ХДХВ-тэй гэдгээ мэдсэн нэг залуугийн өдрийн тэмдэглэлээс ганц нэгийг оруулж үзье. Сонирхолтой санагдсан хэсгээсээ орчуулаад, тэгээд уйдахаараа оруулахаа болих байх. Одоо 30 орчим настай залуу, 2009 онд анх өөрийгөө ХДХВ-тай гэдгээ мэдсэн юм байна. (Энэ залуугийн ярианы хэлбэр нь гэхдээ бүүр нэг *ЯПОН* маягтай, тойруу маягаар бичсэн байсан болохоор, орчуулахад аймаар хэцүү юм… хэтэрхий *ЯПОН* маягийн үг хэрэглэсэн байвал уучлана биз)
2009 оны 5 сарын 30
Өнөөдөр ХДХВ-ын халдвар авсанаа мэдэв
Өнгөрсөн хагассайн өдөр, ХДХВ-ийн шинжилгээ өгөв.
Тэгээд өнөөдөр эмнэлэг дээр очоод, ХДХВ-ын халдвар авсан гэдгээ сонсов.
– Шинжилгээний дугаараа айн нягтлаарай. 295657 дугаар мөн үү?
– 295657 дугаарын шинжилгээ мөн байна
– За. Энэ цаасыг харна уу. Энэ тоо нь вирусны хэмжээг илэрхийлдэг тоо юм. Жирийн үед энэ тоо нь 1.0-оос бага байх ёстой атал, таны хувьд 105.00 гэсэн тоо зааж байна
– Ан, тийм байна…
– Энэ нь позитив буюу, ХДХВ-ын халдвар авсан гэсэн үг
Гэсэн үгийг сонсоод, гардуулсан цаасыг дахин нягтлав. Хэд дахин харсан ч гэсэн *Жирийн үед 1.0-ээс бага* гэсэн үг, түүний хажууд миний шинжилгээний хариу болох 105.00 гэсэн дурайж байв.
– Тийм үү.. Ойлголоо…
Ингэж хэлсэний дараа, эмчээс дахин асуув
– Энэ, шинжилгээгээр хааяа гардаг *хуурамч позитив* биш, бүр жинхэнээсээ позитив гэсэн үг үү?
– Анхны шинжилгээний хариуны дараа, дахин нягтлах шинжилгээ хийсэн боловч хариу нь адилхан гарсан.
Эмч огт нүүрний хувиралгүйгээр асуултанд хариулсаар…
Миний хувьд, энэ хүртэл сонссоны дараа хөлс гарч эхэлсэн тул хүзүүний алчуураа авав.. Гарын алга ч гэсэн бага зэрэг хөлөрсөн байв…
– За ингээд, үүний дараа хажуу талын өрөөнд сувилагч таньд үүнээс хойш яах хэрэгтэй вэ гэдгийг тайлбарлах болно. Өөр асуулт байна уу?
– А.. асуулт байхгүй
– За энэ эмнэлэгийн зуучлах хуудас (Японд, өөр эмнэлэгт үзүүлэхэд зуучлах хуудас хэрэгтэй байдаг юм)
– Баярлалаа
Эхнээсээ дуустал эмч огт нүүрний хувиралгүйгээр тайлбарлаж дуусав.
Энэхэн хооронд би *Аргагүй л профессиональ юм даа* хэмээн огт хамаагүй зүйлийг бодож амжив…
Хажуу талын өрөөнд сувилагчтай оров.
– Энд сууна уу
– А, баярлалаа… а, дэвтэр гаргаад тэмдэглэж болох уу?
– Бололгүй яахав.
Цүнхнээсээ дэвтэр гаргаад ширээн дээр тавив
– Бэлтгэл сайн байна шүү? хэмээх сувилагч
– Ан.. харин тий….
*За байз, бал хайччихав?* гээд цүнхээ уудлах би.
– Зүгээр зүгээр, сандралгүй тайван хай
Сувилагчийн ингэж хэлэхийг сонсоод л анх *ан, би нилээд сэтгэл уймарсан байгаа юм байна шүү дээ* гэж бодлоо…
Үүний дараа үүнээс хойш аль эмнэлэгт үзүүлсэн нь дээр вэ гэх мэтийг сувилагчтай зөвлөлдөв. Машин байхгүй болохоор, аль болох автобус, метрогоор очиход амар эмнэлэгийг сонгов. Үүнээс хойш, насан туршдаа тэр эмнэлэгт үзүүлэх хэрэг гарах юм чинь, энэ маш чухал.
– Ямар нэг байдлаар таамаглаж байсан юм уу?
Сувилагчийн ингэж асуусан асуултанд, жоохон бодож байгаад хариулав…
– Таамаглаж байсан уу гэж үү? Мммм… таамаглаж, байсан байх аа…
Гадаа гартал бороо орж байлаа.
Эмнэлэгээс гармагц, гэнэт дотор муухай оргив.
Зогсоод, дотроо тайвшруулах зуур… Борооны дусал хүйтэн ч юм шиг…
Тайвшрах хэрэгтэй. Болж өгвөл тайван байх хэрэгтэй. Энэ бол дөнгөж эхлэл шүү дээ. Гараан дээрээсээ бууж өгнө гэж юу байдаг юм.
Ийн өөртөө хэлээд би гудамжаар явах олны хөлд уусан одов
2009 оны 5 сарын 30. Өнөөдөр миний ХДХШ-ийн халдвартан болсон эхний өдөр.
——————————–
2009 оны 6 сарын 2.
Гэй болж төрөөд …
Би гэй болж төрсөн. Өөрийгөө *Би гэй юм байна шүү дээ* , *Эрэгтэй хүнд татагддаг юм байна шүү дээ* гэж анзаарах ч завдал гараагүй, өөрийгөө анхнаасаа л ийм гэдгээр хүлээн зөвшөөрсөн байсан гэхээр төрөлхийн л байх.
Нилээд ч эртнээс гэй сэтгүүл авч эхэлсэн бөгөөд, анхны сээгэс хүртэл 10-р ангид байхдаа хийж үзсэн юм. Анх хийсэн хүн минь цагийн ажил хийж байхдаа танилцсан, манай аавтай бараг чацуу шахам насны хүн байсан юм.
Бага сургуульд байхад *Рюү чан, охин шиг юм* гэж шоолуулах тохиолдол байдаг байсан бол, дунд ангид орсоноос хойш *Хэтэрхий эршүүд зантай биш, юм ярихад яриа таардаг* гээд охидууд харьцангүй талтай байдаг байв.
Өөрийгөө гэй гэдгээ бол харин байнга нууж ирсэн юм. 9 жилийн өмнө хүртэл хэнд ч хэлэлгүйгээр. Би *Жирийн* байхыг, бусдад *жирийн* юм шиг харагдахын хүсч байсан юм. Сурагч байх үеийн миний талаарх бусдын үнэлгээ нь *Жоохон сул дорой юм шиг боловч, ангийн дарга хүртэл хийдэг онц сурлагатан* гэсэн маягийн байсан болов уу.
Бага байхын гэр бүлийн байдал жоохон ярвигтай (бодвол аав ээж нь салсан байсан юм шиг байна…) байсан болохоор, болж өгвөл *дуулгавартай, сайн жаал* байх хэрэгтэй, хэрвээ *сайн жаал* байж чадахгүй бол өөрийн гэсэн байр сууриа олж авахад хэцүү гэж үздэг байсан болохоороо ч байж магадгүй,
*Найз охинтой биз дээ?* гэсэн маягтайгаа найзууд маань ч хүлээж авдаг, миний хувьд ч гэсэн, хэрвээ охин наашаа хандраад, үерхэе гэж гуйх юм бол найзалдаг л байв. Ажил хийдэг болсон хойноо хүртэл. Найз охинтой байх үедээ, тэр охиноо гомдоохгүй гэсэндээ, гэй порно кинонуу, сэтгүүлүүдээ хаядаг, тэгээд үерхэл дуусахаар дахиад л нөгөө сэтгүүлүүдээ цуглуулдаг, тиймэрхүү маягтай байв.
Сексийн хувьд, эхлээд эмэгтэй хүнтэй ч гэсэн секс хийж чадах байх гэж бодож байсан боловч, хэд хэдэн удаа үзээд, хамгийн сүүлд яг хийх болохоор чаддаггүй байв. *Энэ хүнд сайн* гэж бодож чадсан ч гэсэн, хамтдаа усанд ороод, хамтдаа нэг оронд орсон ч гэсэн нэг л болж өгдөггүй байв…
Найз охингүй байх үедээ, интернетээр танилцсан залуучуудтай бол секс хийж болоод байдаг хирнээ…
Хамгийн анх өөрийгөө гэй гэдгээ хэлсэн минь 21 настай байхдаа. Хамгийн сүүлд найзалсан охиндоо хэлсэн юм.
Зочид буудалд ороод, хэд хэд үзээд чадахгүй байсанд *… Уучлаарай… Би эмэгтэй хүнтэй нэг ч удаа оролдоод хийж чадаж байгаагүй юм…. Би гэй юм л даа*
Сүүлчийн үгийг хэлэх үед миний хоолой нилээд чичирхийлж байсан болов уу.
Найз охин минь хэсэг дуугүй байсанаа *Ойлголоо. Гэхдээ би Рюута-г Рюута болохоор нь хайртай*
Ингэж хэлэхийг нь сонсоод, үнэндээ баяртай байв. Тэгээд, би шийдсэн юм.
Өөрийгөө *жирийн* юм шиг харагдуулахын тулд бусдад гай удаж байхаа болихоор.
Өөрийгөө *гэй* гэдгээ хүлээн зөвшөөрөхөөр шийдсэн юм. Гэхдээ мэдээж ил тод байх гэсэн үг биш л дээ. Бусдад хэлэх албагүй гэж.
Олны нүдэн дээр гардаг ажил хийдэг байсаныг ч хэлэх үү, өөрийгөө гэй гэж илчилсэнээс болоод ажилд муугаар нөлөөлөхийг хүсэхгүй байсанд ч байгаа байх. *Гомо Рюута* гээд пайз зүүхээр муугаар нөлөөлөхөөс айж байсан учир.
Үүнээс хойш, ажил маань ч зав муутай болсоор ирэв.
Амьдрал маань яг хоёр хэсгээс бүрдэж байв.
Нэг нь стрэйт юм шиг харагдахын гэж хичээх ажлын өдрийн Рюута, нөгөөх нь өөрийгөө Гэй гэдгээ мэдрэхийн тулд интернет, гэй сауна-аар хэсэх Рюута. Ажил ч улам завгүй болсоор…
Зөвхөн ажлын төлөө мал биш шүү дээ гэж бодогдохоор, ажлын өдрийн орой ч гэсэн орой болтол архи уух нь, хүмүүстэй уулзахаар явах нь ихэссээр байв.
Сэтгэлзүйн тэнцвэрээ хадгалахын тулд хийж байсан зүйл байх.
Эхэндээ гэй найзууд ч олон болоод, заримтай нь найзлаад, заримдаа ганц шөнийн явдал ч их байв. Иймэрхүү маягаар өнгөрөх өдөр хоногууд.
Биеийн байдал нэг л биш байна гэж анзаарч эхэлсэн нь энэ үед байв.
Ингээд, эмчид очиж үзүүлээд гарсан шинжилгээний дүн: Тэмбүү
Үүний дараа эмч үргэлжлүүлэн хэлсэн юм *ДОХ-ын шинжилгээ бас давхар өгсөн нь дээр биш үү?*
ДОХ-ын шинжилгээний дүн гарах хүртэл долоо хонол уу, хоёр долоо хоног байл уу…
Тэр үед юу бодогдож байсаныг одоо бол санахгүй байна.
Санаж байгаа зүйл гэвэл, тухайн үед ажлын газрын ахад өвчин авсан талаараа яриад, зөвлөгөө авч байсанаа л санаж байна. Өдөр, гэнэт дуудаж ирээд, хурлын өрөөнд орж байгаад. Тэгтлээ, хэзээ, хэнд, яаж хэлэх ээ ч бодохооргүй болтлоо сэтгэл зовсон байсан байх гэж бодож байна. 22 настай би, тэгэхэд яг уйлах гэж байгаа юм шиг төрхтэй байсан болов уу…
Ингээд гарсан хариу, негатив. Тэмбүүний хувьд хэдэн долоо хоног пенецилин уугаад эдгэрсэн юм. Энэ удаа шинжилгээ өгөөд, ойр ойрхон шинжилгээ өгч байхаар шийдсэн юм. Дахиж ийм юмтай учрахгүйн тулд.
Дараагийн удаа шинжилгээ өгсөн минь 26-тайдаа. Анх удаа шинжилгээ өгсөнөөс хойш 4 жил өнгөрсөний дараа. Би эмнэлэгт хэвтэж байсан юм. Улам бүр завгүй, стресс ихтэй болсон байсан нь хэмжээ нь хэтэрсэн үү, түргэн дуудуулаад эмнэлэгт хэвттэлээ бие сульдсан байв. Зүрхний өвчин.
Эмчээс тэгэхэд асуусан юм. *Урьд нь тэмбүү тусч байсан, энэ удаагийн бие сульдсантай холбоотой эсэхийг шалгаж өгөөч. Бас ДОХ-ын шинжилгээ ч гэсэн өгөх гэсэн юм*
Шинжилгээний хариу, аль аль нь негатив, энэ удаагийн дотор эрхтэн муудахад тэмбүү нөлөөлөөгүй гэсэн хариу гарав.
Хэсэг эмнэлэгт хэвтээд, эдгэсэн боловч, миний дотор эрхтэнд өвчний үлдэц үлдсэн юм.
Ажилаас өөр амьдралын зорилго байхгүй байсан миний хувьд, бүх юмаа алдсан юм шиг санагдаж байв.
Ажилдаа буцаж орох гэсэн боловч *чамаар хийлгэх ажил байхгүй* гэж тухайн үеийн даргадаа хэлүүлээд ажлаасаа халагдав.
Гэрээсээ ч гарахгүй, хоосон юм шиг өдөр хоногууд…
Гэхдээ нөгөө талаар *Ан, ингээд гүрийх шаардлага байхгүй болсон юм байна шүү дээ* гэж бас бодогдсон юм.
Зөвхөн ажил ч биш, бусад юмс дээр ч гэсэн *сайн жаал* *онц сурлагатан* байх гэж хичээх тэр хүлээснээсээ алдарсан мэт.
Хамгийн их айж байсан зайл болох *амьдралд бүдрэх* минь намайг чөлөөлсөн гэхээр..
Өвчинтэй байсан ч гэсэн, гэй байсан ч гэсэн, би өөрийнхөөрөө л, өөрөөрөө л амьдрах юм шүү гэж бодогдсон юм.
Үүнээс хойш би өөрийгөө хүлээн зөвшөөрч, эргэн тойрныхоо зарим нэг хүнд ч гэсэн каминг аут хийж эхлэв. Гэй болж төрсөн би, гэй гэдэг утгаараа амьдарч эхэлсэн минь тэр.
Харин, эрх чөлөөг гартаа оруулсан ч, нэг зүйлийг мартсан байв. 22-тойдоо анх шинжилгээ өгч байхдаа бодож байсан *дахиж л ийм юмтай учрахгүй юм шүү, болгоомжтой байя* гэж бодож байсан аа…
2009 оны 5 сарын 30. Би 3 дахь удаагаа ДОХ-ын шинжилгээ өгөв. Хариу нь *позитив*.
Одоо 30 настай…
Маргааш анхны үзлэгт орно
————————————–
2009 оны 6 сарын 4н.
Анхны үзлэгт орох өдөр. Шинжилгээний хариу гарсанаас хойш 5 хоног хүлээсэний эxэст.
Миний амьдардаг хотдоо 2 дахь том эмнэлэг. Хамгийн том эмнэлэгтэй харьцуулахад, ДОХ / ХДХВ-ийн өвчтөн нь 5 ны 1 хавьцаа юм байх.
Цагаасаа 15 минутын өмнө очив.
– Уучлаарай, 14:30-аас үзүүлэхээр захиалсан Рюута гэдэг хүн байна л даа
– Ан, хүлээж байлаа. Эмчийн өрөө лүү орно уу.
Эмчийн өрөөнд орсон, нүдний шилтэй, бүр нэг *эмч* төрхтэй эмч суууж байв. Нилээд хурдан яриагаар дараа дараалан асуулт тавина
– Ойрын үед биеийн байдал ямар байна?
– Одоо ямар эм ууж байгаа вэ?
– Угийн дотор муутай болохоор, ойрдоо ч гэлтгүй, ойрын хэдэн жил биеийн байдал сайн гэж хэлэхэд бол хэцүү л байгаа…
Эмч миний өвчний түүхийг харангаа асуултууд асууна. Би ч, 26тайдаа түргэн дуудуулж байсан, түүнээс болоод одоо хүртэл дотор муутай болох, одоог хүртэл 3 удаа ДОХ-ын шинжилгээ өгч байсан тухай, тэмбүү тусч байсан тухайгаа ярив.
– Ан, за.. Нилээд олон төрлийн эм ууж байгаа юм байна ш дээ тэ? Энэ цаасыг чинь хуулаад аваадахъя
Иймэрхүү зүйл ярьсаны дараа, гол ярианыхаа сэдэв лүүгээ оров
– Энэ удаа, шинжилгээ өгөх төвд шинжилгээ өгөөд, дахин нягтлах шинжилгээ өгсөний дүнд *позитив* гэж гарсан тул, позитив гэж бодсон нь зөв байх. Гэхдээ дахиж нэг удаа чиний цусан доторх вирусын хэмжээ (HIV RNA-ийн хэмжээ)-г шалгаж үзье. Түүнээс гадна, ДОХ-ын эмчилгээний үр дүн хэмжих гол хэмжүүр болох CD4 эсийн хэмжээ, Б болон Ц гепатит болон тэмбүүний халдвар байгаа эсэхийг шинжлэе
– Ан, тэгээд, хэлээ харуул даа? Том ангайгаад *А* гээд хэлээд үз
Би амаа ангайхад, эмч миний амны хөндийг гэрэлтүүлэн харав
– Ямар ч байсан хөгцөрч бол эхлээгүй юм байна.
Амны хөндийн кандитиатис өвчнийг шалгаж байгаа нь тэр. ХДХВ-ийн анхан шатанд илрэх нь их байдаг юм байх.
Үүний дараа, миний цээж, гэдэсийг чагнаж үзсэний дариу асуулт хариултаа үргэлжлүүлэв.
– 4 жилийн өмнө шинжилгээ өгсөнөөс хойш, халуурсан ч юм уу, халдвар авсан байх гэж бодогдохоор үе байсан уу?
Энэ асуултын хариуг сүүлийн хэд хоног шувтан бодож байсан тул би хариулав
– Энэ жилийн 1 сард 38 градус хавьцаа халуураад, толгой өвдөх, дотор муухайрах, чацга алдах, үе мөч өвдөх, гар хөлөн дээр юм туурах гэх мэт шинж тэмдэгүүд илэрсэн. Энэ байдал эдгэртлээ 2 долоо хоног болсон болохоор, тэр л ХДХВ-ийн анхны шинж тэмдэг байсан байж магадгүй. Энэнээс өмнө хэдэн долоо хоногийн дотор хийсэн секс-ээс халдвар авсан байх магадлал өндөр болов уу
– Ан. Тэгэхэд халдвар авсан байх магадлал хамгийн өндөр байх.
Шинжилгээ авсаны дараа хотын захиргаанд мэдэгдэх ёстой байдаг болохоор асууж байна, тэр сексийн хамтрагч чинь эрэгтэй юу эмэгтэй юу?
– Эрэгтэй
Үүний дараа эмч янз бүрийн зүйл тайлбарлав.
CD4 гэдэг эсийн хэмжээнээс шалтгаалаад эм ууж эхлэх эсэх шийдэгдэх тухай, ХДХВ-ээр халдсанаас ДОХ болох хүртэл дунджаар 10 жил шаардагддаг тухай. Үүнээс гадна миний мэдэхгүй байсан зүйлийг ч тайлбарлав
– Эрүүл байсан хүн, 20-30 насандаа ХДХВ-ээр халдварласнаас хойш, байнга эмнэлэг ороод, зөв эмчилгээ хийх юм бол 74-75 хүртэл амьдардаг статистик байдаг. Үүнийг жирийн эрүүл хүний настай харьцуулаад үз
– Тийм үү.. 75 хүртэл амьдарвал миний хувьд хангалттай хэмээн хариулав.
Ингэж сонсоод, дотор тайвшрах шиг болов. Үнэхээр, ХДХВ нь одоо *үхдэг* өвчин байхаа болиод *байнга эмчлэх шаардлагатай*, сахарын деабет шиг өвчин болсон юм байна даа гэж мэдрэх шиг.
Одоо ингээд хамгийн их санаа зовоож байсан зүйл маань CD4-ийн хэмжээ.
Эмчийн тайлбарласнаар, энэ эс нь жирийн хүний цусанд 1/1000 мл тутамд 700-100 ширхэг байдаг юм байх. 350-аас 200 хүртэл буурах юм бол ДОХ-ын эсрэг эм ууж эхлэх шаардлагатай юм байх.
Цусны шинжилгээний хариуг дараа ирэхдээ мэднэ гэж байв.
Энэ өдрөөс хойш намайг 6 хүн үзэх болно. ДОХ-ын өвчтөн хариуцсан сувилагч, ДОХ-ын эмч, Социал Воркер, тэгээд одоогоор уулзаагүй байгаа боловч ДОХ-ын эмнэлэгийн тасгийн сувилагч, каунселингийн эмч болон дотрын эмч.
Сувилагч хэлж байв *Ингээд, бид 6-уулаа нэг баг болоод, таны өвчнийг эмчлэхээр зүтгэх болно доо*
*Манай талын хүмүүс!*
Ингэж бодоход сэтгэл өег байв.
Эмнэлэгээс гарах үед аль хэзээний орой болсон байв. Гэдэс өлссөнөө ч мэдрэв.
Шинэ эхлэлээ тэмдэглээд, амттайхан юм идье байз. Дараагийн үзлэг, 6 сарын 12ны баасан гараг.
————————-
2009 оны 6 сарын 12.
Анхны шинжилгээний дүн – CD4 болон цусан дахь вирусны хэмжээ
Өнөөдөр 2 дахь удаагаа эмнэлэгт үзүүлэв. Өнгөрсөн долоо хоногт өгсөн цусны шинжилгээний хариу гарав
– Сайн байна уу
ингэж хэлээд хэсэг хугацааны дараа, эмч гартаа барьсан цаас руугаа харангаа үргэлжлүүлэв
– CD4 эсийн тоо бага гарсан байна
Энэ үгийг сонсоод, шүлсээ залгив… Бодож байсанчлан… Муу зөн таарав уу…
– CD4-ийн тоо нь 158 гэж гарсан байна. Дараагийн сард ч гэсэн энэ хэвээрээ бага тоо гарах юм бол эм ууж эхлэх хэрэгтэй болох нь дээ
158… Шинжилгээний дүн муу гарсан ч гээд сэтгэлийн бэлтгэлтэй байсан гэж бодсон, яг муу зүйл сонсохоор толгой дүйрээд явчихав…
Бодвол дотроо ямар нэг юманд найдаж байсан ч байж магадгүй л юм. Шинжилгээ авахдаа миний цусыг андуураад өөр хүний хариуг надад хэлсэн байгаад, үнэндээ негатив байсан гэдэг ч юм уу…
Харин энэ хариуг сонсоод, сэтгэл шулуудав.
158… Зөвхөн энэ тоог харах юм бол аль хэзээний дархлал хомсдсон байдалд орсон гэсэн үг… Хэзээ оппортюнистик инфекшон (жирийн хүнд өвчин болохооргүй нян, вируснаасаа, дархлал буурсаны улмаас өвчлөх өвчин. Хүн амьдаараа хөгцрөх гэх мэт) болж ч магадгүй тийм хэмжээ гэсэн үг…
Одоогоор тайван байж эмчийг яриаг сонсоё… ингэж бодоод би үргэлжлүүлэн яриаг сонсов.
– Халуураагүй биз дээ? Биеийн байдал ямар байна?
– Халуун бол байхгүй. Толгой эргэж, амьсгаа давхцах үе байдаг ч, энэ миний зүрхний өвчинтэй холбоотой гэж бодож байна.
Үүний дараа эмч, нэг брошур гаргаж ирээд надад үргэлжлүүлэн тайлбарлав
– CD4-ийн хэмжээ, ХДХВ-ийн эхний шатанд нэг удаа буурдаг юм. Үүний дараа нуугдмал шатанд орохоор буцаж ихсээд, дараад нь ДОХ-ын өвчлөлийн шатанд дахиж буурна. Өөрөөр хэлбэл энэ үзүүлэлт нь 2 удаа буурдаг юм. Хамгийн гол асуудал нь таны хувьд энэ нь эхний үе шат уу, эсвэл нилээд удчихсан хоёр дахь шат уу гэдэгт байгаа юм. Ямар ч байсан, дараа сарын шинжилгээний хариуг харж байж эм ууж эхлэх эсэхийг шийднэ дээ.
Дараа сарын үзүүлэлт 200-аас бага байх юм бол, энэ чигээр нь эмчилгээгүй орхивол ДОХ болох үе шатанд байна гэж үзэх юм байна.
– Ингэхэд, миний цусан доторх вирусны хэмжээ хэдий хэмжээтэй байсан бэ?
Эмч цаасаа харангаа
– эээ. 58.6 гэж байна. Үүнийг 10-ын 3 зэргээр үржүүлнэ гэхээр, 58,600 ширхэг вирус гэсэн үг
– Энэ нь нилээд өндөр үзүүлэлт шиг сонсогдож байна. Нилээд муу үзүүлэлт гэсэн үг биз дээ тэ?
– За, CD4-ийн үзүүлэлт чинь ийм бага байгаа болохоор, энэ зэрэгтэй байх болов уу. Гол нь түр зуурынх уу, үгүй юу гэдгийг дараа сарын шинжилгээгээр мэднэ дээ…
Дараагийн шинжилгээ, 7 сарын 3нд өгнө. Шинжилгээний хариу гарах нь түүний дараагийн долоо хоног. Үүнээс хойш эм уух уу яах вэ гэдэг энэнээс л шалтгаална даа…
Эмнэлэгээс гараад, сэтгэлээ засахаар Рамен идэхээр явав. Уг нь зүрхний өвчнөөс болоод давс багатай юм идэх хэрэгтэй ч гэсэн, өнөөдөр бол яадаг юм. Ийм өдөр ганц удаа дуртай юмаа идэхэд. Дээрээс нь нэмээд банш иднэ ээ, яадаг юм
Ингээд раменгийн гуанзанд орсон, раменгийн гуанзны өвөө үйлчлүүлэгчтэйгээ *манай хүү гэж нэг юм, эртээр ирлээ гэж бодсон, хүүхэдтэй болчихоод ирсэн байсан гээд л бод* гээд өдөр тутмын зүйл ярьж байгааг нь сонсоод жоохон дотор тайтгарах шиг.
Хоол идэж дуусчихаад, харих замдаа цатгалан гэдсээ илэнгээ бодсон юм.
Ийм үед хүртэл гэдэс цатгалан байхаар сэтгэл хангалуун, *аз жаргал*-ыг мэдэрдэг юм байна даа гэж…
Үгүй, ийм үе л болохоор, өдөр тутмын жижигхэн аз жаргалыг хүртэл мэдэрдэг байж ч магадгүй л юм….
—————————
6 сарын 13
Бэлгийн замын өвчин, вирусын гаралтай элэгний гепатит, оппортюнистик инфекшоны шинжилгээний дүн
Нээрээ өчигдөр үзүүлэхэд гарсан хариуны заримыг нь бичихээ мартаж.
Би эмчээс асуув.
– Эмчээ. Би өмнө нь тэмбүүгээр өвдөж байсан гэж хэлж байсан даа? Энэ удаад тэр хавийн өвчин ямар гарч вэ?
Эмч, шинжилгээний цаасаа харуулангаа балаар тоонуудыг тойруулан зурангаа тайлбарлана
– Хүний дархлаа судлалын үүднээс хэлэх юм бол… Энэ тоо нь хасах тэмдэгтэй байгаа биз?
Тэмбүү нь одоогоор негатив, вирусны гаралтай А, Б, Ц гепатитууд бүгд хасах. Токсиплазма гондис ч гэсэн хасах. Сүрьеэ ч гэсэн хасах гарсан байна. Өөрөөр хэлбэл ХДXВ-ээс өөр халдвар байхгүй байна гэсэн үг
Үүнийг сонсоод дотор бага зэрэг тайвшрав.
Гэхдээ байжээ даа? Тэмбүү, гепатитийн шинжилгээ авна гэж байсан, хэзээ сүрьеэ болон токсиплазма энэ тэр гэсэн юмны шинжилгээ авсан юм бол оо?
Ингээд хариад жоохон харсан, сүрьеэ болон токсиплазма тархины өрөвсөл хоёр нь дархлал хомсдохоор илэрдэг өвчинүүдийн нэг байв. Токсиплазма тархины өрөвсөл гэдэг нь, хүний эсэнд ордог шимэгч хорхойноос үүсэлтэй өвчин, жирийн хүний хувьд дархлалын эсний хүчээр өвчлөх нь ховор боловч, дархлал хомсдсоноос болж өвчлөх магадлалтай паразит юм гэнэ.
Эмч, анхнаасаа надад ДОХ-ын өвчний шинж тэмдэг байна уу, шинжилж байсан гэсэн үг байх н;…
Ингээд дээрээс нь доош нь шинжилгээний цаасаа харж суув.
Хасах хасах хасах гэж үргэлжилж байсанаа, ХДХВ л ганцаараа нэмэх…
Яалт ч үгүй үнэн юм байна даа хэмээн дахин мэдрэх тийм агшин байв
—————————–
To be continued
9 Comments
uneheer uruvduh shig mash surgamjtai zuil bna ene yapon zaluu 26 nastai baihdaa 2 dahi udaagaa surug garahdaa ene uvchinuus uuriiguu sergiilehgui dee tegsen l bol.ug ni uurtuu sanaa zowj shinjilgee in ter ugdug l yum baina sht
Gantsal amidrah horvood uxsench sexsench yaadgiim eniig bodoodl chigeeree yawdag ennendeech aldaaguil baina aldaxkui, xumuus uuriiguu zorigzuulj chadaxkui yum hun gedeg chin setegleereel amitan shuu dee.
sonin l yuma
Үргэлжлүүлээд бичээрэй, хүмүүст ялангуяа залууст сургамжтай их сайн ойлгогдохоор бичжээ баярлалаа
Аймаар юм аа Ийм юм тулаад ирвэл тэгээд хамгийн гол нь сэтгэлийн тэнхээтэй л байх хэрэг гарах байх даа. Манай залуус Монголчууд бид бүгдээрээ энэ өвчнөөс хол байгаасай Олон хүн битгий өвдөөсэй гэж залбиръя
yamar hetsuu yum be bii odoo 20 toi odoo hurtel gantsaj huntei untaj uzeegui
bagaasaa l eregtei humuust tatagdaj bsan nzuudtaigaa uukzahaar bug deeree nz ohinoo daguulj ereel neg negniigee hairlaad haraad unheer ataarhdag ter uyd yag uhmeer sanagddag bainga eregtei hun harj yavnaa baingiin shanlaastai yavdagaa odoo nzuudtaigaa zugeerel haritsadag hoorhon nzuudiihaa dund biye ih barin unseed tevreed avmaar sanagddag.helsen n zov boluu yah bol heluul namaig bug deeree haychuul bi gantsaaraa yanaa gej bodood helj chaddagui
nadad tuslaarai.neeree unheer tevcheertei bgarai
edgernee doh edgerdeg gesen amjilt
энэ чини харин хүмүүс уншаад гайгүй ойлгохоор бичсэн байнуу үгүй юу. яг гоё анагаахын талаас
хэцүү ч юм даа,дох-р өвдсөн хүмүүст манай эмч нар японы эмч шиг ингэж нарийн тайлбарлаж өгдөг болвуу?хэрвээ энгийн үед өвчнүүдтэй харицдаг шигээ хүнд сурталтай харицвал улам хэцүү болдог байх даа.шинжилгээний хариугаа хараад би л байсан бол шууд ухаан алдах байх.энэ залуу сэтгэлийн тэвчээртэй юм
бодит явдал гэсэн үг үү