Удам залгах ухаан

– Монгол ёс заншлаа дээдлэхүй –

Зургийн тайлбар:
 Чингис хааны угийн бичиг, Бөртэ чоноос эхэлсэн угийн бичиг, Муутуу цаасан дээр хар бэхээр монгол бичгээр бичсэн, хуйлмал, урт нь 347.7 см, өргөн нь 98.4 см.

Монголчууд эрт дээр үеэс айл гэрийг эхнэр нөхөр, гэр бүл амьдрах төдийгүй хүүхэд өсгөн хүмүүжүүлэх, төр улсын албыг залгуулах чухал орчин гэж үзэж эхнэр, нөхөр болох хүмүүсийн төгс төгөлдөр сайн шинжийг эрхэмлэдэг уламжлалтай. Иймээс ч хүү, охиноо гэрлүүлэн өрх тусгаарлахыг төрийн ёсны эрхэм хүндтэй зүйлд тооцдог ажээ. Бэр хүүхнийг гэрлүүлэхэд тэр хоёрын хайр сэтгэлтэй эсэхийг анхаарахын зэрэгцээ эцэг, эхийн санал чухал нөлөөтэй байдаг.

Эцэг, эх нь бэр, хүргэнээ шинжихдээ удам гарал, хүргэн, бэр хоёрын сэтгэлийн нийлэмж, ааль зан, мөс чанар, галбир царай тэгшийг, ажил хөдөлмөрч, буян заяа арвинг, ёс горим, эрдэм чадвар эзэмшсэнийг, нас сүүдэр, жил зохицохыг долоон шинжээр нь үздэг бөгөөд удам сударт нь буюу өмнөх гурван үед нь хулгай хийж, худал хэлэх, ажил төрөл, ааш зан муутай бол, ялангуяа ужиг муу өвчтэй хүн байвал гэрлүүлэхээс татгалздаг байсан нь удамшлын нөлөөг ойлгож, хос хоёрын төдийгүй, тэдний үр хүүхдийн ирээдүйн амьдралыг ариун нандин байлгах гэсэн зүйд нийцсэн ёс юм.

Мөн овог дотроо юм уу, эцгийн талын долоо, эхийн талын гурван үе доторх төрөл садны хүнтэй гэр бүл болохыг цээрлэн цус ойртож үр хүүхэд нь ухааны хомсдол, бие эрхтний гажигтай төрөхөөс сэргийлдэг байжээ.

Монголчууд “Ураг урагтаа хүндтэй, ургаа мод газартаа хүндтэй”-н учир хусавч үл арилах ясан төрөл, шахавч үл ширгэх цусан төрлөө мэдэхийг үр хүүхдэдээ хичээнгүйлэн захидаг нь үр удмаа эрүүл ариун байлгах шаардлагын зэрэгцээ, төрөл садан ахан дүүсээ сайн мэдэж хүндэтгэн, дотносох, бие биенээ тэтгэн тусалж байх амьдралын хэрэгцээтэй холбоотой юм.

Эцгийн талыг ясан төрөл, эхийн талыг цусан (юм уу махан) төрөл гэж үздэг бөгөөд өөрөөсөө өмнөх, хойтох долоон үеийг үр хүүхдэдээ сайн мэдүүлж, нэрлэж сургадаг. Тухайлбал: өөрөөсөө дээш эцэг, өвөг эцэг, өндөр эцэг, элэнц эцэг, элэнц өвөг, хуланц, хуланц өвөг гэх буюу өөрөөсөө доош хүү, ач, гуч, жич, дөч, тач, жилийх, талийх гэж долоон үеэ мэддэг байх учиртай.

Төрөл саднаа хэд дэх үе болохыг ямар ч үед самуурч будилалгүй мэдэж, тоолох амар хялбар аргыг монгол түмэн үр хүүхдэдээ зааж өгдөг байв. Ингэхдээ өөрийгөө цээжин биеэр төлөөлүүлэн түүнээс гадагш хөл, гарын үзүүр хүртэлх мөч бүрийг нэг нэг үед хамааруулан долоон үе тоолж, ямар овогтны хэд дэх үе дээрээ явааг хэлэхээс гадна, долоон үе мултарсан бол хоорондоо гэрлэж болно гэж зааж өгдөг байв.

Хүүгийн хүүхдийг ач, охины хүүхдийг зээ, аавын талын төрөл саданг авга, эхийн талыг нагац гэх бөгөөд хүүхэд үрчлэхдээ өөрийн овог буюу авга үеэл талаас авахыг эрхэмлэдэг байжээ.

Аавын талыг нэрлэх гурван нэр байдаг. Үүнд:
1. Авга гэдэг нь аавын талын бүх ах, эгч, дүү нарыг;
2. Үеэл нь эцэг нэгтэй ах, дүү нарын хүүхдийг;
3. Хаяал нь үеэлийн хүүхдүүдийг авгайлан нэрлэх болно.

Эхийн талыг нэрлэх, тус бүрдээ утга салаалсан гурван нэр бий. Үүнд:
1. Нагац нь ээжийнхээ аав, ээжийн нагац аав, нагац ээжээс өгсүүлээд бүх ах, эгч, дүү нарыг нь авгайлах нэр юм.
2. Бүл нь эх нэгтэй эгч, дүү эмэгтэйчүүдийн хүүхдүүд. Тэр хоорондоо бүл бөгөөд бүлийн хүүхдүүдийг бүлээн, бүлээний хүүхдүүдийг бүлэнцэр гэх;
3. Хүү, охин хоёроо гэрлүүлсэн айлууд хоорондоо худ болдог бөгөөд худ ураг барилдсан айлын эзэд (эрэгтэйчүүд) бие биенээ худ, эмэгтэйчүүд нь худгуй гэж нэрлэнэ. Харин гэрлэгсэд эхнэр нь юм уу, нөхрийнхөө аав ээжийг хадам аав, хадам ээж гэж дуудах ба өөрсдөө бол хадам талдаа бэр, хүргэн болдог.

Монголчуудын угийн бичиг, гэрийн түүхийг үе дамжуулан хөтөлж ирсэн нь өвөг дээдэс төрөл саднаа мэдэх, түүний тогтолцоог хойч үедээ өвлүүлэн мэдүүлэх нэг арга болж байв. Гэрийн түүхийг үйлдэх арга маш нарийн журамтай. Зөвхөн хөвгүүдийн нэрийг түүнд бичдэг. Охид өөрийн удамд бичигдэхгүй үлддэг.

3 Comments

  1. Tuvden says:

    HYTAD DEEL HANTAZ MANJ MALGAIgaa solih geed Ih SANDARCH bna manai halahuud
    SOLIH TUSMAA HASAGTaigaa adil bolj bna

  2. Tuvden says:

    Өнөөгийн халхууд Манж, Хятадын эрлийзүүд л болсон. Миний энийг уншиж байгаа өөрийгөө монгол гэж бодож байна уу, чи хятадын эрлийз шүүдээ. Халхууд та нар овгоо ч мэдэхгүй ш дээ, овгоо мэдэхгүй гэдэг чинь ямар гарал үүсэлтэйгээ мэдэхгүйл гэсэн үг ш дээ. Энэ бол гутамшиг. эцгээсээ дээш 7 эцэг өвгөдөө мэдэхгүй эр хүн бол ямар гарал үүсэлтэй нь эргэлзээтэй хүмүүс. Казах хүн бүр 7 эцэг удам гарлаа мэддэг юм энэ бол ГАЙХААД БАРАШГҮЙ үнэт СОЁЛ ӨВӨГ ДЭЭДСийн маан АГУУ ИХ УХААН билээ,,

  3. M says:

    ix saixan yos ymaa. medexgyigee medej avlaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.