Анагаах ухааны практикт улаан хоолойны ходоодны рентген шинжилгээ үндсэн гол шинжилгээний нэг болдог. Рентген шинжилгээний үнэ цэнийг ходоодны дурангийн шинжилгээ бууруулж чадахгүй. Рентген шинжилгээ хийхэд хялбар, өвчтөнд зовиур шаналгаагүй. Ямар нэгэн хүндрэл гардаггүйгээрээ онцлог талтай.
Гэхдээ анхаарах зүйл бас бий. Ходоод шархалсан, цус алдсан тохиолдолд энэ шинжилгээг өгөх хэрэггүй. Рентген шинжилгээ хийлгэхийн урьд орой хөнгөн хоол идэж, 20 цагаас хойш цай жигнэмэг бага зэрэг хэрэглэж болдог.
Гэдэс хийгээр их дүүрдэг хүмүүс карболен нэг ширхэгээр өдөрт гурван удаа ууж болно. Ходоод улаан хоолойг шинжлэхэд сульфат бари 200 грамм ордог аж. Хэрэв эмнэлгээс өгөхгүй бол өвчтөн өөрөө эмийн сангаас авчрах заавал шаардлага гарвал та дараах зүйлийг анхаарахад илүүдэхгүй.
Сульфат бари нь манайхны хэлж заншсан шиг шохойг биш гэдгийг анхаарвал зохино. Энэ нь ходоод гэдсэнд шингэхгүй, биед ямар нэг урвалд ордоггүй шууд гадагшилдаг нунтаг цагаан бодис юм.
Харин эмийн сангаас авахдаа хүчинтэй байх хугацааг нь сайтар шалгах нь зүйтэй шүү. Уг барийг шинжилгээ хийлгэх өглөө рентген техникчид хүлээлгэн өгнө. Танд рентген техникч нунтаг сульфат барийг зохих журмын дагуу зуурч бэлдээд шинжилгээнд ашиглахад бэлэн болгох ёстой гэдгийг анхаараарай.
Ходоодноос их хэмжээний цус алдсан, ходоод, улаан хоолой цоорсон зэрэг шинжилгээний туйлын эсрэг заалт болдог.
Жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд энэ шинжилгээнээс аль болох татгалзах хэрэгтэй. Зайлшгүй хийлгэх тохиолдолд туяанд мэдрэх эрхтэнүүдийг тусгай хамгаалалтаар заавал хамгаалсан байх шаардлагатай.
/Зууны мэдээ/