“ХДХВ-ын халдвартай хүмүүсийг ялгаварлан гадуурхахгүй байгаасай, тэд чинь ямар ч аюулгүй шүү дээ”

ДОХ-оос сэргийлэх Дэлхийн өдрийг угтсан арга хэмжээний хүрээнд ЭМЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, ДОХ-ын нэгдсэн хөтөлбөр, ДОХ-оос сэргийлэх Үндэсний хороо, ХӨСҮТ, “Анагаах хандлага”, “Цаглашгүй мэдлэг”, “Хамтдаа”, “Шинэ өөдрөг амьдрал” ТББ-ууд болон Олон улсын “Анагаах хандлага” байгууллагатай хамтран ялгаварлан гадуурхалт, гутаан доромжлолыг анагаах хандлагаар зогсоохын төлөө үйл ажиллагааг Монгол Улсад идэвхжүүлэх өргөн хүрээтэй арга хэмжээг өчигдрөөс эхлэн энэ сарыг дуустал зохион байгуулахаар болжээ. 

Энэ арга хэмжээнд оролцохоор Олон улсын “Анагаах хандлага” байгууллагын зөвлөх Каролин Смит болон Жой Кээри нар АНУ-аас манай улсад хүрэлцэн иржээ. Тус байгууллагын зөвлөх, сургагч багш Жой Кээри 28 жилийн туршид ХДХВ-ын халдвартай амьдарч байгаа аж.

Ингээд өчигдөр болсон хурлын үеэр Олон улсын “Анагаах хандлага” байгууллагын зөвлөх, сургагч багш Жой Кээритэй ярилцлаа.

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу? 
-Намайг Жой Кээри гэдэг. Би 1990 оноос эхлэн Калифорнийн “Анагаах хандлага” төвд хүнд өвчинд нэрвэгдсэн хүмүүсийн дунд дэмжих бүлэг байгуулан сургагч багшаар ажиллаж ирсэн. Мөн тус төвийн удирдах зөвлөлийн тэргүүнээр ажиллаж байсан. “Анагаах хандлага”-ын сургалтыг Калифорни мужаас гадна ОХУ, Украйн зэрэг орнуудад зохион байгуулж байсан. Би өөрөө хүүхдийн шүдний эмч мэргэжилтэй.

-Таныг 28 жилийн турш ХДХВ-ын халдварыг тээж, өнөөдрийг хүрсэн гэж сонссон? 
-Би өөрөө Америк хүн хэдий ч эмээ маань Итали гаралтай хүн байсан. Би эмээ дээрээ өссөн. Манай гэр бүлийн хувьд анх намайг халдвартай гэдгийг сонсоод их хүлээцтэй хүлээж авсан. Энэ нь бид маш дотно харьцаатай байсантай холбоотой. Манай ээж одоо 94 настай. Гэхдээ би ээжээсээ урт удаан наслах, амьдрах хүсэлтэй байгаа. Миний ээжийн хувьд хүүгээ өөрөөс нь өмнө нас барна гэдэгтэй хэзээ ч эвлэрч чадахгүй. Тийм учраас би ээжийгээ зовоохгүйн тулд урт удаан наслах болно. Мөн би нэг ахтай, ах маань хоёр хүүхэдтэй, эхнэртэйгээ амьдардаг. Би саяхан танай улсад ирэхээсээ өмнө тэдэнтэйгээ Диснейлэндэд цагийг маш зугаатай өнгөрөөж байсан. Би ер нь маш азтай хүн, аз жаргалтай амьдардаг. Халдвартай бүх хүмүүсийн дунд над шиг ийм аз жаргалтай амьдралтай хүн ховор байдаг.

-ХДХВ/ДОХ-ын халдварыг авсан хүнд ямар нэгэн илрэх шинж тэмдэг байдаггүй. Тэгэхээр ийм халдвар авсан хүмүүст хандаж та юу хэлэх вэ? 
-Хүн болгонд өөр өөр байдаг. Гэхдээ шинж тэмдэг илрэхгүй учраас маш олон жил халдвартай гэдгээ ч мэдэхгүй явсаар байх тохиолдол бий. Тэгэхээр тухайн хүн эрсдэлтэй эсэхээ мэдэж байх ёстой. Тухайлбал, бэлгийн олон хавьтагчтай байх, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг эсэх зэргээ мэддэг хүмүүс эмнэлэгт хандаж, шинжилгээнд хамрагдах хэрэгтэй. Хамгийн гол нь эрсдэлээ мэдэж байх л ёстой юм. Ямар нэгэн шинж тэмдэг илэрнэ гээд хүлээгээд бүтэхгүй. Хэрэв ийм байдлаар удаашруулсан тохиолдолд урт удаан амьдрах боломж хомс болно.

-30 орчим жил гэхээр та дөнгөж ХДХВ/ДОХ-ын халдвар бүртгэгдэж эхлэх үед өөрийгөө мэдсэн юм байна. Тухайн үед нөхцөл байдал ямар байсан бэ? 
-Анх халдвар гарсны дараа цусаар дамжсан бол энэ хүн гэм буруугүй, хэрвээ бэлгийн замаар халдвар авсан бол гэм буруутай гэх зэрэг ойлголт нийгэмд тархсан байсан. Үнэн хэрэг дээрээ хатгалгаагаар өвчилсөн, ханиад хүрчихээд эгчээсээ, гэр бүлийнхнээсээ авснаа мэддэггүй. Тийм учраас хэнээс ямар замаар халдвар авсан нь чухал асуудал биш. Тэр хүн өнөөдөр халдвар авсан эсэх нь л чухал байдаг. Тэгэхээр ямар замаар авсан нь бус нэгэнт халдвар авсан хүн цаашид яаж нийгэмдээ зохицож хүмүүстэй энгийн харилцаанд орж, урт удаан амьдрах вэ гэдэг асуудал нь л чухал. Бүх юмыг нээлттэй ярьснаараа нийгэмд айдас хүйдэст автуулж, халдвартай хүмүүсийг ялгаварлан гадуурхах үзэгдлийг улам дэврээдэг.

-Каролина та хоёр хамтарч ажилладаг гэсэн. Хамтран ажиллах хугацаанд ямар ямар улсад анагаах хандлагын сургалтыг явуулсан бэ? 
-Бид хоёр дэмжих бүлгүүдийг чиглүүлж ажилладаг. Каролинагийн хувьд 23 жилийн турш ажиллаж байгаа. Энэ олон жилийн хугацаанд дэмжих бүлгүүдтэй ажиллаж байхдаа хэнээс нь ч чи ямар замаар халдвар авсан бэ гэж асуудаггүй. Зөвхөн халдварлах замуудыг мэдлэг боловсрол олгох журмаар маш сайн ярьж өгч байх хэрэгтэй. Хүмүүс үүнийг мэдсэнээрээ өөрийгөө хамгаалах чадвартай болдог. Халдварлаж болзошгүй замуудаас гадна ямар замаар халдварладаггүй вэ гэдгийг мөн сайн мэдэж байх нь зүйтэй. Тухайлбал, халдвартай хүнд гар хүрэх, тэврэх, тухайн хүнтэй нэг аяганд юм уух зэрэг нь ямар ч аюулгүй. ХДХВ-ын халдвар цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх, бэлгийн амьдралын үед, түүнчлэн зүү тариураар мөн халдварлана.

Үүнээс гадна халдварын эрсдэлийн төвшин гэж байдаг. Тухайлбал, бэлгийн замаар дамжих халдвар нь ямар хэлбэрээр хурьцал үйлдсэн нь хүртэл энэ эрсдэлийн төвшинд нөлөөлнө. Ихэнх орнуудад эрэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрэгтэйчүүд халдварт өртөх эрсдэлтэй байдаг. Харин Африкт эрэгтэй, эмэгтэйчүүдийн бэлгийн харьцаанаас халдвар авах нь их байдаг. Мөн халдвартай эхээс хүүхдэд хөхний сүүгээр дамжина. Тэгээд ч ХДХВ-ын вирүсын халдварт дөнгөж танилцсан ч юм уу, эхлэл төдий харилцаатай хүмүүс нэг их өртөөд байдаггүй. Харин халдвартай хүнтэй маш ойр дотно, удаан хугацаанд ханилж, нөхөрлөсөн хүмүүс өртөх магадлал өндөр байдаг. Нэг өрөөнд хамт байх, нэг тавагнаас хооллох зэрэгт ямар ч аюулгүй.

Бид хоёр Москва, Украйн, Киевийн халдвартай хүмүүст анагаах хандлагын зарчмуудаар сургалт явуулж ирсэн. ОХУ-д халдвар дамжиж байгаагийн дийлэнхийг хар тамхинд донтсон, түүнийгээ судсаар тарьж хэрэглэдэг хүмүүс халдварт их өртсөн байдаг. Тэд нар хамгийн гол нь нэг удаагийн зүү тариар хэрэглэдэггүй, нэг тариурыг дамжуулан хэрэглэдэг учраас халдвар дамжих зам болж байгаа юм.

-Тэгэхээр эрсдэлт бүлгийн хүмүүс эмнэлэгт хандах нь зүйтэй гэж та үзэж байна уу?
-Ер нь ямар ч хүн тохиолдлын бэлгийн хавьталд орсон, цус цусан бүтээгдэхүүн сэлбүүлсэн, шивээс хийлгэсэн зэрэг тохиолдолд сайн дурын шинжилгээнд хамрагдах ёстой. Хэрвээ халдварт өртсөн бол эмчийн зөвлөгөөг дагах хэрэгтэй. Халдвар авсан хүн гээд сэтгэл санаагаар унах хэрэггүй юм. Зарим залуус халдвар авснаа мэдээд амиа хорлох ч тохиолдол гарч байсан. Урьд нь хэцүү хүнд байсан бол одоо харьцангуй гайгүй болж байна. мөн ихэнх тохиолдолд гэр бүл найз нөхдөдөө энэ тохиолдлоо хэлэхээс айдаг. Үүнээсээ болж өөрийгөө ганцаардмал, нийгмээс тусгаарлагдсан хүн гэж ойлгодог. Ийм хандлагууд гараад байгаа учраас бид халдвартай хүмүүсийг ялгаварлан гадуурхах байдлыг бууруулах чиглэлээр маш олон жил ажиллаж байгаа.

Монголд ирсэн бидний зорилго мөн л дээр хэлсэнтэй адилхан. Халдвартай хүн өөрөө амьдралд маш олон бэрхшээлтэй тулгардаг. Миний хувьд гэвэл яг одоогийн байдлаар хараа муудаж байна, нас ахиж байна. Гэхдээ хамгийн гол нь халдвартай тохиолдолд өөрийнхөө сэтгэл санааг дэмжих, тэмцэх үндэслэлийг бий болгох ёстой. Өдөр бүр надад сонголт байдаг. Гэхдээ л хамгийн гол нь энэ халдвар хүнийг зүгээр байхад очоод халдчихдаггүй, агаар дуслаар дамждаггүйг ойлгож, халдвартай хүмүүсийг ялгаварлан гадуурхахгүй л байх хэрэгтэй юм. Яагаад гэвэл тэд чинь ямар ч аюулгүй шүү гэдгийг л хүмүүс ойлгоосой.

Э.Энх 
Монголын мэдээ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.