Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулж хэлсэн үг
Эрхэм хүндэт одонтой ээжүүд ээ,
Эрхэм хүндэт алдарт эхчүүд ээ,
Та бүхний түмэн амар амгаланг айлтгаж, хамгийн сайн сайхан бүхнийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөж мэндчилье. Одонтой алдарт ээжүүдийн маань чуулга уулзалт жил бүр тогтмолжиж, уламжлал болж байгаад би баяртай байгаа. Энэ жилийн чуулга уулзалт улам сайхан цаг үед болж байна. Саяхан бид цагаан сараа тэмдэглэлээ. Сайхан цаг ирж байгаа, сайхан улирал эхэлж байгаа энэ үеийн эхэн дээр, сайн цаг ирж байгаа энэ цаг үед ийм олон одонтой алдарт ээжүүд маань төрийн ордонд цугласанд Төрийн тэргүүний хувьд гүн талархаж байгаагаа дахин илэрхийлье.
Өнөөдөр төрийн ордон маань “ээж эрчим хүч”-ээр “ээлтэй эрчим хүч”-ээр бялхаж байна. жил бүр та бүхэн минь ингэж цуглаж, төрийн ордныг энэ сайхан эрчим хүчээрээ дүүргэж байгаарай.
Монгол Улсын өнцөг булан бүрт, өрх гэр бүртээ “Ногоон дарь эх” болон сууж байгаа ээжүүддээ, охид бүсгүйчүүддээ нийт эрчүүдийнхээ өмнөөс дахин баярын мэнд хүргэе. “Мартын 8” гэж нэрлэдэг энэ баяраар газар газрын сайхан ээжүүд энд тэнд цуглаж, үрсээ баясгадаг. Гэхдээ хамгийн том, хамгийн сайхан баяр энд, энэ төрийн ордонд болж байна. Ийм учраас өнөөдрийн чуулган үнэхээр чухал цугларалт юм. Алдарт эхийн одонтой ээжүүдийн холбоог санаачлан, зохион байгуулж яваа хүмүүст, Б.Мөнхтуяа “гишүүндээ” бүгдээрээ баяр хүргэе.
Жил бүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор олон ажил зохион байгуулагддаг. Хамгийн сайхан нь энэ чуулга уулзалт юм. Цаашдаа манай үе үеийн Ерөнхийлөгчид энэхүү арга хэмжээг ивээлдээ авч жил бүр зохион байгуулж байгаасай.
Өнөөдөр энд цугласан энэ олон ээжүүд эхчүүдийн тухай, тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэн ярилцах хамгийн сайхан боломж. Монгол Улс, монголын ард түмэн түүхэндээ алдартай ээжүүдээрээ бахархаж ирсэн. Тэд маань ч түүхэн гайхалтай шийдвэрүүдийг гарахад нөлөөлж ирсэн. Монголын гайхамшигт түүхийг бүрдүүлэхэд монголын сайхан ээжүүдийн үүрэг нөлөө гайхалтай байсан. Түүх уламжлалаа авч үзвэл Өүлэн эх, Алунгоо, Сорхогтани хатан, Мандухай сэцэн хатан, үсээ шуугаад дүрэмт хувцсаа өмсөөд эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөө өөрийгөө зориулж байсан С.Янжмаа гуай, Д.Мөнхөө гуай гээд, өнөө цаг үед мөн эмэгтэйчүүдийн эрхийн төлөө, сайн сайхны төлөө байнга ажил үйлсээ зориулж яваа мянга мянган ээжүүд бий. Г.Баасан гуай гэдэг эмэгтэй байдаг. Өндөр настай ээжүүдийг төр харж үзэх цаг болсон гээд гудамжинд жагсч явсаар байгаад төрөөр шийдвэр гаргуулж чадаж байсан. Ж.Занаа гэдэг эмэгтэй ямар олон жил эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхахын эсрэг тэмцэж байна. Т.Ундарья, Д.Энхжаргал гэдэг эмэгтэйчүүд бий. Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, охидыг хамгаалж, тэдний эрхийн төлөө арван хэдэн жил ажиллаж байна. Энэ эмэгтэйчүүдээ бид өнөөдөр ярих ёстой. Тэдний дэвшүүлэн тавьж байгаа асуудлыг төр дэмжих ёстой.
Энэ бүх эмэгтэйчүүд монголын маань сайхан, гайхалтай эмэгтэйчүүдийн уламжлалыг авч явж чадаж байна. Монголын төр ээжүүдээ сонсдог, эхчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдэж чаддаг байж гэмээ нь ард түмэнтэйгээ амь нэгтэй байгаа нь тэр. Тийм байсаар ч ирсэн.
Монгол бол хүний эрхийг хүндэтгэдэг орон
Дээр дурдсан, зөвхөн хүчирхийллийн асуудалд л гэхэд төр онцгой анхаарах ёстой. Манай эмэгтэйчүүд, охидууд хүчирхийлэлд өртөж байна. Энэ асуудлыг бид нээлттэй ярьж байж хууль эрхзүйн орчны нь бүрдүүлж, санхүүг нь шийдэж өгөх ёстой. Хүчирхийллийн эсрэг төвд зодуулсан, хүчирхийлэлд өртсөн эмэгтэй ирээд нэг хоёр хоноод явдаг биш, бусад орнууд шиг 30 хонуулаад, сэтгэл санааг нь засаад, цаад хүмүүст нь ойлгуулаад, шаардлагатай бол арга хэмжээг нь аваад бүрэн утгаар нь хүний төлөө ажиллаад явах цаг нь болсон. Монгол бол хүний эрхийг хүндэтгэдэг орон. Хамгийн түрүүн эмэгтэйчүүдийн, охидын, хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүсийнхээ эрхийг хүндэтгэхээс эхлэх ёстой.
Нарийн ширийн зүйл их байдаг байх. Хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийг бүртгэдэг хүмүүс нь хүртэл эмэгтэйчүүд байх ёстой байтал манайд харин эрчүүд байна. Тэр бүрээс болоод нарийн ширийн зүйлээ ярьж дэлгэж чаддаггүй. Аягүй бол эрчүүд нийлээд, хуйвалдаад тэр өргөдлий нь буцаагаад татуулж байна гэж ярьж байгаа. Зарим оронд хууль, шүүхийн байгууллагад энэ чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс нь эмэгтэй хүн байх ёстой гэдгийг хуульчилж өгсөн байдаг. Хүний эрхийг ойлгож, хүндэтгэдэг улс орнууд ийм зүйлийг хүртэл хуулиар баталгаажуулж өгсөн байх юм. Үүнийг би өнөөдөр та бүхэнтэй ярих гэж , хэлэх гэж ирсэн. Өнөөдөр Ерөнхийлөгчөөсөө эхлээд ийм асуудлыг бүх газар ярьж анхаарч байх ёстой. Бүх суманд засаг дарга нар нь, хороо багт төрийн ажил хийж байгаа хүмүүс нь анхааралдаа авч байх ёстой.
Олон хүүхэдтэй болно гэдэг ээжүүдэд дарамт болох ёсгүй
Сүүлийн үед миний санаа зовж байгаа нэг асуудал бол ид төрөх насанд байгаа охид, залуу ээжүүд, эмэгтэйчүүдийн нийгмийн байдалтай холбоотой асуудал. Залуу эмэгтэйчүүдийг ажилд авахдаа “ойрын хугацаанд хүүхэд төрүүлж болохгүй” гэсэн гэрээ хийдэг болсон байна. Энэ бол маш том ялгаварлалт. “Чи жирэмсэн болж болохгүй”, “3 жил хүүхэд төрүүлж болохгүй, 5 жил төрүүлж болохгүй” гэдэг болсон байна. Эрүүл саруул, залуу зандан, хүүхэд гаргах ёстой насан дээр нь ингэж ялгаварлаж байна. Ингэж хандахыг бүр хуулиар хориглох ёстой.
Харин ч залуу эмэгтэйчүүдийг цус шингэн, эрүүл саруул байгаа үед нь 19-40 насандаа хүүхэд гаргахыг нь дэмжих ёстой. Одоо бол жирэмсэн болоход нь хоёр гурван сарын тэтгэлэг өгөөд, чөлөө өгөөд өөр зүйл байхгүй болж байна. Бусад оронд бол төрөх насны эмэгтэй хүнтэй хөдөлмөрийн гэрээ хийхдээ тусдаа заалт оруулж өгдөг. “Та хүүхдээ хөхүүлж болно, та ажлаа үргэлжлүүлэн хийж болно, гэхдээ таны ажлын цагийг биш харин ажлын үр дүнг тооцье. Энэ ажлаа та инернэтээр, утсаар яаж хийх нь таны эрхийн асуудал. Таны хөдөлмөрийн хөлсийг бүтэн олгоё” гэдэг ийм заалт байдаг байна шүү дээ. Өнөөдөр оюутан хүүхэд жирэмсэн боллоо гэхэд сургуулиа завсардалгүй, эргээд сурах тийм боломжий нь хангаж өгөх ёстой.
Би ханьтайгаа оюутан байхдаа танилцаад сууж байсан. Ийм байдал шийдэгддэггүйгээс болоод бид лав хүссэн олон хүүхдээ гаргаж чадаагүй. Олон хос дөнгөж сургуулиа төгсөөд ажилд орох ёстой гээд энэ мэт асуудлаас болоод тэр үед гаргаж болох байсан олон хүүхдээсээ татгалзахад хүрсэн байх. Ийм эмгэнэлтэй байдал руу монголын ирээдүйг аваачиж болохгүй.
Их хурал дээр явж байгаа хуулинд би саналаа өгсөн. Ээжүүд зөвхөн 2-3 сар хүүхдээ хардаг биш 2 жил хардаг байя. Тэр хоёр жилийн хугацаанд, хүүхдээ харж байгаа эхэд наад зах нь 100 мянган төгрөгийн тэтгэмж сар бүр олгоё.
Би ойрын төрлийн залуу ээжүүдтэй ярилцаад, сонсч байхад хүүхэд төрүүлж болохгүй гээд гэрээ байгуулчихдаг, хэрвээ хүүхэд төрүүлбэл хэдэн сарын тэтгэмж аваад болдог, ийм учраас олон хүүхэд гаргах боломжгүй байдаг гэж ярьж байсан. Дээр нь, хүүхдээ асарч байх үеийн нийгмийн даатгалын шимтгэлийг нь төр төлөх ёстой гэсэн асуудлыг Б.Мөнхтуяа “гишүүн” дэвшүүлээд явж байгаа, би хувьдаа зөв гэж бодож байна. Хүүхдээ гаргаад бүрэн тэтгэмжээ аваад, мөн хүүхдээ харж байх үедээ цалингаа бүрэн авбал тухайн ажил олгогчийг татвараас чөлөөлөх ийм хэлбэрийг бид сонгох ёстой. Ингэвэл аж ахуйн нэгжүүд, маш олон үйлдвэрүүд залуу ээжүүдийг ажиллуулдаг болно. Тэгээд тэр өгсөн цалингийнхаа хэмжээгээр татвараас чөлөөлөгдөөд явж болно.
Ер нь олон хүүхэдтэй болно гэдэг бол ээжүүдэд дарамт болох ёсгүй. Өнөөдөр бол тэр нь дарамт, хэцүү зүйл болж байна. Төр ээжүүддээ туслана гэдэг нь энэ мэт асуудлуудыг шийдэхийг л хэлж байгаа юм. Монголчууд бид олуулаа болох ёстой, монголын үрс олон болох ёстой. Энэ бол монгол төрийн бодлого юм. Монголчууд улам олуулаа болохыг бодож байгаа бол монголын үе үеийн уламжилж ирсэн энэ бодлогыг залгуулж авч явах ёстой. Уг нь “Хүн ам удмын сангийн аюулгүй байдал” гээд бодлого гарчихсан байгаа, ажил болохгүй байгаа юм. Одоо ээжүүд рүүгээ, хүмүүс рүүгээ хандсан бодлогоо гүйцэлдүүлэх хэрэгтэй.
Одоо сонгууль ойртож байгаа. Их олон хүн, наад зах нь гишүүд та нар руу харж инээдэг болсон цаг. Тэднийг энэ асуудлыг шийдээд өг гэдэг шаардлагыг та бүхэн тавих хэрэгтэй.
“Жил бүр 100 шинэ цэцэрлэг” хөтөлбөр санаачлаад байна
Олон хүүхэдтэй болоход, дэд бүтцийн асуудал бас чухал. Хамгийн наад зах нь хүүхдээ цэцэрлэгт өгөх гэж хичнээн их дарамтад ордог билээ. Монголд нэг үе төрөлт 40 мянга хүртлээ “унасан”. Одоо эргээд нэмэгдэж байна. 70 мянга болж өсч байгаа. Гэхдээ энэ өсөлтийг хүүхдий нь харж өгдөг, төрөөс шийдэх ёстой тэр газар нь дийлэхгүй байгаа. Өнөөдөр монголд ойролцоогоор 80 гаруй мянган хүүхэд цэцэрлэгт явж чадахгүй байна. Нэг цэцэрлэгийг 75 хүүхдээр тооцвол манай улсад мянган цэцэрлэг хэрэгтэй байна. 150 хүүхдээр тооцвол 500 цэцэрлэг хэрэгтэй байна. Энэ байдлыг харж үзээд би энэ жил “Жил бүр 100 цэцэрлэг” гэдэг хөтөлбөр санаачлаад байна. Монголд жил бүр 100 цэцэрлэг барья гэж байгаа. Энэ их мөнгө байна гээд байгаа, тэгвэл тэр мөнгө нь энэ рүү л ордог байх ёстой. Жил бүр шинээр 100 цэцэрлэг гэдэг энэ хөтөлбөрийг энэ жилээс эхлэн хэрэгжүүлж, улстөрийн намууд үүнийг дэмжээд, хэрэгжүүлээд явах ёстой. Зөвхөн Улаанбаатарт биш сумын төвд хүртэл цэцэрлэг дутагдаж байгаа.
Зөвхөн цэцэрлэгээс гадна сургууль, хүүхдийн эмч, хүүхдийн эмнэлэг, эмэгтэйчүүдийн эмнэлэг хэрэгтэй байгаа. Үүнийг ээжүүд маань чангаар ярих ёстой. Ерөнхийлөгчөөсөө эхлээд нийгмээрээ чанга дуугаар ярьж байх ёстой. Манайд харж байхад зочид буудал төрөх эмнэлгээс илүү хурдан баригдаж байгаа шүү дээ. Намын байр баригдаад байдаг, шорон баригдаад байдаг, зочид буудал хурдан баригдаад байдаг, төрөх эмнэлэг удаан байна. Мөнгө нь шийдэгдчихээд байхад газры нь шийдэж өгөхгүй байгаа шүү дээ. Улаанбаатарт, хоёр ч аймагт шинэ төрөх эмнэлэг барих гээд мөнгө санхүү нь шийдчихсэн байхад газрыг нь шийдэхгүй байгаа юм даа. Ийм хүү төрүүлсэн, ийм хүү нь төрд ажилладаг хүүтэй ээж гомдох байх. Зочид буудал, шорон, намын байрнаас төрөх эмнэлэг, сургууль нь илүү хурдан, илүү олон баригдах ёстой.
Бид эмэгтэйчүүдийн эмчийг сургадаг, хүүхдийн эмч нарыг бэлддэг асуудлаа илүү анхаарч шийдэх ёстой
Энэ асуудлуудыг хурдан шийдэх нь эргээд монголын эмэгтэйчүүд ажлаа ч хийгээд, хүүхдээ ч төрүүлээд явах боломжийг олгох юм.
“Бид малаа ч малладаг, хүүхдээ ч гаргаад явдаг байсан” гэж малчин ээжүүд ярьдаг биз дээ. Ээж төрлөө гээд эхнэрий нь сумын төвд хоёр жил түгжчихвэл яах уу, хэцүүднэ биз дээ? Тэгэхэд төв суурин газар ажиллаж байгаа эмэгтэйчүүддээ хүүхдээ төрүүлээд, хүүхдээ цэцэрлэг яслид нь өгөөд, ажлаа хийгээд явах тийм боломжийг олгох, дэд бүтцийн асуудлыг нь шийдэх хэрэгтэй байгаа юм. Зөвхөн уул уурхай гэж шуугиад байдаг биш, эмэгтэйчүүдийнхээ, хүүхдийнхээ асуудлыг, ээж нарынхаа зовлонг хэзээ ярих юм бэ? Өнөөдөр бол энэ тухай ярьдаг, дэвшүүлж тавьдаг өдөр.
Хөөрхий ээж нар хүүхэд гаргаад хамгийн их хохирдог. Сургуулиасаа завсарддаг, ажлаасаа завсарддаг, албан тушаалы нь бууруулчихсан байдаг тийм даргын тархийг өөрчлөх хэрэгтэй. Ийм нөхцөлийг монголын төр бий болгох хэрэгтэй.
“Нэг эмэгтэй хүн ажилд авсан чинь хүүхэд гаргаад яваад өглөө, одоо нэг эрэгтэй хүн ажилд авахаас биш” гээд дарга нь бодоод сууж байдаг. Тийм даргын тархийг өөрчлөх хэрэгтэй. Тийм даргыг харин ч эмэгтэйчүүдийг дэмждэг, эмэгтэйчүүдийг ажиллуулдаг нөхцлийг монголын төр бий болгох ёстой.
Газар бүр манай засаг дарга нар, аж ахуйн нэгжүүд эмэгтэйчүүдээ дэмжиж хууль нь гараагүй ч гэлээ эмэгтэйчүүдтэйгээ, залуу ээжүүдтэйгээ тусад нь урамшуулсан гэрээ байгуулж ажиллах ёстой. Ингэж гэрээ байгуулж ажиллаж байгаа аж ахуй нэгжүүд, байгууллагуудыг ч дэмжих хэрэгтэй.
Өнөөдөр бид ээжүүд, эмэгтэйчүүдийн хүүхдээ төрүүлж байгаа нөхцөл байдлыг сайжруулах хэрэгтэй. Одоогийнх шиг ийм маягаар цаашид явж болохгүй. Иргэншсэн нийгэмтэй XXI зуун гарч, Монгол Улс ардчилсан, хүний эрхийг хүндэтгэдэг орон болчихоод байхад энэ асуудлыг шийдээгүй байна гэдэг бол үнэхээр ичмээр зүйл шүү.
Эмэгтэйчүүдийн тухай ярьж байгаа энэ асуудал бол зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш монголын нийгмийн асуудал
Эмэгтэйчүүдийн тухай ярьж байгаа энэ асуудал бол зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал төдий биш монголын нийгмийн асуудал. Энэ бол зөвхөн төрөх насны эмэгтэйчүүдийн юм уу, хүүхэд гаргасан эхчүүдийн асуудал биш ээ. Харин монголын сайн сайхны тухай асуудал юм. Тиймээс энд яригдаж байгаа ажлуудыг өнөөдрөөс эхлэн шийдэх ёстой. Үнэхээр нийгмийн асуудал учраас монгол төрийн асуудал болж хувирах учиртай. Энэ асуудлыг зөвхөн эмэгтэйчүүд ярьдаг сэдэв огтоос биш харин нийтээр ярьж асуудлыг шийдэх хэрэгтэй.
Ингэж байж бид бүрэн бүтэн нийгэмтэй болно. Эмэгтэйчүүдэд бэрхшээлтэй нийгэм байсаар бол элэг бүтэн байж чадахгүй шүү дээ. Тийм нийгэмд аз жаргал, сайн сайхан хүртэл хагас дутуу л байна. Эмэгтэйчүүдийнхээ өмнө тулгамдаж байгаа асуудлыг бүрэн шийдэж чаддаг нийгэм, тийм улс элэг бүтэн, аз жаргалтай улс болно. Бас бүрэн инээж, бүрэн баярлаж чаддаг тийм улс болж чадна. Тиймээс аз жаргал хийгээд зовлонгийн шалтгааныг зөв олж харах хэрэгтэй. Дараа асуудлыг шийдэх ёстой.
Өнөөдөр би яагаад эмэгтэйчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг ярьж байна вэ гэхээр, эмэгтэй хүнд өөрт нь байдаг, бүүр байгалиас заяасан тэр чадварын талаар онцлох гэж байгаа юм. Бид бүгдээрээ мэддэг. Эх хүн хүүхдээ хөхүүлчихээд хамгийн түрүүнд нөхөр, хүүхдийнхээ хоолыг бэлддэг шүү дээ. Аав нар бол хуурга хийж идчихээд дараа нь хүүхэд өлсөж байгааг ч анзааралгүй, аягүй бол уйлахаар нь, дараа нь мэдэж байж магадгүй.
Эмэгтэй хүн эхлээд хамгийн тусламж хэрэгтэй байгаа тэр хүнээ бодож санаа тавьж, сэтгэл зовнидог. Тэд аливаа зүйлийг бүтнээр нь харж чаддаг байгалийн зөн билэгтэй. Зовж, шаналж байгаа хүнийг бүтнээр нь хардаг. Ээжүүд хэдэн төгрөг олохоор яадаг билээ? Эхлээд хүүхэддээ, гэр бүлдээ, гэр орондоо юм аваад дараа нь өөрийгөө мартчихсан явдаг шүү дээ. Энэ юуг харуулж байна вэ гэхээр эмэгтэйчүүдийг асуудал шийдэхэд оролцуулж чадвал эрчүүдийн олж хараагүй, магадгүй мэдрэхгүй байгаа олон чухал асуудлыг тэд харж, мэдэрч чадна.
Жишээ нь бүгдээрээ морь унаад бүсгүйчүүдтэйгээ хамт алсын замд явж байна гэж төсөөлье л дөө. Тэгэхэд байгалиас, цаанаас нь эмэгтэй хүнийг “мориноос нь буулгахаар” заяасан байдаг. Эрэгтэй хүн нэг мориндоо морьдсон л бол амьдралын турш мөнөөх янзаар “шогшоод” байж болно. Морь нь л бүдрэхгүй, өөрөө уначихгүй бол цааш яваад байж болно. Харин “морь унасан” эмэгтэй хүний хувьд “Та хөл хүнд боллоо, та төрөх дөхлөө, та мориноосоо бууна уу” гэж байгаль хэлдэг. Ингэж эмэгтэй хүнийг “мориноос буулгадаг”.
Тэгээд эмэгтэйчүүд маань явж байсан “замаасаа гарч” заавал үдлэх хэрэгтэй болдог. Заавал “нугын цэцгэн дунд”, гэртээ, эсвэл төрөх газар очих хэрэгтэй болдог. Тэгээд хүүхдээ нэг цаг хөхүүлээд, нэг сар асраад байж байгаа эх хүн амьдралыг өөр талаас нь илүү баялагаар харж чаддаг. Эрчүүд бол мөнөөх замаараа “шогшоод л” байж байна. Эр хүн зорьж байгаа зорилго, харж байгаа цэгийг л харна. Нөгөө талаа бүрэн дүүрэн харахгүй. Амьдралыг өөр талаас, олон өнгөөр харах боломж эрэгтэй хүнд тэр бүр тохиодоггүй.
Эмэгтэй хүн бүтэн жил хүүхдээ асрахдаа ханиа, үр хүүхдээ, гэр орноо бодно. Амьдралд алдсан оносноо гээд юу эсийг бодох вэ дээ. Аз жаргалаа бодно, бас юу хийх ёстойгоо ч эрэгцүүлнэ шүү дээ. Эмэгтэй хүн ийм торгон ухааныг олж авч чаддаг. Зарим хүмүүс үүнийг хатан ухаан хэмээдэг. Ийм ухааныг баяжуулж явах ёстой. Хатан ухааныг өвлүүлж, авч явж чаддаг “Эхийн ухаан” бол эмэгтэй хүн бүрт байгалиас заяасан нандин эрдэнэ юм. Амьдралыг бүрэн бүтнээр нь харж чаддаг учраас тэдэнд, “хэн хамгийн өтөл буурай харагдаж байна, хөөрхий миний настай аав ээж минь, Аяга цайг нь дөхүүлээд өгөх юмсан”, “Миний хүү өнөөдөр хөл нүцгэн гутал өмсчихсөн явна, тэрнийхээ гутлыг сольчих юмсан”, “Миний охин сургуульдаа өмсөх аятайхан хувцасгүй болчихсон, яах билээ гэж” эмэгтэйчүүд маань л боддог, анхаардаг, сэтгэл тавьдаг. Ийм л онцгой учраас эмэгтэйчүүдийн оролцоо орон нутагт, төрийн дээд байгууллагын түвшинд ч байх ёстой. Тийм чадвартай учраас л эмэгтэйчүүд асуудалд илүү хариуцлагатай ханддаг.
Эмэгтэйчүүд аливаад илүү хариуцлагатай хандах чадвар сайтай
Хариуцлага хаанаас эхлэх вэ? Хэн хүн өөрийнхөө үүргийг хэр зэрэг биелүүлж байгаагаас л эхэлнэ. Ингэхээр эмэгтэйчүүд аливаад илүү хариуцлагатай хандах чадвар сайтай. Амьдрал дээр мөнгөө хариуцлагатай зарцуулж чадаж байгаа хүн нийгэмдээ хариуцлагатай амьдарч чадна. Чухамдаа гэрийнхээ ажлын хийхэд түүртэхгүй байгаа эмэгтэй хүн улсын ажлыг хийхэд түүртэхгүй гэж би боддог. Гэрийнхээ амьдралыг “аваад явж” чадаж байгаа эмэгтэй хүн улсын амьдралыг аваад явж чадна гэж би бодож байгаа шүү.
Өнөөдөр гэрийнхээ амьдралыг “аваад явж” байгаа ямар ч эмэгтэй хүн улсынхаа ерөнхийлөгч болж чадна гэж би итгэдэг. Ийм боломж та бүхэнд байгаа. Ингэж ч бодох ёстой. Нэгэн цагт Монгол Улсын Ерөнхийлөгчөөр эмэгтэй хүн сонгогдвол би хувьдаа их л баярлах болно. Бид ингэж харах ёстой. Өнөөдөр монголын төр, монголын ард түмэн хэрэгтэй үед шаардлагатай үедээ эмэгтэйчүүддээ хандаж байх хэрэгтэй. Надад хүнд үе тохиолдоход би ээждээ ханддаг. Ер нь хүүхдүүд ч тийм байдаг. Аливаа зүйл бүр болохгүй болсон үед л ээждээ хэлдэг шүү дээ. Өнөөдөр монголын амьдрал тийм ч сайхан болоогүй байна. Эмэгтэйчүүд оролцож, эмэгтэйчүүдийн “нүдээр харж” асуудлыг бүтнээр нь харж шийдэх ёстой зүйлүүд маш их байна гэдгийг хэлэх гэсэн юм.
Өнөөдөр эмэгтэйчүүдэд хийж чадахгүй ажил гэж байхгүй байна. Яахаараа эмэгтэйчүүдээ нийгмийн амьдралд бүтэн оролцуулахгүй байгаа юм. Би өнөөдөр Ерөнхийлөгчийн хувьд Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч. Монгол төрийн сүрийг илтгэсэн цэргийн жагсаал хүлээж авч байхад тэнд бүхэл бүтэн эмэгтэйчүүдийн хэд хэдэн эгнээ жагсаал явж байдаг. Зэвсэгт хүчний бүхэл бүтэн эмэгтэйчүүдийн эгнээ, албан хаагчид алхалж байдгийг та бүхэн мэднэ. Үүнийг бид энэхүү ардчилсан нийгэмд харж байгаа. Өмнө нь энэ салбарыг эрчүүдийн ажил л гэж харж байсан үе бий. Өнөөдөр монголын зэвсэгт хүчинд ямар олон эмэгтэйчүүд алба хааж байна гэж бодно? Зэвсэг хүртэл агсаад монголд байтугай дэлхийд энхийг сахиулаад эрчүүдийн хийх ажлыг эмэгтэй хүн хийгээд явж чадаж байна.
Өнөөдөр манай эмэгтэйчүүд цагдаа, дотоодын цэрэг, хилийн цэрэгт ажиллаж алба хааж байна. Айл гэрийн гал голомтоо, улс орныхоо хилийн хамт хамгаалаад явж байна. Чухамдаа улс орныхоо энх тайван, тусгаар тогтнолыг хамт маналцаад явж байна. Гэтэл манай орны талаар Дэлхийн эдийн засгийн чуулганаас судалгаа хийгээд “эмэгтэйчүүдийн оролцооны асуудлаар” дүгнэлт гаргасан байна. Тэр дүгнэлтэд монгол дахь эмэгтэйчүүдийг оролцооны түвшинг “Гажигтай орон” гэж дүгнэсэн байна лээ. Яахаараа Монгол Улс “гажигтай орон” болчихов? гэтэл, эмэгтэйчүүдийн оролцоог үзэхээр боловсролын салбарт багш нарын ихэнх нь эмэгтэйчүүд, эрүүл мэндийн салбарт ч асрагч сувилагч нарын ихэнх нь нөгөө л эмэгтэйчүүд. Эрдмийн зэрэг хамгаалж байгаагийн ихэнх нь нөгөө л эмэгтэйчүүд байна. Хамгийн боловсролтай, хамгийн сайн сайхан нийгмийг авч явж бий болгож байгаа байгууллагын ихэнхид эмэгтэйчүүд байна.
Шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоог монголын төр дэмжих хэрэгтэй
Энэ оролцоогоороо Монгол Улс Дэлхийн дэлхийн эдийн засгийн форумын судалгаагаар “толгой цохиж” байдаг. Тэгсэн атлаа ганцхан асуудлаар монголын нэр унаад байна гэнэ. Тэр нь “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоогоор адагт нь орчихдог” явдал. Та бүхэн бод доо 76 гишүүнтэй Их хуралд гуравхан эмэгтэй сууж байгаа. 76 хүний 3 гэдэг бол ердөө тавхан хувь л гэсэн үг.
Тэгэхээр 100 өрх айлын 95 нь эмэгтэй хүнгүй айл өрх байвал юу болох вэ? Та бүхэн бод доо дандаа л “харчууд” гүйлдээд байвал яах вэ? Тэр айлын үр удам лав үргэлжилэхгүй нь ойлгомжтой. Ажил нь ямар байх бол? Өнөөдөр Монгол Улс яг ийм асуудалтай байна. Энэ байдлыг бид өөрчлөх хэрэгтэй. Тэгэхээр эмэгтэйчүүдийг төрийн ажилд оролцох, улс төрийн үйл ажиллагаанд оролцоход нь бид дэмжиж өгөх ёстой. Энд эмэгтэй хүнийг албан тушаалтай болгьё гээд байгаа юм биш. Тийм буруу ойлголт байдаг. Харин амьдарлыг бүтэн хардаг нь эмэгтэйчүүд монголын төрд хэрэгтэй байна. Эмэгтэйчүүдээ дэмжиж, тэдэнд итгэж байгаа улс орон амар амгалан байдаг жишиг бий.
Зарим оронд Их хурлын гишүүдийнх нь талаас илүү хувь нь эмэгтэйчүүд байна. Хамгийн өндөр хөгжилтэй, хүнийхээ асуудлыг, нийгмийнхээ асуудлыг шийдэж чадаж байгаа улс орнууд эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог дэмжсэн орон байдаг. Саяхан Финлиандын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлаад явсан. Тэр хүн эмэгтэй хүн байсныг та бүхэн санаж байгаа байх. Бас Энэтхэгийн Ерөнхийлөгч Монголд айлчлаад буцсан. Эмэгтэй хүн ирээд явсан. Ингэхээр эмэгтэй хүн улс удирдаад явж болж байгаа биздээ? Ингэж эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог дэмжсэн орнуудын хувьд бэрхшээлтэй асуудлыг шийдэх гарц нь илүү өргөн байдаг. Тэгэхээр монголд УИХ-д эмэгтэйчүүдийн төлөөлөл таван хувь байгаа нь хүүхдийн цэцэрлэгийн хангалт таван хувьд л байна гэсэн үг. Хэрвээ УИХ-д хорин хувь, бүр гучин хувьд нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байсан бол миний саяын ярьж байгаа цэцэрлэгийн тоо 500-гаар нэмэгдээд баригдчихсан байх бололцоотой.
УИХ дахь эрчүүд “Ноолуурнаас их мөнгө олдог, тэр мөнгөө ямаанд өгнө” гэж шийдвэр гаргадаг. Тэр мөнгийг “цэцэрлэг болгож” болох л байсан. “Уул уурхайгаас мөнгө их олдог” учраас тэр асуудлыг бүхний урдуур хэлэлцээд байна, эрчүүд. УИХ-д хорин ээж сууж байсан бол саяын миний ярьсан олон асуудал зөвөөр шийдэгдэж Монголын нийгмийн хөгжил бүтэн, дүүрэн болсон байх боломжтой.
Ийм учраас л ээжүүдээ, эхчүүдээ, эмэгтэйчүүдээ дэмжих ёстой юм. Ер нь амьдрал дээр хөвгүүд ээжүүддээ илүү халамж тавих гээд, охидууд аавууддаа илүү анхаарал тавих гээд байдаг шүү дээ. Тэгж халамжлуулан байж дарга болчихоод, тэгж халамжлуулан байж “гишүүн” болчихоод ээжүүд, охидуудаа мартаж болохгүй.
Эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг мартаж болохгүй. Эрэгтэй шийдвэр гаргагчид давамгайлсан газар нийгмийн асуудлыг шийдэхдээ ихэвчлэн буруу шийдээд байх тохиолдол бий. Шүд нь дөнгөж цухуйж байгаа нялх хүүхдэд хоол хийж байна гээд хуурга хийгээд сууж байж магадгүй байна шүү дээ, эрчүүд. Уг нь тохирсон сүүг нь өгөх ёстой доо. Өөр жишээ татахад, шүд нь унаад дуусч байгаа настай хүнд “энэ чанасан мах, шагай чөмөг мөлж аваа” гээд сууж байж болохгүй.
Харин ээж нар, эх хүн бол хүүхэддээ, өтөл настандаа яг таарсан хоолыг нь хийж өгч чадна. Сайхан цай хэрэгтэй бол цайг нь, шөл хэрэгтэй бол шөлийг нь, сүү хэрэгтэй бол сүүг нь өгч чаддаг. Ийм учраас л манай нийгмийн бодлого зөв явах ёстой, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих ёстой.
Саяхан нэг асуудал гарч ирсэн. 1990-ээд оны эхээр олон эхчүүд дөрвөн хүүхэд төрүүлсэн гээд 35 нас хүрэхээсээ өмнө ид ажиллах насандаа тэтгэвэрт гарсан. Өнөөдөр тэтгэвэрийн насны нийт эмэгтэйчүүдийн 50-иас доош хувь нь амьжиргааны баталгаажих түвшнээс доош тэтгэвэр авч байна.
Нэг үгээр хэлбэл тэтгэвэр авч байгаа иргэдийн 50-иас доошх хувь нь “тэтгэвэрийн ядуурал”-д нэрвэгдсэн байна. Хорин жил ингэж явлаа, одоо үүнийг засах цаг болсон гэж бодож байна. Ийм асуудлуудыг л олж хараад засдаг байх ёстой.
Би энэ асуудлаар Т.Ганди сайдтай олон удаа санал солилцож байсан. Үүнийг сайжруулах санаачилга гаргаад хуулийн төсөл оруулсан. Үүнийг би сайн мэдээ гэж бодож байгаа. Янз бүрийн асуудлаар тэтгэвэрээ бүрэн тогтоолгож чадаагүй иргэдээ бүрэн тэтгэвэрт хамруулъя гэж байгаа. Энэ хуулийн төсөл УИХ-д очсон, УИХ хурдан шийдэх хэрэгтэй гэж бодож байна. Үүнийг хийж чадсанаар бид олон эхчүүдийг хүндрэлээс “аврах” боломжтой болно. Хэрвээ тухайн үеийн УИХ-д 20 буюу эсвэл 50 хувь нь эмэгтэйчүүд байсан арай ч тийм шийдэл гаргахгүй байсан болов уу. Асуудлыг ингэж бүтэн ярьж шийдэхийн тулд шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоог монголын төр дэмжих хэрэгтэй.
Шударга ёсны төлөө эхчүүдийн үг хамгийн чанга сонсогддог
Өөр нэг чухал зүйл хэлье. Шударга ёсны төлөө эхчүүдийн үг хамгийн чанга сонсогддог. Шударга ёсны төлөө хамгийн тууштай зогсож чаддаг хүмүүс эмэгтэйчүүд байдаг. Саяхан Монголын эдийн засгийн чуулганы үеэр нэг гадаад хүн “эмэгтэйчүүд илүү шударга ажилдаг” гэж ярьж байна лээ. Чухамдаа эмэгтэйчүүд илүү шударга ажилладаг, авилга нэхдэггүй. Өнөөдөр Монгол Улс асар их буртаглагдаж байна. Гэрээ цэвэрлэж чадаж байгаа эхчүүд төрөө цэвэрлэж чадна гэдэгт би эргэлзэхгүй байна. “Гэрээ авч явж чадаж байгаа эмэгтэйчүүд нийгмээ авя явж чадна гэдэгт итгэж байгаа.
Ер нь гэрт орж ирээд ээжийн дуу нэг “тас” гэхэд л тэр гэрт эмх цэгц тогтдог. “Хоолоо яагаад хийгээгүй байна, гэрээ яагаад цэвэрлээгүй байна, хичээлээ яагаад хийгээгүй” байна гээд дуугархад л тэр гэрт эмх цэгц тогтдог шүү дээ. Яг үүн шиг ийм “ээжийн дуу хоолой” монголын нийгэмд хэрэгтэй байна.
“Энэ Монгол хогоор дүүрлээ, энэ монгол авлигаар дүүрлээ, монголын байгаль орчин сүйдэж байна” гээд ингэж дугарах эмэгтэй хүний тод дуу хоолой, түүнд туссан бодлого монгол төрд хэрэгтэй байна. Энэ бол маш чухал зүйл.
Эрүүл монгол болъё
Би хувьдаа ээжүүддээ баярлаж явдаг. Миний дэвшүүлж байгаа олон санаачилгыг манай ээжүүд хамгийн түрүүнд дэмжиж байдаг. Эрүүл монгол болъё, архигүй монгол болъё гэж уриалга гаргасан. Энэ асуудалд хамгийн ихээр санаа зовж, санаачилыг минь дэмжиж байгаа хүмүүс бол манай эчхүүд маань юм. Цагаан сараа архигүй тэмдэглэдэг айл олон боллоо. Би үнэхээр их баярлаж байна. Ямар ч баяраар, хаана ч бай миний өмнө архи байхгүй болсон. Манайх цагаан сүү, цагаан идээ, аарц амсуулаад баяраа тэмдэглэдэг. Ямар сайхан гээч. Баяраа сархадгүй сайхан тэмдэглэж байгаа айлын тоо улам олон болоосой.
Архинаас гарч байгаа монголчуудын тоо архинд орсон, донтсон хүмүүсийн тооноос улам олон байгаасай гэж бодож байна. Олон олон “эрүүл хүмүүс”-ийн дуу хоолой монгол оронд ялаасай гэж хүсч байна. Энэ асуудал дээр манай ээжүүдийн дуу хоолой маш чухал. Авлига, шударга ёс, нийгмийн асуудал, байгаль орчин гээд олон асуудалдээр эрүүл сэтгэлгээ ялаасай.
Хамтдаа Монголоо цэвэрлье
Саяхан би хар тамхины асуудлыг гаргаж тавьлаа. Энэ бол үнэхээр том асуудал бөгөөд зовинол. Донтуулдаг, мансууруулаг хар тамхины асуудал үнэхээр хүнд байдалд хүрч байна. Дөрвөн хүүхэдтэй айлын нэг нь “тийм юманд орсон” байж болзошгүй. Найман хүүхэдтэй айлын хоёр нь орсон байж магадгүй муу мэдээ байна. Тэгвэл тэр хар тамхи гээч аюул архинаас даруй 60 дахин илүү хортой, 60 дахин илүү хөнөөлтэй. Дэлхий дээр хар тамхинд донтох өвчнөөр 100 хүн өвчилсөн тохиолдолд зөвхөн тавыг нь л эмчилж байна. Хар тамхины хөнөөлд өртсөн хүнд ирээдүй гэж үгүй. Нэг хэсэг нь шоронд орж зарим хэсэг нь амиа алддаг. Энэ аюултай тахлаас хэн сэргийлж улс орноо авч явж чадах вэ? Хэн аврагч нь болж чадах вэ? Дахиад л манай ээжүүд аврагч нь байж чадна. Манай эхчүүд үр хүүхдээ энэ аюулаас хол байлгаж чадна гэдэгт би итгэж явдаг. Ийнхүү эхчүүд маань бидний хамгийн дотны хамтран зүтгэгч байж чадна. Бүгдээрээ хамтдаа Монголоо өөд нь татъя. Бүгдээрээ хамтдаа Монголоо цэвэрлье, ээжүүдээ.
Ээжүүддээ баяр хүргэе, сайхан баярлаарай та бүхэн. Баярлалаа.
2012 оны 3 дугаар сарын 8-ны өдөр
6 Comments
mongolchuudaa amjilt
Эмсийн хатан ухаан гэдэг зүйл чинь өрх бүл дотроо байдаг зүйл болохоос өнөөгий эрээ эмэлсэн асман хүүхнүүдийн хийдэг ажил биш шүү, хүүхнүүд ээ
deerhi muusain uherniuud ta nar yu ch oilgohguieee. uls torch hun gedeg chine setgej yarih l chuhhal bdagiin za. tuunees bish hurz jootuu bariad dairah uu? muusain iim setgegdeltei duraknuud bhd mgl amaaraa shoroo umheh n aragaguishde. elbegdorj bol oiriin 10 jild grahgui shildeg uls torch za. huvalzanuudaa
Хэлнэ гэдэг хийхийн тал. Ажил хэрэг болооосой.
Дашрамд, хар тамхи, бөөгийн асуудалд анхараал хандуулж байгаад талархаж байна. Мөн Монгол Уйгаржин бичиг-г дэмжих зарлиг, хөтөлбөр түүний хэрэгжилтэнд анхаараасай!
Hudalch novsh tsumiin hayagdaliin talaar hudlaa yarisan ni ilrech ehelj baigaa bolohoor durgui hureed bhiin alvan yosoor turiin umnuu hudlaa helegch novshiin elvegdorj.
hiij chadval saihan l yarisan bna.uneheer helj bgaagaar tani boldog bol saihan bnaa.ene helsen yarisanaa bieluulhiig eruuye.saihan am gardag hun gedegiig ni meddegch ene yarisan zuil tani taalagdlaa.amjilt husiedaa.