвтэр өвөртөлсөн эцэг, эх нэлээд байдаг бололтой. Өөрийн үрээс ялгалгүй хооллож ундлаад боловсролтой сайн охин, хүү болгосны дараа эцэг, эхчүүдийн зан хувирч хүүгээ, охиноо гэсээр ирдэг тухай НХХЯ-ны дэргэдэх Хүүхэд хамгааллын төв, Кристина нобелийн сангийн хүүхэд хариуцсан мэргэжилтнүүд хэлнэ билээ.

Эцэг эхчүүдийн хүүхдээ санадаг ганц шалтгааныг тэд төрөөс иргэн бүрт олгодог хувь хишгийн мөнгө гэж тайлбарласан. Сарын сүүлчээр хүүхдээ санадаг эцэг эхчүүдийн цуваа тасардаггүйг ч тэд мөн хэлсэн. “Миний хүүхдийн цээж зураг, бичиг баримт нь хэрэг болчихлоо. 30-хан минутын чөлөө өгөөч. Зургийг нь авахуулах гэсэн юм” гэх нэгэн ижил хэрэгцээтэй аав, ээжүүд их болдгийг тэд онцолсон. Хүүхдийнхээ нэр дээрх мөнгийг авахын тулд л үртэй гэдгээ санадаг байх нь. Бусад үед бол нөгөө сайн аав, ээжүүдийн сүүдэр нь ч харагддаггүй байх юм.

Хорооны нийгмийн ажилтан, цагдаа, хөрш айлууд ч мөн нүд чих болох ёстой

Хүн хүнийхээ төлөө сэтгэл гаргадаг монгол зан дундраагүй гэж итгэх сайхан юм. Харилцуурын цаанаас “Хажуу айлын хүүхэд уйлаад байх юм. Эцэг эх нь зодож дарамтлаад байгаа үгүйг ирээд шалгаад өгөөч. Би хөрш айлынх нь хүн байна” гэсэн дуудлага 102 дугаарын утсанд сардаа бүү хэл жилдээ хэд ирдгийг мэдэхгүй ч ийм төрлийн дуудлага ирдэг гэдэгт итгэнэ.

Харин цагдаагийнхан ийм төрлийн дуудлагад очдог үгүй нь эргэлзээтэй. Ихэвчлэн утсаар битгий тоглоод бай. Үүнээс ч илүү чухал дуудлага их байна. Бие нь л өвдөө байлгүй дээ. Эмчид хандвал яасан юм бэ гэсэн утгатай хариу хэлээд утсаа тавьдаг гэдэг. Ингэхээс ч аргагүй юм. Манайд хүүхдийн эрхийг дээдэлдэг, санаа сэтгэлээ чилээдэг сэтгэхүй хүн бүрт суугаагүйтэй холбоотой.

Хүүхэд зөвхөн эцэг эхийн гар, хөлийн үзүүрт зарагддаг нэгэн төрлийн нэргүй зарц гэдгийг шууд хүлээн зөвшөөрөхгүй ч худлаа гэж маргах хүн лав гарахгүй л болов уу. Уг нь хүнээ дээдэлдэг ардчилсан оронд хүүхэд уйлах бүү хэл нохойдоо ширүүлэхэд л цагдаад дуудагддаг гэсэн. Хүн хүнээ хуулиар бус зүрх сэтгэлээр хайрладаг, хамгаалдаг байлтай.

Бидний өвөг дээдэс хүнээ хайрлах ухааныг сударт биш тархи, зүрхэнд гэрээслээгүй юм гэж үү. Улаанбаатарын хүн амын тэн хагасыг хоолтой нь залгуулж байдаг “Нарантуул”, “Хар хорин”, “Хүчит шонхор”, “Хангай”, “Цайз” гэх мэт хүн хөл, хорвоогийн тоос бужигнасан энэ л газруудад насанд хүрээгүй, хагас, бүтэн өнчин, тахир дутуу хүүхдүүд ямар олон байгаа нь хэнд ч анзаарагдана. Тэдний зарим нь тэрэг түрж, ачаа үүрэн бор хоногтоо өл залгахын тулд өнөөх л том, том хөрөө, раманд гар хуруугаа өгч, хүнд хүчир бүхнийг халтайтлаа хийдэг.

Нийгмийн эмзэг бүлэгт багтдаг бяцхан үрсэд өөрөөр амьдрах ямар ч боломж манайд байдаггүй. “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-өөс саяхан бага насны хүүхдүүдийн дунд судалгаа хийжээ. Судалгаагаар гэр бүлийн болон хойд аав, ээжийн дарамт, шахалт, бэлгийн болон оюун санаа, бие махбодийн хүчирхийлэлд өртөгсдийн дийлэнх хувийг бага насныхан эзэлж байна гэсэн харамсалтай дүн гарчээ. Хэргийн учир нь хүч хэрэглэсэн, дарамт шахалт үзүүлдэг этгээдийг хуулиар шийтгэхээсээ илүү толгойг нь илээд өнгөрдөгт байгаа юм.

Ингэж өмөлзөхийн учир байна. Хойд аав, ах хоёрынхоо доромжлолыг тэвчсээр Дархан, Улаанбаатарын хооронд тэнэмэл амьдралыг сонгосон насанд хүрээгүй нэгэн охинтой “Эмэгтэйчүүдийн” гэх хорих ангид уулзсанаа санаж байна. Даанч хайран. Үхэхээс өөр ямар ч бодол төрөмгүй тийм орчинд олон жилийг өнгөрүүлж байхдаа үхэж чадаагүйд нь талархая. Хаана, хэнд хандахаа мэдэхгүй бэдэрч явахдаа хийсэн хулгайн хэрэг нь ил болсноос охин эрхээ хасуулан торны цаана суужээ. Түүнд үүнээс өөр сонгох зам даан ч байгаагүйг хэлж байсан. Гэтэл аавын хаалга руу түлхсэн хүмүүс хаана явна вэ.

М.Мөнхтунгалаг http://niigmiintoli.mn/

4 Comments

  1. aagii says:

    хуухдийн сэдэв дээр зугээр онгорож чадсангуй. энэ бол манай орний хувид 1-рт тавигдах асуудал болоод бна.гэр булийн хучирхийлэл бол бараг айл болгонд байгаа байх хуухдээ хосор хауад чамайг бараг гаргасан ни их юм гэж хэлдэг эцэг эхчүүд зондоо байдаг ,гаргахаас гадна хариуцлага гэдэг нэг юм бна даа тэрнийгээ мэддэггүй юм шиг байгаамаа.монгол улсаа хогжуулнэ энээ тэрээ гээд нээх том юм ярисан улсууд бнаа ялангуяа намууд сонгуули ойртоод ирэхээр хэдэн саяар ни цацаад сурталчилгаа хийгээд тэрнийхээ оронд монголийн ирээдүй болсон энэ бичхан урсуудээ зориулж болдоггуйн байхдаа тэр чин л монгол улсийг хогжуулэх хамгийн эхний шат болох болуу,дээр ни тэр арчаагуй эцэг эхчүүд бнаа яг ю гэж хэлмээр ч юм хэлэх уг олдохгуй юм

  2. love hurtz says:

    ишш ийм л амьтад даа…

    жендерийн асуудал яриад ирэхээр дуу дуугаа авалцаад 70,80аар нь сэтгэгдэл ам булаалдаг өгдөг хирнээ,тэрнээс 1000 сая дахин чухал нийтлэл дээр 7,8 ч хүрдэггүй ээ..

  3. julietta says:

    манайхан угаасаа хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээх ёстой гэдгээ төдийлэн сайн ухамсарладаггүй.бусад улс орний сургалтийн систэмд эцэг эх болох талаар,хүүхэдтэй болох,хүүхдийнхээ төлөө ямар хариуцлага хүлээх талаар хичээлүүд суулгаж хүүхдүүдээ гэр бүлийн боловсролд сургадаг.манайд ч гэсэн ийм сургалт хэрэгтэй.бас хүүхэд хүчирхийлэгч,хүүхдийн хөдөлмөрийг сорогч,хүүхдийг тамлан зовоогчдод өгөх ял н хүндрэх хэрэгтэй.тийм юмнуудийн эцэг эх болох,байх эрхийг н насаар н хасах хариуцлага үүрүүлэх хэрэгтэй

  4. that is the life says:

    Секс ийм тийм энээ тэрээ гэсэн нийтлэлүүдэд хэдэн арваараа сэтгэгдэл үлдээдэг хэрнээ тэр яриад байдаг сексийнх нь үр дүн хүүхдүүдийн талаарх асуудал хөндсөн нийтлэлд нэгч сэтгэгдэл байхгүй байгаад гайхаж байна. Хариуцлагагүй сексчингүүд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.