Сайд аа, хүүхдүүдээ ав!

Хаврын сайхан өдөр над руу хайр гэнэт ирэв. Түүнтэйгээ уушийн газарт ороод хоёр биенээ ширтэн суулаа.
Сэтгэл догдлоод л, үгээр хэлэхийн аргагүй сайхан.Тэр минь хайраа илчлэх гэсэн бололтой амаа дөнгөж нээтэл хорин дөрвөн цаг донхийж, тухалж суусан биднийгээ тууврын мал шиг шилбүүрдэж хөөлөө. Далаад онд төрсөнсөн бол хайртыгаа дагаад нийтийн бүжигт очихсон. Даанч тийм юм байхгүй. Зугаалъя гэтэл модод ургаж, навчис сэрчигнэж болох бүх цэцэрлэгийг хотын дарга асан зараад идчихсэн. Аравдугаар ангийн охин шиг орцонд зогсохоос ичиж, зочид буудалд өрөө авлаа. Тэгтэл хайр минь ганцхан тонгорч орон дээр унагаад, цэвэр дарчихаж билээ. Хайраа ч илчлэхээ мартсан. Ингэж л анхны охиноо олсон юм даа. Буудалд олдсоныг нь дурсаж охиндоо Буудалзул гэж нэр өгөв.

Энэ явдлаас жил хагасын дараа, намрын шаргал өдрөөр миний сэтгэл нээг их гэгэлзэв. Уушийн газар сууж гунигийг чинь үргээе гэж нөхөр хэллээ. Дөрвүүлээ наргивал уйтгар дөмөгхөн тайлагдана гэж би хошуу нэмлээ. Гэр бүлийн найзуудын хөгжилтэй яриа сэтгэл догдлуулаад нэг л сайхан. Уйтгар минь яг тайлагддагийн даваан дээр гайт хорин дөрвөн цаг донхийв. Ахиад жаахан л суувал болчих гээд байдаг.
-Зочид буудалд ороод ганц шил юм нэмчих үү? гэж нөгөө айлын эзэгтэйг хэлэхэд миний үстэй толгой арзайж, буудалд л орохгүй шүү гэж орилов.

-Буудал дэмий, манайд очъё гэж нөхөр минь санд мэнд хэллээ. Гэрт бол тасарсан ч санаа амар, ахиухан юм авъя гээд нөгөө өрхийн тэргүүн халаасаа тэмтэрч байна. Дөрвүүлээ дөрвөн шил архитай суугаад наргицгаав. Өглөөгүүр нөхрийнхөө ханхар цээжин дор сэрлээ. Арай л ханхар юм шиг санагдахаар нь тэмтрэв. Ээ бүү үзэгд! Хүний нөхөр тэврээд унтаж байна! Айлын аав ор андуурснаас болж Андуужин охин минь ийнхүү олдсон юм даа.

Гайт явдлаас хойш нөхөр минь хааяа халахаараа надад гомдол мэдүүлдэг боллоо. Аргагүй шүү дээ чааваас, андуурсан айлын аавыг таниагүй би ч бас буруутай. Андуурлаас хойш ахиад жил өнгөрөөд байтал үй зайгүй найз бүсгүй, Учралтын минь төрсөн өдөр тохиолоо.

-Халуураад буудалд оров оо! Айл руу бүүр ч явж болохгүй, андуурчихна шүү! гэж хань минь ахин дахин захилаа. Төрсөн өдрийн найр ид өрнөл дээрээ байтал лайт хорин дөрвөн цаг донхийх нь тэр. Зочид буудал руу явахгүй, гэр лүү бол бүр ч зүглэхгүй гэж намайг эрс зүтгэхэд найзууд минь урвайчихлаа. Гал Гэрэлээ нүдээ гялалзуулан босч ирээд,
-Өөр арга бий. Зоогийн газрын захирлыг найраад дотроосоо түгжүүлээд суучихдаг байхгүй юу гэв. Миний дотор онгойж, найзууд ч баярлан хашгирлаа. Найр хавтгайрч бүгд муудах тийшээ хандаж байтал захирал сандран гүйж ирээд,
-Цагдаа ирж явна. Гэрлээ унтраагаад чимээгүй сууцгаая гэж чарлалаа. Гайтай цагдаа зоогийн газрын цонхон дор ирээд нам зогсчихлоо. Бүгд амьсгал түгжин хүлээв. Явах шинжгүй холбоогоор яриад л байх юм. Гэнэт чихний араас халуун амьсгаа төөнөөд үнсэж үлгэж эхэллээ. Болиоч гэж чарламаар байвч цагдаа сонсчихвол биднийг эрүүлжүүлнэ, үүнээс долоон дор юм болно гэж айгаад гүрийлээ. Ингэж л Бүүмэд охин минь олдсон түүхтэй. Тас харанхуйд хэнийх гэдэг нь бүү мэд байсан учраас тийм нэр өгсөн юм.

Дараа жил нь дахиад л Учралтын төрсөн өдөр ирлээ. Бид хоёрын ямар дотно вэ гэдгийг мэдэх тул битгий яваач гэж нөхөр хэлж чадсангүй, Учралтын төрсөн өдрөөр учрал тохиодог шүү гэж анхааруулаад хоцорлоо.
-Ээ дээ, ноднингийнх шиг түгжүүлж л болохгүй шүү гэж ахин дахин захилаа. Төрсөн өдөр ид халуун дээрээ байтал хөөтэй хорин дөрвөн цаг донхийв. Зочид буудалд орохгүй, гэр лүү зүглэхгүй, бас зоогийн газарт түгжүүлэхгүй гэж би чарлалаа. Гал Гэрэлээ дахиад л нүдээ эргэлдүүлэв.

-Энэ хэсгийн цагдаа нарыг би бүгдийг нь танина гэж хэлэхэд нь эзэн ч бид ч тайвширч хаалгаа онгорхой орхиод наргилаа. Нэг мэдтэл цагдаа нар ирээд биднийг ч, зоогийн газрын эзнийг ч, танил талтай Гэрэлээг ч хүртэл ачиж байна. Эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх хүрэх замдаа би цагдаагийн дэслэгч залуухан хүүд ухаангүй дурлачих шиг санагдлаа. Нөхрөөсөө салаад тэр хөөрхөн залуутай суучихмаар. Тэр шөнө Дэслэгчтулга хүү минь олдсон юм.

Нөхөр минь их уурласан хэдий ч хүү төрсөн учраас баярлаад салъя сарния гэсэнгүй. Эгч нь чамд архины халуундаа л дурласан гээд хэлчихэж гэхэд дэслэгч хүү тэслэгч болтлоо уурлаж билээ. Дараа жилээс нь би Учралтын төрсөн өдөрт явахаа зогсоов. Хөөрхий нөхөр минь хүний голдуу дөрвөн хүүхдээ хүүе хаая гэх зуураа,
-Миний хань ухаантай шүү гэж намайг магтсан юм. Тэгтэл гай болж байгууллагын дарга Алтан гадас авчихлаа. Даргынхаа найрт очихгүй бол алдас болно гэж тэр минь хэлээд намайг түгшүүртэй харцаар үдлээ. Одонгийн найр оргил үедээ байтал лайт хорин дөрвөн цаг донхийв. Халуурахаар шийдсэн хамт олон маань зөвлөлдөж байна.

-Зочид буудалд бид багтахгүй. Даргын гэрт очиж хүндрүүлэх дэмий. Энэ газартайгаа найраад үргэлжлүүлэх үү гэлцэв. Аз болоход дарга,
-Ажлын газар луугаа явцгаая гээд ширээгээ цохилоо. Үүнийг сонсоод миний санаа амарч уужим амьсгаа авлаа. Дассан газрын даавуу зөөлөн гэж үнэн юмсанж. Тансаг зөөлөн даавуун дотор сэрээд харвал даргын тасалгааны арын амралтын өрөө байх нь тэр! Ингэж л Ажлынбайрмаа минь олдож би нөхөртөө арай л хөөгдсөнгүй, баруун нүдээ хөхөртөл цохиулсан даа.

Дараа жил нь Орцонд-Олдох хүүгээ олж зүүн нүдээ тэс цохиулав. Хөөгдөөгүй нь яамай даа гээд явж байтал Байгальбат хүү минь олдчихлоо. Туулын бургасанд байгалийн сайханд олдсон нь бат байсан учраас Байгальбат гэж нэрлэсэн юм л даа. Нөхөр нүд таглаад ханасангүй нэмж өгзгийг минь хөхөртөл өшиглөлөө. Тэр минь энэ удаа яагаад ч тэвчсэнгүй, өөрийн ганц Буудалзулаа авч үлдээд намайг хөөчихлөө. Нөхрийн минь долоон зөв. Долоон хүүхдийн зургаа нь хүнийх болохоор яаж ч тэсэх вэ дээ, чааваас. Би Андуужин, Бүүмэд, Дэслэгчтулга, Ажлынбайрмаа, Орцонд-Олдох, Байгальбат зургаан хүүхэдтэйгээ хөх тэнгэр дээвэртэй амьдарч явна. Өнөөдөр цас будраад хүйтрэх шинжтэй. Удахгүй Хонгилмаа гэдэг охин олдож ч мэднэ.
Эцсийн эцэст хууль зүйн эрхэм сайд Нямдорж танд хэлэх үг байна. Хорин дөрвөн цагт уушийн газар хаана гэсэн тэнэг хуулиас чинь болж энэ олон хүүхэд төрснийг долоон сайхан эцэг нь батална. Сайд аа, хүүхдүүдээ ав!

10 Comments

  1. Anjigai says:

    Hyamka guai gereesee hoogdonoo odoo kkkk

  2. Anonymous says:

    Æààõàí ìýäðýë ìóóòàé ýìýãòýé õ¿íèé õèéäýã àæèë áàéæ ìàãàäã¿é ë þì.

  3. энэрэл says:

    Ингэж ууж явах хэрэг бна уу.

  4. zaya says:

    Сайн сайн лаг бичсэн байна

  5. hn says:

    hahahaha uhtlee ineelee yamar ineedtei yum bichee veekkkkkkkk

  6. Mergen says:

    hehe uneheer ineedtei yumaa kkkkk

  7. man says:

    xaxaxa. Unenii ortoi l xolboson bna

  8. psst says:

    hahaha uhtlee ineelee. hoorhon bichsen baina. Gevch hergiin gol ni 24 tsagt haahad bish yum shu dee. Darvij nargihdaa tulbal 01 ,03, 04 tsagt ch haasan davraal iishilye tiishilye geed salj chadahgui nahidag jamtai yum daa gej.

  9. black pearl says:

    nymdorjiind abaachaad ugchix bi geriig n medne zaalguulax uuuuu kkkkkkkkkkkkkkk

  10. Ineed says:

    keke

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.