Эзэнгүйдсэн Монголын энхрий үрсийн хувь заяа хэлтийсээр л

Хэдхэн жилийн өмнө хүний наймааны тухай дэлгэцээс л хардаг байлаа. Харин өдгөө таны бас миний хайртай хүмүүс энэ ёс бус хэргийн золиос болох магадлал өндөрсөж эхэлжээ. Хамгийн аймшигтай нь хүний наймааны золионд зөвхөн төвлөрсөн суурин газрынхан эсвэл дан охид өртдөг гэвэл хэтэрхий өрөөсгөл хэрэг.

Хуруухан чинээ хүүхдээс хүдэр бадир залуус хүртэл энэхүү хэргийн золиос болж, эмгэнэлт хувь тавиланг туулах болдог болж. Өдөр болгон зурагтаар FM-ээр хүн алга боллоо гэх зар явдаг ч олдсон эсэх нь тодорхойгүй үлддэг. Яахав хичээлээ тараад тоглоод явчихсан хүүхдүүд олдож эцэг, эхийгээ сандралд оруулсныхаа бангийг хүртээд өнгөрдөг ч хэл чимээгүй тав тэр ч бүү хэл 10 жил болчихсон тохиолдол ч байдаг тухай мэргэжлийнхэн хэлсэн.

Эх сурвалжийн өгүүлснээр сүүлийн нэг жилийн хугацаанд 100 гаруй охин алга болсон гэх мэдээлэл байдаг ч олдсон охидын тоо өрдөө л найм гэж хүний эрхийн төрийн бус байгууллагын ажилтан хэлсэн. Аймшигтай тооцоо байгаа биз. Алга болсон охид амьд эсэх нь тодорхойгүй, аав, ээж нь чухам л шар махтайгаа хатаж байгаа даа.

Хэдийгээр хүний наймааны золиос болсон охидын олонх харьд одож хялбар аргаар мөнгө олох сонирхолтой гэж шүүмжлүүлдэг ч эх орондоо ажил хийж элбэг хангалуун амьдрах боломжгүй байгаа нь тэдний буруу биш ээ. Ганц олдох амьдралдаа ганган сайхан хувцаслаж,элбэг хангалууныг хүсэмжилснийх нь төлөө бид тэднийг буруутгах эрхгүй.

Ер нь хүний наймаа хийдэг сүлжээ бий болсон талаар хангалттай ярьдаг. Энэ асуудлаар бас ч гэж цөөнгүй хүн ялын тогтоол уншуулсан. Гэвч өнөөдрийг хүртэл Монголын хүчний байгууллага нэг том сүлжээ байна уу, эсвэл олон жижиг сүлжээ байна уу гэдгийг тогтоож чадаагүй байгааг энд дурдахад илүүдэх юун.

Үнэндээ хичнээн сүлжээ байгааг хэлж мэдэхгүй, ямар ч байсан манай улсад хүн худалдаалах гэмт хэргийн нарийн сүлжээ бий болсон нь олон зүйлээс тодорхой харагддаг. Хамгийн наад зах нь нийслэлийн хэд хэдэн дүүрэгт биеэ үнэлэгчдийг орогнуулдаг, биеийг нь үнэлүүлчихээд орлогоос нь хувь авдаг олон бүлэглэл бий.

Түүгээр ч барахгүй тэд зохион байгуулалттайгаар гудамжинд явж байгаа насанд хүрээгүй охидыг хүчээр машинд суулгаж бэлгийн мөлжлөгт өртүүлэх нь жирийн үзэгдэл болтлоо олонтоо давтагдлаа. Үүний хажуугаар хүний наймааны гол бамбай нь зуучлалын гэр бүл.

Зуучлалын гэх тодотголтой гэрлэлт замбараагүй болсон гэдэгтэй маргах хүн үгүй биз. Зуучлалын гэрлэлтийг хуулийн хүрээнд зохицуулаагүйгээс олон зуун монгол бүсгүй харь иргэнтэй тэрлэдэг.

Гадны иргэдтэй гэрлэх явдал ихэссэнтэй холбоотойгоор охид бүсгүйчүүдийн эрх ашиг хохирох явдал ихэссэн. Харамсалтай нь манай улсад зуучлалын гэрлэлтийн талаар ямар ч хууль эрх зүйн акт байдаггүйгээс манай улсын иргэд л хохироод үлддэг. Ялангуяа Солонгос хүнтэй гэрлэсэндээ харамссан бүсгүйчүүдийн тоо их байдаг аж.

Солонгос эрчүүд архи ууж, агсам тавьдаг, дээр нь хүүхэмсэг, халамж муу зэргээрээ Монгол эрчүүдээс илүү гарна уу гэхээс дутахгүй тухай золиос болчихоод ирсэн азтай гэх нь хаашаа юм бэ охид бүсгүйчүүд нулимс дуслуулан ярьдаг. Ямартай ч ГХЯ-наас авсан мэдээгээр жилд 900 монгол эмэгтэй зөвхөн Солонгост бэр ордог гэсэн.

Өнгөрсөн жил гэхэд л нутаг нэгтнээ солонгос нөхрөөс нь өмгөөлсөн монгол бүсгүй ямар харамсалтайгаар амь насаа алдлаа даа. Охид, бүсгүйчүүдийг хил давуулан худалдаалах явдал газар авсантай зэрэгцээд бага насны хүүхдүүдийг хил давуулан худалдах явдал байгааг төрийн бус байгууллагынхан үгүйсгэдэггүй.

Өөрөөр хэлбэл Монгол Улсаас гадаадын иргэд хүүхэд үрчлэн авах явдлын цаадтай юу ч нуугдаж байж магадгүй гэсэн хардлага бий. Сүүлийн жилүүдэд гадаадын иргэд манай улсаас хүүхэд үрчлэн авах нь ихэссэнийг статистикаас харж болно. Гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхэд үрчлүүлэх асуудлыг олон хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэдэг ч зарим нэгэн “но”-той асуудлууд байсаар байна.

Ташрамд өгүүлэхэд, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх алба нь “нууц” гэдэг нэрийн дор хүүхэд үрчлэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг өгөхөөс татгалздаг. Монгол Улсын гэр бүлийн тухай хуулийн 60 дугаар зүйлд үрчлэлтийн нууцыг мэдэж байгаа албан тушаалтан, бусад этгээд түүнийг хадгалах үүрэгтэй гэж заасан байдаг.

Гэхдээ энэ нууцад чухам ямар мэдээлэл хамаарах нь тодорхой биш. Өөрөөр хэлбэл, хүүхэд үрчлэн авсан гадаадын иргэд манай улсын хуулийн дагуу хүлээсэн үүргээ хэрхэн биөлүүлж байгаа болон НХХЯ, ГИХАЭА, гадаад оронд суугаа ЭСЯ, дипломат төлөөлөгчийн газрууд гадаадад үрчлэгдсэн хүүхдүүдийн талаар хэрхэн хяналт тавьж байгаа болон хүлээсэн үүргээ хэрхэн биөлүүлж байгааг дүгнэх боломж байхгүйтэй адил.

Хүний эрхийн үндэсний комиссынхны хэлснээр хүүхдүүд гадаад оронд зорчих, суралцах нь тэдний эрхийн асуудал хэдий ч үүний далбаан дор хүүхэд худалдаалагдах гэмт хэрэг явагдаж байхыг үгүйсгэх аргагүй гэсэн.

Ташрамд дурдахад, үрчлэгдэж байгаа хүүхдүүдийн 80 хувь нь олдмол буюу хаягдсан, эцэг, эхгүй хүүхдүүд байдаг агаад тэднийг асрамжийн төвөөс өргөж авдаг аж. Мөн үрчлэгдэж байгаа хүүхдүүдийн ихэнх хувийг 0-4 насныхан эзэлдэг. Энэ бол яах аргагүй үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэх ёстой асуудал.

Эцэст нь дуулгахад ийм төрлийн гэмт хэрэг үйлдэгчийг 5-20 жил хорих ялаар шийтгэдэг юм билээ. Хүний амьдралыг хэзээ ч мартахааргүй бараан толбоор бузарлаж, харлуулчихаад таван жилийн ял сонсдог нь ингэхэд шударга ёсонд нийцэх үү.

Х.Хүслэн
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”

2 Comments

  1. tseetseegii.tseegii@yahoo.com says:

    nuuts amragtai bilmoor bna bvsgvichvvde holbogdooroi

  2. Magy says:

    Uneheer tulgamdaj bga asuudal yah argagui mon. Hoorhii huuhduud 0-4 nasniihan ihevchlen urchlegddeg genuu. Tiim jaahan amitdiig urchilj avaad yu ch hiideg ym bilee. Ter huuhduudiin etseg ekhiig estoi haraal ideesei. Osgoj ondiilgoj hairlaj chadahgui bsan ym bol yah gej huuhed toruulj tegj tamladag bnaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.