Ааваараа овоглосон Монголчууд

Өнөөдөр аавуудын баяр. Монгол Улсад энэ баярыг зургаа дахь жилдээ тэмдэглэж байна. Харин дэлхийд анх 1910 оны зургадугаар сарын 19-нд Вашингтон мужийн, Споканед “аавын өдөр”-ийг тэмдэглэж байжээ. Монголын эрэгтэйчүүдийн эрхийн төлөө холбоодын “Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг”-ээс жил бүрийн наймдугаар сарын наймны өдөр уг баярыг уламжлал болгон тэмдэглэдэг болсон билээ.

Хал нь гаднаа, хайр нь дотроо гэдэг зүйр үгийг магадгүй аавуудад зориулж хэлсэн биз. Аав хүн гэдэг гэр бүлдээ нөхөж баршгүй нөмөр нөөлөг, гэрэл гэгээг хайрладаг. Олон сайхан үр хүүхэд төрүүлсэн ээжүүдэд “алдарт эх” гэсэн цол олгодог. Харин олон хүүхдээ зөв, сайхан өсгөж хүмүүжүүлсэн аав нарыг “Есөн эрдэнэ”-ийн одонгоор Монголын эрэгтэйчүүдийн холбоо шагнаж, урамшуулж иржээ.

Энэ нь аавуудад маш их урам өгдөг болсон байна. Монголд нэгэн үе эмэгтэйчүүдийн гэх тодотголтой албан байгууллага, үйлчилгээ их, харин эрэгтэйчүүдийн гэх нь бараг л байдаггүй байсан билээ. Харин өнөөдөр байдал өөр байна. Аавуудын баярыг тэмдэглэдэг болсноос хойш эрэгтэйчүүдийн эмнэлэг, тэдний эрхийг хамгаалах нийгэмлэг, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх төв зэрэг олон газрууд үүдээ нээжээ.

Аавуудын өдрийг баяр, ёслол гэхээсээ илүү гэр бүлийн нандин харилцааг бий болгох, бататгах, харилцан ойлголцох, сэтгэл зүрхээрээ бие биенээ хүндэтгэх, дурсан санах, хүүхэд бүхэн ааваараа бахархах, аав бүр хүүхдээ харж баярлан, сэтгэлийн жаргал эдлэх явдал юм гэж МЭХ-ны гүйцэтгэх захирал Д.Бадамцэцэг хэлж байсан. Энэ нь ч үнэнд нийцнэ.

Учир нь аавуудын баяр гээд архидан согтуурч, бусад баяр ёслол шиг өргөн дэлгэр тэмдэглэж, сүр дуулиан болговол энэ өдрийн утга нь алдагдах биз ээ.

Энэ жилийн хувьд аавуудын өдрөөр “Хүүхдийн хүмүүжил дэх эцэг эхийн оролцоо” сэдвээр хэлэлцүүлэг зохиож, албадан саатуулахад байгаа 200 орчим аавын дунд сургалт, тэмцээн уралдаан явуулахаар төлөвлөжээ. Монголын эрэгтэйчүүдийн холбооныхон зургаан жилийн хугацаанд албадан саатуулах байруудад эрэгтэйчүүдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгөх төв нээжээ. Ингэснээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид албадан саатуулахын байраар дахин орж ирэхээргүйгээр эмчлэгдсэн бодит баримт байгаа юм байна.

Судалгаанаас харахад хүүхдүүдийн 30 хувь нь аавтайгаа дотно харьцаатай байдаг бол үлдсэн 70 хувь нь ээжээрээ болон бусдаар дамжуулан аавтайгаа харилцдаг ажээ. Гэхдээ аав ч бай, хүүхэд ч бай хоорондоо сайхан харилцаатай байхыг л хүсдэг байх юм. Харин тэд зөвхөн боломж хаанаас гарч ирэхийг хүлээж суудаг ажээ. Иймээс л аавуудыг хүүхдүүдтэй нь ойртуулах арга хэмжээ зохиох нь зүйн хэрэг юм.

Улаанбаатар хотын хэмжээнд 4000 орчим өрх толгойлсон, олон хүүхэдтэй аавууд байдаг. Их дээд сургуульд суралцагсадын 21 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Гадаадад ажиллагсдын 90-92 хувийг эрчүүд эзэлж байгаагаас гэр бүл салалт ихсэж, гэмт хэрэг үйлдэгчдийн 90 хувийг эрчүүд эзэлдэг гэсэн судалгаа бий. Иймээс дээрх асуудлуудыг шийдвэрлэхийн тулд аав хүн ямар ёс зүйг эрхэмлэх ёстойг ойлгуулж, тус өдөрлөгийг зохион байгуулах шаардлагатай ажээ.

Монголын бүх аавууд та бүхэн минь энэ өдөр үр хүүхдүүдийнхээ хайрыг хүлээн авч, аавыгаа хүндлэх хүүхдийнхээ сэтгэлийг хайраараа мялаагаарай. Харин та хэн нэгний эхнэр, хүүхэд бол өргөө гэрийнхээ эзэнд хүндэтгэл үзүүлж, сайхан нэрээр нь овоглуулж яваадаа баярлаж явдаг сэтгэлээ нээгээрэй гэж хүсье.

Н.Бямбасүрэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.